Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/655

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000795 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зүтгүүрийн засварчин мэргэжилтэй, хувиараа барилгын мужааны ажил хийдэг гэх, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн ... сум ... дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Э- (РД:....);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Н-г “гэрт эхнэртэйгээ муудалцлаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгний няцарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч С.Н-н мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 9 дэх тал), гэрч С.У-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5411 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал), шүүгдэгч Б.Э-ийн түр оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 25 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), гэрэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 31 дэх тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 32 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал), шүүгдэгч Б.Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагчийн төрсөн дүү болох С.Н-г “эхнэртэйгээ гэрт муудалцлаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгний няцарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч С.Н-н: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн үед би эхнэрийн хамт охиноо сургуулиас нь аваад аавынхаа гэр лүү явж байтал манай эгч болох У над руу залгаад “та хоёрт мөнгө байвал эгчдээ том пивоны мөнгө өгчих” гэхээр нь би “та хаана байгаа юм, архи уугаад ажилдаа явахгүй байгаа юм биш үү” гэсэн чинь “ээж мэдээгүй биз дээ битгий хэлээрэй, эгч нь гайгүй” гэхээр нь би гэр лүү нь яваад очсон чинь гэрт нь манай эгч нөхөртэйгөө, өөр нэг эмэгтэй, эрэгтэй хоёр хүнтэй хамт бүгдээрээ согтуу сууж байсан. Манай эгч надад ууж байсан пивоноосоо хийж өгөхөөр нь би уухгүй гэсэн чинь тэгвэл эгчдээ нэг пиво аваад өгчих гэсэн. Тэгэхээр нь би эхнэр хүүхэд хоёроо дагуулаад машинтайгаа дээд дэлгүүр лүү очоод 2.5 литрийн Нийслэл пиво, 1 хайрцаг тамхитай авч ирээд эгчдээ өгсөн чинь эгчийн хажууд байсан согтуу эмэгтэй намайг тэврээд үнссэн. Тэгсэн чинь эхнэр маань уурлаад гараад явчихсан. Тэгэхээр нь бид нар миний авч ирсэн пивыг хувааж уугаад дуусгасан. Тэгээд манай эгч эхнэр лүү маань яриад Н-г ирээд авчих гээд нэрийг маань дуудсан. Тэгээд удалгүй эхнэр маань гадна ирчихээр нь би гараад очсон чинь манай эхнэр надад “эгч хоёр пиво аваад өгчих гээд байна” гэхээр нь өөрөө мэдэхгүй юу гэсэн чинь намайг суулгаад дэлгүүрийн гадна очоод хоёр пиво авч ирээд бид нар хувааж уусан ба би гарчхаад ороод ирсэн чинь манай эхнэр тэр хүмүүстэй нийлчихсэн пиво ууж байхаар нь би эхнэр лүүгээ уурласан чинь манай эгчийн нөхөр болох Э босож ирээд намаг түлхэж унагаагаад миний нүүр лүү 2 удаа цохисон. Э нь миний төрсөн эгчийн нөхөр нь байгаа юм. Э баруун гараараа миний нүүр болон зүүн хөмсөг хэсэгт 2-3 удаа угсруулж цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмнэлгийн ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй. Надад эмчилгээний зардалд гаргаад өгөх ямар нэг баримт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 9 дэх тал),

2. Гэрч С.У-ын: “...С.Н- нь миний төрсөн дүү байгаа юм. Харин Б.Э нь миний хамтран амьдрагч байгаа юм. Бид хоёр хамт амьдраад 5 жил болж байна. Албан ёсны гэрлэлтийн баталгаагүй. Дундаасаа 1 хүүхэдтэй. ...Бид хэд дэлгүүрээс нэмж 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво нэгийг аваад хувааж уугаад сууж байтал Н-н эхнэр Ц орж ирээд бид хэдтэй хамт сууж байтал Н- эхнэртэйгээ маргалдаж, муудалцаад эхэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр Б.Э маань та хоёр одоо болиоч, яах гээд байдаг юм гэж хэлсэн чинь төрсөн дүү Н- маань согтсондоо нөхөр лүү маань дайраад байсан чинь манай нөхөр Э төрсөн дүү Н-н нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Тэгээд бид дүүгээ хөөгөөд гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5411 дугаартай: “...С.Н-н биед зүүн хөмсөгний няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),  

4. Шүүгдэгч Б.Э-ийн өгсөн: “...гаднаас Н-н эхнэр Ц орж ирээд Н-тэй хэрэлдэж маргалдаад байхаар нь би тэр хоёрт хандаж та хоёр болиоч ээ, манай гэрт битгий хэрэлдээд бай гэж хэлтэл Н- над руу агсарч дайрахаар нь миний уур хүрээд баруун гараа атгаж байгаад Н-н нүүр болон зүүн хөмсөг хэсэгт 2-3 удаа цохитол хөмсөгнөөс нь цус гартал Н- миний нүүр шанаа хэсэгт 2-3 удаа хальт цохих шиг болсон, гэхдээ сүртэй оноогүй. Би өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөв ярьж байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгчийн хувьд өөрийн хамтран амьдрагч, түүний төрсөн дүү, эхнэрийнх нь хамтаар нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа “айлд ирчхээд эхнэртэйгээ муудалцлаа” гэх шалтгаанаар хохирогч С.Н-тэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан болох нь хохирогч С.Н- болон гэрч С.У-ын мэдүүлгээр тогтоогдсон, хохирогчид учирсан шарх бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэхээр байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э-ийн бусдыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Б.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч С.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...прокурорын саналыг зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй. Мөнгөн торгуулийг төлөх боломжтой” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Э-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, бусдад төлөх төлбөргүй байдал, мөн шүүгдэгч Б.Э-ийн хувийн байдал /Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, түүний орлогын байдал/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард авдаг цалин хөлс орлогын байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ