Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 452

 

 

 

 

             2018 оны 03 сарын 06 өдөр

      Дугаар 182/ШШ2018/00452

           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч С.Буд даргалж, шүүгч И.Амартөгс, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

           

Нэхэмжлэгч: Э,

Хариуцагч: “ЖДЭ” ХХК

Хариуцагч: “МН” ХХК-ийн ӨС,

 

мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор уучлалт гуйлгуулж, нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, хариуцагч ӨСы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цолмон, иргэдийн төлөөлөгч Ж.Пүрэвдэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

                                                  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь Т.Эийг эрүүгийн гэмт хэрэгтэн, Богд уулын газрын дамлан зарж авилгын түүхийг бүтээгч мэтээр гутаан доромжилж олон нийтэд ойлгуулсан дараах мэдээллийг цацсан. ӨСы 2017 оны 10 сарын 13-ны Баасан гарагийн №237(6230) дугаарын нэгдүгээр нүүрт “БОНХЯ-ны газрын дарга сайдын тушаалгүйгээр газар олгожээ” гэх илт үндэслэлгүй мэдээг олон мянган уншигч олондоо хүргэсэн. “ЖДЭ” ХХК-ийн захирал Д.Ж өөрийн нэртэй фэйсбүүк хуудас, твиттер хуудсаараа дамжуулан 2017 оны 10 сарын 14-ний өдөр ӨСы нийтлэлийг хавсарган, Энэ маягаар Богд уулын амыг хэдхэн этгээд эзэмшиж, дамлан зарж байгаа. Ам болгон Монголын авилгын түүх юм... гэж бичиж тараасан. Т.Э нь 2013 оноос БОНХЯ-ны ТХГН даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцсэн ч уг албан тушаалд томилохгүй чирэгдүүлсэн тул Захиргааны хэргийн шүүхэд хандан шат шатны шүүхийн уг албан тушаалд томилогдох шийдвэр, магадлал, тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлтэй ч өнөөдрийг хүртэл ажилдаа томилогдож чадаагүй маргаж байгаа. Гэтэл санаатайгаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнцөөр гэмт хэрэгт холбогдуулсан мэтээр гүтгэж, авилгын түүхийг бүтээлцэж яваа гэж харлуулан гутаан доромжилж, нэхэмжлэгчийг бусдад буруугаар ойлгуулах гэсэн оролдого хийж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаад маш их гомдолтой байна. Иймд мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт, залруулга хийлгэж, албан ёсоор уучлал гуйлгуулж, нэр, төр, ажил хэргийн нэр хүнд сэргээхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.

 

            Хариуцагч “МН” ХХК-ийн ӨС шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Эийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй гэх мэдээллийг ӨС нийтэлсэн. Ингэхдээ түүнд эрүүгийн хэрэгт шалгаж байгаа, сайдын тушаалгүйгээр 2014/31 дугаартай тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах гэрчилгээ олгосон, үүнийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй гэж сэрдэгдэж байгаа гэж мэдээлсэн. Түүнээс биш “...авлигын түүхийг бүтээлцэж яваа, эрүүгийн гэмт хэрэгтэн” гэх мэтээр элдэв нэмэлт хачир бичээгүйг нэхэмжлэлд хавсаргасан сониноос уншихад ойлгомжтой байгаа. Тухайн үед АТГ-ынхан БОАЖЯ-нд ажиллахдаа Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2015-2017 онд нийт 1706, Богдхан уулын дархан цаазат газарт 1318 иргэн, аж ахуйн нэгж газар ашиглаж байгааг тогтоосныг мэдээнийхээ оршилд бичсэн билээ. ӨС хувь хүн, бусад хэвлэн нийтлэх байгууллагын мэдээллийг залруулах үүрэггүй, бусдын үзэл бодлоо илэрхийлсэн талбарыг манай хариуцахгүй. Тиймээс Д.Ж гуайн “Энэ маягаар Богд уулын амыг хэдхэн этгээд эзэмшиж, дамлан зарж байгаа. Ам болгон авлигын түүх юм” гэж бичсэн нь тухайн хувь хүний л үзэл бодол болохоос ӨС ийн бичээгүй юм. Нэхэмжлэгч Т.Э нь АТГ-т шалгуулж байснаа үгүйсгээгүй байна. Энэ нь нийтлэлийн агуулга асуудлын бодит байдлаас эрс өөр, байхгүй асуудлыг байгаа мэтээр илэрхийлж, бодит байдлаар дордуулсан, гутаасан үйлдэл гэж үзэх үндэслэл харагдахгүй байна. Тиймээс иргэн Т.Эийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Хариуцагч “ЖДЭ” ХХК-ийн захирал Д.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ: “ЖДЭ” ХХК-ийн захирал Д.Ж миний бие нь 2018 оны 03 сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй, Монгол улсад байхгүй, гадаад улсад ажил хэргийн шугамаар зорчиж байх тул тус хэргийн шүүх ажиллагаанд өөрийн биеэр оролцох боломжгүй учир миний эзгүйд шүүх хуралдааныг хэлэлцүүлж шийдвэрлэж өгнө үү. ӨСд нийтлэгдсэн тус нийтлэл үнэн зөв, бодит мэдээлэл дурдаж нийтлэгдсэн эсэхийг ӨСы редакц хариуцах ба хэрэв тус нийтлэл ор үндэслэлгүй бичигдсэн нь албан ёсоор батлагдвал миний бие Д.Ж нь өөрийн олон нийтийн хуудсуудаараа залруулга хийж, албан ёсоор уучлал гуйхад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэний дагуу шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, дагах болохоо мэдэгдэж байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, итгэмжлэл, ӨСы 2017 оны 10 сарын 13-ний өдрийн дугаар, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албан бичиг, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоол, компанийн дүрэм, гэрчилгээ зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

           

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч “МН” ХХК-ийн ӨС, “ЖДЭ” ХХК-д тус тус холбогдуулан мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор уучлалт гуйлгуулж, нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           

            Хариуцагч “МН” ХХК-ийн ӨС нь хувь хүн, бусад хэвлэн нийтлэх байгууллагын мэдээллийг залруулах үүрэггүй, нийтлэлийн агуулга асуудлын бодит байдлаас эрс өөр, байхгүй асуудлыг байгаа мэтээр илэрхийлж, бодит байдлаар дордуулсан, гутаасан үйлдэл гэж үзэх үндэслэл харагдахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Хариуцагч “ЖДЭ” ХХК нь ӨС-д гарсан мэдээллийг фейсбүүк, твиттер хуудаснаа тавьсан гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

ӨСы 2017 оны 10 сарын 13-ны Баасан гарагийн №237(6230) дугаарын нэгдүгээр нүүрт “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга сайдын тушаалгүйгээр газар олгожээ” гэсэн гарчигтай нийтлэгдсэн мэдээлэлд “...дархан цаазат газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад албан хаагчдын гийгтийн асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр барилга байгууламж барих, суурьшлын бүс байгуулж болох мэт ойлголтыг төрүүлэн газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох явдал Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байсаар....тус яаманд эрх бүхий албан тушаал хашиж байсан Т.Эт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ. Энэ яамны эх сурвалжуудын мэдээлснээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яам гэж байхад Т.Э хууль, журам зөрчиж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан явдлыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн. Тэрбээр сайдын тушаалгүйгээр, 2014/31 дугаартай тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах гэрчилгээ олгосон, үүнийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй гэж сэрдэгдэж байгаа гэлээ. Харин АТГ-ынхан, прокурорууд ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзав” гэж бичжээ.

 

“ЖДЭ” ХХК-ийн захирал Д.Ж JDнэртэй фэйсбүүк хуудас, твиттер хуудсаараа дамжуулан 2017 оны 10 сарын 14-ний өдөр ӨСы нийтлэлийг хавсарган, Энэ маягаар Богд уулын амыг хэдхэн этгээд эзэмшиж, дамлан зарж байгаа. Ам болгон Монголын авилгын түүх юм... гэж сэтгэгдэл үлдээсэн байна.

 

Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны (хуучин нэрээр) албан тушаалтан нар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэлд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх ба Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар тогтоолоор Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Э нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үйлдэл тогтоогдохгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн байх тул хэрэгт бүртгэлтийн 10200108 дугаартай  хэргийг хаасан болох нь Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албан бичиг,  прокурорын тогтоолоор тогтоогдож байна.

 

Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг  нээж, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны (хуучин нэрээр) зарим нэг албан тушаалтан, тухайлбал, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эийг шалгаж байсныг хариуцагч нар өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээлсэн байх боловч хэрэг бүртгэлтийн ажиллагаа эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад “МН” ХХК-ийн ӨС мэдээллээ “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга сайдын тушаалгүйгээр газар олгожээ” гэж гарчигласан, “ЖДЭ” ХХК JDнэртэй фэйсбүүк хуудас, твиттер хуудсаараа “Энэ маягаар Богд уулын амыг хэдхэн этгээд эзэмшиж, дамлан зарж байгаа. Ам болгон Монголын авилгын түүх юм...” гэж дүгнэж бичсэн нь нэхэмжлэгч Т.Эийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан байна гэж үзэхээр мэдээлэл болжээ. Хэрэг бүртгэлтийн хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга Т.Э сайдын тушаалгүйгээр Богд уулын аманд газар олгосон болон Богд уулын амыг хэдхэн этгээд эзэмшиж, дамлан зарж байгаа байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд Т.Эийн мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээхийг хариуцагч “МН” ХХК-ийн ӨС, “ЖДЭ” ХХК нарт даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Харин нэхэмжлэгчийн уучлалт гуйлгах гэсэн нь хуульд заагаагүй няцаалтын хэлбэр тул шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Монгол улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2-ыг баримтлан Т.Эийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээрээ мэдээлэлдээ няцаалт хийхийг хариуцагч “МН” ХХК-ийн ӨС, “ЖДЭ” ХХК нарт даалгаж, нэхэмжлэгчийн уучлал гуйлгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1,

56-р зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг хариуцагч “МН” ХХК-ийн ӨС, “ЖДЭ” ХХК нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Т.Эт олгосугай.

 

 3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                               

 

   

                                     ДАРГАЛАГЧ                                    С. БУД

                                        

                                          ШҮҮГЧИД                                   И.АМАРТӨГС

                                                                                            

                                                                                              Ж.БАЙГАЛМАА