| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2017/0350/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/352 |
| Огноо | 2017-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2017/ШЦТ/352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эт холбогдох эрүүгийн 1725000000142 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн А-ийн Э, рөгистрийн дугаар /хх**********/
Шүүгдэгч А.Эыг 2017 оны 10 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоот хашаанд Л.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал: А.Э нь 2017 оны 10 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоот хашаанд Л.Ог хамт архиууж байсан хүмүүстэйгээ маргалдахад нь зодож биед нь зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Хохирогч Л.Огийн…... “Би С-э болон өндөр залуу хоёрыг салгах гээд зогсож байсан чинь О-ын ах гэх Э хашааны хойноос гартаа сүх барьж ирээд С-э болон нөгөө залуу хоёрыг салгах гэж байхад давуулаад намайг цохиод авсан. Гараараа нүүр рүү цохисон гар бөгжтэй байсан гэж хэлж байсан.”...... гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8-р хуудас/ Гэрч П.Зын.... “ О-ын ах гэх залуу гартаа нэг хар юм бариад бид нарыг хөөгөөд байсан. Би гадаа машинаа асаагаад сууж байсан чинь О- ахын хөмсөгнөөс цус гарсан байдалтай ирээд ахыг нь сүхээр цохиод авлаа цагдаа дууд гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. О-ын ах гэх залуу О- ахын нүүр рүү цохиж унагаагаад газар унахад нь дээрээс нь өшиглөөд хойш яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/ Гэрч Х.Нын... “Хохирогч О-г Э цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/ -Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн № 876 дугаартай:“...Л.Огийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал , зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэгэн зэрэг үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэргийн заврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн үэрэгт хамаарагдана. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас / -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 33-37-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч А.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Миний буруу. Хохирогчид 1 сая төгрөг өгсөн гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтаар шүүгдэгч А.Э 2017 оны 10 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод хашаанд Л.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч А.Эын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн,хохирол нөхөн төлсөн байх тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт А-ийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ