Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 124

 

“Плимут” ХХК, “Зэст-Алтай” ХХК-иудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхгэрэл, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 866 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0049 дүгээр магадлалтай, “Плимут” ХХК, “Зэст-Алтай” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Плимут” ХХК, “Зэст-Алтай” ХХК-иудын өмгөөлөгч Х.Цогтсайханы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 866 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3, 19.4, 19.5, 19.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Плимут” ХХК, “Зэст Алтай” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 544 дүгээр шийдвэрийн “Плимут” ХХК, “Зэст Алтай” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгож,

2. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.11, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Плимут” ХХК, “Зэст Алтай” ХХК-иудын “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол тус бүр 1,000,000 төгрөг гаргуулах, “Плимут” ХХК-ийн NE-025007дугаарт, “Зэст Алтай” ХХК-ийн NE-025209 дугаарт тус тус бүртгэгдсэн өргөдлүүдийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0049 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 866 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Плимут” ХХК, “Зэст-Алтай” ХХК-иудын өмгөөлөгч Х.Цогтсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Плимут” ХХК, “Зэст-Алтай” ХХК-иудын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0049 дүгээр магадлалыг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ хангалтгүй биелүүлээгүй гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь Ашигт малтмалын газраас “Плимут” ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өргөдөл, “Зэст-Алтай” ХХК-иас 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн өргөдөлд тус тус шүүлт хийн, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж, тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан ажиллагааг хийн, тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, хуулийн дагуу Завхан аймгийн Дөрвөлжин сумын засаг даргаас 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр “Плимут” ХХК-ийн талаар, 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдөр “Зэст-Алтай” ХХК-ийн талаар санал авахаар хүргүүлсэн бөгөөд тус саналд Засаг даргаас 2015 оны 02 дугаар сарын 25 болон 03 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 болон Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 10 дахь хэсэгт заасан заалтыг тус тус зөрчсөн үндэслэл бүхий хариуг тус тус хүргүүлсэн байдаг.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан...шийдвэрлэнэ” гэсэн заалт болон Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааварт заасны дагуу “...үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд ... ажлын 3 хоногт багтаан ... хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг боловсруулна...” гэж заасан заалтуудыг тус тус зөрчин өргөдөл ирснээс хойш бараг 6-7 сарын дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 544 тоот шийдвэрээр “Зэст-Алтай” ХХК болон “Плимут” ХХК-д Дөрвөлжин сумын засаг даргын саналд тусгагдсан үндэслэлээр бус хаа хамаагүй 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 32 дугаар тогтоолд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргасан нь илт хууль бус болно.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэл нь илтэд ойлгомжтой, бүх нотолгооны хэрэгслээр нотлогдож байхад үл ойшоож, зөвхөн хариуцагчийн гаргасан тайлбарыг л үндэслэл болгож Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль болон тэдгээр хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Дээд шүүхийн тогтоол зэргийг хэрэгсэлгүйгээр илтэд ойлгомжтой, тодруулж буй асуудал нь хэргийн материалд байгаа, хэлэлцэж байгаа асуудалтай шууд хамааралгүй асуудлыг тодорхойлуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 866 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон нь илт үндэслэлгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж хэрэг хянан шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарласан байна.

Тиймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0049 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 866 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Плимут” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт “Нам” нэртэй 33230 гектар талбайд, “Зэст Алтай” ХХК нь нь 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөн сумын нутагт “Нар” нэртэй 11200 гектар талбайд тус тус хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан, Ашигт малтмалын газар (хуучин нэрээр)-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 544 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг тус тус баримтлан “... орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Плимут” ХХК болон “Зэст-Алтай” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохооос татгалзсан, хариуцагч уг шийдвэрийн үндэслэлээ “... Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны ... 32 дугаар тогтоолоор ... тусгай зөвшөөрөл хүссэн талбайг ... орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан” гэж шүүхэд тайлбарлажээ.

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дүгнэлт хийлгүй “...анх өргөдөл гаргах үед давхцалгүй байсан”, “... аймгийн Засаг дарга ... хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан...” гэх зэргээр, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэнгүй.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, төлөөлөгч нар хяналтын шатны шүүх хуралдаан дээр “... хүсэлт гаргасан талбайн солбицол нь ... орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын солбицолд хамаарахгүй” гэсэн тайлбар гаргаж байгаагаас үзвэл, нэхэмжлэгч “Плимут” ХХК, “Зэст-Алтай” ХХК-иудын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Нар, Нам нэртэй талбайнуудыг Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан эсэхтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай,  үүний үндсэн дээр маргаан бүхий захиргааны акт “хууль ёсны эсэх” маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “... /хариуцагчийн/ хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол ... гаргуулах, ... /нэхэмжлэгч нар/ ... хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээ “... бидний хүссэн талбай нь одоо орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан боловч тусгай хэрэгцээнд байх хугацаа дуусах үед тухайн талбай дээр дахин өргөдлийн дугаар авахгүйгээр манай компаниудын өмнө гаргасан өргөдлөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй” гэж тайлбарласан нь өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн уялдаж байгаа, маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай эсэх, уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн “... давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж хэрэг хянан шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарласан” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0049 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Цогтсайханы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Плимут” ХХК, “Зэст-Алтай” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА