Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 115

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Д.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дүгээр зүйлийн 253.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Сутай овогт Даваажамцын Отгонбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626021045 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Монгол Улсын иргэн, Сутай овогт Даваажамцын Отгонбаяр, /РД:ХН86040115/ 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 5 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо нэгдсэн үндэсний гудамж 3 дугаар байр 26 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны 200-99 тоотод болон Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны 139 тоотод тус тус оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Д.Отгонбаяр нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 5 дугаар хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа эрүүгийн 201526022375 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж байхдаа хохирогч Б.Ирэхбаярыг 2016 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн хохирогчоор байцаасан байцаалт, холбогдогч М.Энхтүвшинг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр тооцож яллагдагчаар татаж байцаасан байцаалтууд, хохирогч Б.Ирэхбаяр, яллагдагч М.Энхтүвшин нараас “хэргийг хааж өгнө үү” гэх хүсэлтүүд хэргийн материалтай байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарыг танилцуулж зуруулсан гэх бичгийн хэв, гарын үсгүүдийг дуурайлган бичиж хэргийн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Болор-Эрдэнийг 2010 оноос эхэлж таньдаг ба  хувийн харьцаатай байдаг байсан. Тухайн үед ээж маань элэгний цириозтой байсан. Тэгээд хохирлын мөнгө авахаас 2 хоногийн өмнө манай эхнэрийн дүүгээс 1.000.000 төгрөг миний дансанд ирсэн байсан. Тэгээд хохирлын мөнгө гэж 650.000 төгрөг  ирсэн бөгөөд эдгээр мөнгөнүүд холилдсон. Би нотлох баримт дээр гарын үсэг зураагүй. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа миний бор өнгийн тэмдэглэлийн дэвтрийн 23-24 дүгээр хуудсанд байх бичгийг хэрэглэсэн” гэв.

 

           Шүүгдэгч Д.Отгонбаяр нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 5 дугаар хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа эрүүгийн 201526022375 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж байхдаа хохирогч Б.Ирэхбаярыг 2016 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн хохирогчоор байцаасан байцаалт, холбогдогч М.Энхтүвшинг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр тооцож яллагдагчаар татаж байцаасан байцаалтууд, хохирогч Б.Ирэхбаяр, яллагдагч М.Энхтүвшин нараас “хэргийг хааж өгнө үү” гэх хүсэлтүүд, хэргийн материалтай байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарыг танилцуулж зуруулсан гэх бичгийн хэв, гарын үсгүүдийг дуурайлган бичиж хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол. /хэргийн 2 дугаар хуудас/

            Эрүүгийн 201526022375 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж цугларсан баримтууд:

            2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Б.Ирэхбаярыг дахин байцаасан байцаалтаар өгсөн мэдүүлэг. /хэргийн 47-48 дугаар хуудас/

2016 оны 04 дугаар сарын 08-ны өдөр яллагдагч М.Энхтүвшинг дахин байцаасан байцаалтаар өгсөн мэдүүлэг. /хэргийн 54-56 дугаар хуудас/

2016 оны 04 дугаар сарын 12-ны өдөр гэрч  Г.Болор-Эрдэнийг дахин байцаасан байцаалтаар өгсөн мэдүүлэг. /хэргийн 58-60 дугаар хуудас/

Г.Болор-Эрдэнийн Хаан банкны 5059261378 дугаарын данснаас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Д.Отгонбаярын Хаан банкны 5022302228 дугаарын данснаас 650.000 төгрөгийг шилжүүлсэн мэдээлэл бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 61 дүгээр хуудас/

            М.Мөнхчимэгийн 2016 оны 04 дугаар сарын 12-ны өдөр тайлбараар асуусан тэмдэглэл. /хэргийн 63-64 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гарын үсгийн шинжилгээ хийсэн криминалистикийн шинжээчийн 2016 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн 2217 тоот дүгнэлт

            1. Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “хэрэг бүртгэлийн ажилгааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажилгаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл”, “хүсэлт” гэх баримт, 2016 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн “хохирогчийг байцаасан тэмдэглэл” гэсэн баримтууд дээрх шинжилж буй гарын үсэг, гар бичмэлүүдэд нэмж бичсэн болон засварласан шинж тэмдэг илрээгүй

            2. Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “хэрэг бүртгэлийн ажилгааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажилгаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл”, “хүсэлт” гэх баримт, 2016 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн “хохирогчийг байцаасан тэмдэглэл” гэсэн баримтууд дээрх шинжилж буй гарын үсгүүд, гар бичмэлүүдийг нэг хүн үйлдсэн,

            3. Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “хэрэг бүртгэлийн ажилгааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажилгаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл”, “хүсэлт” гэх баримт, 2016 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн “хохирогчийг байцаасан тэмдэглэл” гэсэн баримтууд дээрх шинжилж буй гарын үсгүүд нь Б.Ирэхбаярын гарын үсэг биш.

            4. Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “хэрэг бүртгэлийн ажилгааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажилгаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл”, “хүсэлт” гэх баримтууд дээрх шинжилж буй гарын үсгүүд нь Б.Ирэхбаярын бичгийн хэв биш ...”, “ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Энхбаяр” гэсэн дүгнэлт. /хэргийн 32-41 дүгээр хуудас/

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гарын үсгийн шинжилгээ хийсэн криминалистикийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 4267 тоот дүгнэлт

“... 2. Шинжилгээнд ирүүлсэн 201526022375 дугаартай хавтаст хэргийн материалын “20, 21, 22, 23, 24, 25, 29” гэж дугаарласан хуудсан байх баримтуудын М.Энхтүвшин” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зурсан.

            3. Шинжилгээнд ирүүлсэн 201526022375 дугаартай хавтаст хэргийн материалын “27” гэж дугаарласан хуудсан байх баримтад шинжилж буй гарын үсгийг нэг хүн зурсан.

            4. Шинжилгээнд ирүүлсэн 201526022375 дугаартай хавтаст хэргийн материалын “20, 21, 22, 23, 24, 25, 29” гэж дугаарласан хуудсанд байх баримтуудын М.Энхтүвшин” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн М.Энхтүвшиний гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй.

            5. Шинжилгээнд ирүүлсэн 201526022375 дугаартай хавтаст хэргийн материалын “43” гэж дугаарласан хуудсанд байх “ Хүсэлт гаргах нь:” –“44” гэж дугаарлагдсан хуудсанд байх “2016 оны 03 дугаар сарын 01” гэсэн огноотой, “Хэрэг бүртгэлтийн ажилгааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл” гэх баримтууд дах шинжилж буй гар бичмэлүүд болон Д.Отгонбаярын бичгийн хэвтэй гэх загвараар ирүүлсэн бор өнгийн хавтастай дэвтрийн 23, 24 хуудаст байх гар бичмэлүүдийг нэг хүн үйлдсэн.

            6. Шинжилгээнд ирүүлсэн 201526022375 дугаартай хавтаст хэргийн материалын “27” гэж дугаарласан хуудсанд байх “Хүсэлт гаргах нь” гэх бичмэлийг нэг хүн бичсэн...” Дүгнэлт гаргасан ахлах шинжээч, цагдаагийн ахмад С.Сэлэнгэ” гэсэн дүгнэлт. /хэргийн 145-171 дүгээр хуудас/

           

Эрүүгийн 201526022375 дугаартай хэрэгт үзлэг хийж холбогдох баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсарган Эд мөрийн баримтаар тооцсон тухай /хэргийн 74-75 дугаар хуудас/

            Гэрч Б.Ирэхбаярын “Картаа алдсан талаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2015 оны 11 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гаргасны дагуу Баянгол дүүргийн 5-р хорооны хэсгийн байцаагч дэслэгч Отгонбаяр гэх хүн шалгаж эхэлсэн. Хамгийн эхний байцаалтыг 2015 оны 12 дугаар сарын эхээр, дараагийнх нь 2015 оны 01 дүгээр сарын дундуур нийт 2 удаа л авсан. Тэгээд Хаан банкнаас бичлэг аваагүй байгаа, хэргийг түр түдгэлзүүлж байгаа, гэхдээ хэрэг шалгагдаад явна гэж хэлээд таг чиг болсон. 2016 оны 03 дугаар сарын 20-ны үеэр БГД-ийн Прокурор над руу яриад та хохирлоо авсан уу, хохирлоо барагдуулсан тул гомдол саналгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж өгсөн юм уу гэж асуусан. Би хохирлоо аваагүй гомдол саналгүй хэргийг хааж өгнө үү гэсэн хүсэлт өгөөгүй гэж хэлсэн. Тэгвэл маргааш өглөө хүрээд ир гэхээр нь явж очиход прокурор Мөнхцэцэг гэх хүн надтай уулзаад хэргийн материал дотор байсан хүсэлт болон гарын үсэг зэргийг харуулахад минийх биш байсан. Тэгээд надаас гарын үсэг болон бичгийн хэв авсан. Шинжилгээнд хүргүүлнэ гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 04 дугаар сарын 22-ны өдөр хэрэг бүртгэгч ахмад Ш.Эрдэнэтуяа гэх хүн намайг дуудахад явж очсон. Отгонбаярын шалгаж байсан эрүүгийн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж хэлээд надаас хохирогчоор дахин байцаалт авсан. ... 2016 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн намайг хохирогчоор байцаасан тэмдэглэл дээр байгаа үнэн гэсэн үг болон гарын үсэг минийх биш би бичээгүй. Тийм байцаалт өгөөгүй. Он болон өдөр нь буруу 2016 оны 02 дугаар сар бол илүү сартай буюу 29 хоногтой байсан. Гэтэл 30 гэж бичсэн. Дараагийнх нь мөнгө авсан гэх Энхтүвшин нь уучлал хүсч хийсэн хэргээ хүлээсэн тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж миний нэрээр бичсэн хүсэлт бас хуурамч би бичээгүй. Сүүлийнх нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн ажилгааг дуусгаж, хэргийн материалтай танилцсан тэмдэглэл дээр байгаа хэргийн материалтай уншиж танилцав хүсэлт алга хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх өгүүлбэр болон гарын үсэг хуурамч би бичээгүй ийм гурван баримт хэрэгт байсан. Прокурор надад үзүүлсэн. Хэргийг үнэн зөв хурдан шуурхай шийдэх арга хэмжээ авна уу ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 129-131 дүгээр хуудас/

           

Гэрч М.Энхтүвшингийн “...2016 он гараад удаагүй байхад хэсгийн байцаагч, дэслэгч Отгонбаяр манай ажил дээр ирж картны машины талаар асууж байгаад явсан. Арваад хоногийн дараа намайг хэсгийн байцаагч өрөөндөө дуудаж картны машины талаар асууж байцаалт авсан. Дахиж өөр байцаалт аваагүй. Маргааш нь хамт ажилладаг бармен Болор-Эрдэнээс 1 удаа байцаалт авсан гэсэн. Дахиж дуудаж байцаалт аваагүй гэсэн. Мөнхчимэгээс нэг ч удаа байцаалт аваагүй гэсэн ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 132-133 дугаар хуудас/

 

Гэрч М.Мөнхчимэгийн “...Иргэн Б.Ирэхбаяр нь 2015 оны 11 дугаар сарын 19-ны өдөр манай рестораны 1-р ширээнд үйлчлүүлж байсан хүмүүс гарч явахаар нь очиж ширээг цэвэрлэж байтал шалан дээр Хаан банкны карт унагачихсан байхаар нь аваад Энхтүвшинд үзүүлэхэд түрүүний үйлчлүүлсэн ахын карт байна гээд текэн доор хийсэн. Маргааш нь хүн нь ирж авахгүй болохоор картны машинаар уншуулж нууц кодыг хийж 10.000 төгрөг, би 200 мянгаар 2 удаа нийт 510.000 төгрөг аваад Болор-Эрдэнэ бид 3 хувааж ашигласан. Бид 3 хамт гардаг. Хэсгийн байцаагч Отгонбаяр надаас нэг ч удаа байцаалт, тайлбар аваагүй. Нөгөө хоёроос нэг, нэг удаа байцаалт авсан гэсэн. Тэр талаар би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг ./хэргийн 134-135 дугаар хуудас/

 

Гэрч Г.Болор-Эрдэнийн “... 2016 оны сүүлээр санагдаж байна. Баянгол дүүргийн 5 дугаар хорооны хэсгийн байцаагч Отгонбаяр намайг ажил дээрээ дуудаад явж очиход гэрчийн мэдүүлэг аваад болсон асуудлыг хэлсэн. Надаас дахиж байцаалт мэдүүлэг аваагүй. ...Тэр дууддаг өдөр Отгонбаяр энэ хэргийг танай Энхтүвшин үйлдсэн байна. Хэрэг нь удахгүй прокурорт шилжих гээд байна гэхээр нь би картны эзэн ахын утасны дугаарыг өгчих бид нар яриад мөнгийг нь өгье гэхэд Отгонбаяр дуугүй байгаад байсан. Тэгэхээр нь би за за надад байгаа нь 650.000 төгрөг надад байна гэхэд мөн л дуугүй байгаад байхаар нь за за надад 650.000 төгрөг картанд байна гэхэд за за миний данс руу хийчих гээд өөрийнхөө Хаан банкны 5022302228 дугаар өгөхөөр нь би хажууд нь зогсож байгаад гар утасаараа мобайлдаж өөрийнхөө 5059261378 данснаас 650.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 136-137 дугаар хуудас/

 

Гэрч Д.Шандасын “...Отгонбаяр хүнээс мөнгө, төгрөг авсан асуудлаар шалгагдаж байгаа гэж дарга нар ярьж байсан. Чухам яг юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Шалгаж байсан эрүүгийн хэрэг дээрээ буруу зүйл хийсэн гэж өөрөө надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 140-141 дүгээр хуудас/

           

Д.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “... 2015 оны 11 сарын сүүлээр Баянгол дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Топаз нэртэй ресторанд үйлчлүүлж байсан Б.Ирэхбаяр гэх хүн өөрийнхөө Хаан банкны виза картаа алдсан гэх гомдол надад цохогдож би шалгалтын ажиллагааг явуулж 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай Баянгол дүүргийн прокурорын газарт өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 29-ны өдөр хяналтын прокурор Н.Мөнхцэцэг МУЭХТА-ын 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201526022375 дугаартай хэрэг үүсгэн хэрэг бүртгэлт явуулахаар ирүүлсэнийг би шалгаад 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хэрэгсэхгүй болгох саналтай шилжүүлсэн юм. Эрүүгийн 201526022375 дугаартай хэргийг шалгаж байхдаа хохирогч Б.Ирэхбаярыг 2016 оны 02 дугаар сарын 30-ны өдөр хохирогчоор байцаасан мэдүүлэг, М.Энхтүвшинг 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдөр сэжигтэнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан байцаалтууд, хохирогч Б.Ирэхбаяр яллагдагч М.Энхтүвшин нараас хэргийг хааж өгнө үү гэх хүсэлтүүд, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулж бичүүлсэн санал, хүсэлтийн бичгийн хэв, гарын үсэг зэргийг дуурайлган бичиж хэргийн нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн нь үнэн. Энэ хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж байна. Нэгдүгээрт хэргийн хугацаа дуусах гээд, хоёрдугаарт Энхтүвшингээс байцаалт авах гээд утсаар дуудахад Архангай аймагт ажил явдал гараад ирсэн, очих боломжгүй гэхээр нь энэ хоёр хүний өмнөөс байцаалт болон хүсэлт, гарын үсэг зэргийг нь би өөрөө бичээд зурчихсан юм. Энэ үйлдлийг хийхэд хөндлөнгөөс ямар нэг хүн оролцоогүй. Мөн би ямар нэг ашиг сонирхлын үүднээс ийм үйлдэл гаргаагүй.

“... Хохирогч Б.Ирэхбаярын картанд  ойролцоогоор 600 гаран мянган төгрөг байсан гэж би ойлгоод Болор-Эрдэнэ хэдэн төгрөг өгөх юм бэ гэхээр нь 600 гаран мянган төгрөг байсан байх гээд Болор-Эрдэнэ надад байгаа нь 650.000 төгрөг байна гэхээр нь өөрийнхөө Хаан банкны 5022302228 дансны дугаарыг өгсөн. Болор-Эрдэнэ миний данс руу шилжүүлсэн. Манай ээж элэгний хорт хавдартай болоод эмчилгээний мөнгө гээд манай дүү 1.000.000 төгрөг миний данс руу хийсэн байсан. Гэтэл нөгөө 650.000 төгрөг нэмэгдэж орж ирээд холилдоод миний карт манай эхнэрт байсан. ... Тэр орсон мөнгийг мэдэлгүйгээр ээжийн эмчилгээнд зарцуулчихсан байсан. ... Ямар ч эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгөхдөө хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан тэмдэглэл үйлдэх ёстой гэдгийг мэднэ. Тухайн үед бэлэн мөнгө байхгүй картанд байгаа гэхээр нь өөрийнхөө данс руу шилжүүлсэн нь миний буруу юм.” /хэргийн 175-176 дугаар хуудас/

            2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг “... Б.Ирэхбаяр, М.Энхтүвшин нарын мэдүүлэг, хүсэлт, хэргийн материалтай танилцсан тэмдэглэл зэргийг би өөрөө үйлдэж гарын үсгийг нь урьд нь өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээс нь харж байгаад дууриалгаж зурсан нь үнэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” /хэргийн 178-179 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Д.Отгонбаяр нь эрүүгийн 201526022375 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж байхдаа хохирогч Б.Ирэхбаярыг 2016 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн хохирогчоор байцаасан байцаалт, холбогдогч М.Энхтүвшинг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр тооцож яллагдагчаар татаж байцаасан байцаалтууд, хохирогч Б.Ирэхбаяр, яллагдагч М.Энхтүвшин нараас “хэргийг хааж өгнө үү” гэсэн баримтуудыг хуурамчаар үйлдэн дээрх эрүүгийн хэрэгт нотлох баримтаар бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дах хэсэгт заасан “Хэрэг бүртгэгч ... эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн ...” гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан үйлдэл бөгөөд хэргийн зүйлчлэл зөв тул Д.Отгонбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Д.Отгонбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 38 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэсэн байх тул түүнийг урьд ял шийтгүүлж байгаагүй анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Отгонбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлыг харгалзан түүнд шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                    

1. Шүүгдэгч Сутай овогт Даваажамцын Отгонбаярыг хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дах хэсэгт зааснаар Д.Отгонбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Д.Отгонбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дах хэсэгт зааснаар Д.Отгонбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Отгонбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд энэ тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.     

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дах хэсэгт зааснаар Д.Отгонбаяр нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Отгонбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ