| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/0631/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/639 |
| Огноо | 2022-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт М-ы М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108029990618 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод түр оршин суух, урьд
Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 252 цагийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Х овогт М-ы М (РД:...);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... дүгээр орцны үүдэнд хохирогч С.У-тай хаалга онгойлгох асуудлаас үүдэн маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж үүдэн хоёр шүдний сулрал, нэг шүдний эмтрэл, баруун хацар, шанаа эрүүний няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч С.У-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), гэрч Д.М-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал), гэрч Б.Т-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11925 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал), шүүгдэгч М.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.М нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... дүгээр орцны үүдэнд хохирогч С.У-тай чип ашиглан онгойлдог хаалгыг онгойлгохтой холбоотой асуудлаас үүдэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас үүдэн хоёр шүдний сулрал, нэг шүдний эмтрэл, баруун хацар, шанаа эрүүний няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч С.У-ы: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нөхөр Б.Т-ын хамт өдөр 12 цагийн орчим найз Б-ын гэрт буюу С хороололд дайлуулж архи уусан. Тэгээд Б-ын гэрээс 16 цагийн орчим нөхөр бид хоёр гараад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байранд байдаг найз Хы гэрт 16 цагийн орчим очоод байрных нь хаалга кодоор ордог болохоор нь үүдэнд нь хүн гарч ирэхийг хүлээгээд зогсож байтал эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хажуугаар гараад хаалганы хажуу талд байсан подвал руу орох гэж байх үед миний нөхөр Т орцны чип байгаа юу гэж тухайн хоёр хүнээс асуутал эрэгтэй нь байхгүй, гадны хүн оруулдаггүй юм гэж хэлсэн. Тэгтэл миний нөхөр Т найзындаа орох гэж байхад яагаад болдоггүй юм гэж тухайн подвал руу орох гэж байсан эрэгтэй хүнд хандаж хэлтэл нөгөө эрэгтэй оруулахгүй гэж хэлээд миний нөхөр Ттай маргалдсан. Би тухайн үед гайгүй байх гэж бодож байтал хоорондоо зууралдаад ална тална гээд зодолдох гээд барьцалдсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгах гэж байтал нөгөө залуутай хамт явж байсан эмэгтэй нь миний үснээс зулгааж түлхэж газарт унагасан. Тэгэхээр нь би босоод тухайн хүүхний үснээс зулгаагаад тавьсан бөгөөд Тыг нөгөө залуугаас салгах гээд нөгөө залууг араас нь татахад тэр залуу эргэж хараад баруун гараараа миний нүүр лүү нэг удаа хүчтэй цохисон. Тухайн залууд би цохиулаад үүдэн хоёр дээд шүдний нэг нь хугарч, нөгөө нь суларчихсан бөгөөд тухайн үед уруул язарч цус их гарсан. Мөн нөхрийгөө салгах үед миний цээж рүү нөгөө залуу дахиж хүчтэй түлхсэн, би газар унахдаа баруун шилбэ, тохойгоороо хатуу цемент дээр хүчтэй унаж гэмтсэн. Тухайн үед хажуугаар явж байсан танихгүй эрэгтэй хүн салгасан. Би тухайн хоёр хүнийг урьд нь харж байгаагүй, тухайн байрны орцны жижүүр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
2. Гэрч Д.М-ы: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн орчим байх эмийн сан ороод гэр лүү явж байтал манай байрны орцны буюу ... дугаар байрны ... дүгээр орцны үүдэнд нэг эрэгтэй, хоёр эмэгтэй нийлээд миний хүүхэд М-ыг барьчихсан үснээс нь татаад байж байсан. Тэгэхээр нь би очоод салгасан. ...нэг эмэгтэй газарт хөлөө жийгээд амнаас нь бага зэрэг цус гарчихсан согтуурхаад сууж байгаа байдалтай харагдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),
3. Гэрч Б.Т-ын: “...эхнэр У-ы хамт Х-ы байрных нь гадна ирээд чиптэй хаалгыг нь онгойлгож чадахгүй, хүн гарч ирэхийг нь хүлээгээд зогсож байтал хажуу талын подвал руу ордог хэсэг рүү нэг залуу, нэг охинтой хамт орох үед нь би залуугаас нь ахдаа энэ хаалгыг онгойлгоод өгөөч гэж хэлтэл тухайн залуу надад хандаж гадны хүн оруулдаггүй юм гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрийн эзэн нь дэлгүүр лүү орчихсон, гэрт нь орох гэсэн юм гэж хэлтэл хаалгаа тас хийтэл хаагаад орчихоор нь би араас хаалгыг нь бариад таттал нөгөө залуу надад уурлаад шууд миний хувцаснаас татаад барьцалдсан. Тухайн үед миний эхнэр У бид хоёрыг салгах гээд дундуур орж ирэхэд тухайн залуу нүүр лүү нэг удаа баруун гараараа цохиод мөрөн дээрээс нь бариад бил үү үстээд ч бил үү ямар ч байсан газарт нүүрээр нь саваад унагаачихсан. Тэгтэл миний эхнэр У-ы амнаас нь цус гараад шүд хугарчихлаа гээд орилоод байсан. Тухайн үед У-ы амнаас нь цус гараад байж байх үед Хишигбадрах Оюунчимэг нар дэлгүүр ороод ирж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11925 дугаартай:
“С.У-ы биед 2 шүдний сулрал, нэг шүдний эмтрэл, баруун хацар, баруун шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, баруун шуу, баруун шилбэ, тохой, хэвлий, уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч М.М нь хохирогч хийгээд түүний нөхөр Б.Т-тай байрны орцны хаалгыг онгойлгохтой холбоотой асуудлаас эхлэлтэйгээр маргалдаж Б.Т-тай харилцан барьцалдаж авсан төдийгүй хохирогч С.У-ы нүүрэн тус газар цохиход хохирогч нь газар савж унасан, шүүгдэгчийн үйлдлээс шалтгаан хохирогчид 2 шүдний сулрал, эмтрэл ...бүхий гэмтэл учирсан нь хөнгөн зэргийн ангилалд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан байна.
Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогчид гар хүрсэн асуудал байхгүй, түлхсэн нь бол үнэн. Тэд намайг өөрсдөө зодсон” гэх асуудлыг ярьсан боловч түүний мэдүүлэг нь хохирогч С.У-, гэрч Б.Т- нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэнээс гадна мөн гэрч Д.М-ы мэдүүлэгт “очиход нэг эмэгтэй газарт хөлөө жийгээд амнаас нь бага зэрэг цус гарчихсан согтуурхаад сууж байгаа байдалтай харагдсан” гэснээс үзвэл, гэрч Д.М-ыг очиход хохирогч С.У- нь шүүгдэгч М.Мт цохиулсан, амнаас нь цус гарсан байдалтай байсан болохыг давхар гэрчилсэн гэж дүгнэхээр байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.М-ын бусдыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч М.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч С.У-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй байх тул уг асуудлыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.М-оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 5 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...би ээжийн хамт амьдардаг, ээж маань бие муутай, би ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ авч явдаг тул торгох ялыг хамгийн доод хэмжээгээр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч М.М-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, мөн шүүгдэгч М.М-ын хувийн байдал /... ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажилладаг, түүний орлогын байдал/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард авдаг цалин хөлс орлогын байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М-ы М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч С.У- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор гарсан зардал, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Моос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ