| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00715/И |
| Дугаар | 130/ШШ2017/00779 |
| Огноо | 2017-12-18 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2017/00779
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ждаргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн …......... сумын ........... дугаар багт оршин суух, ...... овогт Х.Кийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын ***дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Ө сумын ***дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Х.К, түүний өмгөөлөгч Х.З, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Л, гэрч Р.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ө сумын *** дугаар цэцэрлэгийн санхүүгээс 2017 оны 3 дугаар сарын 01-нээс 2017 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны 3 сарын цалинд 1110000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.К шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Б, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.З дарга нар төсвийн тодотголоор цалин хөлсийг чинь гаргаж өгнө гэхээр нь тэдний албан бичгээр Ө сумын хүүхдийн ***дугаар цэцэрлэгт угаагчаар ажиллаж байсан. Дараа нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Өр гэдэг хүн жирэмсний амралт авсан. Ө сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн өмнөх эрхлэгч Е гэдэг хүн Өын оронд тушаал гаргаж өгөөд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилласан. Тэр хүн амралтаас ирсний дараа би ажлаас халагдсан. Би тухайн үед сард 370000 төгрөгийн цалин авдаг байсан. Иймд 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх цалин 1110000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Ө сумын *** дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Л шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.К нь анх тус цэцэрлэгт 2016 оны 3 дугаар сарын 01-ны өдөр гэрээт үйлчлэгчийн ажилд томилогдон ажиллаж байгаад ажлаас буруу халагдсан асуудлаар шүүхээр заргалдаж улмаар 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өмнөх эрхэлж байсан ажилд орсон юм. Дараа нь тэрээр 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн үйлчлэгчийн ажлаасаа чөлөөлөгдсөн юм. 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг Ж.Ө нь жирэмсний амралт авах болсон тул түүний оронд түр ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн юм. Одоо Х.К нь тус цэцэрлэгт ажиллахгүй байгаа юм. Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 3 дугаар сарын 01-нээс 2017 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл угаагчаар ажиллах хугацааны цалин хөлс буюу 3 сарын цалин 1110000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би ажилтнаа ямар нэгэн даргын албан бичгээр ажиллуулдаггүй. Аймгийн Засаг даргын баталж өгсөн орон тооны дагуу хүмүүсийг ажиллуулдаг болохоос биш ямар ч хөдөлмөрийн гэрээ хийхгүйгээр дарга нарын албан тоотоор ажиллуулна гэж байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Тийм учраас гомдол гаргах хугацаа нь өнгөрсөн болохоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.К нь Ө сумын *** дугаар цэцэрлэгийн санхүүгээс 2017 оны 3 дугаар сарын 01-нээс 2017 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны 3 сарын цалинд 1110000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.К нь Ө сумын *** дугаар цэцэрлэгт 2017 оны 3 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цалингүй угаагчаар ажиллаж улмаар Х.К нь тус цэцэрлэгийн жирэмсний амралтад явсан үйлчлэгч Ж.Өын оронд 2017 оны 5 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл үйлчлэгчээр тус тус ажилласан болох нь зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар хавтаст хэрэгт авагдсан ажил олгогчийн Х.Кийг ажлаас чөлөөлөх тухай 8 дугаартай тушаал, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.3-д зааснаар ажилтан нь ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлснээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй ба уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Гэтэл нэхэмжлэгч Х.К нь Ө сумын *** дугаар цэцэрлэгт 2017 оны 3 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны цалин болох 1110000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Учир нь, Ажил олгогчоос Ө сумын *** дугаар цэцэрлэгийн батлагдсан бүтэц, орон тооны бус нэхэмжлэгч Х.Кийг угаагчаар Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын албан шаардлагаар цалингийн санг төсвийн тодотголоор шийдвэрлэж хуваарилах болно гэснийг үндэслэж ажилд томилох тухай эрхийн акт гаргахгүйгээр 2017 оны 3 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цалингүй ажиллуулсан болох нь нэхэмжлэгч болон тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан асан Р.Ермекийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн тус цэцэрлэгийн эрхлэгч байсан асан Р.Еийн: ...Тус цэцэрлэгт аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Д.Б, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.З нарын албан бичгийн дагуу Х.М, Х.К гэдэг хоёр хүнийг ажиллуул, бид нар удахгүй төсвийн тодотгол хийнэ, тэр үед энэ хүмүүсийн цалинг тавьж өгнө, тэр хүртэл түр хугацаагаар ажиллуул гэсний дагуу арга зүйчээр Х.Манаргүлийг, үйлчлэгчээр Х.Кийг ажиллуулсан. Тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд байхгүй орон тоо байсан. .... гэх,
Мөн хариуцагч байгууллагын эрхлэгч С.Л шүүх хуралдаанд:... тус цэцэрлэгийн төсвийн тодотголыг 2017 оны 6 дугаар сарын дундуур батлахдаа арга зүйчийн орон тоог болон цалинг баталж урьд нь цалингүй ажилласан гурван сарын цалинг нэмж өгсөн тул Х.Мийн гурван сарын цалинг олгож, арга зүйчээр томилж тушаал гаргаж ажиллуулж байгаа. Харин Х.Кийн ажиллаж байсан орон тоо болон цалингийн асуудлыг батлаагүй тул нэхэмжлэгчийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж жирэмсний амралт авсан Ж.Өын оронд авч ажиллуулсан байна” ... гэх болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгүүдээс дүгнэхэд нэхэмжлэгч Х.К нь анх Ө сумын *** дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоонд батлагдсан орон тооны бус угаагчийн ажилд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан бичгээр орсноо мөн тус цэцэрлэгийн 2017 оны 6 дугаар сард орон тоо бүтэц, цалингийн санг төсвийн тодотголыг батлахдаа арга зүйч Х.Манаргүлийн /хамт цалингүй ажилласан/ орон тоо болон цалин нь тус цэцэрлэгийн цалингийн фондод батлагдсаныг мэдэж байсан ба тус цэцэрлэгт угаагчаар 3 сар цалингүй ажилласан хугацааны цалинтай холбоотой асуудлаа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад биечлэн очиж уулзаж байсан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Х.К нь 2017 оны 6 дугаар сарын дундуур аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Ө сумын *** дугаар цэцэрлэгийн цалингийн санг төсвийн тодотголоор баталснаас хойш тус цэцэрлэгт угаагчаар цалингүй ажилласан гурван сарын цалингаа олгохгүйн улмаас эрх нь зөрчигдсөн талаарх гомдлоо хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад болон шүүхэд 2017 оны 9 дүгээр сард гаргах ёстой байтал шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн ба уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэжээ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ямар учраас нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлснийг дурдаагүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлт гаргаагүй болно.
Нэхэмжлэгч Х.К нь аймгийн Мэргэжлийн Хяналтын Газарт энэхүү цалинтай холбоотой өргөдөл гаргаж байсан гэж өргөдлийг нотлох баримтаар өгсөн боловч уг өргөдлөө тус газарт хэзээ гаргасан эсэх нь тодорхой бус, мөн аймгийн Мэргэжлийн Хяналтын Газарт цалинтай холбоотой өргөдөл гаргаснаар тухайн гомдлоо хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад болон шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч аймгийн Мэргэжлийн Хяналтын Газарт 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр энэхүү цалинтай холбоотой өргөдөл гаргасан гэх боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. ...” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ө сумын *** дугаар цэцэрлэгт угаагчаар цалингүй ажилласан хугацааны цалинтай холбоотой гомдлоо аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр гаргасан гэдэг тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох бөгөөд мөн хуулийн 76.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсдэг талаар заасан бөгөөд нэхэмжлэгч тус цэцэрлэгт угаагчаар цалингүй ажилласан гурван сарын цалингаа ажил олгогчоос олгоогүйн улмаас эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс эхэлж гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдох тул нэхэмжлэгч Х.К нь тус цэцэрлэгийн цалингийн санг 2017 оны 6 дугаар сарын дундуур төсвийн тодотголоор батлагдаж ирэх үедээ эрх нь зөрчигдсөнөө мөн уг цэцэрлэгт 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл жирэмсэн хүний ээлжийн амралтад ажиллаж байх үед эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдэж байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Х.Кийн Ө сумын *** дугаар цэцэрлэгийн санхүүгээс 2017 оны 3 дугаар сарын 01-нээс 6 дугаар сар хүртэлх хугацааны 3 сарын цалинд 1110000 /нэг сая нэг зуун арван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 1*** дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Кийн Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дугаар цэцэрлэгийн санхүүгээс 2017 оны 3 дугаар сарын 01-нээс 6 дугаар сар хүртэлх хугацааны 3 сарын цалинд 1110000 /нэг сая нэг зуун арван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж