Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/378

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б

Улсын яллагч Б.Б

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эт холбогдох эрүүгийн 1725000000165 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Ц.Эыг 2017 оны 10 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан бууз” кафений урд талын явган хүний зам дээр М.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2017 оны 10 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Ц.Эыг найзуудын хамт явж байхад нь араас нь ирж маргаан үүсгэсэн М.Бийг үсдэх,толгой руу нь цохих, өшиглөх зэргээр зодож биед нь бэлэг эрхтэн, зүүн цавь, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар: - Хохирогч М.Бийн “...2017 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө би 3-22 дугаар байрны харалдаа зогсож байхад миний хуучин нөхөр M- нь хамтран амьдрагч Э болон өөр нэг эмэгтэйгийн хамт Хаан буузны зүг алхаад явж байхаар нь би араас нь очоод M-тай уулзаж чи ядаж хүүхдүүддээ туслаач, би ганцаараа хэцүү байна гэж хэлээд уурлахад хамт явж байсан хоёр эмэгтэй нь ирээд нэг нь миний үснээс зулгаасан. Тэр үед M- салгахад дахиад тэр хоёр эмэгтэйтэй маргалдахад эхлээд миний үснээс зулгаасан эмэгтэйтэй барилцаад авахад Э нь шууд хажуунаас тортой гараараа толгой хэсэг рүү цохисон. Мөн хөлөөрөө миний цавь хэсэг рүү өшиглөсөн. Ямар ч байсан нэг удаа цавь хэсэг рүү өшиглөсөн. M- дахиад бид нарыг салгаад нөгөө хоёр эмэгтэйгээ цаашаа явуулахаар би M-ыг араас нь дуудаж гомдсон сэтгэлээ хэлэхэд Э дахиж миний үснээс зулгаад газар унгаасан. Тэр үедээ миний хөл хэсэгрүү хөлөөрөө цохисон. Намайг газар унгааж үснээс татаж байхад нэг цагдаа ирээд салгаж маргааш цагдаа дээр ирж уулзаарай гэхээр нь би яваад өгсөн юм. Тэр орой миний цавь хэсгээр их өвдөж байсан юм. Маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд бэлэг эрхтэн орчимоор цус хурчихсан байна гэсэн. Э миний бэлэг эрхтэн хэсэг рүү эхлээд өшиглөсөн юм. Би Эыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Этай хамт явсан эмэгтэй намайг хэл амаар доромжлохоор нь би үснээс нь зулгаасан юм...Гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 12-13-р хуудас /

-Гэрч Б.Б-ийн “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз Э, түүний найз залуу M- нарын хамт уулзаж гадуур жаахан явж байгаад шөнийн 01 цаг өнгөрч байхад бид 3 хамт Хаан буузанд хоол идэх гээд 3-22 дугаар байрны урд талын явган хүний замаар яваад зам хөндлөн гарч байхад араас M-ын хуучин эхнэр гэх Б /тэр үед л таньдаг болсон/ гэдэг эмэгтэй ирээд M-ыг хэл амаар доромжилж байсан. Тэр үед Э бид хоёр хэсэг харж зогсож байгаад хамт очиход шууд үгийн зөрөөгүй миний үснээс Б гэдэг эмэгтэй зулгаасан. Бийг M-аа, Э хоёр салгаад би цаашаагаа явах гэхэд Б гэдэг эмэгтэй Этай үснээс нь зулгаалцаж хоорондоо зууралцсан. M- бид хоёр тэр хоёрыг салгахад дахиад Б гэдэг эмэгтэй араас хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь Э, Б хоёр дахиад нэг нэгийнхээ үснээс зулгаагаад Б нь газар унасан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 17-р хуудас/

-Гэрч Э.M-ын “...2017 оны 10 дугаар сарын 21-ний орой хамтран амьдрагч Э болон түүний найз Б- нарын хамт гадуур явж байгаад шөнийн 01 цаг өнгөрч байхад Хаан буузанд очиж хоол идэх гээд 3-22 дугаар байрны явган хүний замаар яваад зам хөндлөн гарч байхад араас хуучин эхнэр Б ирээд намайг дуудсан. Би Бтэй уулзахад хэл амаар доромжил миний хөлрүү өшиглөж байсан. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор ухаан маань орж гараад байсан. Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Би сайн санахгүй байна… гэсэн мэдүүлэг / хх-ийн 19-р хуудас / -Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24- ний өдрийн 900 дугаартай:”...М.Бийн биед бэлэг эрхтэн , зүүн цавь , баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ.Уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт / хх-ийн 21-р хуудас

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 9-р хуудас/

-Эд мөрийн баримтаар камерын бичлэгтэй CD-г тооцох тухай тогтоол / хх-ийн 10-р хуудас / -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35-39-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Ц.Э нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Миний буруу. Намайг янз бүрээр хэлээд доромжлоод байхаар нь уур уцаараа барьж чадаагүй барьж явсан тортой зүйлээр цохиж өшиглөсөн. Хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 10 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан бууз” кафений урд талын явган хүний зам дээр М.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Ц.Эын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн, шүүгдэгчийн асрамжинд бага насны 2 хүүхэд байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулав. Хэрэгт авагдсан, тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Э нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь тогтоогдсон ба улсын яллагч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж нэмж нэгтгэх санал гаргасан. Гэтэл шүүгдэгч шүүх хуралдаанд өмнөх хэргийн шийтгэх тогтоолыг давж заалдсан гэж тайлбарласан ба хэрэгт уг тогтоол хүчин төгөлдөр болсон эсэх талаар баримт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсний дагуу 2 тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй гэж үзэж тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,хохирогч нэхэмжлэл гаргаагүйг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч О овогт Ц. Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ