| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2017/0361/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/383 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.С
Улсын яллагч Б.Ж
Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ут холбогдох эрүүгийн 1725000000141 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Д.Уийг 2017 оны 10 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт шинээр баригдаж байгаа цэцэрлэгт туслах багшаар ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн С.Огаас 120,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт шинээр баригдаж байгаа цэцэрлэгт үйлчлэгчээр ажилд оруулж өгнө гэж итгэл эвдэн Ц.Аас 175,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт шинээр баригдаж байгаа цэцэрлэгт туслах багшаар ажилд оруулж өгнө гэж итгэл эвдэн Б.Цогзолоос 15,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт шинээр баригдаж байгаа цэцэрлэгт туслах багшаар ажилд оруулж өгнө гэж итгэл эвдэн Н.Болортунгалагаас 45,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт шинээр баригдаж байгаа цэцэрлэгт туслах багшаар ажилд оруулж өгнө гэж итгэл эвдэн Б.О-ээс 250,000 төгрөг тус тус залилсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Д.У нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 сарын 09-ний өдрийн хугацаанд “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт шинээр баригдаж байгаа цэцэрлэгт ажилд оруулж өгнө” гэж хуурч иргэн С.О, Ц.А, Б.Ц, Н.Б, Б.О нараас нийт 605,000 авсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар:
-Хохирогч С.Огийн….”Би У гэдэг эмэгтэйг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Согоот багийн зохион байгуулагч Бумаа гэдэг найзаас цэцэрлэгт туслах ажилчин авна гэж байна, чи хурдан очоод уулзчих гэж хэлсэн. Тэгээд би Бумаагаас Уийн утасны дугаарыг аваад холбогдоход Цагаанчулуут багт байх шинэ баригдаж байгаа цэцэрлэгт туслах багшийн ажилд авна, дээрээс хүнээ бүрдүүл гээд шаардаад байна, би өөрөө уг цэцэрлэгийн хүний нөөцийн мэргэлжилтэн байгаа юм гэхээр нь би ямар бичиг баримт бүрдүүлэх юм бэ гэж асуухад туслах багшийн үнэмлэх, иргэний үнэмлэх зэргийг канондаад цээж зураг 2 ширхэг 3 үеийн намтарыг бичээрэй, мөн эрүүл мэндийн хуудас 15,000 төгрөг, туслах багшийн үнэмлэх дээр ахлах багшийн тэмдэг даруулна гээд 50,000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Би өөрийнхөө нөхрийг манаачаар оруулж болох уу гэхэд манаач бас үнэмлэхтэй байх ёстой, 55.000 төгрөгөөр үнэмлэх гаргуулж болно гэхээр нь би тэгье гэж хэлээд тэр өдрөө 120,000 төгрөгийг бэлнээр Утэй уулзаж байгаад өгсөн.”...... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/
-Хохирогч Ц.А-ын .... “ У гэдэг хүний утасны дугаарыг аваад холбогдоход цэцэрлэг ашиглалтанд орох гэж байгаа, хүний тоогоо гүйцээх шаардлагатай байна, үйлчлэгчийн үнэмлэх авах шаардлагатай, чи 70,000 төгрөгийг иргэний үнэмлэх, 2 хувь цээж зургаа аваад ир гэхээр нь би манай ах ажилгүй байгаа юм аа, манаачаар авч болох уу гэтэл болно, ахыгаа надтай уулзуулчих гэж хэлсэн. Би өөрөө Анхбаяр ахын өмнөөс иргэний үнэмлэхний хуулбар, сантехникчийн үнэмлэх, 2 хувь цээж зураг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр бөглөнө гээд 60,000 төгрөгийг өгсөн. У гэх эмэгтэй дахиад надаас эрүүл мэндийн дэвтэр бөглөх хэрэгтэй гээд нэмээд 45,000 төгрөг авсан. У гэдэг эмэгтэй надаас нийт 175,000 төгрөг бэлнээр авсан. ” ....гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/
-Хохирогч Б.Цын ... “2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр миний утас руу найз А залгаад Цагаанчулуут багт шинээр баригдаж байгаа цэцэрлэгт туслах багшаар ажилд авч байгаа юм байна, чи ажилд орохгүй юм уу гэхээр нь би тэгье гэж хэлээд У гэдэг хүний 99340341 дугаарын утас руу залгаж холбогдоход цэцэрлэгийн туслах багшийн нэг орон тоо байна, туслах багшийн мэргэжлийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар, 15,000 төгрөг аваад ир гэхээр нь би Уийн зааж өгсөн Бичил төвийн 2 давхарт уулзаад өгсөн. У маргааш уулзаж цэцэрлэг дээр ирж цэвэрлэгээ хийнэ шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/
-Хохирогч Н.Б-ын ... “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Одонтуяа эгч миний утас руу залгаад нэг эмэгтэй Цагаанчулуут багт шинээр баригдаж ашиглалтанд орж байгаа цэцэрлэгт туслах багшийн орон тоо байна. Ажилд оруулж өгнө гэж байна, чи нэг уулзаадах, би ч бас бүртгүүлчихлээ гэхээр нь У гэдэг эмэгтэйгийн утасны дугаарыг аваад холбогдоход би цэцэрлэгийн барилга дээр ажилладаг юм, та ажилд орно гэх юм бол ажилд оруулж болно, бичиг баримтаа бүрдүүлж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би У гэдэг эмэгтэйд нийгмийн даатгалын дэвтэр, иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх зэргийг хуулбарлаж, мөн эрүүл мэндийн хуудасны 45,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэрнээс хойш Уийн утас холбогдохгүй байж байхад А миний утас руу залгаад нөгөө хүн чинь худлаа ярьчихсан юм шиг байна. Хэдүүлээ дуудаж уулзах хэрэгтэй гээд бид нар Уийг олж уулзаад цагдаа дээр авчирч өргөдөл гаргаж өгсөн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/
-Хохирогч Б.О-ийн ... “Тэгээд тэр эгч намайг Цагаачулуут багт баригдаж байгаа цэцэрлэгт туслах багшаар оруулж өгнө гэж хэлээд 2 хувь цээж зураг, эрүүл мэндийн үзлэгийн 15,000 төгрөгийн хамт аваад явсан. 60,000 төгрөг өгчих би чамд гаргуулаад өгье гэхээр нь 60,000 төгрөг цэцэрлэгийн туслах багшийн үнэмлэхийн хамт өгсөн. Тэгээд над руу байнга залгаад гар хараад байх шиг санагдаад байхаар нь 20,000 төгрөг өгсөн. Ээжийн ажил Монгол банк дээр очоод ээжтэй уулзаад нийгмийн даатгалын дэвтэр хэрэгтэй, нийгмийн даатгалын дэвтэрийг 2 жилээр төлсөн байх шаардлагатай үүнийг бөглүүлэхийн тулд 130,000 төгрөг хэрэгтэй гэж хэлээд авсан. Би Урнаад нийтдээ 250,000 төгрөг өгсөн” Миний бие Болд овогтой О- нь Уээс 250,000 төгрөгийн хохиролоо барагдуулж авсан нь үнэн болно гэх мэдүүлэг/хх-ийн 26-27-р хуудас/ -Яллагдагчаар Д.Уийн өгсөн...Цагаанчулуут багийн цэцэрлэг 2017 оны 11 сарын 01-ний өдр ашиглалтад орно гэж сонсож байсан.Би цэцэрлэгт хохирогч нарыг ажилд оруулж чадахгүй,боломжгүй байсан.Надад мөнгөний хэрэг гараад хүмүүст худлаа хэлээд мөнгийг нь авчихсан юм...Би хохирогч нараас иргэний үнэмлэх,мэрэгжлийн үнэмлэх,цээж зураг зэргийг үнэмшилтэй болгох гэж авсан....Би хохирогч нараас авсан мөнгөө ээжийнхээ эм тарианы зардалд зарцуулсан... гэх мэдүүлэг /хх 44 дүгээр хуудаст/-
-Хохиролын тооцоо, орлогын баримтууд, хохирогч нарын гаргасан хүснэгт /хх-ийн 65- р хуудас /
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51-64-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Д.У нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.У нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 сарын 09-ний өдрийн хугацаанд “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт шинээр баригдаж байгаа цэцэрлэгт ажилд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн иргэн С.О, Ц.А, Б.Цогзол, Н.Болортунгалаг, Б.О- нараас нийт 605,000 эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Д.Уийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн, хохирогч нарт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн байдал, нөгөө талаар хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч А овогт Д. Уийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ