| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2017/0356/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/364 |
| Огноо | 2017-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2017/ШЦТ/364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Хохирогч Б.Д
Шүүгдэгч У.М, Б.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.М, Б.У нарт холбогдох эрүүгийн 1725002840153 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч У.М, Б.У нарыг бүлэглэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” караоке баарны гадна 2017 оны 10 сарын 04-ний орой яллагдагч У.М нь хохирогч Б.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, яллагдагч Б.У нь хохирогч Э.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2017 оны 10 сарын 04-ний өдрийн орой У.М, Б.У нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” баарны гадна хохирогч Б.Д, Э.Т нартай үл ойлголцон маргалдан зодож У.М нь Б.Дын биед тархины доргилт, духанд язарсан шарх, нүүр, баруун гарын сарвуу 2 өвдөгт зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, 3 тооны шалбархай бүхий хөнгөн хохирол, Б.У нь Э.Тын биед баруун бугалга, гуянд цус хуралт, баруун хацар хамрын үзүүр, баруун гуянд зулгаралт, баруун гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар: -Хохирогч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд хэлэлцүүлэгт өгсөн: Энэ 2 гарч явсанаа буцаж ирээд утас алга байна гээд үгийн зөрүүгүй Т бид хоёрыг цохиж зодсон. М намайг цохиж би унасан. Нэг ухаан орсон чинь баарны 00 өрөөнд зогсож байсан бөгөөд миний толгойноос цус гараад хамаг үс арзайсан байсан. Эмчилгээ хийлгэсэн. М 120 000 төгрөг өгнө гэж тохиролцсон байгаа гэх мэдүүлэг, -Хохирогч Э.Тын мөрдөн байцаалтад өгсөн: Энэ хэрэг болох үед туранхай хүүхэн нь буюу М нь миний найз Дыг цохиж аваад зодсон юм. Би тэгэхээр нь найзыгаа салгах гэсэн чинь Учрал буюу тарган хүүхэн нь намайг бариад үсдээд тэгээд бид хоёр харилцан үсдэлцээд нөгөө хүүхэн намайг энд тэндгүй цохиж зодсон. Д тэр хоёр дээр доороо ороод байсан. Яг хэрхэн яаж цохиж зодсоныг хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 862 дугаартай: У.М-ий биед нүүр зүүн сарвуунд зулгаралт, дээд уруулын дотор тал, баруун өвдгөнд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй гэмтлийн зэргийн заарын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” ... гэх дугнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 879 дугаартай: Э.Тын биед баруун бугалга, гуянд цус хуралт, баруун хацар, хамрын үзүүр, баруун гуянд зулгаралт,баруун гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. Уг гэмтэлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн заарын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” ... гэх дугнэлт /ххийн 28 дугаар хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 9-ний өдрийн 861 дугаартай: Б.Дын биед тархи доргилт, духанд язарсан шарх, нүүр, баруун гарын сарвуу, хоёр өвдөгт зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, 3 тооны шалбархай үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтэлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн заарын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Гоо сайхан болон энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” ... гэх дугнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/ -Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36-44-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч У.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж байна.Хохирол төлнө гэжээ. Шүүгдэгч Б.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж байна. Ноцолдож байхад гэмтэл учирсан байх гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтаар 2017 оны 10 сарын 04-ний өдрийн орой У.М, Б.У нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” баарны гадна хохирогч Б.Д, Э.Т нартай үл ойлголцон маргалдан зодож У.Маргад –Эрдэнэ нь Б.Дын биед тархины доргилт, духанд язарсан шарх, нүүр, баруун гарын сарвуу 2 өвдөгт зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, 3 тооны шалбархай бүхий хөнгөн хохирол, Б.У нь Э.Тын биед баруун бугалга, гуянд цус хуралт, баруун хацар хамрын үзүүр, баруун гуянд зулгаралт, баруун гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгч нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г овгийн У.М, С овгийн Б. У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М, Б.У нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,шүүгдэгч Б.Маргад-Эрдэнэ хохирогч Б.Дт 120,000 төгрөг төлөхөөр тохиролцсныг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.М, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ