Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 495

 

 

 

 

 

 

     2018 оны 03 сарын 13 өдөр

     Дугаар 182/ШШ2018/00495

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Яаманд холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн төлөөлөгч Д.Ренчиндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Баярцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Э нь Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн дарга алба тушаалтайгаар ажиллаж ирсэн. сайдын 2016 оны 09 сарын 05-ны өдрийн №2016 Б/61 тоот тушаал гарч түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 1241 дүгээр шийдвэр гарч ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулан, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан. Анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаагүй, хүчин төгөлдөр болсон. Уг шүүхийн шийдвэр гарснаас хойш яамны холбогдох ажилтнууд хариуцлагагүй хандаж, удахгүй шийднэ, удирдлага шийднэ гэх зэргээр хүлээлт үүсгэдэг, мөн албан тушаалтнууд нь солигддог зэргээр өнөөдрийг хүртэл шийдээгүй. Тийм учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа хийж байгаа боловч өнөөдрийг хүртэл ажилд нь аваагүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т зааснаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон бол ажил олгогчийн зүгээс ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүрэгтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрт 1 сарын дундаж цалин хөлсийг 932,940 төгрөг тооцсон. Энэ шийдвэрийг гарах үед Т.Э 5 сарын цалингийн бичилт нийгмийн даатгалын дэвтэрт дутуу бичигдсэн байдаг юм байна лээ. Харин шүүхийн шийдвэрийн дараа зөвтгөгдөж бичигдсэн, тэгэхлээр дундаж цалин хөлс нь 1,000,000 гаруй төгрөг болох юм. Шүүх тооцоо хийхдээ дэвтрийн уг бичилтийг харж нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлж өгнө үү. Бид нэхэмжлэлээ анх 13,061,160 төгрөг гэж тодорхой дүн тавьж шүүх хуралдааны явцад нэмэгдүүлж 13,994,100 төгрөг болгосон. Гэхдээ шаардлагаа тодруулж үнийн дүн тавихгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас уг олговрыг гаргуулж, Т.Э нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

            Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1, 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байна. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний дараа өөр ажил хийж байсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоолгох асуудлаар яаманд хандаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх асуудлаар хүсэлт гаргаагүй учраас нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоонд сонгон шалгаруулалтын дагуу албан хаагчдыг томилсон. Тухайн үед манай байгууллагыг төлөөлж явсан хүн ажлаасаа гарсан, хариуцлагагүй хандсаны улмаас бид шүүхийн шийдвэрт давж чадаагүй юм. Т.Эажилдаа орох талаар бидэнд мэдэгдэж байгаагүй, байгууллагын удирдлага Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхлэхэд энэ асуудлыг мэдсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхээс 2016.08.08-ны өдөр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэх 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

        Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч яаманд холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,994,100 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Харин нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,994,100 төгрөг гаргуулах тухай шаардлагаа анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016.12.05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах гэж тодруулсныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг анхан шатны шүүхийн шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж шийдвэрлэсэн байхад өнөөдрийг хүртэл ажилд авахгүй, хохироож байгаа бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж ажиллагаа хийлгэж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

          Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоолгох асуудлаар яаманд хандаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх асуудлаар хүсэлт гаргаагүй учраас нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоонд сонгон шалгаруулалтын дагуу өөр албан хаагчийг томилсон, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т заасны дагуу 3 сарын дотор цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан, энэ хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.05-ны өдрийн 1241 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Т.Э Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, түүний 1 сарын дундаж цалин хөлсийг 932,940 төгрөг гэж тооцон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,714,007 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаагүй хүчин төгөлдөр болжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Э ажилд нь эгүүлэн тогтоосон, түүний нэг сарын дундаж цалин хөлсийг тогтоосон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

Нэхэмжлэгч Т.Э нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжийг хариуцагч яаманд олгосон байх боловч түүнийг ажилд нь эгүүлэн аваагүй, тэрээр 2017.06.20-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж гүйцэтгэх хуудас бичүүлсэн, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа үйл баримт зохигчдын тайлбар, дурдсан шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар тогтоогдсон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй”,

 

69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно”,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан.

 

Иймд нэхэмжлэгч Т.Э-д Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрх үүссэн, хариуцагч яам нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

 

Хариуцагч яам нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч Т.Эөөр ажил хийж байгаа тул зөрүүг нь гаргах боломжтой гэж тайлбарлаж байх боловч, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.05-ны өдрийн 1241 дугаартай шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалт буюу Т.Э Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн даргын ажилд эгүүлэн авах асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй болох нь зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудаар нэгэнт тогтоогдсон бөгөөд уг 1241 дугаартай шийдвэр биелэгдээгүй байх тул хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

Тиймээс нэхэмжлэгч Т.Э ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2016.12.05-ны өдрөөс уг шийдвэр гарах хүртэл буюу 2018.03.13-ны өдрийг хүртэл тооцвол:

2016.12.05-наас 2018.03.05-ны өдрийг хүртэл 15 сар /Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.05-ны өдрийн 1241 дугаартай шийдвэрт дурдсан 1 сарын дундаж цалин хөлс болох 932.940 төгрөг * 15 сар/ нь 13,994,100 төгрөг.

 2018.03.05-наас 03 сарын 13-ныг хүртэл ажлын 6 өдөр нь /932,940 / 21,5 = 43,392 * 6 өдөр/ 260,352 төгрөг. Бүгд 14,254,452 төгрөг болов.

 

Дээрх олговрыг тооцохдоо шүүх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэсэн тул нэхэмжлэгч талын гаргасан “Т.Э нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 06 сарын цалинг дутуу бичсэнийг шүүхийн шийдвэрийн дараа байгууллага зөвтгөж өгсөн учир уг дүнгээс тооцох боломжтой” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагч яамнаас нэхэмжлэгч Т.Э ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 15 сар, 6 өдрийн олговорт 14,254,452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-долгож, уг олговроос шимтгэлийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч яаманд үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч талын шүүх хуралдаан дээр гаргасан өгсөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас яаманд хүргүүлсэн 2018.01.09-ны өдрийн 2/634, 2018.02.12-ны өдрийн 2/3157 дугаартай “шүүхийн шийдвэрийг биелүүлэх” тухай албан бичгүүд нь хуулбар үнэн тэмдэгтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй байх тул уг баримтуудыг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1, 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч яамнаас 14,254,452 төгрөгийн олговрыг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-долгосугай.   

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, Т.Э нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч яаманд үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Э нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч яамнаас 229,222 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.   

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                     Т.ЭНХТУЯА