Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/414

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б

Улсын яллагч Б.Ж

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л

Хохирогчийн өмгөөлөгч О.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г холбогдох эрүүгийн 1725002460160 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Ц.Гыг 2017 оны 09 сарын 16-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Хүрэнбулаг багийн 4-8 дугаар байрны гадна 11 настай Н.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Ц.Г нь 2017 оны 09 сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4- 8 дугаар байрны гадна 11 настай Н.Бг “хүүхэд мөргөж унагаалаа” гэж нүүрэн тус газар нь цохиж биед нь хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар:

-Насанд хүрээгүй хохирогч Н.Бгийн . . . “би тэр өвөөгөөс уучлаарай би санаадгүй мөргөчихлөө гэсэн чинь битгий солиороод бай гээд хүзүүнээс татаж ирээд хамар руу нэг гараа атгаж байгаад нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-ын . . . “2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн орчим манай хүү Н.Б ангийнхаа хүүхдийнд очоод ирье гээд гарсан. 11 цаг 57 минутад ангийнхаа хүүхдийн утаснаас залгаад 4-8 дугаар байрны гадна талд нэг том хүн миний хамрыг цохиод хугалчихлаа гэсэн. Намайг очиж байхад өөрсдөө эмнэлэг явсан байсан, би эмнэлэг дээр шууд очсон. Тэгээд хүүхдээ дагуулж 4-8 дугаар байрны гадна очоод цохьсон гэх хүнтэй уулзсан. Та яагаад хүн цохиод байгаа юм бэ гэтэл танай хүүхэд манай хүүхдийг явганаар дайрч унагаасан, тэгээд би уурандаа цохисон байна, уур хүрээд байсан болохоор хаана нь цохисоноо санахгүй байна гэсэн. Тэгэхээр нь яагаад хамар нүүр рүү нь цохиж байгаа юм бэ гээд цагдаа дээр очъё гээд цагдаагийн байгууллага дээр хамт ирээд гомдол гаргасан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

-Гэрч Г.Т-ын . . . “2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би гэртээ 13 цагийн орчимд орж ирээд байж байтал манай дүү Цэлмэг гаднаас орж ирээд манай өвөө хүүхдийн хамар руу цохьчихлоо гэхээр нь сандараад хувцасаа өмсөөд гадаа гараад очиход цагдаа нар болон хамартаа цохиулсан хүүгийн ээж аав хоёр ирсэн байсан. Тэгээд очоод уулзахад танай аав чинь манай хүүхдийн хамрыг цохисон байна гэхээр нь халуун дээр нь эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гээд Медипас эмнэлэг ороод хамрын зургийг нь авахуулаад, хамрыг нь янзлуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

-Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 790 дугаартай: Н.Бгийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/, -Эмчилгээний төлбөр төлсөн баримт /хх-ийн 48-51-р хуудас/

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 29-47-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр хүүхдээ салхилуулаад явж байсан. Манай хүүхэд хөлд л орж байгаа хүүхэд. Би хүүхдээ тэвэрч яваад газар буулгатал тэр банди дайраад унагасан. Тухайн үед уур хүрч юу хийсэн хэлснээ мэдэхгүй байгаа. Ямар ч гэсэн алгадасан. Миний буруу, гэм буруугаа хүлээж байна. Манай хүү дагаж яваад хамрын эмчилгээг хийлгэж өгсөн. Цаашид төлбөр гарвал төлнө гэжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвабаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ : Манай хүү 11 настай ухарч яваад тэр хүүхдийг харалгүй түлхэж унагасан юм билээ. Энэ хүн шилэн хүзүүнээс нь татаж байгаад хамар руу нь цохисон гэсэн. 300 000 төгрөгний үзлэг шинжилгээ хийлгэж хамрыг нь тэгшилсэн. Одоо толгой нь өвдөж хамраас нь эвгүй үнэртдэг. Байнга шарлага эмчилгээ хийлгэж байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Энэ хүнд торгох ялыг дээд хэмжээгээр нь оногдуулна уу гэжээ. Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 09 сарын 16-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Хүрэнбулаг багийн 4-8 дугаар байрны гадна 11 настай Н.Бг “хүүхэд мөргөж унагалаа” гэж нүүрэн тус газар нь цохиж биед нь хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй. Шүүгдэгч Ц.Гын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч хохирогчийн эмчилгээний 357 500 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогч нэмж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн, хохирогчид учруулсан гэмтлийг эмчлэх зардлыг төлж шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн байх тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд “Энэ хүнд торгох ялыг дээд хэмжээгээр нь оногдуулна уу” гэсэн ч, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж хохиролыг төлсөн нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,төлөх төлбөргүйг дурдсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Ц Гыг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хохирогч эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ