| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/0663/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/661 |
| Огноо | 2022-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/661
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У овогт Т-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208003740826 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн ... сумын ... дугаар баг ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод түр оршин суух, урьд
Цэргийн тусгай шүүхийн 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 271 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 964 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн, У овогт Т-ын Б- (РД:...),
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... хуучин эцэст байрлах “...” цайны газрын гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Лтай хоолны газраас хөөлөө гэж марган гараараа нүүрэн тус газар нь цохиж биед нь зүүн дээд 3-р шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Т.Л-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1437 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал), шүүгдэгч Т.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 42, 45 дахь тал), шүүгдэгч Т.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Бы хуучин эцэст байрлах “...” цайны газрын гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Лтай хоолны газраас хөөлөө гэж шалтгаанаар марган гараараа нүүрэн тус газар цохиж биед нь зүүн дээд 3-р шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч Т.Лын: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчим би Бы хуучин эцэс дээр байх ... дотор хоол идээд сууж байтал миний эсрэг талын ширээн дээр согтуу хүн суугаагаараа унтаж байсан. Тухайн хүн гартаа утсаа барьчихсан унтаж байхаар нь би үйлчлэгч эмэгтэйг “энэ хүнийг сэрээгээрэй, утсаа хаячих байх” гэж хэлтэл үйлчлэгч эмэгтэй сэрээгээд “энэ унтдаг газар чинь биш” гэж хэлтэл “чи намайг хөөдөг хэн юм, тийм юм байхгүй” гээд хэрэлдэж байгаад гараад явчихсан. Би хоолоо идэж дуусаад гартал нөгөө хүн үүдэнд зогсож байсан. Тэгээд намайг “чи муу хужаа нийлж намайг хөөлөө” гэж хэлээд заамдсан чинь би зөрүүлээд заамдтал миний эрүүн тус газар 1 удаа цохисон. Тэгэхээр нь би бас зөрүүлээд цохисон. Тэгээд миний дээд 1 соёо хугарчихаар нь цагдаад дуудлага өгсөн. Надад эмчилгээний зардлын баримт байхгүй. Би одоо эмчилгээ хийлгэж байгаа. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1437 дугаартай:
“...Т.Лын биед зүүн дээд 3-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
3. Шүүгдэгч Т.Бийн: “...ширээг нь дэрлээд унтаж байтал удалгүй нэг залуу хүрч ирээд эндээс гар гэж хэлэхээр нь чамд ямар хамаатай юм бэ чамаар заалгах юм уу гэтэл намайг татахаар нь би хамт гадаа гараад хоорондоо маргалдсан. Тэгтэл тэр залуу намайг боогоод бетон шалан дээр унагахаар нь би баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохитол тэр залуу зөрүүлээд миний нүүрэн тус газар хоёр удаа цохисон. Тэгээд тэр хавиар явж байсан хүмүүс бид хоёрыг салгасан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Т.Б нь хохирогч Т.Лыг “хоолны газраас хөөлөө” гэх шалтгаанаар түүний нүүр лүү нь гараараа цохиж зүүн дээд 3-р шүдний хугарал бүхий гэмтэл учруулсан, шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байна.
Шүүгдэгч Т.Б нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийг цохиж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
Иймээс шүүгдэгч Т.Бийн хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, иймээс прокурорын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Лын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй, улмаар нэхэмжлэх зүйл байхгүй гэх тул шүүгдэгч Т.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Т.Бэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Т.Бэд танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгч нь архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь хохирол төлсөн зүйлгүй, шүүгдэгч Т.Бийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хийгээд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн өмнө шүүгдэгч нь гэмт хэрэгт холбогдож байсан атлаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал тогтоогдсон хэдий боловч прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Т.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Т.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Т-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бэд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бэд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ