Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/576

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Ү.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э овогт Ү-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208006910684 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамж ... тоотод оршин суух, урьд Архангай аймгийн шүүхийн 1993 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, улмаар 1996 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 5 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзсан, Э овогт Ү-ын Г- (РД:...),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ү.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоот өөрийн гэртээ хамт архи уусан иргэн Б.Ч-ийн зүүн чих рүү 1 удаа өшиглөж  зүүн чихэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Ч-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал), гэрч Н.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), гэрч Ц.Э-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2205 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал), шинжээч О.Бгийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), шүүгдэгч Ү.Гын хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 42-48 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 49-65 дахь тал), шүүгдэгч Ү.Гын мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ү.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамжны 53 тоот өөрийн гэртээ хамт архи уусан иргэн Б.Ч-ийн зүүн чих рүү  шалтгаангүйгээр 1 удаа өшиглөж, зүүн чихэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч Б.Ч-ийн: “...би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б гэх эмэгтэй найзын хамт Сонгинохайрхан  дүүргийн ... дүгээр хороо ...-н автобусны  буудлын хажууд явж байхад  хамт ажиллаж байсан Г ах над руу залгаад гэрт хүрээд ир гэхээр нь би Бийн хамт дэлгүүр орж 0,75 литрийн  Хараа нэртэй архи аваад Г ахын гэрт очиход Г ах, Э нар архи  уучихсан байсан. Тэгээд авчирсан архийг бид 4 хувааж уусан. Тэгээд байж байтал Г ах Э хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Э-ад  чи ингэж айлд байж  хөөгдөж явж байхаар  хөдөө ээжтэйгээ ханьтай байж болдоггүй юм уу гэж хэлсэн чинь Э надад уурлаад босож ирээд багалзуурдаад авсан, бид хоёр ноцолдоод хамт унасан чинь миний  толгойноос цус гарч эхлэхээр нь бид 2 болиод  эргэж гэрт ороод би цусаа гоожуулаад сууж байхад Б цагдаа дууд гэтэл Г ах хүрч ирээд  миний зүүн чих рүү хөлөөрөө нэг удаа  өшиглөсөн, удалгүй цагдаа  ирээд 103-т үзүүлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

2. Гэрч Н.Б-ийн: “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр найз Чийн хамт СХД ... дүгээр хороо Депогийн  автобусны буудал дээр явж байхад Г ах залгаад Эын хамт архи уугаад сууж байна, хүрээд ир гэхээр нь бид 2 явж очоод ууж байсан архинаас нь уугаад дуусгасан. Тэгээд  Ч, Э 2  дэлгүүр явж  архи авчраад уг архийг уугаад байж байтал  Ч Эад хандаж  чи ингэж байхаар  хөдөө харьж ээж дээрээ оч гэж хэлсэн, тэгээд тэр 2 маргалдаад хоорондоо барьцалдаж аваад нэгэнтэйгээ  ноцолдсон, тэгээд  тэр 2 давхар  унасан. Дараа нь тэр 2 гэрээс гараад үүдний жалга руу хамт давхар унасан. Тэгээд тэр 2 босоод гэрт орж ирэхдээ Чийн духнаас цус гарчихсан орж  ирэхээр нь би цусыг нь  хулдаасан дээр  гоожуулаад сууж байхад  Г ах босож  ирээд хөлөөрөө Чийн  зүүн чих рүү нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

3. Гэрч Ц.Э-ын: “... Ч надад хандан  чи ингэж  байхаар хөдөө байсан нь дээр биш үү гэж хэлэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ  гэж хэлээд барьцалдаж аваад байж байхад Г ах  гэрээс гарч маргалд гэсэн. Тэгээд Ч бид 2 барьцалдаж авсан чигээрээ гэрээс гараад  хамт унасан. Тэгсэн Чийн духнаас цус  гоожсон тул бид 2 гэрт ороод би Чийг толгойгоо угаачих гэсэн чинь  хамт байсан Б цагдаа дууна гэсэн. Тэгтэл Г ах  Чийг эр хүн байж  ямар арчаагүй юм бэ гэж хэлээд  нүцгэн хөлөөрөө зүүн талын чих тус газар өшиглөөд авахаар нь би боль гэж салгасан” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2205 дугаартай: “... хэсэг газрын үзлэг хэсэгт: зүүн чихний гэдэсний  дотор хэсэгт 1,0х2см ирмэг тэгш бус мэс заслын  оёдол бүхий шархнуудтай. Дүгнэлт хэсэгт: “....Б.Ч-ийн биед ...зүүн чихэнд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн  хоёр удаагийн  үйлчлэлээр  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь  эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн  зэрэг тогтоох  журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

5. Шинжээч О.Бгийн: “...Хохирогчид учирсан дух, зүүн чихэнд шарх гэмтэл нь дан дангаараа гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

6. Шүүгдэгч Ү.Гын: “...Б.Ч-ийг цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Миний буруу,  би их гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Ү.Г, хохирогч Б.Ч- нар нь хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар шүүгдэгч Ү.Г нь шалтгаангүйгээр хохирогч Б.Ч-ийн чих рүү өшиглөснөөс чихэнд шарх бүхий гэмтэл учирсан, шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан хохирогчид учирсан чихний шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байна.

Шүүгдэгч Ү.Г нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн чих рүү өшиглөж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймээс шүүгдэгч Ү.Гын хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, иймээс прокурорын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь Ү.Гт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Ү.Гт танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгч нь архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй байдал, үүнээс гадна эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Ү.Г нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдог болохыг илэрхийлсэн баримтууд авагдсан байх тул дээрх байдлыг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Ү.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ү.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Ү-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Гт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Гт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ