Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2018/00825

 

 

 

                                                                                                                                                                                                   

 

 

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2018/00825

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам 163 дугаар байр 65 тоотод оршин суух, Д.А нэхэмжлэлтэй,  

Хариуцагч:Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъя нжү гудамж, 33б байр 20 тоотод оршин суух, С.Э холбогдох,

8,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, хариуцагч С.Э, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.О нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А би С.Этэй 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 1,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. 7 дугаар сарын 9-нд 80,000 төгрөг, 8 дугаар сарын 9-нд 80,000 төгрөгийн хүүг өгсөн. Улмаар 2011 оны 8 дугаар сард нэмж, 2,000,000 төгрөг зээлдүүлсэн. 9 дүгээр сарын 9-нд 240,000 төгрөг, 10 дугаар сарын 9-нд 240,000 төгрөг, 11 дүгээр сарын 9-нд 240,000 төгрөгийг тус тус хүүнд өгсөн. 2012 оны 2 дугаар сараас хүүг багасгаж, 7 хувь болгож бууруулсан. 2 дугаар сард хүүний 280,000 төгрөг өгсөн. 2012 оны 1 дүгээр сарын 24-нд 1,100,000 төгрөгийг нэмж зээлдүүлэн нийт зээлийн хэмжээ 5,100,000 төгрөг болсон. 2012 оны 2 дугаар сард 357,000 төгрөг, 3 дугаар сард 357,000 төгрөг, 4 дүгээр сард 357,000 төгрөг, 5 дугаар сард 357,000 төгрөг, 6 дугаар сард 357,000 төгрөгийг тус тус өгсөн. 2012 оны 7 дугаар сараас эхлэн нэг ч төгрөгийг төлөлгүй явсаар 2013 оны 5 дугаар сард нийт зээлийн хэмжээ 8,670,000 төгрөг болсон. Мөнгөө авъя гэхэд цалингийн зээл аваад өгнө, хүүхдээ ажилд орохоор өгнө, байрны зээл дуусахаар буцааж зээл аваад өгнө гэх мэтээр удаа дараа залилсаар өдийг хүрлээ. Энэ хугацаанд надад увуулж цувуулан 600,000 төгрөгийг өгсөн. Сүүлийн үед утасны дугаараа сольж, ажиллаж байгаа нь ч мэдэгдэхээ больсон. Иймд миний 8,070,000 төгрөгийг С.Эээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 7 жилийн өмнө ямар нэгэн зээлийн гэрээ байгуулалгүйгээр Д.Ааас 2011 оны 6 дугаар сарын 9-нд 1,000,000 төгрөг, 8 дугаар сард нэмж 2,000,000 төгрөг, 2012 оны 1 дүгээр сарын 24-нд 1,100,000 төгрөг тус тус зээлж, нийт 4,100,000 төгрөг зээлсэн нь үнэн.

Миний бие Гранд плаза төвд лангуу ажиллуулж байгаад олсон мөнгөө түрээсэндээ өгөөд ямар ч ашиггүй байсан тул ажиллуулахаа больсон. Д.Ааас авсан мөнгөө бага багаар төлсөөр байгаад 3,788,000 төгрөг дансаар, бэлнээр 160,000 төгрөг, нийт 3,948,000 төгрөг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 152,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ мөнгийг 2 хоногийн дараа төлөх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А, хариуцагч С.Эт холбогдуулан 8,070,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч, нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг бүрэн төлсөн гэж нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.А 2011 оны 06 дугаар сарын 09-нд 1,000,000 төгрөг, мөн оны 08 дугаар сард 2,000,000 төгрөг, 12 дугаар сарын 09-нд 1,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 24-нд 1,100,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг тус тус нэг сарын 7-8 хувийн хүүтэйгээр хариуцагчид зээлдүүлсэн, хариуцагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж 8,070,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч шаардлага, татгалзлаа өөрөө нотлох, энэхүү нотлох үүргийн хүрээнд тодорхой нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах, өөрийн олж авч чадах, шаардлага, татгалзлаа нотолж буй баримтаа шүүхэд гаргаж өгөх эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчид дөрвөн удаагийн гүйлгээгээр 5,100,000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээл, хүү нийт 8,670,000 төгрөг болсноос хариуцагч 600,000 төгрөг төлж 8,070,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байх боловч талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тооцохоор хариуцагчтай тохирсон болохоо шүүхэд нотлоогүй байна.

Хариуцагч гурван удаагийн гүйлгээгээр 4,100,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж, зээлээ төлж дууссан тухай баримтыг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан баримтаар 18 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчид 3,940,000 төгрөг төлсөн байна. Хариуцагч 2011 оны 12 дугаар сарын 09-нд 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлээгүй гэж татгалзсан ба нэхэмжлэгч тус мөнгийг хариуцагчид зээлдүүлсэн болохоо нотлоогүй, мөн хариуцагч зээлийн гэрээний дагуу хүү төлөх ёстой гэж тайлбарлаж байх боловч зохигчийн хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасны дагуу хүү тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулагдаагүй тул нэхэмжлэгч мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар ийнхүү хүү шаардах эрхгүй.

Иймд хариуцагч С.Э, нэхэмжлэгч Д.Ааас 4,100,000 төгрөг зээлсэн, зээлээс 3,940,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож, 160,000 төгрөгийг төлөөгүй байх тул зохигчийн хооронд амаар тохиролцон байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 160,000 төгрөг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 7,910,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Эээс 160,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ат олгож, нэхэмжлэлээс 7,910,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,070 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Эээс 4,550 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ