Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0032/З |
Дугаар | 128/ШШ2021/0029 |
Огноо | 2021-01-12 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2021/0029
2021 оны 01 сарын 12-ны өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2021/0029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК
Хариуцагч:АМГТГКХ.
Нэхэмжлэлийн шаардлага: ... Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 356 дугаар шийдвэрийн Х Л ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х л ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Х Л ХХК нь Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах *******нэртэй газарт орших 12198,8 гектар газарт хайгуулын 1*******x дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш эзэмшиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөөр ирсэн. Гэтэл уг хайгуулын тусгай зөвшөөрлийг бидэнд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийхгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 356 дугаар шийдвэрээр цуцалсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах талаар тусгасан бөгөөд уг ажиллагааг явуулаагүйн хуулийн 27.2.1, 27.3, 27.4, 27.5, 27.6, 27.7-д заасан заалтуудыг зөрчсөн. Хэрэв хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан бол тайлбар, нотлох баримтаа гаргах, үүссэн асуудлыг арилган тусгай зөвшөөрлөө цуцлуулахгүй байх боломжтой байсан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, мөн хуулийн 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, мөн хуулийн 26.1-д Захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, мөн хуулийн 31.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй гэх заалтуудыг зөрчин илт хууль бус захиргааны акт гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37 6-д хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 256 дугаар шийдвэр дээрх хуулийн зүйл заалтуудыг зөрчиж гаргасан, эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэхээр байна. Энэхүү хуульд заасан сонсох ажиллагаа болон оролцогчийн эрхийг хангаагүй, хууль зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гаргаж, түүнийг биелүүлэх, хэрэгжүүлэхийн шаардаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 356 дугаар шийдвэрийн нэг дэх заалтын 2 дах хэсэг буюу Х Л ХХКд холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Х Л ХХК нь Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах *******нэртэй газарт орших 12198,8 гектар газарт хайгуулын 1*******Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш эзэмшиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөөр ирсэн. Гэтэл уг хайгуулын тусгай зөвшөөрлийг бидэнд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийхгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтийн даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 356 дугаар шийдвэрээр цуцалсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах талаар тусгасан бөгөөд уг ажиллагааг явуулаагүй нь мөн хуулийн 27.2.1, 27.3, 27.4, 27.5, 27.6, 27.7-д заасан заалтуудыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан байдаг. Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан шийдвэрийг эрх зүйн зөрчилтэй гэж үзэж байна. Хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй. Оролцогчийн эрхийг хангахгүй, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд шууд халдсан нь байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар уг шийдвэр илт хууль бус гэж үзэж байгаа тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 356 дугаар шийдвэрийн "Х Л" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Тусгай зөвшөөрөл цуцлагдчихаар энэ хөрөнгө оруулалт үр ашиггүй болох гээд байгаа юм. Тухайн үеийн удирдлагууд хариуцлагагүй хандсан. Энэ шийдвэрийн талаар саяхан л мэдсэн Компани байгуулах үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлаж байсан. Сүүлд Чингэлтэй дүүрэг рүү шилжиж хаягаа өөрчилсөн. Шуудангийн буцаалт хийгдэж ирсэн ч гэсэн тодруулах, дахин явуулах зэрэг процесс ажиллагаа байгаа, утасны дугаар хэвээр байгаа гэж байна. Утсаар холбогдох ёстой байсан. Тухайн үед одоогийн гүйцэтгэх захирал нэлээд асуудалтай байсан. Компанийн үйл ажиллагаанд байнга оролцож чадаагүй. Тухайн үеийн гүйцэтгэх захирал үйл ажиллагаа хэвийн явж байгаа гэсэн ойлголтыг бидэнд өгч байсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын даргын 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 99 дүгээр шийдвэрээр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах *******нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Х Л ХХК-д олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө төлөөгүй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34 дүгээр зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заажээ. Гэтэл Х Л ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө төлөөгүй Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 356 дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна. Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 356 дугаар шийдвэрийг Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 7/4589 дүгээр албан бичгээр Х Л ХХК-д Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын бүртгэлийн систем /CMCS/-д бүртгүүлсэн албан ёсны хаяг болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1-185 дугаар хаягаар мэдэгдсэн боловч 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шуудангийн буцаалтаар ирсэн. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 356 дугаар шийдвэрийн 2 дахь хэсэгт заасан Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах *******нэртэй хайгуулын 1*******X дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч Х Л ХХК-аас гаргасан ... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 356 дугаар шийдвэрийн Х Л ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулж, тайлбар тодруулга гаргах боломжоор хангаагүй, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд мэдэгдэл хүлээн аваагүй, хуулийн этгээдийн ашиг сонирхолд халдсан ... хэмээн маргасан бол хариуцагчийн зүгээс ... мэдэгдэл хүргүүлэх үүргээ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн, хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тул цуцалсан шийдвэр нь хууль зөрчөөгүй хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 99 дүгээр шийдвэрээр Х Л ХХК-нд Өмнөговь аймгийн ******* сумын нутагт орших *******нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын 14757Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосноор 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш уг тусгай зөвшөөрлийг эзэмшиж иржээ.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 356 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг тодорхойлж дээрх үндэслэлээр маргасан. Уг шийдвэрээр ... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Х Л ХХК-ийн эзэмшлийн ХV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д: тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т: тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж тус тус зааснаар ХV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болох Х Л ХХК жил бүр буюу 2009 оноос хойш төлж ирсэн, анх олгогдсон ёсоор тухайн жилийнхээ 3 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх үүрэгтэй байна.
Ийнхүү хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д: Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги төлнө, мөн хуулийн 34.7-д: энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд ... гэж зааснаар тухайн төлбөр төлөх хугацаанаас хойш 30 хүртэл хоногийн хугацаанд төлбөр болон төлбөрт ногдох алдангийг төлөх боломжтой байна, нэхэмжлэгчид энэ боломж мөн байжээ.
Гэтэл Х Л ХХК-нд ХV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг нэхэмжлэгчийн кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй хаягаар хүргүүлэхэд заасан хаягт байхгүй шалтгаанаар буцаагдсан талаарх Монгол шуудан ХК-ийн баримт, хариуцагчийн уг мэдэгдлийг нэхэмжлэгчид мэдэгдсэнд тооцох ёстой гэх тайлбар, нэхэмжлэгчийн хуульд заасны дагуу хариуцагч тусгай зөвшөөрлийг цуцлах талаар эзэмшигчид мэдэгдээгүй, мэдсэн бол үүссэн асуудлыг арилган тусгай зөвшөөрлөө цуцлуулахгүй байх боломжтой байсан гэх тайлбараас үзэхэд хариуцагч захиргааны байгууллагын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5/1596 дугаар албан бичгийг нэхэмжлэгч хүлээн аваагүй, энэ талаар шүүхээс шаардсан нотлох баримтыг захиргааны байгууллага гаргаж ирүүлээгүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 7/4589 дугаар албан бичгээр Танай компани тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 356 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл цуцалсан болохыг мэдэгдье хэмээн мэдэгдлийг Х Л ХХК-нд хүргүүлсэн боловч, бодит байдал дээр энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн аваагүй, Ашигт малтмалын газарт буцаан хүргэгдсэн болох нь хариуцагчаас ирүүлсэн Баримт бичиг хүлээлцэх дэвтэр, заасан хаягт байхгүй тэмдэглэгээтэй буцаалт хийгдсэн талаарх Монгол шуудан ХК-ийн албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн энэхүү тусгай зөвшөөрөл нь хайгуулын тусгай зөвшөөрөл бөгөөд ...хөрөнгө оруулалт хийж, цаг хугацааны хувьд олон жилийн хөдөлмөр шаардсан гэх нэхэмжлэгчийн тайлбарын хувьд хүлээн авах үндэстэй, захиргааны байгууллага албан тушаалтан мэдэгдэл хүргэгдсэнийг шалган тогтоогоогүй, цуцлах шийдвэр гаргахдаа анхаараагүй үйлдлээс нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх нь хаагдахад хүрчээ.
Иймд хариуцагч захиргааны байгууллагыг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14: хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, 11.1.15: ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах ... , 11.1.16: ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх, 11.1.17: тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх, 11.1.25: ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох гэж зохицуулснаар тусгай зөвшөөрөл эзэмших боломжтой шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг олж тогтоож, тэдгээрт тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаарх шийдвэр гаргах бүрэн эрхийг маргаан бүхий энэ тохиолдолд хэрэгжүүлэхдээ хяналт тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна гэж шүүхээс дүгнэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д: захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасны дагуу захиргааны акт гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасан мэдэгдлийг хүлээн аваагүй байхад үүнийг анхаарахгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д: иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х Л ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 356 дугаар шийдвэрийн Х Л ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН