Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/656

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Ганчимэг (томилолт),

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108023670745 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, С ХХК-нд сантехникч ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн Б-э (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ... дүгээр гудамжинд хохирогч Д.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан дээд доод уруулд шарх, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Д.Ц-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал), гэрч Б.Г-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8908 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал), шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 48, 51-54, 55-61 дэх тал), шүүгдэгч Д.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ... дүгээр гудамжинд хохирогч Д.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан дээд доод уруулд шарх, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч Д.Ц-ын: “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний 21 цагийн үед дунд буудлын доод хэсэгт буюу 4 дүгээр гудамжинд манай найз А үл таних хүмүүстэй маргаан үүсгэж зууралдаж заамдалцсан байсан. Тэгэхээр нь би салгах зорилгоор яваад очиход нэг залуу надтай маргаан үүсгэсэн. Тэгээд намайг 180 см орчим өндөртэй 20 орчим насны махлаг залуу нүүр хэсэгт 2 удаа цохиж улмаар би газар унасан. Унасны дараа мөн толгой уруул ам хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд цагдаа нар ирээд салгасан. Тухайн болсон асуудал маш хурдан болж өнгөрсөн ба манай найзууд хойноос ирэх үед тэр 2 залуу зугтаагаад явсан санагдаж байна. Миний биед үүссэн шарх эдгэрсэн. Эмнэлэгт үзүүлээгүй учир баримт байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйл болон санал гомдол байхгүй. Тухайн залуу надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал),

2. Гэрч Б.Г-ын: “...Би өөрийн танил дүүтэй 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамжинд 21-ээс 22 цагийн үед уулзаж байсан. Тэгээд би өөрийн найз Д.Б гэх залуутай уулзаж байсан чинь миний таньдаг Д гэх хүүхдийн аав гэх залуу нь тээврийн хэрэгслийн гадаа зогсож байгаад чи яах гэж манай хүүхдийн найзууд руу томроод байгаа юм гэсэн ба Д гэх хүүдийн аавтай хамт зогсож байсан 4-5 залуучууд нь манай найз Б гэх залууг чи яаж хараад байгаа юм гээд маргаан үүсгээд байсан. Тэгээд Д гэх хүүхдийн ах гэх залуутай Б хоорондоо маргалдаж зодолдоод байсан. Яг хаана хэнийгээ яаж цохиж зодсон талаар огт мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8908 дугаартай:

“Д.Ц-ын биед дээд, доод уруулд шарх, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

4. Шүүгдэгч Д.Б-ийн: “...надад маргах зүйл байхгүй.  Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл, хохирогч болон шүүгдэгч нарын хэн аль нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд биеэ зөв зохистой авч яваагүй, бие биеэсээ өө хайж шалтаг шалтгаан гаргаж хоорондоо муудалцсан байх бөгөөд улмаар шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Ц-ыг цохиж зодон эрүүл мэндэд халдсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийн санаатай үйлдэл хохирогчид учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Д.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Д.Бд танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байдал, Д.Б-ийн хувийн байдал /С ХХК-нд сантехникч ажилтай, цалин хөлс орлоготой/ зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард авдаг орлогын байдлыг харгалзан 5 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ