Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/357

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Т.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрчулуун

Шүүгдэгч Л.Ч, Ч.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ч, Ч.Н нарт холбогдох эрүүгийн 1725001110135 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Шүүгдэгч Л.Ч, Ч.Н нарыг 2017 оны 07 сарын 31-ний өдөр бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн 15 дугаар гудамжны 05 тоотод оршин суух З.Цийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Л.Ч, Ч.Н нар 2017 оны 07 сарын 31-ний өдөр хөрш айл болох Орхон аймгийн БаянӨндөр сумын Даваат багийн 15 дугаар гудамжны 05 тоотод оршин суух З.Цийн гэрт нь орж “манай тог их гарлаа, тог хулгай хийлээ” гэж бүлэглэн зодож биед нь тархины доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, суга, тохойны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар: -Хохирогч З.Цийн мөрдөн байцаалтын шатанд хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед гэртээ амарч байхад гаднаас манай хамар хашааны айл болох Ч нь хүүгийнхээ хамт орж ирээд танай тог яахаараа бага гардаг юм бэ? манайх яахаараа их гардаг юм бэ чи тог хулгай хийсэн биз дээ гээд намайг орон дэр хэвтэж байхад шууд орж ирээд энийг алаад хаячихъя гээд Ч миний толгойноос гараараа бариад хүзүү мушгиад амьсгаа боож байхад хажуунаас хүү нь гэх залуу миний цээжин тус газарт цохиод толгой тархигүй цохисон. Тэр үед бараг 20 минут намайг цохиж зодсон. Тэр үед манай эхнэр салгах гээд иртэл Чгийн хүүхэд нь манай эхнэрийг цохиод авсан. Тэр айл хашаандаа 3 айл байдаг. Гурван айл дундаа нэг тоолуур байдаг учраас тог нь их гарсан байх. Ч хэлээд миний толгой руу цохиод яаж байна юу болсон юм бэ гэсэн чинь манай тогны клв 1000 гараад байна. Чи манай тогыг хулгайлсан гээд цохиод авсан. Тэгээд хүү нь орж ирээд миний цээж рүү цохиод толгой тархигүй цохисон. Тэр үед миний толгой маш их өвдсөн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19-р хуудас/ -Гэрч Б.Б-ын...” гэтэл орой нь Ч хүүгийхээ хамт орж ирээд та нар яасан муухай хүмүүс вэ гээд үгийн зөрүүгүй манай нөхөр Цийг хүзүүг нь мушгиж байгаад толгой руу нь цохиод зодож эхэлсэн. Би та нар болиочээ гээд цагдаа дуудсан юм. Чгийнх танай тог бага гарч, манай тогноос хулгайлсан гэснээс болж маргаан гарсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/ -Гэрч А.М-ын.... “50 орчин насны эрэгтэй эмэгтэй 2 байсан. Манай нөхрийг хажуу айлын хүмүүс зодчихлоо гэсэн... эрэгтэй нь цээж нь улайсан байсан. Тэгсэн хажуу айлын залуу гэрийнхэнтэйгээ гараад ирсэн. Юу болсон бэ гэхэд тэр залуу “энэ хүн манайхаас тог хулгайлсан, тэгээд тэрийг нь хэлэхээр надтай барьцалдаж авсан гэж хэлсэн. ” Тэр зодуулсан гээд байгаа хүнийг шөнө оройгүй гагнуур их хийдэг, манай тогноос хулгайлсан гэж байсан.”.... гэх мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 03-ны өдрийн 664 дугаартай: 1.З.Цийн биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцралт, зүүн мөр, суга тохойны хэсэгт цус хуралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. Уг гэмтэлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн заарын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна.” ... гэх дугнэлт /хх-ийн 73-76 дугаар хуудас/ -Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 100-106-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Л.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж байна. 1,691,000 төгрөг төлөхөөр хохирогчтой тохиролцсон гэжээ. Шүүгдэгч Ч.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж байна. Ноцолдож байхад гэмтэл учирсан байх. Хохирол төлнө гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтаар Л.Ч, Ч.Н нар 2017 оны 07 сарын 31-ний өдөр хөрш айл болох Орхон аймгийн БаянӨндөр сумын Даваат багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух З.Цийн гэрт нь орж “манай тог их гарлаа,тог хулгай хийлээ” гэж бүлэглэн зодож биед нь тархины доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, суга, тохойны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгч нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул хүний эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Хохирогч шүүхэд “...1,699,038 төгрөгийг 2 хоногийн дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрч энэ хүмүүсийг уучилж эвлэрч байна...Цаашид эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхээс сайн дураар татгалзаж байна” гэсэн тайлбар бичиж ирүүлсэн ба шүүх хуралдаанд оролцоогүй. Шүүгдэгч нар хэргийн улмаас учруулсан хохиролыг 11 дүгээр сарын 10-ны дотор нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул хохирол төлөгдсөн гэж дүгнэх үндэстэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А овгийн Л-ын Ч, А овгийн Чгийн Н нарыг хүний эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч, Ч.Н нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ч, Ч.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ