Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
Хэргийн индекс | 106/2016/0020/э |
Дугаар | 111 |
Огноо | 2016-09-16 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Б.Долгион |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 111
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
улсын яллагч Б.Долгион,
шүүгдэгч Б.Төгөлдөр түүний өмгөөлөгч Г.Жамиймаа,
насанд хүрээгүй хохирогч О.Тэргэл түүний хууль ёсны төлөөлөгч Б.Байгальмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрдэнэбулган овогт Батбямбын Төгөлдөрт сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201626021723 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Mонгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, аав Батбямбын хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 58 байрны 87 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас гавъяа шагнал, ял шийтгэлгүй Эрдэнэбулган овогт Батбямбын Төгөлдөр /РД:АЮ98060739/
Шүүгдэгч Б.Төгөлдөр нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 47 дугаар сургуулийн байранд ангийн хүүхэд О.Тэргэлийг “Б.Төгөлдөр өлөн айлын хүүхэд шүү, наад талхнаасаа үлдээгээрэй гэж хэлсэн” гэж уурлан толгой нүүрэн тус газар нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Төгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ангидаа орж ирэхэд манай ангийн Н.Төгөлдөр, Тэргэл чамайг миний төрсөн өдрөөр “өлөн айлын хүүхэд” гэж хэлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод толгой руу нь цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэргэлээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч О.Тэргэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 10 минутын үед би багшийн ширээн дээр очиход 1 дүгээр салааны хойно манай ангийн Б.Төгөлдөр, Н.Төгөлдөртэй юм яриад над руу муухай харж байгааг харсан. Тэгээд би надтай ямар нэгэн асуудал үүсэх нь гэж бодсон. Тэгээд хичээл завсарлаад намайг ангидаа сууж байтал Б.Төгөлдөр орж ирээд дэвтэрээрээ нүүр лүү цохиод над руу “чи намайг өлөн айлын хүүхэд гэж хэлдэг хэн бэ” гээд дайрсан. Тэгээд толгой руу гараараа хэд хэдэн удаа цохьсон. Би сандарсан байсан тул ямар ч хариу үйлдэл хийж чадаагүй. Миний зүүн талын хэнгэрэг цоорсон. Би сандарсан байсан тул ямар ч хариу үйлдэл хийж чадаагүй. Миний зүүн талын хэнгэрэг цоорсон. Энэ жил Герман улс руу явж их сургуульд суралцах ёстой байсан боловч зүүн чихний хэнгэрэг цооролт томрох тул онгоцонд суух боломжгүй болсон. Би хэнгэрэгийг нөхөхийн тулд чихэндээ скоч мэт зүйл наалгасан” гэв.
Шүүгдэгч Б.Төгөлдөр нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 47 дугаар сургуулийн байранд ангийн хүүхэд О.Тэргэлийг “Б.Төгөлдөр өлөн айлын хүүхэд шүү, наад талхнаасаа үлдээгээрэй гэж хэлсэн гэж уурлан толгой нүүрэн тус газар нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:
Насанд хүрээгүй хохирогч О.Тэргэлийн “2016 оны 05 дугаар 20-ны өдөр байх манай ангийн Д.Төгөлдөр төрсөн өдөр болоод манай ангийхан атар талхан дээр лаа хатгаад төрсөн өдрийг нь тэмдэглэсэн, тэр өдөр Б.Төгөлдөр ангид байгаагүй энэ үйл явдлыг хэн нэгэн гар утсаараа бичлэг хийгээд энэ бичлэгэнд миний сууж байсан 3 дугаар салааны орчмоос хэн нэгэн Б.Төгөлдөрт талхаа үлдээгээрэй өлөн хүүхэд шүү гэж хэлсэн байсан гэж манай ангийхнаас нэг нь Д.Төгөлдөрт хэлсэн гээд 05 сарын 23-ны өдөр намайг ангидаа 3 дугаар салааны хойно сууж байхад Д.Төгөлдөр хажууд ирээд надад юу ч хэлэлгүй, дэвтрээр нүүр рүү цохиод, гараара 4-5 удаа толгой руу цохьсон чи намайг тэгж хэлсэн гэлүү гээд байсан ч би түүнд цохиулчихсан айсан байдалтай байсан тул өөдөөс нь юм хэлээгүй, Д.Төгөлдөр ч намайг ална тална гээд би ахыгаа дууд, чамтай юм ярихгүй, чи ахыгаа дууддаг гээ биздээ гэсэн, тэр үед 10 цаг 10 минут болж байсан ба би ангиас гараад их завсарлагааны цаг байсан тул цайны газар руу орсон. Завсарлагаа дуусгаад 10 цаг 25 минутанд ангидаа ирсэн чинь Д.Төгөлдөр “чи ахыгаа дуудсан уу” гэж өөдөөс дээрэлхсэн өнгө аястай харьцаад над руу дайрах гэхэд нь урд ширээнд сууж байсан Санчирмаа, Батзориг, Өүлэн-Үжин нар түүнийг хориглосон.Чи юу болсныг мэдэхгүй байна, би тэр бичлэгийг үзье гэхэд Д.Төгөлдөрийн найзууд “чи тэгж хэлсээн, битгий худлаа гүрийгээд бай, бичлэгэн дээр байгаа” гэсэн би тэр бичлэгийг үзье гэсэн боловч одоо хүртэл энэ бичлэгийг надад үзүүлээгүй.Энэ яриа өрнөж байхад ангийн багш У.Долгормаа ангид орж ирээд бид нар суудал суудалдаа сууцгаасан. Тэр өдөр Д.Төгөлдөр миний толгой руу 4-5 удаа цохьсны дараа 2 талын чих, онгоцонд суусан юм шиг дүнгэнээд 2 талын чих өвдөж хатгуулаад байхаар нь эгчдээ хэлж бид 2 ЭМЖЖ эмнэлэг рүү очиж үзүүлэхэд зүүн талын чих гэмтэлтэй байгаа, нэг чих нь гэмтвэл нөгөө чихэндээ нөлөөлдөг гэсэн ба зүүн талын чих рүү төхөөрөмж хийгээд дэлгэцээр харуулахад чихний хэнгэрэг цоорч цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/
Гэрч Б.Байгальмаагийн “2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр О.Тэргэлийн эгч О.Булган утсаар яриад “Тэргэлийн чих нь өвдөөд хүүхдэд зодуулсан гэхээр нь эмнэлэгт үзүүлсэн чинь чихний хэнгэрэг нь цоорсон байна гэнээ, та сургууль дээр нь очоод Төгөлдөртэй уулзаад өгөөч ээ гэсэн. ...10000 төгрөгний чихний дусаалга авч хэрэглэсэн. ЭМЖЖ эмнэлэгт 100.000 төгрөгөөр баруун талын чихний хэнгэрэгт наалт наалгасан. Сарын дотор энэ наалт салбал хэнгэрэг нөхнө гэсэн. Наалтын нэг сарын хугацаа энэ 5 дах өдөр болох тул дахин үзүүлнэ. 25000 төгрөгөөр ЭМЖЖ эмнэлэгт үзлэг хийсэн. Эмчилгээний зардал авахгүй, эд нарыг зөв уучлалт гуйчихвал цааш нь явуулахгүй гэж бодож байсан юм. Одоо бол асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7694 дугаартай актад:
1. Тэргэлийн биед баруун чихний хэнгэрэг хальс цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 17 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Төгөлдөр нь насанд хүрээгүй хохирогч О.Тэргэлийг “Б.Төгөлдөр өлөн айлын хүүхэд шүү, наад талхнаасаа үлдээгээрэй гэж хэлсэн” гэсэн шалтгаанаар түүнийг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй үйлдэл бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Б.Төгөлдөр урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 26 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Байгальмаа нь “Б.Төгөлдөртэй сайн дураараа эвлэрсэн. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” хүсэлтийг гаргажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Байгальмаа нь сайн дураараа эвлэрч байгаа тухайгаа илэрхийлж шүүхэд хүсэлтээ гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Төгөлдөр нь хууль зүйн үүднээс анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн мөн учруулсан хохирлоо бүрэн төлж гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Б.Төгөлдөрт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрдэнэбулган овогт Батбямбын Төгөлдөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Б.Төгөлдөрт холбогдох 201626021723 эрүүгийн дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.Төгөлдөрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төгөлдөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Төгөлдөрт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ