Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/345

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Ч.Ө нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Өт холбогдох эрүүгийн 1725000270151 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг, Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овгийн Ч-ын Ө, рөгистрийн дугаар /хх******/

Яллагдагч Ч.Өийг 2017 оны 06 сарын 22-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байрлах худгийн гадаа хамтран амьдрагч Ц.Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Ч.Ө нь 2017 оны 06 сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байрлах худгийн гадаа хамтран амьдрагч Ц.Г “ надтай буцаж амьдарсангүй” гэж маргалдан зодож биед нь тархи доргилт, баруун гарын сарвуу, дух, хамрын нуруу, хуйханд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Хохирогч Ц.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Эрдэнэбагийн 55 дугаар усан сангийн хажууд хамтран амьдрагч Өлзийбаяртай тааралдсан. Архи уусан байсан. Ө “чи надтай буцаж суухгүй юм уу” гэхээр нь “би чамтай дахиж амьдармааргүй байна гэхэд чамайг хэнд ч хэрэггүй хүн болгоно гэж хэлээд миний толгой дээр хөлөөрөө олон удаа дэвсээд гараараа цохисон...Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх25-27-р хуудаст/ - Гэрч Ч.Отгонжаргалын “...2017 оны 06 дугаар сарын 22-ны орой намайг хашаандаа байж байхад гудамжинд Г, Ө нар нь хамт явж байгаад гэнэт хоорондоо зодолдоод эхэлсэн, намайг хашаанаас гараад очиход Ө нь Ггийн дээр гарсан, хөлөөрөө өшиглөж байсан.Тэгээд Ө нь намайг хараад зугтаасан юм. Би Ггаас юу болсон талаар асуухад Ө нь намайг цохьчихлоо гэж байсан, Г, Ө нар нь салчихсан тус тусдаа амьдарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/ -Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №593 дугаартай: “...Ц.Гийн биед тархи доргилт, баруун гарын сарвуу, дух, хамрын нуруу, хуйханд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 4 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/ -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-41-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Ч.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна гэжээ. Шүүгдэгч Ч.Ө 2017 оны 06 сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах худгийн гадаа хамтран амьдрагч Ц.Гтай тааралдаж “би чамтай дахиж амьдармааргүй байна” гэхэд нь “чамайг хэнд ч хэрэггүй хүн болгоно гэж хэлээд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Ч.Өийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд санаатай халдаж хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Тайж овогт Ч-ын Өийг хүний эрүүл мэндэд санаатай халдаж хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Өт урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Д.АРИУНЦЭЦЭГ