Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/0375

 

2015 оны 8 сарын 13 өдөр

 

Дугаар 221/МА2015/0375

 

Улаанбаатар хот

 

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ц.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б-ийн нэхэмжлэлтэй, БСШУЯ-ны  Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн өмчийн хорооноос Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу ажлаас чөлөөлөгдөж БСШУЯ-ны яаманд шилжин ажилласан... 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр намайг ажлаас халсан тушаал гаргасан байна. Уг тушаалд Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэсэн боловч ёс зүйн хороогоор асуудлыг хэлэлцээгүй, энэ талаар надад мэдэгдээгүй, ёс зүйн хорооны дүгнэлт гэж гараагүй, танилцуулаагүй, Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлын дагуу ёс зүйн хорооны дүгнэлт гаргасан эсэхийг шаардсан ч ирүүлээгүй Иймд, ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/339 дүгээр тушаал нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны буюу 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх цалин болох 19 сарын нийт цалин 24.070.283 төгрөгийг гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн 2.090.314 төгрөгийн нөхөн бичилтийг хийлгэх, байгууллагын дотоод журамд заасны дагуу ээжийгээ асран сувилахад 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийн 3.800.570 төгрөгийг, мөн төрүүлсэн эх нас барахад 200000 төгрөгийн тэтгэмж олгохоор заасан тул уг мөнгийг нөхөн гаргуулахаар нэхэмжилж байна... Ажлаас халахдаа ээлжийн амралтын цалингаас 376542 төгрөгийг ямар ч тушаал, шийдвэр, үндэслэлгүйгээр суутгасныг хууль бус суутгал гэж үзэж нэхэмжилсэн бөгөөд энэ шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч БСШУЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орж ССАЖЯ нь /хуучин нэрээр/ татан буугдаж, түүний чиг үүрэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд тус тус шилжсэн... Тухайн яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл болон бусад баримт бичгүүд манай яаманд шилжин ирээгүй, тэдгээр нь Төрийн албаны зөвлөл болон Төрийн өмчийн хорооны татан буулгах комисст харъяаллын дагуу шилжсэн. Ц.Б  нь Соёл, спорт, аялал, жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад ажлаас халагдсан, тэтгэмжийг олгуулах асуудал нь зөвхөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хамааралгүй. Учир нь санхүүгийн асуудал хариуцсан нэгж нь тухайн үед зөвхөн соёлын бус ССАЖ-ын санхүү, төсөвтэй холбоотой асуудлыг хариуцдаг байсан байна. Иймд, тус яам нэхэмжлэгч Ц.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Засгийн газраас татан буугдсан яамны эрх залгамжлагчийг томилохгүй гэсэн тул шүүх хариуцагчаар татсаны дагуу оролцож байна. Ажилгүй байсан хугацааны цалинг яамны нөөц сангаас гаргаж шийдвэрлэх байх. Ажлаас халсан тушаалын үндэслэлийн талаар маргах зүйлгүй гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/339 дүгээр тушаалыг хүчингүй болгож, 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гартал ажилгүй байсан 18 сар, 25 хоног /ажлын 17 хоног/-ийн хугацааны цалин 11.411.129 төгрөг, төрүүлсэн эх нас барахад олгогдох тусламж 200.000 төгрөг, нийт 11.611.129 төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нэхэмжилсэн үнийн дүнгээс үлдэх 16.459.724 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасны дагуу хууль бусаар суутгасан 376.542 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбагана давж заалдах гомдолдоо: ...Ц.Б-ийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 11,611,129.0 төгрөгийг олгох асуудлыг төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс иргэнд хохирол учирвал түүнийг төр хариуцахаар заасан хууль, журмын дагуу холбогдох байгууллагаас гаргуулах нь зүйтэй. Учир нь, Шүүхийн шийдвэрт туссан хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргах боломжгүй, энэхүү асуудал одоо үйл ажиллагаа явуулж буй БСШУЯ-ны  буруутай үйл ажиллагаа биш юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хангалттай нотлох баримт, тайлбарыг гаргаж өгч байсан, тэдгээр нь энэхүү үйл ажиллагаа тус яаманд хамааралгүйг нотлох болно. Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэр, нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/339 дүгээр тушаалаар тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтний албан тушаалыг эрхэлж байсан Ц.Б г ажлаас халсан шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалттай нийцээгүй байна.

 

Хариуцагчаас дээрх тушаалыг гаргахдаа ССАЖЯ-ны Ёс зүйн хорооны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэсэн байх боловч нэхэмжлэгч Ц.Б  нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчил гаргаагүй, мөн Ёс зүйн хороо хуралдаанаараа асуудлыг авч хэлэлцэж, дүгнэлт гаргаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байх тул шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

            Шүүх Ц.Б г мэргэжилтний ажлаас халсан тушаалын эрх зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинг олгохдоо ТЗ-7-5 шатлалаар бодож гаргасан нь буруу биш юм. Харин энэхүү ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг бодохдоо шүүх тооцооллын алдаа гаргаж, өөрөөр хэлбэл, хугацааг 12 сараар бодож гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ц.Б  нь 18 сар 25 хоног /үүнээс ажлын 17 хоног/ ажилгүй байсан нь тогтоогдож байх тул 893.398 х 18 сар = 16.081.164 төгрөг, 17 хоногт ногдох цалин 690.353 төгрөг, нийт 16.771.517 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнд олгох үндэстэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ц.Б г ажлаас халсан тушаалын эрх зүйн үндэслэлийн талаар маргаагүй боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох мөнгө тус яамны төсөвт тусгагдаагүй тул олгох боломжгүй гэж, харин нэхэмжлэгчээс Намайг хэлтсийн даргын ажлаас хууль бусаар албан тушаал бууруулсан. Энэ хугацаанд ажилласан жил 25 жил болж ажилласан жилийн болон ур чадварын нэмэгдэл тус бүр 25 болж өсөх байсан гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ц.Б г ССАЖЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар албан тушаал бууруулсан байх бөгөөд уг тушаал нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 254 дүгээр магадлалаар тус тус хүчингүй болсон байна.

 

Дээрх хэргийг хянан шийдвэрлэх явцад Ц.Б г мэргэжилтний ажлаас халсан байх бөгөөд энэхүү тушаал нь мөн адил хүчингүй болжээ. Иймд Ц.Б  нь дээрх хугацааны цалингийн зөрүү болон ажилласан жил 25 болсонтой холбоотой зөрүү зэргээ жич нэхэмжлэхэд энэхүү шийдвэр, магадлал нь саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийн бусад шаардлага болох хоолны мөнгө гаргуулах шаардлагын тухайд ажил олгогчоос олгож буй хоолны мөнгө нь ажил үүргээ гүйцэтгэсэн хугацаандаа хооллоход нь зориулан олгож буй хөнгөлөлт бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-д зааснаар хоолны үнийн хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй тул ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн дүнд 2013 онд олгосон хоолны үнийн хөнгөлөлт оруулж тооцсон нь үндэслэлгүй юм гэж,

 

            Буцалтгүй тусламж олгуулах шаардлагын тухайд ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/18 дугаар тушаалаар батлагдсан тус Яамны Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.10-д албан хаагчийн гэр бүлийн гишүүн /эцэг, эх.../ ...нас барахад 200,000 төгрөгийн буцалтгүй тусламж нэг удаа олгоно гэж албан хаагчийн төрсөн эх нас барахад буцалтгүй тусламж олгохоор заасан.. Нэхэмжлэгч Ц.Б-ийн төрсөн ээж нас барсан нь энэ үндэслэлд хамаарахаар байх тул дээрх үнийн дүнгээр буцалтгүй тусламжийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж,

 

            3 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулах шаардлагын тухайд Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.11-д ...өөрийн гэр бүл, асрамжид байдаг хүнээ эмчлүүлэх, эмнэлэгт сахих, сувилуулах зэрэг шаардлага гарч албан үүргээ удаан хугацаагаар биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд 3 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгож болно гэж заасан нь гэр бүлийн гишүүн, асрамжид байдаг хүнээ эмчлүүлэх, сувилах шаардлагаар албан ажлаа гүйцэтгээгүй, чөлөөлөгдсөн үед тусламж олгох зохицуулалт ба ажилгүй байсан хугацаанд нь цалин олговрыг олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа, уг тусламжийг ажилгүй байсан хугацааны цалин олговортой давхардуулан гаргах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас байгууллагын дотоод журамд заасны дагуу ээжийгээ асран сувилахад 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийн 3.800.570 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж зөв дүгнэж шийдвэрлэсэн байна.

 

Иймд, Ц.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох мөнгө тус яамны төсөвт тусгагдаагүй тул олгох боломжгүй гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч түүний ажиллаж байсан яам татан буугдсан нь нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн маргаанаа, улмаар цалин хохирлын асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.