Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/371

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б

Улсын яллагч Ц.И

Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Нт холбогдох эрүүгийн 1725000000169 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Ц.Ныг 2017 оны 10 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-17-р байрны орцонд эхнэр Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Ц.Н нь 2017 оны 10 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-17-р байрны орцонд эхнэр Б.Бийг “оройтож ирлээ” гэж толгой руу нь цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар: -Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн…... “ Хадам аавын гэрт ирэхэд нөхөр Нтай 6-17 дугаар байрны орцонд таарсан. Н над руу шууд уурлаж чи ажлаа тараад ирэхгүй яасан юм бэ гээд миний толгой хэсэг рүү гараараа 3-4 удаа цохиод авахаар нь би хадам аавынд гүйгээд ороход Н араас орж ирээд намайг цохих гээд байхад хадам ээж дундуур ороод Ныг салгасан...Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/ -Гэрч О.Бадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Н ач Гоо-Үжингийн хамт манайд ирээд эхнэрээ хүлээсэн. Тэр орой 20 цагийн үед Н гэрээс гараад эргэж орж ирэхдээ эхнэр Бийн хамт орж ирсэн. Гэрт орж ирсэний дараа Н Б 2 хоорондоо маргалдаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/ -Гэрч Б.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Гэрт орж ирсэний дараа Н Б хоёр хоорондоо хэрэлдээд байсан ба Н эхнэрээ цохих гээд байхаар нь би дундуур нь орж Ныг загнахад бэр Б гэрээс хүүхдээ аваад гараад явсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/ -Гэрч Б.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 25- ны өдөр гэртээ байж байхад гаднаас охин Б хүүхдээ тэвэрчихсэн уйлаад ороод ирсэн. Юу болсон талаар асуухад Н намайг зодчихлоо гэж хэлсэн. Бийн хацар нь хавдчихсан байсан. Н өмнө нь 3 удаа зодож байсан. Өмнө нь зодож байсныг үгүйсгэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/ -Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 915 дугаартай: Б.Бийн биед тархи доргилт үүсчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/ -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 30-35-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Ц.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Би 2 удаа цохисон. Миний буруу гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтаар шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 10 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-17-р байрны орцонд эхнэр Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Ц.Нын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн байх тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсан болно. Хохирогч төлбөр нэхэмжлээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч О овогт Ц. Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.АРИУНЦЭЦЭГ