Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/00582

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .........байрлах, Х банк /Регистрийн дугаар:./-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......... оршин суух, ....... овогт Ж.Д  /Регистрийн дугаар: /-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 99.610.959 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Ж.Д нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Х банктай 1160023542 дугаар зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037153 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, 20 дугаар байр, 22 тоотод байрлах 50.25 мкв талбайтай өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй боловч зээл авснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй байсаар гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Банкны зүгээс Ж.Дд зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан ч зээл төлөх талаар арга хэмжээ аваагүй. Улмаар Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй үндэслэлээр татгалзаж, эрэн сурвалжилснаар нэхэмжлэл гаргасан. Иймд Ж.Даас 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 50.00.000 төгрөг, хүү 43.528.767  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.082.192 төгрөг, нийт 99.610.959 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хүү тооцооллын хувьд гэрээнд өөрчлөлт оруулаагүй ч 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс сарын хүүг 2 хувиар бууруулж тооцон нэхэмжилж байгаа. Гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр тул хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Х банкнаас 50.000.000 төгрөгний зээл авсан, гэрээ байгуулсан нь үнэн. Зээлээс эргэн төлөлт хийгээгүй, зээл төлөхийг мэдэгдэж байсан гэдэгт маргахгүй. Талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4.2.1-д “гэрээний үүрэг биелэгдэх хүртэл Банкны зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийг бусдад худалдах, бэлэгдэх, өвлүүлэх зэргээр шилжүүлэхийг хориглох”-оор заасан байна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. Иймд банк хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэрээ байгуулсан тул талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд мөн хуулийн 56.4-т зааснаар өгсөн, авснаа харилцан буцаах үүрэг хүлээх тул үндсэн зээл 50.000.000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрч байна. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй гэв.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Х банк нь Ж.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 99.610.95 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч үндсэн зээл 50.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргав.

Ж.Д, Х банк нар 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 50.000.000 төгрөгийг, 12 сарын хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, Зээлдэгч нь жилийн 36 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр 1160023542 тоот зээлийн гэрээг, үүргийн гүйцэтгэлийг Ж.Ды өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037153 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол То ван гудамж, 20 дугаар байрны 22 тоот 50.25 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөнөөс хангуулахаар 1160023542-01 тоот барьцааны гэрээг тус тус байгуулжээ.  /хх 9-15/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй ч хариуцагч дээрх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж байна.

 Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, мөн хуулийн 189 дүгээр зүйийн 189.1-д заасны дагуу хэн алин нь хуулийн хүрээнд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Мөн өдрийн зохигчдын хоорондох барьцааны гэрээний 4.2.1-д “үндсэн гэрээний үүрэг биелэгдэх хүртэл Банкны зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр шилжүүлэхгүй байх” үүргийг барьцаалуулагч хүлээхээр тусгажээ.

Дээрх барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх хэдий ч агуулгын хувьд мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д заасан өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг хязгаарласан хэлцэл болсон байна. Иймд шүүх барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв.

Шүүх ийнхүү барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зохигчдын мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Хариуцагч зээлийн хөрөнгө болох 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, эргэн төлөлт хийгээгүй, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй гэдэгт маргаагүй болно.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд “хүү жилийн 36 хувь” буюу нэг сарын 3 хувь байхаар тохиролцсон, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй ч нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойшхи хугацааны хүүг “жилийн 24 хувь” буюу нэг сарын 2 хувиар бууруулж тооцон нэхэмжилснийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон тооцоолол алдаатай гэх байдал тогтоогдоогүй тул хариуцагчаас үндсэн зээл 50.000.000 төгрөг, хүү 43.528.767 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.082.192 төгрөг, нийт 99.610.959 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Харин барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн  451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 171 дүгээр зүйлийн 171.1-д заасныг баримтлан  Ж.Даас 99.610.959 /ерэн есөн сая зургаан зуун арван мянга есөн зуун тавин есөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  726.205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                       

                                    ДАРГАЛАГЧ                                      О.ОДГЭРЭЛ