Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б

Улсын яллагч Ц.М

 Шүүгдэгч Б.Х, Б.Т

Хууль ёсны төлөөлөгч Л.Бадамханд, Ж.Батхуяг нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1725000560056 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 1.Монгол Улсын иргэн,

2.Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Б.Х, Б.Т наыг 2017 оны 07 дугаар сарын 07-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн чулуу” ХХК-ний Эсгий гутлын үйлдвэрийн байранд нэвтэрч трансформаторын эд анги хулгайлан 160,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал: Өсвөр насны Б.Х, Б.Т нар 2017 оны 07 сарын 07-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн чулуу” ХХК-ний Эсгий гутлын үйлдвэрийн байранд цонхоор нь нэвтэрч трансформаторын нам талын 380 кв-аар тэжээгддэг хөнгөн цагаан болон зэс металаар хийсэн дамжуулагчийг хулгайлан 160,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар: -Хохирогчийн төлөөлөгч Н.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай үйлдвэрийн трансформатор ажиллах боломжгүй болтол тоногдсон.Энэ хүүхдүүд эхлэж ороогүй байх.7 сард орж авсан эд зүйлийн үнийг төлсөн.Сануулах арга хэмжээ авч өгнө үү.Ял өгөх бодолгүй байна гэх мэдүүлэг, -Гэрч Ц.Даваанямын . . “2017 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 17 цагийн үед намайг тойроход зүгээр байсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бас дахиад шалгаад үзэхэд трансформатор нь газар унасан байсан. 2017 оны 07 сарын 17-ны өдөр намайг харахад тухайн эд зүйл хэвийн байсан. Тэгээд өнөөдөр харсан чинь эд зүйл маань газар унасан дотор нь байсан эд зүйлийг задалж юм авсан шинжтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/ -Гэрч Д.Шын . . . “Би “Чингисийн өргөн чөлөө” Эсгий гутлын үйлдвэрийн манаач хийдэг юм. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өглөө гэв гэнэт тог тасраад удаад ирэхгүй байсан.Тэгээд цахилгаан түгээх газарт утсаар холбогдон асуухад цахилгааны шийдээ очиж үз гэхээр нь цахилгааны трансформаторын үйл ажиллагааг шалгахад ажиллахгүй байсан. Тэгээд ороод үзтэл цахилгааны үүсгэвэрийн эд ангийг эвдэн орж хулгайлсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/ -Гэрч Д.Гийн...”2017 оны 07 дугаар сарын 07-08-ны үед Говил баг 8-1 тоот гэртээ байж байтал манай тэр хавийн зүс таних 2 эрэгтэй хүүхэд надад 20 кг зэс 20 кг хөнгөн цагаан тушаахаар нь би 156,000 төгрөг өгсөн. Т Х нар нь 2017 оны 07 сарын эхээр надад хөнгөн цагаан зэс зарж байсан. Өмнө нь болон дараа надад өгч байгаагүй. Зэс нь нэг хуруу орчим зузаантай, алганы хэмжээтэй жижигхэн байсан. Хөнгөн цагаан нь хаягдал хөнгөн цагаан байсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 16,72-р хуудас/ -Мэргэжилтэн Д.Мын...”Миний үззлэг хийсэн трансформатор нь хэвийн ажиллагаагүй тоногдсон трансформатор байсан. Урьд нь хэзээ тоногдсон нь мэдэгдэхгүй, ажиллагаагүй их удсан трансформатор байсан. Хүүхдүүдийн авсан эд анги нь трансформаторын нам талын 380 кв-аар тэжээгддэг хөнгөн цагаан болон зэс металаар хийсэн дамжуулагч байсан юм байна” гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/ -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 81-82-р хуудас/ -2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаартай “Бан Хас” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-26-р хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Ганзоригийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаартай:Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.Шинжлэгдэж буй 1, 3 гэж угаарласан гарын мөр нь Бадамхандын Тийн зүүн гарын алга , зүүн эрхий хурууны хээгээр үүссэн байна”гэх дүгнэлт /ххийн 31-36-р хуудас/ -2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 118 дугаартай “Найдвар–Од Аудит” ХХКний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-р хуудас/ -Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 52-64-р хуудас/ -Шүүгдэгч Б.Хын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 7 сарын 07-нд бид 2 эсгий гутлын үйлдвэр рүү орсон.Трансформаторын шит цоожгүй байсан тул орсон.бүх зүйл нь салж тоногдсон зүйл байсан.Бид 2 хөнгөн цагаан авсан гэх мэдүүлэг, -Шүүгдэгч Б.Тийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:Хувцас авах мөнгө олох санаатай хөнгөн цагаан авсан гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Өсвөр насны шүүгдэгч Б.Х, Б.Т нар бүлэглэн 2017 оны 07 сарын 07-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн чулуу” ХХК-ний Эсгий гутлын үйлдвэрийн байранд цонхоор нь нэвтэрч трансформаторын нам талын 380 кв-аар тэжээгддэг хөнгөн цагаан болон зэс металаар хийсэн дамжуулагчийг хулгайлан авч 160,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээрхи шүүхийн хэлэлцүүлгээр судалсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул бусдын тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангилалын хэрэг бөгөөд зөвхөн хорих ял оногдуулахаар заасан тул өсвөр насны шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн байдал,учруулсан хохиролын хэмжээ,түүнийг төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан үзэж,өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон байх тухай хуулийн шаардлагыг баримтлан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж,Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн оногдох хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Б. Х, М овгийн Б. Т нарыг бүлэглэн хөрөнгийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Х, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Б.Т нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг тус тус 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Б.Х, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.АРИУНЦЭЦЭГ