Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 139

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор М.Булганчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Я.Сугар,

шинжээч: Д.Батзориг,

шүүгдэгч: Б.Мөнхбат, түүний өмгөөлөгч С.Санжаажамц /1788/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

   Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Бямбажавын Мөнхбатад холбогдох эрүүгийн 2016 2400 0624 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Монгол улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай
аймгийн Нарийнтээл суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бага боловсролтой,
мэргэжилгүй, “Барс” зах дээр ачигч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянбулагийн 5 дугаар гудамж, 37  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЙЙ87041519, Шарнууд овогт  Бямбажавын Мөнхбат.

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 50
минутын орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Нарны зам, “Наранбулаг” төвийн урд талын замд “Тоёота приус” маркийн, 82-57 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч ...замын болон ...хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Я.Батбаярыг мөргөж амь насыг нь хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Мөнхбат мэдүүлэхдээ:

Тухайн үед зорчих хэсгийн хөдөлгөөнийн нягтрал бага, сийрэг гайгүй байсан. Би 40 км цагийн хурдтай явж байсан. Намайг зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байхад хохирогч туслах замаас гарч ирэхэд би 4-5 алхмын зайнаас түүнийг харсан. Хохирогч зам дээр гэнэт гарч ирсэн болохоор би сандраад тоормос гишгэж амжаагүй түүнийг мөргөсөн. Би тэр үед хурдаа тохируулж явсан бол хүний амь нас хохирохгүй байсан. Би өөрийгөө тэр үед 40 км/цагаас бага хурдтай явж байх ёстой байсан гэж ойлгож байна. Миний жолоодож явсан машин буруу /баруун/ талдаа жолооны хүрдтэй байсан. Харин хохирогч машины зүүн талаас гарч ирсэн. Хохирогч тухайн үед баруунаасаа зүүн тийшээ чиглэлтэй явж байсан. Анх ослын газрын үзлэг хийхэд явган зорчигчийг мөргөсөн газрыг би өөрөө зааж өгсөн. Би техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн ар гэрт хохирлын төлбөрт мөрдөн байцаалтын шатанд 4 700 000 төгрөг, шүүхийн шатанд 625 000 төгрөг өгч, нийт 5 325 000 төгрөг өгсөн. Би 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр машинаа аваад 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр энэ ослыг гаргасан. Би 2008 онд жолооны үнэмлэх авсан боловч энэ машиныг авахаасаа өмнө машин жолоодож байгаагүй. Энэ осол миний буруугаас болж гарсан. Болсон явдалд гүнээ харамсаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Я.Сугар мэдүүлэхдээ:

Би талийгаач Я.Батбаярын төрсөн дүү Я.Сугар гэдэг хүн байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай 2-3 удаа танилцсан. Осол болох үед талийгаач архи уусан байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Б.Мөнхбат оршуулгын зардалд 5 325 000 төгрөг өгсөн. Б.Мөнхбат нь хийсэн хэрэгтээ гэмшиж, ойлгож байгаа тул бид гомдол, саналгүй. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Харин манай гэр бүлийнхэнтэй, ээжтэй маань холбоотой байхыг түүнээс хүсэж байна. Б.Мөнхбатад хөнгөн ял оногдуулахыг хүсэж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-Д.Батзориг мэдүүлэхдээ:

Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, зам болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасан. Жолооч суурин газар 60 км хурдтай явна гэж заасан. Гэхдээ жолооч заавал 60 км/цагийн хурдтай явах ёстой гэсэн үг биш юм. Хамгийн гол нь замын зорчих хэсэг, машины онцлог байдал, замын нөхцөл байдал, тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио, зорчих хэсгийн өргөний хэмжээ, хашлага, гадаргуугийн байдал, хуурай болон нойтон, замын үзэгдэлт, огцом эргэлт, өгсүүр зэргийг харгалзан хурдыг сонгож явах ёстой гэсэн заалт юм. 60 км цагийн дотор хурдтай явсан нь дүрэм зөрчөөгүй гэсэн үг биш. Шүүгдэгч өөрөө 40 км/цагийн хурдтай явж байсан гэж хэлсэн боловч хэргийн газрын үзлэг, зураг зэргээс тээврийн хэрэгслийн зогссон байдлыг харахад үүнээс илүү хурдтай явсан байх магадлалтай. Шүүгдэгчийн машины хурдыг нарийн тогтоох боломжгүй байсан. Учир нь ослын газарт ямар нэгэн тоормосны мөр байгаагүй. Жолооч нь тусгаарлах хэсэг тул үргэлжилсэн цагаан зураас дээгүүр явж болохгүй. Замын нөхцөл байдал, зохион байгуулалт, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио, зөрчих хэсгийн өргөний хэмжээ, гадаргуугийн байдал, хуурай, нойтон, мөстэй эсэх, замын үзэгдэлт, огцом эргэлт, замын өгсүүр, үзэгдэлт, орчин зэрэг ойлголтууд Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтад хамаардаг. Хэрэгт авагдсан Б.Мөнхбатын тайлбар, хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, зам орчны байдал зэргээс үндэслээд би жолоочийг дүрэм зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан.

Явган зорчигч нь замын хөдөлгөөний дүрмийн 3.9.г, 3.4-т заасан өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно, явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарамгүй бол замын дагуу 2 тийш сайн харж саадгүй хэсгээр ирж буй тээврий хэрэгслийг өнгөрөөн эгц хөндлөн зам гарна гэснийг тус тус зөрчсөн байсан гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Я.Батбилэг мэдүүлэхдээ:

“...2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр би Нарны зам 10 дугаар хороолол руу явах замд Жаст ойл шатахуун түгээх станц дээр ажиллаж байсан. Тэгтэл оройн 20 цагийн орчимд гадаа түгээлт хийгээд зогсож байхад манай ажлын баруун талын замаар “Тоёота приус” маркийн автомашин нь зүүнээсээ хойшоогоо замын эргэлтэн дээр нилээн хурдтай даялаад эргэх шиг болсон. Тэгсэн нэг эрэгтэй хүн баруунаасаа зүүн тийш чиглэлтэй зам хөндлөн гарч таарсан. Тэгсэн нөгөө “Тоёота приус” маркийн машин нь мөргөчих шиг болж, их хүчтэй дуу чимээ гарсан. Тэгсэн нөгөө автомашин нь нилээн зайтай цаашаагаа очоод зогссон. Жолооч нь машинаасаа бууж ирээд нөгөө мөргүүлсэн хүн дээр явж очиж байсан. Араас нь би удаагүй ослын газар дээр явж очсон. Тухайн автомашин нь эргэлтэн дээр даялаж эргэхдээ замын голын цагаан тусгаарлах зурвас дээр явган зорчигчийг мөргөсөн. Харин мөргүүлсэн явган зорчигч ертөнцийн зүгээр хойд хэсэгт мөн адил замын голын тусгаарлах зурвас дээр унасан байсан” гэжээ. (хэргийн 59, 60 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1238 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун духнаас турк эмээл хүрч төгссөн шугаман хугарал баруун чамархай, зүүн дух, зулай бага тархины баруун зүүн талын бөмбөлөгийн дээд гадаргуун цус харвалт, духны хуйхны дотор гадаргуу, ясны хальс, зулайн зүүн ар дээд хэсгийн хуйхны дотор гадаргуун цус хуралт, элэгний язрал, бөөр, нойр булчирхай, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн зөөлөн эд дэх цус хуралт, баруун 2, 3, 4, 5, зүүн 2, 3, 4, 5 дугаар хавирганы далд хугарал, орчны эдийн цус хуралт, баруун дунд чөмөгний доод 3/1 хэсгийн далд хугарал баруун эгэмний өмнөд доод гадаргуун булчин зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний гадна булан, баруун хацар, цээж, зүүн хөхний шарх, зүүн тохой, баруун хөхний доод гадаргуу, баруун ташаа, баруун өвдөг, баруун хөлийн гадна шагай хэсэг, тавхайн зулгаралт, духны шарх, баруун гуяны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаачид учирсан дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр,  тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

3. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

4. Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ гэжээ. (хэргийн 72-75 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 5916 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн нэр хаяг тодорхойгүй цогцосноос авсан гэх цусанд 2.9 промилли спиртийн агууламж илэрсэн байна.

2. Цусанд  2.9 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 100 дугаар хуудас)

 

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 491 тоот техникийн шинжээчийн дүгнэлтэд:

   1. 82-57 УБР улсын дугаартай, “Тоёота приус” маркийн автомашины жолооч Б.Мөнхбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч ...замын болон ...хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.


             2. Явган зорчигч Я.Батбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. Үүнд: г/ өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.

   3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндпөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндпөн гарна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. (хэргийн 126, 127 дугаар хуудас)

               

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

          Б.Мөнхбат ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 156 дугаар хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 50
минутын орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Наранбулаг” төвийн урд талын замд “Тоёота приус” маркийн, 82-57 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч ...замын болон ...хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Я.Батбаярыг мөргөж баруун духнаас турк эмээл хүрч төгссөн шугаман хугарал баруун чамархай, зүүн дух, зулай бага тархины баруун зүүн талын бөмбөлөгийн дээд гадаргуун цус харвалт, духны хуйхны дотор гадаргуу, ясны хальс, зулайн зүүн ар дээд хэсгийн хуйхны дотор гадаргуун цус хуралт, элэгний язрал, бөөр, нойр булчирхай, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн зөөлөн эд дэх цус хуралт, баруун 2, 3, 4, 5, зүүн 2, 3, 4, 5 дугаар хавирганы далд хугарал, орчны эдийн цус хуралт, баруун дунд чөмөгний доод 3/1 хэсгийн далд хугарал баруун эгэмний өмнөд доод гадаргуун булчин зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний гадна булан, баруун хацар, цээж, зүүн хөхний шарх, зүүн тохой, баруун хөхний доод гадаргуу, баруун ташаа, баруун өвдөг, баруун хөлийн гадна шагай хэсэг, тавхайн зулгаралт, духны шарх, баруун гуяны язарсан шарх бүхий гэмтэл учруулж, талийгаач гавал тархины гэмтлийн улмаас амь нас нь хохирсон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Сугар, Б.Оюунчимэг, гэрч Я.Батбилэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1238 тоот дүгнэлт, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 491 тоот техникийн шинжээчийн дүгнэлт, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Я.Батбаярын нас барсны бүртгэлийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Мөнхбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд 5 325 000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Талийгаач Я.Батбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.-т заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. Мөн дүрмийн 3.9-д заасан “явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн нь техникийн шинжээчийн 491 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 5916 тоот дүгнэлтээр нотлогдож байх ба дээрх байдал нь осол гарахад нөлөөлжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Сугар нь Б.Мөнхбатад гаргах гомдол байхгүй гэж түүнд хөнгөн ял оногдуулахыг хүссэн хүсэлт гаргасан, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал, хохирогчийн буруутай байдал осол гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.

 

Б.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.