Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/600

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Б-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000000692 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...-ийн  байгалийн ухааны 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... сум, ... дугаар баг, ... гэх газарт оршин суух хаягтай ч одоо Баянгол дүүргийн ... дугаар хороо ... тоот нагац ах Д.А-д түр оршин суугаа гэх, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б-ын А- (РД:...),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” пабын гадна талд архи согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Ц-тай  маргалдан нүүрэн тус газар нь  гараараа цохиж эрүүл мэндэд нь  зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт,  баруун  сарвууны  ар болон алганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Цагдаагийн байгууллагад  гэмт хэргийн шинжтэй мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, лавлагаа (хавтаст хэргийн 2 дахь тал), хохирогч Ч.Ц-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал), гэрч Г.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4532 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал), шүүгдэгч Б.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 45, 56-59 дэх тал), шүүгдэгч Б.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” пабын гадна талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Ц-тай  маргалдан  нүүрэн тус газар нь  гараараа  цохиж эрүүл мэндэд нь  зүүн  нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт,  баруун  сарвууны  ар болон алганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Цагдаагийн байгууллагад  гэмт хэргийн шинжтэй мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, лавлагаа (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Хохирогч Ч.Ц-ын: “...миний бие тухайн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өөрийн найз Т-гийн хамтаар 1 дүгээр хорооллын  Цамбагаравын  ар талд  байдаг Эв нэртэй  пабад орох  гээд 21 цагийн орчимд очиход үүдэнд  5-6 залуучууд зогсож байсан. Тэгээд бид хоёр наанаас нь дөхөж  очтол  нэг залуу нь /А/ нь  бид хоёр луу хэрүүл маргаан үүсгээд  хүрээд ирсэн. Тэр залуутай  Т- маргаж  хамар луу нь нэг удаа цохиж авсан.  Тэгсэн нөгөө  залуугийн хамраас  цус гарч паб руу угаахаар орсон. Ингээд би  Т-тэй  хамт тэндээс холдох  санаатай явж  байсан чинь араас нөгөө  хамраас нь цус гарсан залуу  ирээд  бид хоёртой  ахин хэрүүл  хийж миний  нүд рүү  гараараа цохиж авсан. Тэр үед би зөрүүлээд  цохих гэсэн боловч  Аын  хамар хавьцаа  гар шүргээд өнгөрсөн. Яг  бол цохиж аваагүй. Тэгсэн нөгөө залуучууд  бид нарыг салгасан. Өөр зодоон болоогүй.   Би эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээгүй,  хэд хоногийн дараа  миний нүд  өөрөө зүгээр болсон. Надаас мөнгө төгрөгийн зардал гараагүй тул Ааас нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

3. Гэрч Г.Б-ын: “...2022 оны  03 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн найзууд болох  О, Ан, Д, Ч, А нартай уулзаад СХД ... дугаар хорооны нутагт байрлах Цамбагарав худалдааны  төвийн  орчимд байдаг ... пабад орж пиво ууцгаасан. Тэгсэн  О, Ан Д, А нар нь пабаас  тамхи татах гээд  гараад явцгаасан.  Тэгээд Ч бид 2 үлдээд сууж байтал Д орж ирээд  салфетик аваад  гарахаар нь би  араас гараад ирсэн чинь  Аын хамраас цус гарчихсан байсан. Тэгээд яасан юм бэ гэхэд  хоёр танихгүй залуу руу заагаад  нэг нь намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд би Аыг паб руу авч ороод нойлын өрөөнд орж цусыг нь угаалгачхаад  буцаад А  пабаас гараад  ирсэн. Нөгөө хоёр танихгүй ах нар явж байхаар нь араас А очоод  маргалдаж байгаад намхан залуугийн  нүд рүү нь гараараа нэг удаа цохиж авсан. Тэгээд бид нар салгаж холдуулсан. Аын хамраас нь цус гарсан, нөгөө залуугийнх нь  нүд нь хавдсан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4532 дугаартай: “...Ч.Ц-ын  биед зүүн нүдний  дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун сарвууны ар болон аланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь  эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

5. Шүүгдэгч Б.Аын: “...Тухайн гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад ярих, маргах зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Б.А, хохирогч Ч.Ц- нарын хэн аль нь  найз нарын хамтаар тус тусдаа “Эв” нэртэй пабаар үйлчлүүлэхээр очицгоосон байх бөгөөд Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар пабын үүдэнд зогсож байхдаа хохирогч, түүний найзад үг хаяж хэрүүл өдсөнөөс хоорондоо маргалдсан, улмаар хохирогчтой хамт явсан Т- нь түүний хамар тус газар цохиж хамраас нь цус гаргасан, харин Б.А нь сүүлд Ч.Ц-ын нүд рүү цохиж гэмтээсэн үйл баримт тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, эдгээр залуучууд нь олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ биеэ зөв зохистой авч явалгүй, огт танихгүй, өөртэй нь харилцах шаардлагагүй хүнд хандаж элдвээр хэлэх, доромжлох зэргээр өө хайж, илүүрхсэн хандлага гаргасан нь бие биетэйгээ муудалцах, цаашилбал хүч хэрэглэж гэмтэл учруулахад хүргэсэн шинжтэй байна.

Тухайлбал, шүүгдэгч Б.А нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа өмнө харж байгаагүй, таньж мэдэхгүй хохирогч Ч.Ц-ыг ямар нэгэн шалтгаангүйгээр цохиж авсан үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.Аын хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, иймээс прокурорын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга нь Б.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Б.Ад танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймээс тус шүүхээс шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу дээр маргаагүй, хохирогчид төлөх хохиролгүй, мөн шүүгдэгч Б.А нь оюутан, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 1 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.А нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-ын А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 1 (нэг) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.     

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ