Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0028

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хэлэлцсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч Прокурор: НПГ-ын ЗХБАХТХХП Ц.М.

Гомдол гаргагч: “Ж *******” ББСБ 

Хариуцагч: НТГТТХХТУБ Ж.Б.

Прокурорын дүгнэлт: “НТГТТХХТУБ Ж.Б 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Ж *******” ББСБ-ыг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.4-д заасны дагуу 0178301 дүгээр шийтгэлийн хуудсаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлттэй,

Гомдол гаргагчийн гомдлын шаардлага: “... 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 0178301 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болггуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор М.Э, хариуцагч НТГТТХХТУБ Ж.Б. Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

НПГ-ын ЗХБАХТХХП Ц.М шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “НТГТТХХТУБ Ж.Б “Ж *******” ББСБ  нь үйлчлүүлэгчид цахим төлбөрийн баримт олгоогүй гэх үйлдэлд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, “Ж *******” ББСБ -ыг Зөрчльийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.4-д заасны дагуу  0178301 дүгээр шийтгэлийн хуудсаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн зөрчлийн 2002000398 дугаар хэргийн материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж “зээлдэгч Б.О цахим төлбөрийн баримт олгоогүй” гэх гомдлын дагуу холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн хийгээгүй, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан “татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах талаарх хуулиар тогтоосон журам зөрчсөн” зөрчлийг “Ж *******” ББСБ  йлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан атлаа тухайн зөрчлийг нотлох ажиллагааг хийгээгүй, зөрчлийг нотлох үндэслэл бүхий баримт байхгүй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон НТГТТХХТУБ Ж.Б 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Ж *******” ББСБ-ыг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийон 7.4-д заасны дагуу 0178301 дүгээр шийтгэлийн хуудсаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив” гэжээ.

Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор М.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж зээлдэгч Б.О цахим төлбөрийн баримт олгоогүй гэх гомдлын дагуу холбогдох зөрчлийн хэргийн бүртгэлийн ажиллагааг бүрэн хийгээгүй. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах талаарх хуулиар тогтоосон журам зөрчсөн зөрчлийг тухайн “Ж *******” ББСБ үйлдсэн талаар хангалттай нотлох баримт байхгүй байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзсэн. Зөрчлийн тухай хуулийн 1.3-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим байдаг. Үүнд эрх бүхий албан тушаалтны шийдвэр тохирохгүй байна гэж үзэж байна. “Ж *******” ББСБ нь иргэнд төлбөрийн баримтыг олгоогүй гэж үзэж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 11.19 зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах, дээрх зөрчлийг нотлох хангалттай нотлох баримт бүрдүүлэх ёстой байсан. Тухайн зөрчлийг шалгаж тогтоосон баримтууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн процесс ажиллагааг хангаж байх ёстой байсан. Сангийн сайдын тушаалтай холбоотой зөрчлийн ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх эрх бүхий албан тушаалтны зааварчилгаа гэж байгаа. Нэгдүгээрт иргэнээс гомдол гаргасан, хоёрдугаар эрх бүхий ажилтан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн гэж заасан ба энэ хэргийн тухайд иргэн Б.О гаргасан төлбөрийн баримт олгоогүй гэх гомдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Төлбөрийн баримт олгоогүй нь шалгагдан тогтоогдвол энэ зүйл ангиар шийтгэл оногдуулна. Тогтоогдоогүй тохиолдолд тухайн хэргийг хэрэгсэхгүй болгоно. Эрх бүхий албан тушаалтны хэлснээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зүйл анги өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Тухайн иргэний гомдлыг шалгах явцдаа тухайн байгууллагыг нийтэд нь шалгасан байна. хэрэв иргэний гаргасан гомдолд процессын ажиллагаа хийгдэж байгаа бол байгууллага, хувь хүний нууцтай танилцах, гаргаж авхуулах талаар прокурорын зөвшөөрөл авах ёстой байсан. Байгууллагын бүх зүйлийг шалгахгүй. Хяналт шалгалтын явцад ББСБ-ын анхан шатны баримтад зөрчил илэрсэн бол энэ талаар тэмдэглэл үйлдэн өөр асуудал яригдах ёстой. Тиймээс шударга ёсны зарчимд нийцээгүй, шийтгэл оногдуулалтын хэмжээ үндэслэлгүй байна гэж үзэж дүгнэлтээ дэмжин оролцож байна” гэв.

Гомдол гаргагч “Ж *******” ББСБ-аас тус шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “... Эрх бүхий албан тушаалтан нь торгуулийн шийтгэл ногдуулах эсэхийг шалган тогтоохоор 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зөрчлийн хэрэг нээх тогтоол үйлдсэн. Уг тогтоол нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процессын журмыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж гомдол,мэдээллийг харъяалалын дагуу шилжүүлэх, гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх тухай шийдвэрүүдийн аль нэгийг гаргах ёстой. Гэтэл иргэн Б.О 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөлр гаргасан гомдлыг эрх бүхий албан тушаалтан нь шалгаж зөрчлийн хэрэг нээх тухай шийдвэрийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гаргасан. Процессын хуульд зааснаар ажлын 5 өдрийн дотор шийдвэр гаргах ёстой байтал хуульд заасан хугацааг 5 хоногоор хэтрүүлж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчин шийдвэр гаргасан. Хэрэв уг хугацааг хэтрүүлж шийдвэр гаргасан тохиолдолд тус шийдвэр нь хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болох ёстой.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуульд хүнд 10-аас 500т нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол” зөрчил шалган шийдвэрлэх ажилплагаа явуулахгүй гэж заасан.Энэ нь хуулийн этгээдийн хувьд мөн зүйлд зааснаар торгох шийтгэлийн хэмжээг 10 дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой. Өөрөөр хэлбэл хуулийн этгээд тухайн зөрчлийг үйлдсэн гэж үзвэл, 100.000 төгрөгөөс 5.000.000 төгрөг хүртэл торгуулийн хэмжээтэй зөрчил дээр 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа ашиглагдана. Эрх бүхий албан тушаалтнаас тус компанийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7-д заасны дагуу 4.000.000 төгрөгөөр торгосон. Торгох болсон шалтгаан нь гомдол гаргагч тус компанийг хэрэглэгчид төлбөрийн баримт олгоогүй буюу Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Татварын тухай хууль тогтоомжид зааснаар зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагын хувьд зээлийн гэрээний дагуу хийгдэх эргэн төлөлтөөс түүний зөвхөн зээлийн хүүнд хамаарах хэсэгт төлбөрийн баримт өгөх ёстой. Татварын байгууллагад гомдол гаргагч иргэн Б.О хувьд үүнд хамаарах зээлийн эргэн төлөлтөө 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хийсэн буюу Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 заасан үүргийн биелэлтийн асуудал хамгийн сүүлд яригдах ёстой байсан нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр болно. Хэрэв төлбөрийн баримт олгох үүргээ 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр биелүүлээгүй гэж торгуулийн хариуцлага ногдуулах бол дээрх Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа буюу 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө хуулийн хариуцлагын асуудал яригдах ёстой. Гэтэл Зарчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаад бүтэн хагас жилийн хугацаа өнгөрсөн асуудал дээр зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулсан нь илтэд хууль бус үндэслэлгүй юм.

Шийтгэлийн хуудаст Татварын ерөнхий хууплийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь иргэн Б.О гаргасан гомдолтой цаг хугацааны хувьд нийцэлгүй буюу 2019 оны 8 дугаар сард гарсан үйл явдал дээр 2020 оны 1 дүгээр сараас хойш хэрэгжиж эхэлсэн хуулийн зохицуулалтыг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан дараах зарчмыг шууд зөрчсөн байна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь заалт нь тус хуульд шинээр орж ирсэн заалт бөгөөд уг хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Тус компанийг буруутгаж буй үйл явдал 2019 оны 8 дугаар сард болсон. Өөрөөр хэлбэл тухайн зөрчил гаргасан гэж буй хугацаанд Татварын ерөнхий хуулийн 28.5 дахь заалт байгаагүй. Тодруулбал 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зээлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагууд нь төлбөрийн баримтыг тухай бүрт нь олгох, цахимаар олгох үүрэггүй байсан. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь энэхүү хуулийн заалтыг илтэд зөрчсөн байна. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн дээрх заалтыг тус байгууллага нь огт зөрчөөгүй ба хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий баримтыг тухай бүрт нь хэвлэж хариуцагч нарт баримт авах боломжоор бүрэн хангадаг. Мөн дээрх заалт хүчин төгөлдөр болохоос өмнө тус байгууллага нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, төлбөрийн баримттай холбогдон батлагдсан Сангийн сайдын тушаал зэргийг мөрдөж, санхүүгийн болон татварын баримтуудыг бүрдүүлсээр ирсэн.

Шийтгэлийн хуудсаар тус компанид торгуулийн хариуцлага ногдуулах шийдвэр гаргахдаа иргэн Б.О гаргасан төлбөрийн баримт олгоогүй асуудлыг шалган тогтоож, зөрчлиойн хэрэг нээж, шийтгэл оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой атал эрх бүхий албан тушаалтны үйлдсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээс харвал Санхүүгийн зохицуулах хороо, Санхүү төрийн сангийн алба, татварын албанд хүргүүлсэн тайлан зөрүүтэй гарсныг засварлуулан дахин гаргуулсан гэх мэт зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шалган тогтоох ёстой үйл баримт нөхцөл байдалтай хамааралгүй зүйлсийг үндэслэл болгон шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ж.У: Манайх банк бус санхүүгийн байгууллага. Харилцагчдаас төлбөрөө авахдаа банкаар дамжуулан авдаг. Авсан төлбөрөөсөө үндсэн зээл болон хүүгээ ялгах шаардлагатай байдаг. Ингээд бид цахим системд шивдэг. Банк бус санхүүгийн байгууллага нь нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу чөлөөлөгдсөн буюу 2 хувийн буцаан олголттой баримт олгодоггүй. Зөвхөн сугалаанд оролцох эрхтэй баримт олгодог. Сугалаагаа хэвлээд харилцагчдаа өгч, архивладаг. Манайд нэг тулгамддаг асуудал нь харилцагчид банкаар мөнгөө төлдөг. Хэн төлсөн гэдэг нь мэдэгдэхгүй мөнгө орж ирэх тохиолдол байдаг. Энэ бүгдийг ялгаж, салгах зэрэг процесс ажиллагаа ихтэй байдаг. Зээл судлах материал хүлээн авах нэг цэгийн хэсэгт и баримт олгож байгаа гэсэн бичгийг наасан. Манай байгууллагад гомдол гаргасан Б.О хамгийн сүүлд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлбөр төлсөн. Энэ төлбөр дээр баримт олгосон. Үүнээс хойш манайд ямар нэгэн хүү төлөөгүй. Яагаад гэвэл Б.О манайхтай эвлэрлийн гэрээ байгуулсан. Хүү төлөхгүй үндсэн төлбөрөө төлөхөөр болсон. Тиймээс и баримт шивэх үүрэггүй. Шивэх үндэслэл болоогүй. Татварын улсын байцаагчийн нэг зөрчил гэж үзэж зүйл бол Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 заалтыг зөрчсөн гэж үздэг. Гэтэл энэ хууль 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Зөрчлийн тухай хуулийн 1.4.3-т заасны дагуу 2020 онд Б.О ямар нэгэн хүү олгоогүй учир Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлээр зөрчил үйлдсэн гэж үзэхгүй байна. 2 хувийн буцаан олголтгүй зөвхөн сугалаанд оролцох эрхтэй сугалааны баримтаа аваарай гэсэн мессежийг харилцагч нартаа илгээдэг. 2020 онд Б.О и баримтын сугалааны дугаарыг мессежээр явуулаагүй. Яагаад гэвэл 2020 онд манайд хүү төлөөгүй. Иймд бид и баримт өгөх үүргээ хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Дараагийн нэг зөрчил нь татварын тайлан зөрүүтэй байсныг засварлуулсан гэж байгаа юм. Татварын санхүүгийн тайланг засаж хянах эрх нь татварын хяналт шалгалтын байцаагчид байдаг. 2020 онд татварын багц хууль шинэчлэгдсэнтэй холбоотой програм гацсан, асуудлууд ихтэй байсан. Санхүүгийн зохицуулах хороонд 07 дугаар сарын 10-ны өдөр санхүүгийн тайлангаа илгээж, 21-ний өдөр үлдсэн ногдох татвар 38 сая төгрөгөө тушаасан. Урьдчилсан татваруудаа төлж байсан. Систем дээр манай орлогыг татаагүй гэсэн асуудал гарсан. Намайг амралтай байх хугацаанд улсын байцаагч Ж.Б дуудаж Б.О гомдлыг танилцуулсан. Ажилдаа ороод энэ тайлангаа засварлах боломжтой байсан. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дүгээр зүйлд зааснаар татвар төлөгч нь тухайн оныг дуустал тайлангаа засварлах эрхтэй. Ямар нөхцөлд засварлах эрхгүй вэ? гэхээр иж бүрэн шалгалт хийж байгаа үед өөрчлөх эрхгүй байдаг. Тиймээс би тайлангаа засварлах эрхтэй. Би ямар нэгэн зөрчил гаргаагүй. Гомдол гаргагч Б.О и баримт өгөхгүй байгаа талаар хянуулъя гэсэн болохоос манай байгууллагын санхүүгийн тайланг шалгуулъя гэж гомдол гаргаагүй. Гэтэл улсын байцаагч Ж.Б эрх хэмжээгээ хэтрүүлэн санхүүгийн тайланг шалгасан. Үүнийгээ акт их үндэслэл болгосон. Иймд 4 сая төгрөгийн актыг үндэслэлгүй гэж үзэж байна. Банк хүү бодохдоо тухай бүрд нь и баримт олгодоггүй. Банк бус санхүүгийн байгууллага мөн адил үйлчилгээ үзүүлж байгаа. Харилцагч баримтаа авъя гэхэд нь өгөөгүй үйлдэл гаргаагүй байхад зөрчил гэж үзэж байгаа нь хууль нэг мөр хэрэгжихгүй байгаатай холбоотой. 4 сая төгрөгийн торгууль нь миний хийсэн үйлдэлд шударга бус гэж үзэж байна. И баримтыг хугацаанд нь гаргаж өгөх үйлдлийг хийсэн байхад зөрчил гэж үзэж байгааг шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хууль бус учраас энэ актыг хүчингүй болгож өгнө үү

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх гэж заасан байдаг. Торгуулийн акт бичсэн энэ харилцаа нь хуулийн дагуу явагдах ёстой.  2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 4 сая төгрөгийн шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процессыг ноцтой зөрчсөн асуудал болж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т 5 хоногийн хугацаа заасан байдаг. Эрх бүхий албан тушаалтан гомдлыг хүлээн аваад ажлын 5 хоногт зөрчлийн хэрэг нээнэ гэж заасан. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр буюу хуульд заасан хугацааг зөрчин тогтоолоо гаргасан байна. Энэ тогтоолдоо үндэслэн зөрчлийн хэргээ шалган шийдвэрлээд явсан байдаг. Бид уг хэрэгт хяналт тавьж байсан прокурорт гомдол гаргасан. Прокурор ямар хариу өгсөн бэ? гэхээр хууль зөрчсөн байна. Гэхдээ хуулийг нэг мөр хэрэгжүүлэхийг даалгах буюу эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хамгаалж үлдсэн. Тиймээс бид дахин дээд шатны прокурорт хандсан. Ингээд гаргасан шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгосон. Прокурорын хариу мэдэгдэх хуудсууд хэрэгт авагдсан байгаа. Хууль бус шийдвэрийн үндсэн дээр гарсан шийдвэр нь хууль ёсны шийдвэр байх нөхцөлийг хангахгүй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт хэрэв гомдол гаргагч “Ж т к” ББСБ нь төлбөрийн баримт гаргаагүй гэсэн зөрчил гаргасан бол хөөн хэлэлцэх асуудал яригдана. Зөрчлийн тухай хуулийн 1.5 зүйлийн 1.1 хэсэгт 4 сая төгрөгийн торгуультай хэсэгт 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа байдаг. Хамгийн сүүлд төлбөрийн баримт шивсэн, шивээгүй гэсэн асуудлыг ярих боломжтой хугацаа нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр юм. Энэ өдөр зөрчлийг гаргасан гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 1.5 зүйлийн 1.1 хэсэгт зааснаар 4 сая төгрөгийн торгуульд оногдож байгаа хөөн хэлэлцэх хугацаа 6 сар юм. Тооцож үзвэл 2020 оны 02 дугаар сарын 29 өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Эрх бүхий албан тушаалтны зүгээс 2020  оны 02 дугаар сарын 29 өдрөөс өмнө энэ зөрчлийн талаар ярих боломжтой байсан. Гэтэл хагас жилийн дараа буюу 2020 оны 08 сард энэ асуудлыг гаргасан байдаг. Зөрчил байсан гэж үзвэл энэ асуудлыг хөндөх хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гуравдугаарт: 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 4 сая төгрөгийн шийтгэлийн хуудас буюу маргаан бүхий захиргааны акт хууль нийцсэн эсэх талаар хэлэлцэж байна. Гомдол гаргагчийн талаас уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, прокурорын зүгээс хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэж байгаа. Тухайн захиргааны актад дурдагдсан хуулийн үндэслэл маш тодорхой байх ёстой. Ямар хууль зөрчсөн, зөрчлийн хуулийн аль заалтаар торгууль ногдуулж байгаа нь тодорхой байх ёстой. Гэтэл 0178301 дугаар захиргааны акт нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан баримт олгох, илгээх заалтыг зөрчсөн. Татварын ерөнхий хуульд заасан баримт олгох, илгээх үүргийг зөрчсөн гэж үзэж байгаа боловч Зөрчлийн хуулиас үндэслэл болгосон хариуцлагын асуудал нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 зүйлийн 7.4 гээд татварын баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах гэсэн санкцыг баримталсан. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл үндэслэл болгосон хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөөтэй. Үүнийг илэрхий алдаа гэж үзэхгүй. Хууль бус захиргааны акт юм. Зөрчлийн тухай хуулийн 1.4.3-т тухайн зөрчил үйлдэх үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэсэн Зөрчил шалган шийдвэрлэх үндсэн зарчим тусгагдсан байдаг. Гэтэл эрх бүхий албан тушаалтны гол үндэслэл болгосон заалт буюу Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дах заалт нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Гомдол гаргагч байгууллагын гаргасан гэж байгаа зөрчил нь 2019 оны 08, 09 дүгээр сарын асуудал. Зөрчил үйлдэх үед хэрэгжээгүй буюу дараа онд хэрэгжих хуулийн заалтаар торгосон. Дээрх шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй хууль бус акт учраас тус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.

Улсын байцаагч Сангийн сайдын тушаал, баримт бүрдүүлэх журам зөрчсөн гэж ярьж байна. Бид Зөрчлийн тухай хуулийн 11.19 зүйлийн 7.4 заалтад баримт бүрдүүлэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол гэж заасан байгаа. Сангийн сайдын тушаал бол хуулиар тогтоосон журам биш. Сангийн сайдын баталсан заавар юм. Энэ нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаал маягт нөхөх заавар байгаа. Тэгэхээр бүртгэл хөтлөх, баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журам гэдэг хуулийн нөхцөлөө хангахгүй байна. Баримт нөхөхтэй холбоотой Сангийн сайдын тушаалын талаар огт яриагүй. Зөвхөн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-дахь заалтыг зөрчсөн. Баримт олгоогүй гэж ярьж байгаад захиргааны акт гарах болоход баримт бүрдүүлээгүй гэсэн. Баримт бүрдүүлээгүй гэдэг нь хуулиар олгосон журмыг зөрчсөн гэсэн агуулга байх байтал үндэслэл болгож байгаа эрх зүйн баримт нь Сангийн сайдын тушаалаар батлагдсан ажлын заавар гэсэн түвшнийх байна. Борлуулалт хийгдсэн үед төлбөрийн баримт олгох ёстой гэдэг нь нэмэгдсэн өртгийн албан тухай хуулийн үндсэн зарчим юм. Б.О 2019 оны 08 дугаар сард хамгийн сүүлд борлуулалт хийгдсэн. Түүнээс хойш машин авахад зарцуулсан үндсэн зээл 150 сая төгрөгийг хувааж төлөхөөр эвлэрлийн гэрээний байгуулж мөнгөө буцааж өгсөн. Баримт өгсөн өгөөгүй гэх үүргийн зөрчлийн хамгийн сүүлийн хугацаа бол 2019 оны 08 дугаар сар. Зөрчлийн тухай хуульд зааснаар 4 сая төгрөгийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сараар дууссан. 2020 оны 02 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Тэгэхээр энэ талаар ярих шаардлага байхгүй. Эрх зүйн актын гол үндэслэлээ болгосон заалт нь шинэ татварын хуульд хамаарна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан шиг адил утгатай заалт хуучин хуульд байхгүй. Хариуцагч үргэлжилсэн үйлдэлтэй, шинэ хуулиар ногдуулсан гэдэг. Зөрчлийн хуульд шийтгэл ногдуулахдаа тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийг үндэслэл болгоно гэж нарийвчилсан материаллаг хуульд заасан байдаг. 2019 оны 08 дугаар сард уг зөрчил үйлдэгдсэн гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн тухайн үед батлагдаагүй дараа оны 01 дүгээр сард батлагдах хуулийг үндэслэл болгосон нь захиргааны актыг хууль бус болгох шаардлага болж байна. Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэж явагдана гэсэн Захиргааны ерөнхий хуулийн зарчим байгаа. Энэ зарчмыг хангахгүйгээр акт гаргах процесс нь хууль бус.

Хариуцагч Н т г Т т х х т у б Ж.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Банк санхүүгийн байгууллага нь олон зээлдэгчтэй онцлогтой үйлчилгээ үзүүлдэг. Зээлдэгч иргэд төлбөрийг ихэнхдээ дансаар шилжүүлдэг учир тухай бүрт баримт олгох боломжгүй харин тухайн сарын сүүлд баримтыг хэвлэн зээлийн гэрээний материалтай хувийн хэрэгт хадгалдаг. Зээлдэгч нарт илгээх, явуулах боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан. Гомдол гаргасан иргэнтэй холбогдуулан төлбөрийн баримтыг хувийн хэргээс шаардахад сугалааны дугааргүй баримт байсан нь нөхөн хэвлэсэн баримт болохыг нотолсон.

2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар “Ж т к” ББСБ болон зээлдэгч иргэн Б.О нарын хооронд эвлэрлийн гэрээг шинэчлэн зээлийн үндсэн төлбөрийг төлж зээлийн хүүг төлөхгүй байхаар тохиролцсон байна. Гэвч банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран зөвхөн зээлийн хүүд баримт олгодог гэж тайлбар хийсэн ч хүү төлөхгүй үндсэн төлөлт хийхээр заасан ч зарим тохиолдолд төлбөрийн баримт гаргасан байсан.

Мөн зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулахдаа төлбөрийн баримтыг хэрхэн олгох талаар Татварын хуулийн заалтыг тусгаж болох байсан ч огт дурдаагүй байгаа Татварын хуулийг хэрэгжүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж иргэдийг сугалаанд оролцох боломжийг хааж байна.

Санхүүгийн зохицуулах хороонд улирал бүр гаргадаг хүүгийн тайлан, санхүү төрийн сангийн тайлан болон Татварын албанд гаргадаг тайлангууд хоорондоо зөрүүтэй татварын тайланг зөвхөн банканд төвлөрүүлсэн вальютын хүүгийн орлогын дүнгээр тайлагнасан байсныг илрүүлэн тайланг засварлуулан дахин гаргуулсан. Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7-д “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд, банк, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж” 7.1-д “Татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдөөгүй” 7.4-д “Татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах талаарх хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, банк, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Прокурорын гаргасан дүгнэлтийн талаар тайлбар хийе. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэгт татварын холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах талаар хуулиар тогтоосон дүрэм журам зөрчсөн гэдэг нь нотлогдохгүй талаар ярьж байна. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т анхан шатны баримт бүрдүүлэх нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох стандартын дагуу төлбөрийн баримтад  үндэслэн хөтөлж татварын тайланг санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайланд үндэслэнэ. Анхан шатны гэдэгт ач холбогдол өгч байна. Татвар төлөгчид борлуулалт хийгдэх тухай бүр хэрэглэгчдийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий баримтыг олгоно. Олгож байгаа баримт нь анхан шатны баримт юм. Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 тушаалаар баталсан төлбөрийн баримт нь бараа ажил үйлчилгээний төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох анхан шатны баримт мөн гэсэн байгаа. “Ж т к” ББСБ нь иргэн Б.О шинээр эвлэрлийн гэрээ байгуулж хүү авахгүй талаар харилцах тохиролцсон. Бид зээлийн хүүд баримт олгодог гэж ярьсан боловч Ж.Б байцаагчид гаргаж өгсөн баримтад 2020 оны 3 сая төгрөгийн и баримт олгосон тухай баримт байсан. Ж.У өөрөө мэдэж байгаа. Сугалаанд оролцох эрхээр хангах ёстой. Сүүлд нь баримтыг нөхөж хэвлэсэн. Хэрэв тухайн үед хэвлэсэн бол сугалааны дугаартай байх ёстой. Сангийн сайдын 347 дугаар тушаал, иргэн Б.О 2020 онд олгосон 3 сая төгрөгийн баримт зэргийг үндэслэн оногдуулсан шийтгэлийн хуудас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.4-т заасны дагуу шийтгэлийн хуудас үндэслэлтэй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2020 онд баримт олгосон талаар баттай хэлсэн. Нотлох баримт нь байгаа. И баримт нь сугалааны дугааргүй байсан. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй. 5 хоногийн хугацаа хэтэрсэн талаар ярьж байсан. Нийслэлийн татварын газар нь нутаг дэвсгэрийн зарчмаар нийслэлийн татварын газарт бүртгэлтэй татвар төлөгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Бусад дүүргүүдэд хуваарилагддаг учраас маш цөөхөн гомдол ирдэг. Иймээс бид хэргийг нээж Нийслэлийн прокуророос дугаар авдаг. Прокуророос дугаар авсан учраас тайлбар хийх боломжгүй. Дээд шатны прокурорт гомдол гаргаж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон талаар ярьж байсан. Үгүй юм. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/ 2733 дугаар гомдлын хариуны үндэслэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.4 дэх заалт нотлогдохгүй байна гэсэн н.Насанбат прокурорын хариу тайлбар байсан. Хугацааны асуудал огт яригдаагүй.

Олон харилцагчидтай гээд ББСБ нь Татварын хуулийг хэрэгжүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Тайлангийн зөрүүтэй байдал, баримт хэвлээгүй, олгоогүй зэрэг асуудлыг Уянга нь Ж.Б байцаагчтай ярилцаж олон удаа хүлээн зөвшөөрч байсан байна гэж ойлгосон. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ дахин алдаа гаргахгүй байхыг хэлье. Татварын ерөнхий хуульд баримт олгох гэдэг заалт байгаа. Хуучин хуульд энэ заалт байгаа. Цоо шинэ заалт биш. 2016 оноос хэрэгжсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын энэ хууль нь урамшууллын систем гэж яригдаж байгаа боловч үйлчилгээ үзүүлсний төлөө тухай бүр олго гэсэн заалт юм. Прокурорын дүгнэлтийн тухайд Татварын хууль тогтоомжийг нэг мөр болгож ажиллах журмыг “Ж т к” ББСБ нь зөрчсөн. Татварын хууль тогтоомжийг мөрдөөгүй гэдэг нь Татварын хууль тогтоомжийг  мөрдөх үндсэн агуулга нь нягтлан бодох бүртгэл, хуулийн зүйл заалт, татварын баримтыг анхан шатны баримт гэж үзэх үндэслэлийг тогтоохын тулд Сангийн сайдын тушаалыг оруулж ирсэн. Зөрчил бол гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

Шүүх, прокурорын дүгнэлт, гомдол гаргагчийн гомдол түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, прокурорын дүгнэлт, гомдол гаргагчийн гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, дүгнэлт гаргагчийн дүгнэлт, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ..., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.15, 6.17 ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д: “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.12, 6.13, 6.14, 6.15, 6.16, 6.17 дугаар зүйл, ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.18, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.12, ... 6.16, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т: “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ..., 11.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл ... заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, ... 6.12, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулж өгчээ.

“Ж т к” ББСБ нь үйлчлүүлэгчид цахим төлбөрийн баримт олгоогүй гэх үйлдэлд Т е г Т т х х т у б Ж.Б зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа “... “Ж *******” ББСБ нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг зөрчсөн болох нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж үзэж, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 0178301 дүгээр шийтгэлийн хуудсаар 4.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулсныг дүгнэлт гаргагч болон гомдол гаргагч нь бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Дүгнэлт гаргагчийн зүгээс “ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж “зээлдэгч Б.О цахим төлбөрийн баримт олгоогүй” гэх гомдлын дагуу холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн хийгээгүй, тухайн зөрчлийг нотлох ажиллагаа хийгээгүй зөрчлийг нотлох үндэслэл бүхий баримт байхгүй” гэж харин гомдол гаргагч зүгээс “... хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, ... татварын хууль тогтоомжийг буруу ойлгож, хэрэгжүүлсэн...” хэмээн маргасан бол хариуцагчийн зүгээс “... иргэдэд цахим төлбөрийн баримт олгоогүй гомдлын дагуу шалгалтыг явуулж гаргасан зөрчилд нь хуулийн дагуу шийтгэл оногдуулсан, хууль зөрчөөгүй” хэмээн гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Хариуцагч эрх бүхий татварын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцох, шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т: “... “Зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, зөрчил гаргаагүй гэж маргаж байхад хариуцагчаас зөрчил ил тодорхой болсон гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд: “дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гээд 1.1-д: “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-д: “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д: “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэх эдгээр гурван үндэслэл байвал зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр хуульчилсан байна. Энэ зүйлийн агуулгаас үзэхэд, зөрчил үйлдэгдсэн талаар ил тодорхой байх, газар дээр нь шууд шийдвэрлэх боломжтой байх, өөрөөр хэлбэл, холбогдогч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн байх, нотлох талаар ажиллагаа хийх шаардлагагүй байх, камерын бичлэгт үлдсэн, дуу дүрсээр бичигдсэн гэхчлэн зөрчлийг шууд тогтоох үндэслэл байх, маргаангүй байх нь хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэх нөхцөл байна. Нөгөө талд дээрх хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж зохицуулсан байна.

Маргаан бүхий энэ тохиолдолд дээрх зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэл огт байхгүй байна, харин 1.1-д зааснаар зөрчил нь ил тодорхой байхыг хуульчилсан гэтэл хариуцагчийн зүгээс зөрчлийн хэрэг нээж, зөрчлийг нотлох үүргээ, нотлох баримтыг бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь хуульд нийцээгүй гэж шүүх үзсэн болно.

Эрх бүхий албан тушаалтаны зүгээс гомдол гаргагч “Ж *******т” ББСБ-ын үйлчлүүлэгчид цахим төлбөрийн баримт олгоогүй гэх үйлдэлд хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд шалгалт явуулж, зөрчил илрүүлж шийтгэл оногдуулахдаа, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1.5: “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу явуулаагүй үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж ажиллаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмууд зөрчигдсөн гэж нэгтгэн дүгнэж, маргаж буй хүрээнд дүгнэлт болон гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.2, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 1.3 дугаар зүйлийн 1, 16.7 дугаар зүйлийн 9-д заасныг баримтлан Б д П г З х б а х т а х п М.Н 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Б д д М х х э а, х х х у б Б.Б 0146326 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, холбогдогч “Н” ХХК-ийн гаргасан зөрчлийн шинжтэй үйлдэлд тохирсон шийтгэл оногдуулах тухай” 105 дугаар прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн зүйлийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН