Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 221/МА2015/0384 |
Дугаар | 121/2014/0038/З |
Огноо | 2015-08-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 121/2014/0038/З
2015 оны 8 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2015/384
Улаанбаатар хот
С.Э , Э.Р , Г.Л нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч С.Э гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгч Э.Р гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгч Г.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагч НЕТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 351 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Н.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Э , Э.Р , Г.Л нарын нэхэмжлэлтэй, НЕТГ , НМХГ , УБЕГ-ын харъяа БЗДБХ т холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э , Э.Р , Г.Л , тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.Б, Г.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ...Бид нар Ургах наран хорооллын 12 дугаар байрны 11, 12, 34 тоот сууц, түүний зоорийн давхарт байрлах 11, 12, 5 дугаартай зогсоолуудыг ЖЦ ХХК-ийн захирал Н.А тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан, зоорийн давхрын батлагдсан зураг төсөлтэй танилцан, 17 машины зогсоол байршуулж, орох гарах гарц дээр машин байрлуулахгүй нөхцлөөр ярьж тохиролцон анхны хэрэглэгч болж, үнийг төлж худалдан авсан. Уг байр нь 5 давхар, 48 айлын орон сууцтай, зоорийн давхартаа 17 автомашины зогсоолтой байх зургийг зураг төслийн А ХХК гүйцэтгэсэн, ...2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 126/2012 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар баталгаажуулан байнгын ашиглалтад оруулсан. Дээрх актад авто зогсоолын тоо засвартай, хэн засаж, хэд болгосон нь мэдэгдэхгүй байна... Гэтэл ЖЦ ХХК-ийн захирал Н.А , түүний ээж н.Насандэлгэр нар зогсоолын тоог 2011 онд 17, 2012 онд 20, 2013 оны 10 дугаар сараас 24 болгон нэмэгдүүлж, тодруулбал 5 дугаар зогсоолыг 2 хувааж машин байрлах боломжгүй болгосны зэрэгцээ Э.Р , С.Э нарын 11, 12 дугаар зогсоолын орц, гарцыг хааж, 10, 24 гэх 2 зогсоол бий болгон дугаарлаж, бусдад худалдсан нь уг барилгын зоорийн давхрын технологийн байгуулалтын батлагдсан зураг, Авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342-2007-ийн 4.3.3, 4.6, 4.7 дахь заалтуудыг ноцтой зөрчин зогсоол нэмж, өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан байна... Иймд, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 126/2012 дугаар актын хэд гэдэг нь тодорхойгүй, засвартай хэсгүүдийг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлэн 17 зогсоолоор тогтоолгох, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 12 дугаар байрны зоорийн давхарт олгогдсон 10, 24, 22 дугаартай зогсоолыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 126/2012 дугаартай актын 1.1 дэх заалт буюу Барилга байгууламжийн нэр, байршил, хүчин чадал хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 12 дугаар байр, 48 айлын орон сууц, 17 автомашины гарааш бүхий гэж өөрчлөн тогтоохыг НЕТГ т даалгах, мөн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 12 дугаар байр, 48 айлын орон сууцны барилгын зураг төсөл болон холбогдох хууль тогтоомжийг зөрчин эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт нэмж бүртгүүлсэн иргэн Н.А ийн нэр дээрх 3, 8, 16, 20, 21, 22, 24 тоот зогсоол, иргэн Н.Б-ийн нэр дээрх 10 тоот зогсоолуудын улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч НЕТГ-ын орлогч дарга Э.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолын дагуу Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комисс нь маргаж буй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны 12 дугаар байрыг байнгын ашиглалтад хүлээж авсан ба НМХГ-ын 2012 оны 126/2012 дугаар актад 12 дугаар байр нь 24 автомашины зогсоолтой гэж бичигдсэн байна. Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс нь тухайн барилгыг зургийн дагуу баригдсан эсэхийг шалгаж, хүлээж авсан болохоос зоорийн давхар дахь гараашийн тоо хэмжээ нэмэгдсэн, өөрчлөгдсөн эсэхийг тогтоохгүй... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын комиссын актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, гагцхүү ЖЦ ХХК-д залилуулсны улмаас эрх нь зөрчигдсөн байдал байх тул Улсын комиссын актыг хүчингүй болгож, даалгасан шийдвэр гаргах боломжгүй гэжээ.
Хариуцагч НМХГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О, Д.Х нар шүүхэд гаргасан тайлбартаа: НМХГ-ын архивт хадгалагдаж буй архивын баримт бичигт Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 126/2012 дугаар актад авто зогсоолын тоог 24 гэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын авто зогсоолын тоо засвартай гэсэн асуудал үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042390, Ү-2204042377, Ү-2204055925 дугаарт бүртгэгдсэн авто зогсоолуудын архивын эх нотлох баримт бичгийг хянан үзэхэд тухайн бүртгэлүүд нь холбогдох хууль тогтоомжийн дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байх тул тухайн бүртгэлүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Н.Б, өмгөөлөгч А.Н нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд ЖЦ ХХК-тай гэрээ байгуулж, Ургах наран хорооллын 12 дугаар байрны 03 тоотын 57 м.кв бүхий орон сууц, тухайн байрны зоорийн давхарт байрлах 17 автомашины зогсоолоос 10 дугаартай зогсоолыг сонгон худалдан авч, одоог хүртэл амьдарч байна. Тухайн үед мөнгөний боломжгүйн улмаас Хас банктай барьцаат зээлийн гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн... Би анхнаасаа хуулийн дагуу худалдан авсан 10 дугаар зогсоолын хууль ёсны өмчлөгч... гэжээ.
Гуравдагч этгээд Н.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, өмгөөлөгч Н.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас томилогдон ажилласан Улсын комисс нь Ургах наран хорооллын 12 дугаар байрыг зоорийн давхартаа 24 машины зогсоолтойгоор байнгын ашиглалтад хүлээн авсны дагуу Н.А нь хуулийн шаардлага хангасан баримтыг бүрдүүлэн, үнэн зөвөөр мэдүүлэн бүртгүүлж, 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дээрх зогсоолуудын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр авсан. Уг өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа нэхэмжлэгч нарт 5, 11, 12 дугаар зогсоолуудыг худалдсан Н.А ийн нэр дээрх 7 зогсоолын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол юунаас болж, хэрхэн хөндөгдсөн болох нь тодорхойгүй, хүчингүй болгуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл 2 хоорондоо нийцэхгүй байна... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 351 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 16 дугаар зүйлийн 16.7, 17 дугаар зүйлийн 17.1.4, 25 дугаар зүйлийн 25.2.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 126/2012 дугаартай актын 1.1 дэх заалт буюу Барилга, байгууламжийн нэр байршил, хүчин чадал гэсэн хэсгийн авто зогсоолд холбогдох хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн иргэн Н.А ийн нэр дээр Ү-2204042391, Ү-2204042390, Ү-2204042389, Ү-2204042385, Ү-2204042381, Ү-2204042378, Ү-22040423977 дугаарт бүртгэсэн 21, 24, 20, 3, 16, 18, 22 тоот зогсоолууд болон иргэн Н.Б-ийн нэр дээр Ү-2204055925 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 10 тоот зогсоолуудын улсын бүртгэлийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар энэхүү шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Н.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А давж заалдах гомдолдоо: ...Нэг. Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 126/2012 дугаар актын 1.1 дэх хэсгийг хүчингүй болгож, 17 автомашины гарааш бүхий гэж өөрчлөн тогтоохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй. а.Хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар буруу дүгнэлт хийсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны акт өөрийнх нь эрх ашгийг зөрчиж байна гэж үзвэл уг захиргааны актыг мэдсэнээс хойш эсхүл танилцсанаас хойш 30 хоногийн дотор дээд шатны удирдлагад гомдол гаргаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар заасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан байх тул захиргааны актыг өөрийн эрх ашгийг зөрчсөн гэж мэдсэн буюу танилцсан өдрөөс хугацаа тоологдоно. Нэхэмжлэгч нар нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бидний эзэмших эрх зөрчигдсөн тухай мэдэж, эрхээ сэргээлгэхээр 2014 оны 02 дугаар сард Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай дурдсан байна.
Өөрөөр хэлбэл, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нар нь улсын комиссын акт өөрсдийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж, 2014 оны 02 дугаар сард хэргийн харъяаллыг буруу тодорхойлон Иргэний хэргийн шүүхэд хандаж, дараа нь 2014 оны 05 дугаар сарын 01-нд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад зөвхөн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай тайлбар, үйл баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх журмыг биелүүлээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталж, хэргийн нотлох баримтыг гуйвуулан тайлбарласан шударга бус дүгнэлт болжээ.
б. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож, нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэлд ...зогсоолын тоог 2011 онд 17, 2012 онд 20, 2013 оны 10 дугаар сараас 24 болгон нэмэгдүүлсэн гэж бичсэн байх бөгөөд үүнээс үзэхэд улсын комиссын акт 17 машины зогсоолтой гарсан байхад зогсоолын тоог 24 болгон нэмэгдүүлсэн гэж ойлгогдож байна. Гэтэл бодит нөхцөл байдал огт өөр юм. Улсын комиссын акт 24 машины зогсоолтой гэж гарсан бөгөөд 24 автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ 2012 оны 05 дугаар сард Н.А ийн нэр дээр баталгаажиж гарснаас нэхэмжлэгч нар гараашийн зогсоолын байдалтай танилцсаны үндсэн дээр Н.А ээс 11, 12, 5 дугаар зогсоолуудыг худалдан авсан бөгөөд тэдний өмчлөх эрхийн бүртгэл 2012 оны 11 дүгээр сард хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдана. Иймд нэхэмжлэгч нар худалдан авсан нөхцөл байдлаа мэдсээр байсан атлаа бусдыг буруутган ийнхүү сүүлд зогсоолын тоог нэмэгдүүлсний улмаас өөрсдийнх нь зогсоол эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн мэтээр нөхцөл байдлыг гуйвуулан тайлбарлаж нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
в. Маргаан бүхий актын тухай шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг анхаараагүй. Маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох нь гол ач холбогдолтой. Тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч буй, түүний үндэслэлийн талаар заавал тодорхойлохыг хуулиар шаардсан байна. Нэхэмжлэгч нар 2015 оны 01 дүгээр сарын 27-нд нэхэмжлэлийн шаардлагаа Н.А ийн нэр дээрх 7 зогсоолын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн байх боловч дээрх 7 зогсоолын улмаас нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг хөндөгдөж байгаа, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх талаар огт дурдаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл шаардлагаа тодорхойлж чадаагүй, 2014 оны 05 дугаар сарын 01-нд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй зөрчилдсөн, хуулийн шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх үүнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.
г. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлж чадаагүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...зоорийн давхрын технологийн байгуулалтын зурагт автомашины зогсоолын тоог 17-оор төлөвлөсөн болох нь ҮТА-ын 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02/318 дугаар албан бичгээр ирүүлсэн зоорийн давхрын технологийн байгуулалтын зураг, А ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 тоот бичиг болон ирүүлсэн зоорийн давхрын технологийн байгуулалтын зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэжээ. Хавтаст хэргийн 133 дугаар хуудсанд авагдсан Үндэсний төв архиваас ирүүлсэн зоорийн давхрын зураг, мөн Архивын ерөнхий газрын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04/70 дугаар албан бичгээр ирүүлсэн зоорийн давхрын зургууд нь адил 19 машины зогсоолтой, хавтас хэргийн 152 дугаар талд авагдсан А ХХК-ийн зураг нь 17 машины зогсоолтой байх боловч дээрх архивын газруудаас ирүүлсэн зургуудтай харьцуулахад технологийн байгуулалт буюу зогсоолын төлөвлөлт өөр байхад хоёр өөр баримтыг нэгтгэн нэг дүгнэлт хийж буй нь илт үндэслэлгүй байна.
Энэ дүгнэлтээс үзэхэд анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн тайлбарлаж, дүгнэж буй нь илэрхий харагдаж байна. Нэхэмжлэгч талаас дээрх архивын газруудаас авагдсан 19 машины зогсоолтой зургийг 17 машиных байх ёстой, багана, тэнхлэг давхардсан гэж тайлбарлаж байгаа боловч архивт авагдсан зургийг хэн ч, шүүх ч өөрөөр тайлбарлах эрхгүй бөгөөд зохиогч нь анх өөрийн зохиосон зургаасаа буюу архивт авагдсан зургаас өөр төлөвлөлттэй зураг хийж гаргаж өгсөн байгаа нь дээрх маргаж буй гарааш 17 машины зогсоолтой байхаар төлөвлөгдсөн гэдэгт зүй ёсны эргэлзээ төрүүлж байна.
Хоёр. 8 автомашины зогсоолын бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нар Н.А ийн нэр дээрх дугаар бүхий 7 автомашины зогсоолын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тухай дээр дурдсан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ 3, 8, 16, 20, 21, 22, 24 дүгээр зогсоолыг хүчингүй болгуулахаар тодорхойлжээ. Хэрэгт авагдсан баримт Баянзүрх дүүргийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн лавлагааг шүүх үндэслэл болгосон байх бөгөөд энэ лавлагаанд Н.А ийн нэр дээр бүртгэлтэй зогсоолын дугаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зогсоолын дугаартай зөрж байхад шүүх нэхэмжлэлд дурдсан зогсоолын дугаарыг өөрчлөн 21, 24, 20, 3, 16, 18, 22 зогсоолуудын бүртгэлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх энэ шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардлагаас хэтрүүлж, сайн дураар засч залруулан хангасан байх нь шүүн таслах ажиллагааны үндсэн зарчмыг зөрчжээ.
Анхан шатны шүүх эхлээд маргаж буй гараашийн зогсоолын тоотой холбоотой маргааныг эргэлзээгүй байх талаас нь бүрэн дүүрэн шийдвэрлэсний үндсэн дээр түүнтэй холбогдох бүртгэлийн талаарх шаардлагыг хянан шийдвэрлэх ёстой байсан. Шүүх нь Улсын комиссын актыг хэргийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн атлаа хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй байхад дахин шинээр гарах акт 17 машины зогсоолтой байх ёстой гэж урьдчилсан төсөөлөл, ойлголт төрүүлэх зорилгоор 17-оос давсан тоо, хэмжээг хязгаарлан шийдвэрлэсэн байх нь захиргааны байгууллагын хуулиар олгосон эрх хэмжээнд халдсан хэрэг болжээ. Шүүх ийнхүү илт үндэслэлгүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан тул хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Гуравдагч этгээд Н.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-ийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 126/2012 дугаартай актын 1.1 дэх заалт буюу Барилга, байгууламжийн нэр байршил, хүчин чадал гэсэн хэсгийн заалтыг хүчингүй болгож, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 12 дугаар байр, 48 айлын орон сууц, 17 машины гарааш бүхий гэж өөрчлөн тогтоохыг НЕТГ т даалгуулах, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 12 дугаар байрны 48 айлын орон сууцны барилгын зураг төсөл болон холбогдох хууль тогтоомжийг зөрчин, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн иргэн Н.А ийн нэр дээрх Ү-2204042391, Ү-2204042390, Ү-2204042389, Ү-2204042385, Ү-2204042381, Ү-2204042378, Ү-22040423977 дугаарт бүртгэсэн 21, 24, 20, 3, 16, 8, 22 тоот зогсоолууд болон иргэн Н.Б-ийн нэр дээр Ү-2204055925 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 10 тоот зогсоолуудын улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
Шүүх талуудын тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болороос ЖЦ ХХК-д залилуулсаны улмаас иргэдийн эрх ашиг хохирсон тухай тайлбарлаж байна. Шүүх оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээд шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруу биш гэж дүгнэв.
1. Улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх хариуцагч БЗДБХ нь авто зогсоолуудын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтыг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүйгээс зураг төслийг боловсруулсан А ХХК-ийн 07-05 цифртэй зураг төслөөс өөр /ЖЦ ХХК-ийн гаргаж ирүүлсэн Ургах наран хотхоны 12 дугаар байрны гараашийн байгуулалт/ гэсэн баталгаажаагүй зураг төслийг үндэслэн дээрх авто зогсоолуудыг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан улсын бүртгэгч мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шинээр бий болсныг нотлох баримт, бичгийг үндэслэн бүртгэхээр заасныг тус тус зөрчиж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Нөгөө талаар нэхэмжлэлийн эхний шаардлага болох Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 126/2012 дугаартай актын 1.1 дэх заалт буюу Барилга, байгууламжийн нэр байршил, хүчин чадал хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг захиргааны актыг түдгэлзүүлсэн хугацаанд захиргааны байгууллагаас хэрхэн шийдвэрлэх нь тухайн авто гараашийн бүртгэл болон улсын гэрчилгээний тухайд ач холбогдолтой байна. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны зоорийн давхарт 17 эсхүл 19 эсхүл 22 гарааш байх эсэх нь Н.А , Н.Батдэмбэрэл нарын нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болох эсэхэд чухал нөлөөтэй тул улсын бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болголгүй түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.
2. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 126/2012 дугаартай актын 1.1 дэх заалт буюу Барилга, байгууламжийн нэр байршил, хүчин чадал гэсэн хэсгийн заалтыг хүчингүй болгох шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар барилга байгууламж нь хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, аюулгүй байдлыг хангасан байхын зэрэгцээ барилгын норм, дүрэм, техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон зураг, төслийн дагуу баригдсан байх ёстой.
Уг орон сууцны барилгын зоорийн давхрын зураг төслийг боловсруулсан А ХХК-ийн 07-05 цифртэй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ургах наран хорооллын 48 айлын орон сууцны 12 дугаар байрны зоорийн давхрын технологийн байгуулалтын зурагт автомашины зогсоолын тоог 17-оор төлөвлөсөн болох нь Үндэсний төв архивын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/318 дугаар албан бичгээр ирүүлсэн зоорийн давхрын технологийн байгуулалтын зураг, А ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 тоот албан бичиг болон дээрх албан бичгээр ирүүлсэн зоорийн давхрын технологийн байгуулалтын зураг зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас үзэхэд уг барилгыг байнгын ашиглалтад оруулах Техникийн комиссын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлд зоорийн давхартаа 20 машины зогсоолтой ... гэж, мөн Улсын комисс ажилласан тухай 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын протоколд зоорийн давхартаа 20 машины зогсоолтой гэж тус байрны батлагдсан зоорийн давхрын технологийн байгуулалтын зураг төсөлд зааснаас өөрөөр, зогсоолын тоог зөрүүтэй бичсэн нь тогтоогдсон байна.
Иймд, шүүхээс анх уг орон сууцны барилгын зоорийн давхрын зураг төслийг боловсруулсан А ХХК-ийн 07-05 цифртэй Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын 48 айлын орон сууцны 12 дугаар байрны зоорийн давхрын технологийн байгуулалтын зураг төслийг өөрчилсөн эсэх, өөрчлөгдсөн тохиолдолд гүйцэтгэлийн зураг боловсруулж, баталгаажуулсан эсэх, зоорийн давхрын 17 болон 24 авто зогсоолын аль нь Барилгын тухай хууль, барилгын норм, дүрэм, холбогдох стандартад нийцэж байгаа эсэх зэрэг хэргийн нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь хуульд нийцнэ гэж шүүх үзсэн нь зөв байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байсан бөгөөд шүүх тухай бүрт нь тухайн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хэргийн оролцогчдод гардуулан тайлбар авч, оролцогчдын эрхийг хангаж хэргийг шийдвэрлэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй байна гэж дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 351 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Н.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Н.А ээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР