Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2015/0390

 

2015 оны 8 сарын 20 өдөр

 

Дугаар 221/МА2015/390

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

З.Р гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч З.Р , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 369 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, З.Р гийн нэхэмжлэлтэй, ГЕГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Р  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ГЕГ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/58 дугаар тушаалаар 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс Улаанбаатар хот дахь Гаалийн газарт нягтлан бодогч, гаалийн улсын байцаагч /ТТ-10/-ийн албан тушаалд томилохдоо надад мэдэгдээгүй... Миний албан тушаалыг тодорхой шалтгаангүйгээр удаа дараа бууруулж, нягтлан бодогч, гаалийн улсын байцаагчийн албан тушаалд томилсноор жилийн орлого 4.153.956.00 төгрөгөөр буурсанд гомдолтой байна. Иймд ГЕГ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/58 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, Буянт-Ухаа боомт дахь гаалийн газрын Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, албан тушаалын цалингийн зөрүүг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тшүүхэд гаргасан тайлбартаа: ГЕГ-ын дарга нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10 дахь заалтыг үндэслэн З.Р г Буянт-Ухаа дахь гаалийн газрын Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын нягтлан бодогч, гаалийн улсын байцаагчаар томилсон. Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан тул аливаа хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 369 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, 23.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ГЕГ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/58 дугаар тушаалын З.Р д холбогдох хэсгийг хүчингүй болгож, З.Р г урьд эрхэлж байсан Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газрын Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Р д 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цалин буурч ажилласны зөрүү олговор 1,126,659 /нэг сая нэг зуун хорин зургаан мянга зургаан зуун тавин есөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Шийдвэрийн Үндэслэх хэсгийн Нэг /шийдвэрийн 5 дахь нүүр, дээрээсээ 15 дахь мөрөнд/ ...Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10-д зааснаар ГЕГ-ын дарга нь гаалийн албан хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх... бүрэн эрхтэй хэдий ч төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийг хэрэглэлгүй, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10 дахь заалтыг дангаар хэрэглэсэн нь нарийвчлан зохицуулсан холбогдох хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэхээр байна... гэжээ.

Төрийн албаны тухай хууль нь төрийн алба болон төрийн албан тушаалтны ангилал болох төрийн улс төрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний алба зэрэг бүхий л албыг зохицуулан тохируулсан ерөнхий суурь хууль бөгөөд Гаалийн алба нь бие даасан төрийн тусгай алба болохын хувьд гаалийн харилцааг нарийвчлан зохицуулан, тохируулсан, тусгайлсан салбарын Гаалийн тухай багц хууль тогтоомжтой болно.

Салбарын харилцааг нарийвчлан зохицуулсан бие даасан Гаалийн тухай багц хууль тогтоомжийн хүрээнд ГЕГ-ын дарга бүрэн эрхийнхээ дагуу шийдвэр гаргаж байхад шүүгч шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт ...нарийвчлан зохицуулсан холбогдох хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэхээр байна гэж үндэслэсэн нь үндэслэлгүй. Иймд, шүүхийн шийдвэрийг ...хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр... хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

ГЕГ-ын дарга 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/58 дугаар тушаалаар Буянт-Ухаа дахь гаалийн газрын Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан З.Р г үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь гаалийн газарт нягтлан бодогч, гаалийн улсын байцаагчаар томилохдоо Төсвийн тухай хуулийн Төсвийн шууд захирагч, түүний бүрэн эрх гэсэн 16 дугаар зүйлийн 16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, Гаалийн тухай хуулийн Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх гэсэн 271 дүгээр зүйлийн 271.1.10-д гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох гэсэн заалтыг тус тус баримталсан нь буруу байна.

Нэхэмжлэгч З.Р  нь төрийн тусгай албан хаагч болохынхоо хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т заасан нэмэгдэл баталгаагаар хангагдаж, түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах ёстой.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Төрийн албаны тухай хууль нь төрийн бүхий л албыг зохицуулсан ерөнхий суурь хууль бөгөөд Гаалийн алба нь бие даасан төрийн тусгай алба болохын хувьд гаалийн харилцааг нарийвчлан зохицуулан тохируулсан, тусгайлсан салбарын Гаалийн тухай багц хууль тогтоомжтой хэмээн дурдан маргаж байна.

Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлд өөр албан тушаалд шилжүүлэх... гэсэн нь удирдлагын эрх хэмжээг тодорхойлсон ерөнхий заалт юм.

ГЕГ-ын дарга нь Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлөх эрхтэй хэдий боловч уг заалтыг хэрэглэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлийг харгалзаж үзэх ёстой.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч З.Р  нь ГЕГ-ын даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/56 дугаар тушаалаар ГЕГ-ын харъяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор томилогдсноос хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2-т зааснаар ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, мөн 2013, 2014 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, мэдлэг боловсролын хувьд тухайн албан тушаалыг эрхлэх боломжгүй болсон зэрэг захиргааны санаачлагаар уг албан тушаалыг бууруулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуульд заасан чөлөөлөгдөх, өөр албан тушаалд шилжүүлэх аль ч үндэслэл нэхэмжлэгчийн хувьд бүрдээгүй, түүнчлэн Б/58 дугаар тушаалын үндэслэлдээ албан тушаал бууруулсан үндэслэлээ тодорхойлоогүй байна.

Иймээс ГЕГ-ын даргын 2013 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/58 дугаар тушаалын З.Р д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газрын Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилсон нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн маргаан бүхий Б/58 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийг Буянт-Ухаа дахь гаалийн газрын Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын цалингийн ТТ-13 шатлалаас 3 шатлал бууруулж, Улаанбаатар хот дахь гаалийн газарт нягтан бодогч, гаалийн улсын байцаагчаар цалингийн ТТ-10 шатлалд хамааруулан цалин орлогыг нь бууруулжээ. Иймд хууль бус актын улмаас цалин буурч ажилласан 69 хоногийн цалингийн зөрүү 1.126.659 төгрөгийг хариуцагч захиргааны байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дүгээр сарын 15-ны өдрийн 369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР