Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/580

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос П г овогт П-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000000775 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, П г овогт П-ын Б- (РД:...),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч П.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... задгайд иргэн Г.Б-ыг  “хүүхэд загнаж уйлуулсан” гэх  шалтгааны улмаас  нүүрэн тус газарт нь гараараа 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун доод 3, 4 дүгээр шүдний сулрал,  дээд, доод уруулд язрал, цус  хуралт,  зүүн нүдний дээд зовхи, зүүн  шуунд  зөөлөн эдийн няцрал  бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Г.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 8-12 дахь тал), гэрч Д.Ү-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5425 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал), шүүгдэгч П.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 44-49, 68 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 50-60 дахь тал), шүүгдэгч П.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... задгайд иргэн Г.Б-тай хүүхдийн асуудлаас үүдэлтэйгээр маргалдан иргэн Г.Б-ын нүүрэн тус газарт нь гараараа 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч Г.Б-ын: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 14 цаг өнгөрч байхад СХД-ийн ... дүгээр хороо Ар гүнтийн аманд  барлах ... ТББ-н  манаачийн  ажил хийж байхад  манай хашаанд байдаг гөлөгнүүдийн 2 нь  урд талын айлын хашаа руу орсон байхаар нь очоод авах гэхэд уг айлын хүүхдүүд гөлгөөр тоглож байсан. Би  хашаа давж ойртож очоод  наад гөлөгнүүдээ тавиарай гэж орилоход  гэрийн эзэн гэх 40 орчим насны  залуу  гарч ирээд  яагаад хүүхэд рүү хашхираад  байгаа юм бэ  гээд над руу уурлаад хүүхдүүд гөлөгнүүдтэй тоглоо л биз яасан сүртэй юм гэхэд нь  би гөлгөө хооллох хэрэгтэй  байна гээд бид хоёрын дунд  марган болсон. Тэгээд уг залуу намайг заамдаж аваад ална шүү гэхээр нь би зөрүүлээд  заамдалцаад авахад миний нүүр лүү 3.4 удаа цохисон. Тэгээд уг залуу салаад миний  хамар, уруул амнаас цус гараад  би гөлгөө аваад  буцаад ажил руугаа явсан. Миний доод, дээ уруул язарсан,  доод 2 шүд хөдөлсөн,  зүүн хөмсөг  сэтэрсэн,  доод уруулын  доод талд хөхөрсөн. Одоогоор эмчилгээ хийлгэж чадаагүй байна. Б надаас уучлалт гуйж эмчилгээний зардалд 400,000 төгрөг төлж барагдуулсан. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-12 дахь тал),

2. Гэрч Д.Ү-гийн: “... хойд талын хашааны манаач хашаа давж орж ирээд хөөе гөлөг аваад ир  гээд хүүхдүүд рүү орилоод байсан. Тэгээд манай бага охиноос гөлөг булааж аваад хашааны завсраар гөлгөө гаргаад байсан юм. Тэгээд цаана тоглож байсан хүүхдүүд рүү гөлөг аваад ир гээд орилоод байхаар нь би хүүхдүүд рүү яагаад орилоод байгаа юм, эвтэйхэн яриач гэж хэлээд гэр лүүгээ ороод нөхөр Бд  хойд талын манаач орж ирээд хүүхдүүд рүү орилоод байна гэхэд нөхөр Б гараад явсан ба манаачтай хэрэлдээд маргалдаад байсан. Тэгээд намайг юмаа угаачхаад гараад ирэхэд хоорондоо барьцалдаад авсан байсан ба манаач газраас чулуу аваад манай нөхрийн толгой руу цохиход нөхөр  бултаад гараараа хаагаад зөрүүлээд манаачийг 1удаа цохисон. Тэгсэн  манаачийн  амнаас цус гарсан харагдсан” гэсэн  мэдүүлэг ( хавтаст хэргийн 16-17 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5425 дугаартай: “...Г.Б-ын  биед  баруун доод 3, 4 дүгээр шүдний сулрал,  дээд, доод уруулд язрал, цус  хуралт,  зүүн нүдний дээд зовхи, доод эрүүнд цус хуралт, духанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн  шуунд  зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь  мохоо зүйлийн олон удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид  ерөнхий  хөдөлмөрийн  чадвар алдалтанд  нөлөөлөхгүй.  Дээрх гэмтлүүд нь  тухайн хэрэг болсон  гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

4. Шүүгдэгч П.Бгийн: “...манаач бид хоёрын дунд маргаан үүсээд, манаач нь  хүүхдүүдийг гөлөг  авч зугтаалаа гээд хашхираад байсан.  Тэгээд  бид 2 хоёр биеэ заамдаад  нааш цааш түлхэлцэж байгаа  нөгөө манаач арагшаа газар  унаад босож ирээд  чулуу аваад над руу дайрсан.  Тэгэхээр нь би  уг манаачийг 2,3  нүүр лүү нь цохиод,  манаач зөрүүлж  миний нүүр лүү цохиод,  тэгээд салцгаасан.  Манаачийн буйлнаас цус гарсан харагдсан.  Би  өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, хохирогч Г.Б- нь П.Бгийн хүүхдүүдийг гөлөгнүүдтэй тоглолоо, гөлөгнүүдээ хооллох гээд байхад өгч явуулсангүй хэмээн уурлан хүүхдүүд рүү орилоход тухайн хүүхдүүдийн эцэг, эх нь хүүхдүүдээ өмөөрч, эвтэйхэн харьцахыг шаардсан шаардлага нь тэдний дунд үл ойлголцол үүсгэсэн байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар хэд хэдэн удаагийн үйлдлээр халдаж цохисноос хохирогчийн эрүүл мэндэд шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд учирсан, уг гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарсан байна.

Тус хэргийн хохирогч Г.Б- өөрт нь шүүгдэгч П.Б гэмтэл учруулсныг, шүүгдэгч нь өөрийн үйлдлээс шалтгаалан хохирогчид гэмтэл учруулсныг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй байна. 

Шүүгдэгч П.Б нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн нүүр хэсэг рүү удаа дараагийн үйлдлээр халдаж цохиж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймээс шүүгдэгч П.Бгийн хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, иймээс прокурорын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч нь түүнд 400,000 төгрөг төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах нь П.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) П.Бд танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үүнээс гадна эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд шүүгдэгч П.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлж барагдуулсан байдал, мөн бригад бүрдүүлэн барилгын ажил эрхэлдэг гэх бөгөөд орлого олдог болохыг илэрхийлсэн баримтууд авагдсан байх тул дээрх байдлыг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч П.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П г овогт П-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ