Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/657

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө овогт Т-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208007500748 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, өвөөгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо,  ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Т-ын М (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.М нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах П караокены гадна иргэн Б.Гтой маргалдаж, улмаар түүний эрүүн тус газарт хутгалж Б.Гын биед эрүүний зүүн талд хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-9 дэх тал), хохирогч Б.Гын мэдүүлэг (хавтаст хэргийн 10-13 дахь тал), гэрч Ө.Гын  мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), гэрч Б.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2434 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал), шүүгдэгч Т.Мий хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 56-78 дахь тал), шүүгдэгч Т.Мий мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.М нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах П караокены гадна талд өөрийн ээжийн найз болох Б.Гтой “эмээ өнгөрөөд удаагүй байхад ээжийг уруу татаж олон хоногоор алга боллоо” гэх асуудлаас үүдэн маргалдаж, улмаар түүний эрүүн тус газарт хутгалж эрүүний зүүн талд хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-9 дэх тал),

2. Хохирогч Б.Гын: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би 2022 оны 01 дүгээр сарын 30-нд 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анхны хишиг” худалдааны төвийн караокед найз Ц, Т, Х нарын хамт орж дуулаад дотроос нь 1 шил 0,75-тай архи 4 шил 0,5-тай нийслэл пиво захиалаад архиа уугаад дуусах үед манай найз Тын хүү М найзтайгаа хамт орж ирээд үгийн зөрөөгүй намайг караокеноос чирч гаргаад худалдааны төвийн үүд дээр “.. манай ээжийн хамт яагаад архи уугаад байгаа юм бэ, манай эмээ саяхан өнгөрөөд удаагүй байна” гэхээр нь би уучлаарай гэсэн чинь гэнэт баруун талын халааснаасаа хутга гаргаж ирээд эрүүн тус газар шууд хатгасан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-13 дахь тал),

3 Гэрч Ө.Гын: “...2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр найз Мий хамт явж байхад нэг таньдаг хүнээс Мий ээж Тыг хаана байгааг мэдээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг караоке дотор очиход Т эгч нэг эмэгтэй хоёр эрэгтэйтэй хамт архи уучихсан сууж байхаар нь манай найз М очоод Г гэх хүнд хандаж та ээжийг дагуулж архи уулаа, эмээ нас барсан байхад гэж хэлээд уурлаад хоорондоо маргалдсан чинь караокены эмэгтэй энд маргалдаж болохгүй гарч хэрүүл маргаанаа хий гэж хэлэхээр нь бид хоёр Гыг хувцаснаас нь татаад уг караокены гадаа гарч үүдэнд байсан модон сандал дээр суулгаад М нь Г гэх хүнтэй юм яриад маргалдаж байхад би караоке руу буцаж ороод Т эгчийг авч гарч ирэх гэхэд Т эгч хувцас хунараа өмсөхгүй гарахгүй гээд байхаар нь би буцаж гараад ирэх хооронд Г гэх хүн Мийг шатны төмөр лүү шахчихсан зогсож байхаар нь би очоод салгасан, тухайн үед Гын зүүн талын хацар хэсэг нь зүсэгдсэн цус гоожсон байсан, харин манай найз М жижиг эвхдэг хутга бариад зогсож байсан. Тэгэхээр нь би салгаад дахиад ямар нэгэн юм гарч магадгүй гэж бодоод Гыг аваад караокены хажуу талын гудамж руу ороход М араас хүрч ирсэн. Тэгэхээр нь би Мг боль гээд машинд суулгаад аваад явсан. Уг Г гэх хүн найзын хамт замын урд талд зогсоод үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

4. Гэрч Б.Бийн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн үед хүүхдүүдээ аваад зах орох гээд явж байгаад манай найз Т над руу залгаад би чулуун овоонд нөхөр, нөхрийн найзтай байна гэж хэлэхээр нь би “чамайг бол очиж авна, наад Гоо орхи” гэж хэлэхэд би “нөхрийгөө хаяж явахгүй” гэж хэлэхээр нь би “эргээд залгая” гэж хэлсэн.  Тэгээд би 21-с тэр гурвыг аваад гэртээ очиж хүүхдүүдээ буулгаад буцаж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо ... ХХК-ны П караокед орж бид дөрөв 0,75 граммын архи ус ундаа аваад ширээнд суугаад авсан архийг уугаад сууж байхад Т тасраад унтсан. Удалгүй босож ирээд нойл ороод буцаж ирж суугаад байж байхад Г надад тусдаа ярих юм байна, дөрвүүлээ буудал орж ууя гэхээр нь би тийм зүйл байхгүй гэж хэлээд жаахан маргалдаад нэг хэсэг намжаад байж байхад гаднаас М найзын хамт орж ирээд ээждээ уурлаад “эмээ нас бараад 21 хоног өнгөрөөгүй байхад та архи уугаад” гэж хэлээд мөн Год хандаж “та эмээг өнгөрөөд удаагүй байхад ээжийг авч архи уугаад яваад байх юм” гэж хэлэхэд Г урдаас нь мэдэж байна гэж хэлээд маргалдаж эхлэхэд караокены эмэгтэй та гарч маргалд гэж хэлэхэд М Гыг аваад гарсан. ...Г орилоод намайг хутгаар зүсчихлээ гэхэд М “би харин Гыг зүсчихлээ” гэж хэлэхээр нь би гайхаад юугаар гэж асуухад энүүгээр гээд надад жижиг хутга харуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2434 дугаартай:

“Б.Гын биед эрүүний зүүн талд хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

6. Шүүгдэгч Б.Мий: “... би хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, хохирогч Б.Г нь эхнэр, хүүхэдтэй буюу гэр бүлтэй хүн атлаа шүүгдэгч Т.Мий эх н.Т дээр ирэн очин байдаг, улмаар нийлж гадуур дотуур явж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд улмаар  н.Т өөрийг нь төрүүлсэн эх нь нас бараад удаагүй байхад гадуур олон хоногоор Б.Гын хамтаар явсан байх ба түүний хүү Т.М тэдгээрийг бусдаар сураглаж явсаар олж, уулзан Б.Гтой уг асуудлаас үүдэн маргалдсан болох нь хэрэгт авагдсан гэрч Ө.Г, Ө.Батцэцэг нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдон байна.

Хохирогч Б.Г, шүүгдэгч Т.М нар нь маргалдах явцад шүүгдэгч Т.М нь  халааснаасаа  хутга гаргаж ирэн Б.Гын эрүүн тус газар хутгалж, гэмтээсэн үйл баримтыг хохирогч, гэрч нар нь гэрчилж мэдүүлсэн байна.

Хэдийгээр шүүгдэгч Б.Мий хохирогч Б.Год тавьж буй “нас барсан эмээг нь хүндэлсэнгүй” гэсэн шаардлага нь зөв хэдий боловч энэ шалтгаан нь түүний бусдын эсрэг хүч хэрэглэх, бусдыг хутгалж гэмтээхэд хүргэх хэмжээний асуудал бус байх тул түүний зэвсэг хэрэглэн бусдад гэмтэл учруулсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. 

Шүүгдэгч Т.Мий зэвсэг хэрэглэн бусдын бие махбодод халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрбээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй  түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой  байна.

Шүүгдэгч Т.Мий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Харин хохирогч Б.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Мээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Т.Мд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Т.Мд танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсанаас  гадна Т.Мий хувийн байдал /автозасварын газарт ажилладаг, сард 800,000-1,000,000 төгрөгийн хооронд цалинждаг гэх тул/ зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард авдаг орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Т.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Т-ын Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Мээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ