Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0581/З |
Дугаар | 128/ШШ2020/0796 |
Огноо | 2020-12-18 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2020/0796
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Ү ц х ОНӨААТҮГазар. РД:**
Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.В
Гуравдагч этгээд: “Х т” ХХК. РД:**
Гомдлын шаардлага: ...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.В-ийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0068554 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.В, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б,нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Ү ц х ОНӨААТҮГ-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай 01/2129 дүгээр зөвшөөрөл, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 4/4449 дүгээр зөвшөөрөлд үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ү ц х ОНӨААТҮГазар нь “Х т” ХХК-тай Өөрийн эзэмшил газрын зарим хэсгийг аж ахуйн нэгжид ашиглуулах гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Газрын төлбөрийг талууд тохиролцсоны дагуу наран шарлагын бүрэн цогцолборын барилга байгууламжийг ашиглалтад авах улсын комисст хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн хууль тогтоомжид заасан хэмжээгээр гэрээ байгуулан харилцан тохиролцож төлнө гэж, 4 дүгээр зүйлийн 4.3-д Газар ашиглагчид ашиглалтад олгосон газрын хил хязгаарыг газар дээр нь энэ гэрээ байгуулснаас хойш хүлээлгэн өгөх гэж тус тус зааснаас үзвэл “Х т” ХХК нь Ү ц х ОНӨТҮГ-ын эзэмшил газрыг ашиглан барилга барьж газар ашигласны төлбөрийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. Дээрх харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа биш юм. Учир нь Өөрийн эзэмшил газрын зарим хэсгийг аж ахуйн нэгжид ашиглуулах гэрээ-ээр Ү ц х ОНӨTҮГ нь Наран шарлагын иж бүрэн цогцолборыг захиалан бариулах, түүнийг нь хүлээж авах, ажил гүйцэтгэсний төлбөр төлөх гэх мэт захиалагчийн үүрэг хүлээгээгүй, зөвхөн өөрийн эзэмшлийн газрыг ашиглуулах үүрэг хүлээсэн байна. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д барилгын ажлын захиалагч гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэж заасны дагуу “Х т” ХХК нь төслийг хэрэгжүүлэгч барилгын ажлын захиалагч юм. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Барилгын ажлын захиалагч дараахь чиг үргийг хэрэгжүүлнэ гээд 37.1.1-д барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх гэж зааснаас үзвэл захиалагч “Х т” ХХК нь барилгын ажлын зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх үүргийг хүлээж байна. Ү ц х ОНӨТҮГ-ын зүгээс “Х т” ХХК-ийн наран шарлагын иж бүрэн цогцолбор барих ажилд өөрсдийн эзэмшил газраа ашиглуулж байгаагийн хувьд газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй. Үүний үндсэн дээр 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Х т” ХХК-д 234 дүгээр Ажлыг зогсоох мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Тус мэдэгдэлд Танай байгууллага нь эхний ээлжийн 183 га талбайн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан наран шарлагын талбайд Хот төлөвлөлт, хөгжлийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн М3Х2018/10-29 дүгээр тохижилтын даалгавар, 2018 оны 9 дүгээр сарын 24-нд батлагдсан загвар зургийн дагуу ажлыг экспертизээр оруулаагүй, ажлыг гүйцэтгэхдээ зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхэлж цутгалт авсан байна. Ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй мөн цахилгаан дамжуулах агаарын шугамаас мөрдөх норм дүрэм стандартыг чандлан баримтлаагүй тул ажлыг зогсоож зөрчлөө арилгахыг мэдэгдье гэж барилгын ажлын зөвшөөрөл авалгүйгээр ажлаа эхлүүлсэн учраас ажлыг зогсоохыг мэдэгдэж, аюул хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зохих ёсны үүргээ өөрсдийн зүгээс биелүүлж байсан. Иймд 0068554 дугаартай шийтгэл оногдуулсан зөрчлийн хэрэгт холбогдох хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл авах үүргийг Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар “Х т” ХХК хариуцаж байгаа юм.
“Х т” ХХК-ийн хариуцлага хүлээх ёстой зөрчилд Ү ц х ОНӨТҮГ-д холбогдуулан шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино 3.1.2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж заасныг тус тус зөрчиж улмааар тус шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасны дагуу хууль бус захиргааны акт байна. ймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Г.В шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа барилгын талбайд осол гарсан гэх дуудлага, мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад Ү ц х ОНӨTҮГ-ын захиалгатай “Х т” ХХК-ийн гүйцэтгэж байсан Дөрвөн улирлын мөнх ногоон цэцэрлэг нэртэй наран шарлагын газрын барилга угсралт, тохижилтын ажлыг батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй гүйцэтгэж байсан тул Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ү ц х ОНӨАТҮГ-т холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2002000283 дугаар зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг Нийслэлийн прокурорын газрын прокурорын хяналтын доор явуулсан ба нотлох баримтыг хангалттай цуглуулсан, оролцогч талуудаас тайлбар мэдүүлэг авсан зэргээр бэхжүүлж, илэрсэн зөрчлийн төрлөөс хамааруулан оролцогч талуудад Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим 1 дэх хэсэг Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна 2 дахь хэсэг энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна гэсэн заалтын хүрээнд тус бүр шийтгэл оногдуулж ажилласан, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01/2129 дүгээр Газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4/4449 дүгээр Газар ашиглуулах тухай албан бичгүүд нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно, 35.2-д энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр концессын болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно, 27.2-д Төрийн өмчийн газар, түүний хэвлий, төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг концессоор эзэмшүүлэх, ашиглуулах, концессын гэрээний үндсэн дээр шинээр бий болгох, шинэчлэн сайжруулахтай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна гэж заасан заалтуудыг зөрчсөн болох нь зөрчлийн 2002000283 дугаар хавтаст хэргийн 97 дугаар хуудаст авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д барилгын ажлын захиалагч гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг, 37 дугаар зүйлийн 37.1-д Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ 37.1.1-д барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх заалтын хүрээнд Ү ц х ОНӨTҮГ нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн МЗX2018/10-29 дүгээр тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн батлагдсан загвар зураг, Ногоон хөгжлийн гүүр ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн GDB-02-01/2018 дугаартай Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Ус сувгийн удирдах газрын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 56/17 дугаартай техникийн нөхцөл, УБЦТС ТӨХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 15/03373/19 дүгээр техникийн нөхцөл, УБДС ТӨХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 089/2020 дугаартай техникийн нөхцөлүүдийг хуулийн дагуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ү ц х ОНӨTҮГ нь барилга угсралт, тохижилтын ажлын захиалагч болох нь тогтоогдсон байна. Ү ц х ОНӨTҮГ нь батлагдсан барилгын ажлын зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16-д барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх, 40.2-т Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно мөн Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйл Барилгын тухай хууль зөрчих 2 дахь хэсгийн 2.1-д хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй заалтуудыг зөрчсөн байна. Иймд эрх бүхий албан тушаалтны хуулийн хүрээнд тавьсан 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0068554 дүгээр захиргааны акт үндэслэлтэй гэв.
Гуравдагч этгээд “Х т” ХХК-аас тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... “Х т” ХХК нь Ү ц х ОНӨТҮГ-тай 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан өөрийн эзэмшлийн газрын зарим хэсгийг аж ахуй нэгжид ашиглуулах гэрээг байгуулан ажиллаж байна. Дээрх гэрээнд заасан архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгэхэд зохих зөвшөөрлүүдийг авч ажиллах шаардлагатай байсан. Дээрх зөвшөөрлүүдийг гаргуулахад газар эзэмшигч Ү ц х ОНӨТҮГ нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй зохих зөвшөөрлүүдийг авч өгөөгүйгээс гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд асар их хугацаа алдсан. Манай байгууллагын зүгээс техникийн нөхцөл, зөвшөөрөл авах асуудлыг удаа дараа мэдэгдэж байсан боловч дорвитой санал гаргаагүйгээс бидний ажил удааширсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгдэж дээрх гэрээний дагуу барилгын бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ү ц хОНӨТҮГ-аас зогсоох барилга байгууламж барих эрхийн зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан үндэслэлээр Ү ц х ОНӨТҮГ, “Х т” ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэвэр ногдуулсан. Манай компанийн зүгээс Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэврийг хүлээн зөвшөөрч торгуулийг төлсөн. Дээрх барилга байгууламж барих зөвшөөрлийг газар эзэмшигч Ү ц х ОНӨТҮГ-ын оролцоогүйгээр авах боломжгүй байсан тул өдийг хүртэл барилга байгууламж барих тусгай зөвшөөрлөө авч чадаагүй Ү ц х ОНӨТҮГ-ыг торгосон улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Гуравдагч этгээд “Х т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...өөрийн эзэмшлийн газрын зарим хэсгийг ашиглуулах тухай гэрээний нөхцөл шаардлага нь Ү ц х ОНӨТҮГ-ын архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгэхээс гадна дугуйн зогсоол, саравч нэмэлтээр хүүхдийн тоглоомын талбай байгуулна гэсэн хатуу заалттай эдгээр ажлыг хийж гүйцэтгэх гэрээ юм. Эдгээр ажлыг манай байгууллага хийж гүйцэтгээд газрыг ашиглах гэсэн танай хэрэгжүүлж байгаа ажлыг бид хийж гүйцэтгэж байгаа юм. Гэрээний ерөнхий нөхцөлийн 4 дүгээрт газар ашиглагчийг зориулалтын дагуу газраа ашиглан Туул голын эргийн дагуу тохижилтын ажлыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөлтийн дагуу 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр архитектур төлөвлөлтийн дагуу тогтвортой, тасралтгүй үр дүнтэй ажлыг явуулах нөхцөлөөр хангах гэж байгаа. Газар ашиглуулагчийн эрх үүрэг дээр инженерийн дэд бүтцээр хангах, цэвэр бохир усны хангамж дулаан цахилгааны техникийн нөхцөлөөр хангахад зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх гэж байгаа. Барилгын тухай хуульд ч гэсэн газар эзэмшигч нь одоог хүртэл Ү ц х ОНӨТҮГ нэр дээр байгаа. Бид бүхэн энэ газарт барилгын бүтээн байгуулалт та нарын төслийн ажлыг хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Дээд байгууллагуудаас чиглэл зөвлөмжүүдийг удаа дараа өгч байсан. энэ талаар удаа дараа хүсэлт өгөхөд гомдол гаргагчаас хариу өгөөгүй, арга хэмжээ ч аваагүй. Энэ ажлыг хийж дуусгах гэрээнд заасан хугацаа гэж байгаа учраас бид ажлаа эхэлсэн. “Х т” ХХК уг газрыг ашиглахын тулд өөрийн зардлаар бүх бүтээн байгуулалтуудыг хийсэн. Зарим ажлуудыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх шаардлагатай байсан учраас “Х т” ХХК зарим компаниудтай гэрээ байгуулсан юм. Гомдол гаргагчаас ямар нэгэн алхам хийхгүй болохоор бид чадлынхаа хүрээнд компаниудтай гэрээ хийсэн. Бусад нь хаалттай байсан. Бусад төрийн байгууллагуудаас хяналт тавиад зогсоох арга хэмжээ гээд бүх бичгээ Ү ц х ОНӨТҮГ-ын нэр дээр явуулдаг. Хувийг ажил гүйцэтгэгч “Х т” ХХК гэж явуулдаг. Гомдол гаргагчаас уг бичгүүдийг аваад манай ажлыг байнга зогсоодог. Энэ бүх үйл баримт хэрэгт байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний агуулга нь газар ашиглуулах гэрээ дотор байгаа. Манай байгууллага хууль дүрмийн дагуу гэрээг байгуулсан. Гомдол гаргагчийн хариуцлагагүй байдлаас болоод бид хариуцлага хүлээсэн. Тиймээс бид захиргааны зөрчил гарсан тал дээр маргахгүй. Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ү ц х ОНӨТҮГ-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч Ү ц х орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар /цаашид ОНӨТҮГ гэж товчлох/ -аас шүүхэд хандан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.В-ийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0068554 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан ба уг шаардлага бүхий гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.
Гомдол гаргагчийн зүгээс ...өөрийн эзэмшил газрын зарим хэсгийг “Х т” ХХК-д ашиглуулахаар гэрээ байгуулсан, ийнхүү гэрээ байгуулсан нь барилгын ажил гүйцэтгэхтэй холбоогүй, зөрчил үйлдээгүй, зөрчил гаргасан этгээд нь “Х т” ХХК, шийтгэлийн хуудас хууль бус гэж маргасан бол хариуцагчийн зүгээс Ү ц хөөрийн эзэмшил нутаг дэвсгэр дээр газар эзэмшигчийн хувьд барилга захиалан бариулахдаа Барилгын тухай хууль зөрчсөн, зөвшөөрөлгүй барилгын ажил эхэлж цутгалт явуулснаар тогтоол усанд хүүхэд живж, дөрвөн хүний амь нас хохирсон, хуульд заасны дагуу хяналтаа хэрэгжүүлж арга хэмжээ авсан гэж гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Гуравдагч этгээд “Х т” ХХК-ийн зүгээс зөвхөн манайхыг буруутгаж арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй, бид барилгын ажлын зөвшөөрлийг авхуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан ч шийдвэрлэж байгаагүй, шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн тайлбар, гуравдагч этгээдээс гаргасан тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, мөн хуулийн 112 дугаар зүйлд: Тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, 112.4.3-т: хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10, ... 6.18, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д: мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 12.1, 12.2, 12.3, 12.4, ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэхчлэн зохицуулснаас гадна хариуцагч эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.
Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, түүнчлэн мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэргийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зэргээр гүйцэтгэсэн болох нь 2002000238 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол[1], зөрчлийн хэргийн хугацаа сунгах тухай Прокурорын тогтоол[2], зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл[3], үзлэгийн тэмдэглэл[4] зэргээр нотлогдож, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтад зөрчил гаргасан этгээд нь Ү ц х ОНӨТҮГ болох талаар тодорхой дурдсан байна.
Тодруулбал, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар дугаар МЗХ2018/10-29, Ү ц х ОНӨТҮГ-ын даргын баталсан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн GDB-02-01/2018 дугаартай зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, Ус сувгийн удирдах газрын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 56/14 дүгээр техникийн нөхцөл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 15/03373/19 дүгээр техникийн нөхцөл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 089/2020 дугаар техникийн нөхцөл зэрэг баримт бичгүүд нь Ү ц х ОНӨТҮГазрын эргийн тохижилт нэртэйгээр, тус хүрээлэнгийн нэгж талбарын дугаар бүхий эзэмшил газрын дотор 8.82 га талбайг хамруулан хийхээр, төслийг захиалагч нь гомдол гаргагч Ү ц х байхаар боловсруулагдаж, батлагдсан болох нь тогтоогдож байна. Энэ утгаараа Ү ц х ОНӨТҮГ нь барилга угсралт, тохижилтын ажлын захиалагч буюу зөрчил үйлдсэн хуулийн этгээд болох нь тогтоогдож байна гэж үзсэн хариуцагч улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна.
Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д: барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ, 27 дугаар зүйлийн 27.1-д: энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгоно, 28 дугаар зүйлийн 28.1-д: энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна, 35 дугаар зүйлийн 35.1.6-д: барилгын ажлын зөвшөөрөл олгох, 37 дугаар зүйлийн 37.1.1-д: барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн дагуу бүрдүүлэх, 37.1.3-д: барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д: барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д: барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх гэж заасныг гомдол гаргагч зөрчсөн, энэхүү зөрчил нь буюу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу авахаар хүсэлт гаргаж байгаагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг явуулсан нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 08/4144 албан бичиг[5], 2002000283 дугаар зөрчлийн хэргийн материал, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон, уг зөрчилд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хяналт тавих үүргийг хариуцагч захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлсэн, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-д заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу шийтгэл ногдуулсан, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-д: зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно гэж зааснаар зөрчлийг үйлдсэн субъектийг зөв тодорхойлсон, үүгээрээ хууль ёсны зарчмыг, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д: зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжид нийцсэн байна гэж зааснаар зөрчилд оногдуулсан шийтгэлийн арга хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирсон, зөрчлийн шинжид нийцсэн, үүгээрээ шударга ёсны зарчмыг хангаж эрх бүхий албан тушаалтан /хяналтын улсын байцаагч/ шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь үндэслэлтэй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.16, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан Ү ц х орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас барилгын хяналтын улсын байцаагч Г.В-эд холбогдуулан гаргасан ... Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.В-ийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0068554 дугаар шийтгэлийн хуудсын хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б