| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/0626/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/624 |
| Огноо | 2022-05-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Э.Чанцалням,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208003390723 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “...” гэх нэртэй пабад зөөгч ажилтай, ам бүл 2, ахын хамт амьдардаг гэх, Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух,
Урьд нь: Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар Б.Н-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овогт Б-ын Н-э (РД:....);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоот хашааны задгай хэсэгт Б.О-ийг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар үснээс нь зулгаах, толгой руу гараараа цохих, газар унасан байхад нь зүүн гарын шуун дээр дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн шууны ясны далд хугарал, зүүн өвдөгт зулгаралт, дагз, зулайн хуйх, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал), хохирогч Б.О-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 850 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал), шүүгдэгч Б.Н-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл (хавтаст хэргийн 29-31 дэх тал), шүүгдэгч Б.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 37 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 36 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 34, 50-53 дахь тал), хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 56-71 дэх тал) шүүгдэгч Б.Н-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоот хашааны задгай хэсэгт Б.О-ийг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар үснээс нь зулгаах, толгой руу гараараа цохих, газар унасан байхад нь зүүн гарын шуун дээр дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн шууны ясны далд хугарал, зүүн өвдөгт зулгаралт, дагз, зулайн хуйх, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),
2. Хохирогч Б.О-ийн: “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр найз Б.Н нь намайг хүрээд ир гэж дуудахаар нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт задгай хэсэгт очиход танихгүй 3 залуутай хамт байсан ба бид нар 0,75 литрийн Чингис нэртэй архи ууж байгаад нэг залуугийнх нь гэр лүү орсон. Тэнд дахин 0,75 литрийн Соёрхол нэртэй архи уусан ба архи ууж байгаад надаар архи авхуулах гээд байсан. Би мөнгөгүй гэхэд Н намайг мөнгө харамлалаа гээд үгээр идээд бид 2 айлаас гараад маргалдсан. Тэгээд Н нь надтай маргалдаж байгаад үсдэж аваад газар унасан байхад нүүр лүү гараараа цохиод, миний зүүн гаран дээр хөлөөрөө дэвссэн. Тэгээд зодолдохоо болиод салсан.Нэс өөр хүн зодож цохиогүй.Би зодуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 850 дугаартай: ...Хэсэг газрын үзлэгт “... зүүн шууны дээд хэсгээс сарвуу хүрсэн гөлтгөнөн боолттой, дээш сойсон, зүүн өвдөгт 2.2х1.5см, 1.8х1см, 0.5х0.3см, 0.3х0.3см хүрэн өнгийн зулгаралттай. Зүүн хуйханд 2х2см, дагзны хэсгийн хуйханд 5х4см, 3х2см, 1.5х1.5см талбайд хуйх цайж үс унасан, бага зэргийн хавдартай, тэмтрэлтээр эмзэглэлтэй. Зүүн хөмсөгний гадна хэсэгт 2х3см талбайд бага зэргийн хавдартай. 2021.12.23-ны өдрийн зүүн шууны 2 байрлалын рентгенээр зүүн шуу ясны дунд 1/3 хэсгээр зөрөөгүй хугаралтай.
Дүгнэлт хэсэгт “...Б.О-ийн биед зүүн шуу ясны далд хугарал, зүүн өвдөгт зулгаралт, дагз, зулайн хуйх, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэрт зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
4. Шүүгдэгч Б.Н-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл (хавтаст хэргийн 29-31 дэх тал),
5. Шүүгдэгч Б.Н-ийн: “...2021 оны 121 дугаар сарын 23-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт зүс таних Б, түүний 2 эрэгтэй найзтай хамт 0,75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж ууж байгаад найз Б.О-тэй уулзсан. Б.О- нь бид нар дээр 0,75 литрийн Чингис архи, том пиво авч ирээд хамт хувааж ууж байгаад Б.О- бид 2 хоорондоо маргалдаад нэгнээ үсдэж газар унасан. Тэгээд би гараараа толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохичхоод босохдоо зүүн гарын шуу хэсэг рүү нэг удаа хөлөөрөө дэвссэн, өөр маргаан зодоон болоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Н нь бусадтай нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа найз буюу хохирогч Б.О-ийг дуудан ирүүлж хамтдаа архидаж байх явцдаа маргалдан үснээс нь зулгаах, толгой руу цохих, зүүн гарын шуу хэсэгт дэвсэх зэргээр зодож гэмтэл учруулсан үйлдэл нь олон удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шүүгдэгч Б.Н-ийн дэвсэлтийн улмаас хохирогчийн зүүн шуу ясны далд хугарал бүхий гэмтэл учирсан нь хүндэвтэр зэргийн ангилалд хамаарсан, бусдын бие махбодод халдаж гэмтэл учруулж буй үйлдэл нь хууль бус гэдгийг шүүгдэгч нь ухамсарласан ч хүсэж үйлдсэн шинжтэй тул шүүгдэгч нь тус гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.
Иймд шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдав.
Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Нэс хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Чанцалням нь Б.Н-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч (яллагдагч) Б.Н-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал ахуйн хүрээний замбараагүй архидалтаас үүдэлтэйгээр үүссэн, шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж хохирогчид хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь хохирол төлсөн зүйлгүй, шүүгдэгч Б.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хийгээд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн өмнө шүүгдэгч нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан атлаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал тогтоогдсон хэдий боловч прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.О- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Нэс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ