Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 891

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Ц нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Г ХХК-д холбогдох,

“9,196,338 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Атарболд, хариуцагчийн төлөөлөгч А.Гантулга, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Ч.Атарболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.Ц нь хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг бөгөөд улмаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.Улмаар гэрээний дагуу Баянзүрх дүүрэг 25 хороо 13 хороололд байрлах 42 айлын орон сууцны барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэж зохих ёсны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж “Г ХХК” ХХК-ийн мэргэшсэн инженер Д.О*******д 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэж өгсөн. Ажлыг хүлээлгэж өгөхдөө нийт 17.476.338 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх ажил хийж хүлээлгэн өгсөн. Гэвч “Г ХХК” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж дутуу мөнгө өгсөн. Улмаар санхүүжилт орж ирэхээр таны мөнгийг өгнө маргааш өгнө нөгөөдөр өгнө гэх мэтчилэн бага хэмжээгээр цувуулж өгдөг байсан. Улмаар “Г ХХК” ХХК-ийн захирал Б.М******* нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр баталгаа бичиж өгөн 2017 оны 02  дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулна гэсэн боловч мөн барагдуулаагүй болно. Мөн гүйцэтгэх захирал Э.О******* нь төлбөрийг бүрэн барагдуулна гэсэн боловч мөн өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Улмаар өр төлбөрөө шаардах болгонд худал хэлэн олон шалтаг тооцдог бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр компанийнх нь албан бичиг дээр өглөгийн тухай тодорхойлолт гаргуулан 9.196.338 төгрөгийн өглөгтэй үнэн болно гэсэн баталгаа бичүүлж авсан.Иймд монгол улсын холбогдох хууль дүрмийн дагуу хянан шийдвэрлэж 9.196.338 төгрөгийг гаргуулж өгнө үү. 16,269,478 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. 1,206,860 төгрөгийн барилгын материалыг өөрөөсөө гаргаж ажил хийсэн байдаг. Энэ талаар хариуцагч тал хүлээн зөвшөөрч санхүү нь тооцоо бодсон. Захирал нь хянаад хүлээн зөвшөөрсөн ...” гэв.

Хариуцагч “Г ХХК” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч нь 2015 оноос санхүүгийн хувьд доголдож, энэхүү байдал шийдэгдэлгүй өнөөдрийг хүрснээр санхүүгийн хувьд маш хүндрэлтэй байдалд орж гэрээний үүргээ бүрэн биелүүлж чадахгүй буюу үлдэгдэл 9,136,338 төгрөгийг төлөөгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дүн дээр маргах зүйлгүй бөгөөд харин доорх материалаар төлж барагдуулан эвлэрэх саналтай байна. Үүнд: Хар замаск 25кг, нэгж үнэ 11,700 төгрөг, плитан цавуу 25 кг, нэгж үнэ 7,700 төгрөгөөр тус тус тооцох, мөн цахилгаан тоноглол буюу унтраалга, разетка, гэрэл, чийдэн зэрэг материалаар дээрх төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна.

“Г ХХК” ХХК нь Ц.Цтой 2015 оны 8 сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба 17,476,338 төгрөгийн тооцоотой байснаас төлж 9,196,338 төгрөгийг санхүүгийн хямралд орсноос төлж чадаагүй нь үнэн. Ц.Цын хийж гүйцэтгэсэн ажил, нэхэмжилж байгаа үнийн дүнтэй маргах зүйл байхгүй. Бид бараа материалаар төлөх бололцоотой байхад хүлээн зөвшөөрөөгүй ...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч “Г ХХК” ХХК-д холбогдуулан “ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 9,196,338 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал “гүйцэтгэсэн ажил, нэхэмжилсэн 9,196,338 төгрөгтэй маргахгүй боловч бараа материалаар гэрээний үлдэгдэл төлбөрийг барагдуулна” гэсэн тайлбарыг гаргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2015 оны 8 сарын 25-ны өдөр “Г ХХК” ХХК болон Ц.Ц нарын хооронд Баянзүрх дүүрэг 25-р хороололд байрлах 42 айлын орон сууцны барилгын зүүн блок барилгын заслын ажлыг хийх тухай  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Гэрээ ёсоор 2015 оны 11 сарын 4-ны өдөр ажил гүйцэтгэгч тал болох Ц.Ц Баянзүрх дүүрэг 25-р хороололд байрлах 42 айлын орон сууцны барилгын зүүн блок барилгын заслын дотор хар замаска 621,46 м.кв*5,000 төгрөгөөр 3,107,300 төгрөг, 2 үе цагаан замаска 1,901 м.кв*3,100 төгрөгөөр 5,893,410 төгрөг, шатны хонгил, коридорын хэсгийн цагаан замаска 262,4 м.кв*3,100 төгрөгөөр 813,440 төгрөгөөр, 1 үе цагаан замаска 3,435 м.кв*1,700 төгрөгөөр 5,840,350 төгрөг, тагтны хашлага, таазны цагаан замаска 198,38 м.кв*3,100 төгрөгөөр 614,978 төгрөг, нийт 16,269,478 төгрөгийн ажлыг хийж хүлээлгэж өгсөн, Ц.Ц нь өөрийн 1,206,860 төгрөгийн барилгын материалыг захиалагч талын ажлыг хийхэд оруулсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн 8-р талд авагдсан заслын ажлын гүйцэтгэл баримт, “Г ХХК” ХХК-ийн 2017.12.15-ны өдрийн 17/223 дугаартай өглөгийн талаарх тодорхойлолт, “Г ХХК” ХХК-ийн өглөгийн тооцоолол зэргээр хангалттай тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Атарболдын шүүх хуралдаанд гаргасан ... 16,269,478 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, өөрөөсөө 1,206,860 төгрөгийн барилгын материал гаргаж ажил хийж гүйцэтгэхдээ оруулсан... гэх тайлбарт хариуцагчийн төлөөлөгч маргаагүй ба энэ тайлбар нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх… гэсэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцэж байна.

Талууд 17,476,338 төгрөгөөс 8,280,000 төгрөг төлөгдсөн, үлдэх 9,196,338 төгрөг төлөгдөөгүйтэй маргаагүй.

Хариуцагчийн төлөөлөгчийн ... санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа, бараагаар төлөх боломжтой ... гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй ба талууд ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг бараагаар төлөхөөр тохиролцоогүй байна.

Дээр дурдсанаас хариуцагч “Г ХХК” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9,196,338 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г ХХК” ХХК-иас 9,196,338 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г ХХК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 162,091 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2018/03768 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.БАТЦЭЦЭГ