Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 770

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Б-т холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт төлсөн хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, иргэдийн төлөөлөгч Ц.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”М” ХХК-ийн албан журмын даатгалын №16215504502291 тоот гэрээт даатгуулагч Сандуй овогтой Мишигийн 85-82 УБЕ улсын дугаартай Ниссан Нөт маркийн автомашиныг 2016 оны 11-р сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүрэг Тэс петролиум колонкийн хойд замд М.Б нь жолоодон явж байгаад явган зорчигч Б.Баясгалан, Б.Мөнх-Эрдэнэ нарыг мөргөж иргэн Б.Баясгалангийн амь насыг хохироож, Б.Мөнх- Эрдэнийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байна. Манай компани энэхүү ослын улмаас амь насаа алдсан Б.Баясгалангийн аав Д.Баярмагнайд 4,558,063 төгрөг, хүндэвтэр гэмтэл авсан Б.Мөнх-Эрдэнэд 441,937 төгрөгийг тус тус олгосон тул Жолоочийн даатгалын тухай хуулийн 20.2.3 болон Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 11.1.3-т “Даатгуулагч даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан бол тухайн даатгуулагчаас нөхөн төлбөрийг буцаан нэхэмжилнэ” гэж заасны дагуу буруутай этгээд М.Боос олгосон 5,000,000 төгрөгийн нөхөн төлбөрөө буцаан нэхэмжилж байна. М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, анхан шатны шүүх ял оноосныг давж заалдах шатны шүүх дээр хэрэгсэхгүй болгосон магадлалыг манай компани шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн юм. Нэхэмжлэлээсээ татгалзахгүй, дэмжиж байна. Шүүх хуулийн дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Жолооч М.Б нь 2016.12.01-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ниссан нотемаркийн 85-82 УБЕ улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж хохирогч Д.Баясгалан, Б.Мөнх-Эрдэнэ нарын амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.3 заасан гэмт хэрэг үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.07-ны өдрийн 115 дугаартай шүүхийн шийдвэр, мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.05.23-ны өдрийн 358 дугаар бүхий Магадлалаар ял шийтгэгдсэн. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явц буюу давж заалдах шатны шүүхийн шатанд М.Бт холбогдох ЭХТА-ийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах”гэмт хэрэгт төрөлхийн хэл, сонсголын бэрхшээлтэй шүүгдэгч Батзоригийг гэм буруугүй гэж үзэн Улсын яллагч яллахаас татгалзаж, Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3 дахь хэсэгт зааснаар энэ үйл баримтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Учир нь шүүгдэгч М.Б тухайн нөхцөлд осол болсон хэргийн газраас зугтаагүй бөгөөд хэргийн газар анх ирсэн цагдаагийн ажилтан А.Эрдэнэбатад жолооны болон автомашины бичиг баримтаа хүлээлгэж өгөөд Дохионы багшаа авч ирэхээр явах хооронд цагдаагийн бүрэлдхүүн ирээд хэмжилт хийгээд явсан байдаг ба төрөлхийн сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй хувийн нөхцөл байдлын улмаас өөрийгөө ойлгуулж чадаагүйгээс буруугаар ойлгогдоход хүрсэн юм. Жолооч М.Бийн “М” ХХК-иас нөхөн төлбөрт гаргуулсан 5,000,000 төгрөг нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 16, 17-р зүйл, мөн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу хохирогч нарын гэм хорын хохиролд гаргуулах, жолоочийн даатгалаар хангагдах эрх зүйн үндэслэл үүссэн гэж үзэж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.05.23-ны өдрийн 358 дугаар бүхий магадлалаар М.Бт холбогдох ослын газраас зугтаасан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байхад дээрх үндэслэлээр нөхөн төлбөрийн 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК хариуцагч М.Бт холбогдуулан “Даатгалын нөхөн төлбөрт Д.Баярмагнайд төлсөн 4,558,063 төгрөг, Б.Мөнх-Эрдэнэд төлсөн 441,937 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “М.Бт Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, ял оноосон хэргийг прокурор гэм буруугүй гэж үзэж яллахаас татгалзсан, давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр “Тэс петролиум” шатахуун  түгээх станцын хойд замд 2016 оны 11 сарын 30-наас 2016 оны 12 сарын 1-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчим  М.Б ниссан ноте маркийн 85-82 УБЕ улсын дугаартай авто машиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчиж явган зорчигч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Баясгалан нарыг мөргөж осол гаргасан, уг ослын улмаас хохирогч Б.Баясгалангийн амь нас хохирсон, хохирогч Б.Мөнх-Эрдэнийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл  учруулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2017 оны 1 сарын 31-ний өдрийн 1334 дугаартай албан бичиг, фото зураг, шинжээчийн 2017.01.25-ны өдрийн 41, 2016.12.05-ны 7078, 2017.01.09-ний 17/493 дугаартай дүгнэлтүүд, 2017.02.15-ны өдрийн 35 дугаартай тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 7-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна.  

“М” ХХК-иас Д.Баярмагнайд 4,558,063 төгрөгийг 2017 оны 4 сарын 7-нд, Б.Мөнх-Эрдэнэд 441,937 төгрөгийг 2017 оны 4 сарын 7-нд тус тус шилжүүлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...Жолоочийн даатгалын тухай хуулийн 20.2.3, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 11.1.3-т “Даатгуулагч даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан бол тухайн даатгуулагчаас нөхөн төлбөрийг буцаан нэхэмжилнэ... гэж заасныг үндэслэсэн гэж тайлбарлаж байна.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Даатгагч нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй”, 20.2.3-т “даатгалын тохиолдол гаргаад зугтаасан жолоочийн учруулсан хохирлын хувьд тухайн жолоочоос”,

“М” ХХК болон иргэн С.Мишиг /нэр дурдагдсан жолооч М.Б/ нарын хооронд байгуулагдсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д “даатгагч нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй”, 11 дүгээр зүйлийн 11.1.3-т “даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан бол тухайн даатгуулагчаас” гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, М.Бийг тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын амь хохирсон гэмт хэрэг үйлдсэн, зам тээврийн ослын газрыг санаатай орхиж явганаар зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял оноосон болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 7-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Тус шийтгэх тогтоолыг ялтан М.Б, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид нар эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар прокурор О.Баасанхүү “М.Бт Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг яллахаас татгалзсан үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3 дахь хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 сарын 23-ны өдрийн 358 дугаартай магадлалаар тогтоогджээ.

Дээр дурдсанаар хариуцагч М.Б 85-82 УБЕ улсын дугаартай ниссан ноте маркийн авто машиныг жолоодож явахдаа “даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан буруутай үйлдэл гаргасан” болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч М.Бт холбогдуулан гаргасан “даатгалын нөхөн төлбөрт Д.Баярмагнайд төлсөн 4,558,063 төгрөг, Б.Мөнх-Эрдэнэд төлсөн 441,937 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бт холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт бусдад шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.         

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                  Д.БАТЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧИД                                   Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

                                                                               Д.ЦЭРЭНДОЛГОР