Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар  2022/ШЦТ/405

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор,

улсын яллагч Х.Нарангуа,

иргэдийн төлөөлөгч Б.Очирбат,

хохирогч Г.С-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, М.Билгүтэй,

шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.С-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108027820066 дугаар 2 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ................ боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ..., эхнэр,  хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ......... дугаар гудамж, ... тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын биелүүлэхийн 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Т овогт Г-ын С (РД:..................).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.С согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 8 дугаар гудамж, 19 тоотод төрсөн эгч Г.С-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдан цээжний зүүн талд суганы ар хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд суганы арын шугамаар 3-5-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралт, зүүн бугалганд зүсэгдсэн шарх, баруун шуунд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид би гэмтэл учруулсан. Согтолттой байсан тул болсон зүйлийг сайн санахгүй байгаа. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Биеийн байдал сайн байгаа. С намайг хутгалж гэмтэл учруулсан, түүнээс 2,100,000 төгрөгийг эмчилгээний зардалд авсан. Тухайн үед би хэдэн хундага архи уусан. Зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Ойр зуурын гэр бүлийн маргаанаас болж муудалцсан. Дүүдээ гомдол саналгүй. Ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2108027820066 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.С-гийн: “2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 8-19 тоот гэртээ ирсэн. Нөхөр Түвшинсайхан, хүргэн ах Батмөнх, төрсөн дүү С нар архи ууж байсан. Би хамт сууж архинаас 4-5 удаа хундагаар уусан. С-ын эхнэрийг би муулаад “хохь чинь тэр эхнэр чинь чамайг хаяад явсан, дандаа эхнэртээ дарамтлуулна гэж юу байсан юм” гэснээс болж бид 2 маргалдсан. Би архинаас болж ухаанаа алдсан байсан. Нэг мэдэхэд цустайгаа хутгалдсан галын өрөөний шалан дээр хэвтэж байсан. Өөрийн дүү С-тай муудалцаж байсан. С хар иштэй хутгаар миний зүүн гарын бугалганы доод талд, зүүн суганы дотор талд цээжний зүүн хэсэг рүү хутгалсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.11.01-ний өдрийн 10387 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.С-гийн биед цээжний зүүн талд суганы арын шугамаар 3-5-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралт, зүүн бугалгад зүсэгдсэн шарх, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.4. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн хий, шингэн хуралт, зүүн бугалгад зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтлүүд нь шинэ байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 7. Дээрх гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй байна. 8. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 61-62 дахь тал),

Гэрч Б.Б-ийн: “...Т-тай холбогдоод гэрт нь очихоор болоод өдөр 12 цагийн орчимд очиход Түвшинсайхан, эхнэр С- нар байсан. Нэг шил 0.5 литрийн архи гаргаж ирээд бид хоёр ууцгаасан. Тэр архинаас С- нэг л татсан байх, дахиж уугаагүй. 15 цагийн орчим С ирсэн. Тэгээд би удалгүй тасраад унтаж байтал гэнэт юм түчигнээд чанга дуу гарахаар нь сэртэл том өрөөнд байдаг сандал эвдэрчихсэн, С уйлаад “би эгчийгээ хутгалчихлаа, алчихлаа” гээд орилоод байсан. Тэр үед С буйдангийн зүүн талд зогсож байсан. Би босоод иртэл гэр орон нь бөөн цус нөж болчихсон, С- том өрөөний үүдэн хэсэгт амьсгаа нь давхцаад сонин дуу гаргаад хэвтэж байсан. Удалгүй түргэн болон цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал),

Гэрч Э.Т-ны: “2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байсан чинь найз Батмөнх манайд ирсэн. Би архинаас нь хоёр татчихаад эхнэрийнхээ дүү С-ыг утсаар дуудсан. Бид гурав архиа уугаад би тасраад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь эхнэр С- ирчихсэн, жаахан согтуу байсан. С- дүү С-тай хэрэлдэж маргаад “Танай эхнэр чинь арай давраад байгаа шүү” гээд С- дүү С-т хандан “би чамайг бол ална даа” гээд гал тогооны өрөө рүү орсон. Гал тогооны өрөөнд түс тас хийсэн чимээ гараад сэрээ, халбага унах чимээ сонсогдсон. Би босоод гал тогооны өрөө рүү орох гээд явж байсан чинь С өөдөөс ирээд “би эгчийгээ алчихлаа” гэж хэлсэн. Гал тогооны өрөө рүү орсон чинь эхнэр газар хэвтчихсэн, зүүн талын гарын булчин хэсгээс цус гарч байсан. Батмөнхийн утсаар түргэн дуудаж үзүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал),

Гэрч Ч.Ц-ын: “...Би очоод уулзахад 103-ын эмч гэх эрэгтэй Зээлийн 8-19 тоотод дуудлага өгсөн гэхээр нь би өмнө нь цус харваж байсан дүү Түвшинсайханы бие муудсан юм болов уу гэж бодоод Түвшинсайханы байшин руу ороход гал тогооны өрөөний шалан дээр манай бэр С- баруун талаараа хажуулдаад хэвтэж байсан. С- юм ярьж чадахгүй, нүд нь эргэлдээд байсан. Зүүн гарынх нь бугалганы ар хэсгээс бас зүүн суганы хэсгээс нь цус гараад цээжээр нь дагаж урсаад байсан. Хажууд нь түүний дүү С “би эгчийгээ алчихлаа, эгч маань үхлээ шүү дээ, би одоо яанаа” гээд орилоод зогсож байсан. “С эгч маань үхлээ шүү дээ эгчийг маань хурдан аваад яваач ээ пиздануудаа” гээд дайраад байхаар нь би С-ыг түлхэж холдуулсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал),

Гэрч Д.А-ийн: “...21 цагийн үед Т залгаад С манай эхнэр С-г хутгалчихлаа гэхээр нь нь юу гээд тоглоод байгаа юм бэ гээд утсаа салгасан. Удалгүй гэрийн утас руу аав залгаад “юун хутга шөвөг болоод байгаа юм бэ” гэхээр нь би “яг нэг юм болсон байна” гэж бодоод шоконд орсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал),

Шүүгдэгч Г.С-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эгч С-гийнд очсон. Бид нар архи уусан. ...Тухайн өдөр манай эгч согтоод надтай маргалдсан юм шиг байна лээ. Би нэг ухаан ороход эгч С гал тогооны өрөөнд хажуу талаараа хэвтээд битүү цус болсон байсан. Эгчийн хажууд дээр том хар өнгийн хутга цус болчихсон байсан. Эгч С-д учирсан гэмтлийг надаас өөр учруулах хүн байхгүй. Би яг болсон явдлыг санахгүй байгаа ч өөрийгөө эгчийн биед учирсан гэмтлийг учруулсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас, 6-18), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 240 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал) зэрэг хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт (1 хуудас), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (2 хуудас),

хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн хүсэлт (1 хуудас) зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.С согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 8 дугаар гудамж, 19 тоотод эгч Г.С-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, зүүн гарын бугалганд зүсэж, цээжний зүүн талд суганы ар хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд суганы арын шугамаар 3-5-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралт, зүүн бугалганд зүсэгдсэн шарх, баруун шуунд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.С-гийн “...Би архинаас болж ухаанаа алдсан байсан. Нэг мэдэхэд би цустайгаа хутгалдсан галын өрөөний шалан дээр хэвтэж байсан. С хар иштэй хутгаар миний зүүн гарын бугалганы доод талд, зүүн суганы дотор талд цээжний зүүн хэсэг рүү хутгалсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-40), шүүх эмнэлгийн 10387 дугаар “1. Г.С-гийн биед цээжний зүүн талд суганы арын шугамаар 3-5-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралт, зүүн бугалгад зүсэгдсэн шарх, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.4. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн хий, шингэн хуралт, зүүн бугалгад зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олоон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 8. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амт насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжилгээ (хх-61-62), гэрч Б.Б-ийн “...Бид нар архи хувааж ууцгаасан. С уйлаад “би эгчийгээ хутгалчихлаа, эгчийгээ алчихлаа” гээд орилоод байсан. Гэр орон нь бөөн цус нөж болчихсон, С- том өрөөний үүдэн хэсэгт амьсгаа нь давхцаад сонин дуу гаргаад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, 47), гэрч Ч.Ц-ын “...С “би эгчийгээ алчихлаа, эгч маань үхлээ шүү дээ, би одоо яанаа” гээд орилоод зогсож байсан...” гэх мэдүүлэг (хх-51), гэрч Э.Т-ны “...Би тасраад унтчихсан байсан. С “би эгчийгээ алчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54-55), гэрч Д.А-ийн “...21 цагийн үед Т залгаад С С-г хутгалчихлаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 57-58) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.С-ын согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас эгч Г.С-тай маргалдан, цээжний зүүн талд суганы ар хэсэгт хутгалж хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.С-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогчийн “Эмчилгээний зардлыг бүрэн төлж, эмчилгээ хийлгэж байгаа тул нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд 2,100,000 төгрөг авсан” гэх хүсэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.С нь хохирогч С-г “эхнэртээ дээрэлхүүлдэг гэж хэллээ” гэж маргасны улмаас түүний зүүн бугалга, цээжний зүүн тал, суганы ар талд хутгалж эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэхэд тусгайлан гаргах санал байхгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа “Шүүгдэгч С нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч, хохирол төлбөрийг барагдуулсан, анхнаасаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч ирснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний үйлчлүүлэгч төрсөн эгчийнхээ биед халдаж гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Хохирогч С-ын эхнэрийг ёс бус үгээр доромжилж, эхнэрийг нь зодож байсанд гомдолтой байсан бөгөөд улмаар архидан согтуурах цаг мөчид маргаан болж, маргалдсаны улмаас хэрэг болох нөхцөл байдлыг үүсгэсэн байгаа...” гэж,  

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй “Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хор уршиг, хохирлыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хохирол, хор уршиг арилсан гэж үзэж байна. С нь хохирогчид нийт 2.100.000 төгрөг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод ар гэрээ тэжээн тэтгэгч хариуцлага хүлээж байгаа зэрэг онцгой нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шүүгдэгч нь төрсөн эгч хохирогчийн зүүн бугалга хэсэгт зүсэж, цээжний зүүн талд суганы ар хэсэгт хутгалж эрх, эрх чөлөөнд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч 2,100,000 төгрөг төлсөн, хохирогчийн “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, ар гэрийн байдал)-г тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.С-ыг 3 жил 4 сарын хорих ял шийтгэж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “нийт урт 33.5 см , ажлын хэсгийн урт 21.7 см, ажлын хэсгийн өргөн дунджаар 4.5 см хэмжээтэй хар хуванцар иштэй 1 ширхэг хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т овогт Г-ын С-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.С-ыг 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “нийт урт 33.5 см, ажлын хэсгийн урт 21.7 см, ажлын хэсгийн өргөн дунджаар 4.5 см хэмжээтэй хар хуванцар иштэй 1 ширхэг хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                        Л.БААТАР

 

                         ШҮҮГЧИД                                       Г.АЛТАНЦЭЦЭГ

 

       Б.ДАШДОНДОВ