| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2017/0354/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/363 |
| Огноо | 2017-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2017/ШЦТ/363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б
Улсын яллагч Ц.И
Хохирогч Б.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Г
Шүүгдэгч Ц.З нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Зд холбогдох эрүүгийн 1725000000174 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Ц.Зыг 2017 оны 10 сарын 26-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Б.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал: Ц.З нь 2017 оны 10 сарын 26-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Тайгер баарнаас гарч явахад нь араас нь очсон Б.А үг хэлээр өдөж цохиж авахад нь “чи намайг цохисон тул” гэж хэлээд түүнийг цохиж биед нь дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар: -Хохирогч Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:Тайгераас гараад араас нь очиж З-тай маргасан байсан. Тэр өдөр би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан болохоор ямар учир шалтгааны улмаас З-тай хэрүүл хийж маргасан гэдгээ санахгүй байгаа. Тухайн үед ямар ч байсан хэрүүл хийж маргаж байхад байх үед З- нэг удаа толгойгоороо миний шүд рүү мөргөсөн.Би араас нь хөөж байгаад орхисон.Шүд угаараа хугаралтай гэж гарсан.Буйланд суулгадаг авагддаггүй шүд хийлгэхэд 2 500 000 төгрөг болно гэсэн тул 2,500,000 төгрөг нэхэмжилнэ.Хохирол барагдуулбал гомдолгүй гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Э-ын... Тэр үед З- А- бид хоёрын дундуур ороод А-ыг зүгээр байгаач гэж хэлээд тэр хоёр маргалдсан. Тэгтэл тэр хоёр ноцолдож байгаад З- цаашаа гүйгээд явсан. А- араас нь хөөгөөд гүйцээгүй. А-ын хамраас цус гарсан байсан. А- шүд рүү мөргөчихлөө шүд хөдөлж байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/ Гэрч Э.Эрдэнэсайханы... “А- З- хоёрын маргаан юунаас болж үүссэнийг би анзаараагүй. Би машин дотороо сууж байсан чинь З- чи намайг түрүүлж цохисон шүү гээд нэг мөргөсөн. Тэгтэл А-ын хамраас цус гарч байсан. З- цаашаа гүйгээд явсан. А- араас нь хөөгөөд гүйцээгүй. Бид 3 машинд суугаад З-ын араас очиход З- цаашаа зугтаад явсан. Бид хэд тэгээд гэр гэртээ харьсан. Гэртээ хариад байж байтал А- утсаар яриад шүд маань хөдөлсөн байна, юм идэж болохгүй байна гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/ -Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 941 дугаартай:“...Ц.Зын биед дээд уруулд нэг тооны язарсан шарх үүсчээ. Тус гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай тохирч байна. Гэмтлийн зэргийн заврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас / -Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 923 дугаартай:“...Б.Аын биед зүүн нэгдүгээр шүдний хугарал үүсчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэргийн заврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас / -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 29-35-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Ц.З нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:Тайгераас гараад явж байхад араас ирээд “мангар бацаан” гээд намайг өдөөд цохисон.Тэгэхээр нь би “чи намайг цохисон тул”гэж хэлээд нэг цохисон.Гэм буруугаа хүлээж гэмшиж байна.Хохиролыг төлөх болно гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтаар шүүгдэгч Ц.З нь 2017 оны 10 сарын 26-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Б.Атай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Ц.Зын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн,хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн,хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул яллагчийн саналыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно. Хохиролын тухайд: Хохирогчоос шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргасан шүдний зураг,эмчилгээний төлбөрийн талаархи эмнэлгийн баримт зэргийг үндэслэн шүүгдэгчээс 2,500,000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овгийн Цгийн Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Заас 2,500,000 төгрөг гаргуулан Б.Ат олгосугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ