Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/589

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208006800673 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа модны үйлдвэр ажиллуулдаг, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ын Т (РД:...),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Р.Б-той муудалцан уруул хэсэгт нь 2 удаа цохисны улмаас уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Р.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 10-15 дахь тал), гэрч Д.Л-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2202 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал), шүүгдэгч Б.Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 57-62 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 63-80 дахь тал), шүүгдэгч Б.Т-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод иргэн Р.Б-ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа маргалдан хохирогч Р.Б-ын уруул хэсэгт нь 2 удаа цохисны улмаас уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч Р.Б-ын: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний  өдөр 16 цагийн орчимд миний дотнын найз Т миний төрсөн өдөр  гээд 2 залуугийн  хамт 3-лаа ирсэн. Тэгээд бид хэд 0,75 литрийн 2 шил архи хувааж уусан. Тэгээд архи хувааж ууж байхад  Т манай  эхнэр Ц рүү  үг хаяад хэрэлдээд байсан. Би согтуу байсан болохоор яг юу гээд байгааг нь сайн хэлж мэдэхгүй байна.  Ямар ч байсан хэрэлдээд байхаар нь би Тт болиоч гэж хэлэхэд Т баруун гараараа миний  уруул  хэсэг рүү ойролцоогоор  2 удаа цохисон. Тухайн үед  манай эхнэр Т-ыг надаас салгах гэтэл Ттай хамт ирсэн  Шуук гэх залуу  нь миний зүүн чамархай  хэсэгт баруун  гараараа 1 удаа хүчтэй цохисон.  Тэгэхээр нь би тэд нарыг хөөж гаргаад гэмтлийн эмнэлэг орж уруул хэсэгтээ 6 оёдол тавиулаад  цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Миний уруул  дотогшоо бага зэрэг сэтрээд эдгэсэн.  Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-15 дахь тал),

2. Гэрч Д.Л-гийн: “...Т бид 2 архи уусан байсан болохоор Г-г  дуудаад Г-гийн машинд суугаад явж байхдаа 0,75 литрийн архи аваад Т бид ууж яваад Б-гийн гэрт ирсэн. Айл орж байгаа юм чинь гээд дахиад 1 шил 0,75 литрийн архи авсан. Тэгээд би тэнд ууж байгаад согтоод жижиг өрөөнд нь ороод унтаад өгсөн. Тэгтэл унтаж байхад хүмүүс чанга дуугараад байхаар нь сэрээд том өрөөнд ороход Б-, Таа хоёр зууралдаад зогсож байсан. Тэгэхээр нь дундуур нь гүйж ороод салгаж  байхад Г- гаднаас орж ирээд Б-г бариад хоёр тийш салгасан. Салгаж байхад Б-гийн амнаас цус гарч байсан. Би юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2202 дугаартай: “...Р.Б-ын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь  хэрэг болсон  гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид  ерөнхий  хөдөлмөрийн  чадвар алдалтанд  нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

4. Шүүгдэгч Б.Тын: “...Би Барсболдтой хамт архи ууж байгаад хийдэг ажлаасаа болж  маргалдаад бид 2 босож ирээд зууралдсан. Зууралдаад зогсож байхад Г-  гаднаас орж ирээд салгах үед би гараараа Барсболдын  нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд биднийг салгацгаасан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, хохирогч Р.Б-, шүүгдэгч Б.Т нь хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа ахуйн шинжтэй асуудлаас үүдэлтэйгээр хоорондоо маргаж харилцан барьцалдан авч,  улмаар Б.Т нь хохирогч Р.Б-ын уруул тус газар нь 2 удаа цохисноос үүдэлтэйгээр уруулаас нь цус гарч, хохирогчийн эрүүл мэндэд шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд учирсан, уг гэмтэл хөнгөн зэргийн ангилалд хамаарсан байх ажээ.

Тус хэргийн хохирогч Р.Б- өөрт нь шүүгдэгч Б.Т гэмтэл учруулсныг, шүүгдэгч нь өөрийн үйлдлээс шалтгаалан хохирогчид гэмтэл учруулсныг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй байна. 

Шүүгдэгч Б.Т нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, уруул хэсэгт нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймээс шүүгдэгч Б.Тын хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, иймээс прокурорын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, улмаар нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах нь Б.Тт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Б.Тт танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Б.Т нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлж барагдуулсан байдал, мөн ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдог болохыг илэрхийлсэн баримтууд тус тус авагдсан байх тул дээрх байдлуудыг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Т нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ