Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 098

 

Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж харажан овогт Мы Ргийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Ө аймгийн Ө сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль /захирал Х.Б/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин олговор 10992183 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 797691 төгрөг, Монгол улсын Их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчид олгох урамшуулал 300000 төгрөг тус тус гаргуулах тухай.

Нэхэмжлэгч М.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мы Р миний бие Баян-Ө аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр бүрэн дунд сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлаасаа халагдсан юм. Би энэхүү ажил олгогчийн тушаалыг хууль бус гэж үзэж. зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаар шийдвэр, Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00068 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ/2017/01224 дүгээр тогтоолоор урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоогдсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болох 10864553 төгрөгийн олговрыг гаргуулахыг хүсэж байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 10864553 /арван сая найман зуун жаран дөрвөн мянга таван зуун тавин гурав/ төгрөгтэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Р нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад: М.Р миний бие зөрчигдсөн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан билээ. Ингэхдээ зөвхөн ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 10864553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэл гаргах үед ажилгүй байсан хугацааны цалингийн олговрын тооцоо 10864553 төгрөг гэж буруу тооцоолсон байсныг 10992183 төгрөг болгож тодруулж байна. Тооцооллын талаар шүүх хуралдаан дээр тайлбарлаж өгөх болно. Хууль журамд зааснаар ажилтан жил бүр ээлжийн амралтаа авч биеэр эдлэх ёстой. Хэрэв ажил олгогч намайг хууль бусаар ажлаас халаагүй байсан бол амралтаа эдэлж, амралтын мөнгөө авах байлаа. Миний бие 2017 онд нийт 18 хоног амрах ёстой бөгөөд амралтын мөнгө 777748 төгрөг болж байна. Үүнийг хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Тооцооллын талаар мөн шүүх хуралдаан дээр тайлбарлаж өгөх болно. Үүнээс гадна Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу нийт төсөвт байгууллагад ажиллаж байгаа нийт төрийн албан хаагч нарт тус бүр 300000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнийг манай сургуулийн бүх ажилчид авсан байна. Хэрэв би ажил олгогч намайг ажлаас хууль бусаар халаагүй байсан бол би энэ мөнгийг бас авах байлаа. Тийм учраас энэхүү 300000 төгрөгийг мөн хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Иймд "ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 11292183 /10992183+300000/ төгрөг, амралтын мөнгө 777748 төгрөг нийт 12069931 /арван хоёр сая жаран есөн мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү" гэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Р шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Баян-Ө аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас халагдсан. Би шүүхэд хандсанаас Улсын Дээд шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон. Би ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 13 сарын цалин 10015657 төгрөг, 12 хоногийн цалин 440248 төгрөг, 18 хоногийн амралтын мөнгө 717921 төгрөг, УИХ-ын 67 дугаар тогтоолын дагуу олгосон урамшууллын мөнгө 300000 төгрөг, нийт 12450353 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн иргэн БЖ81051967 регистрийн дугаартай Ботахара харажан овогт Мы Р нь ажилгүй байсан хугацааны цалин болох 10864553 төгрөгийг манай сургуулийн санхүүгээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг сургуулийн захирал би хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбар гаргаж байна. Тайлбарыг дараах үндэслэлтэй гаргаж байна:

1. М.Р нь ямар ч тооцоо хийлгүй 10864553 төгрөг авна гэж гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх эхний үндэслэл юм. Учир нь мөнгө, олговор авах гэсэн хүн авах гэж буй мөнгөний тооцоог нарийн бодож, үндэслэл бүхий болгосны дараа гарцаагүй гэж үзээд нэхэмжлэл гаргах ёстой гэж үзэж байна.

2. Сургуульд   ямар ч илүү зарлагадах мөнгө байхгүй. Олговрын мөнгө олгох  талаар аймгийн Засаг даргад энэ нэхэмжлэлийг танилцуулж хүсэлт гаргах болно. Засаг даргаас шийдвэр гартал  нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэдгийг дахин тайлбарлая гэжээ.

 Хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон миний шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудаар цалингийн ТҮ-7, 8 ангиллын шатлал дээр ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Тус сургуулийн захирлын цалин тогтоосон хүснэгтээр нэхэмжлэгч М.Р ТҮ-8 ангиллаар цалинжсан байна. ТҮ-8 ангиллаас харахад 577000 төгрөг гэсэн цалин байхгүй байна. ТҮ-7-ийн 4 дүгээр шатлалаар цалинжсан байна. 18-аас дээш жил ажилласан хүн л 4 дүгээр шатлалаар цалинжих ёстой. Нэхэмжлэгч өөрөөр шүүх хуралдаанд тайлбарлахдаа ээлжийн амралтын хоног 18 гэж хэллээ. Хуульд зааснаар 5 жилээс дээш ажилласан хүнд үндсэн 15 хоногийн амралтад 3 хоног нэмэгдэнэ. Тэгэхээр 10-аас дээш ажил ажилласан нөхцөлд дахин 3 хоног нэмэгдэж 21 хоног ээлжийн амралт эдлэх ёстой. ТҮ-7-ийн 4 дүгээр шатлалаар цалинжсан байна. Энэ бас хууль зөрчсөн байна. Нэхэмжлэгч өөрийнхөө цалин ТҮ-7-ийн 4 дүгээр шатлалаар тогтоосон байна. Тэгэхээр өөрийнхөө цалинг буруу тогтоосон байна. Үүнд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Р нь Баян-Ө аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин олговор 11292183 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 797691 төгрөг, Монгол улсын Их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчид олгох урамшуулал 300000 төгрөг тус тус гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль нь нэхэмжлэгч М.Ргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх маргааны үйл баримтыг нотолж чадаагүй болно. 

Нэхэмжлэгч М.Рг Баян-Ө аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч М.Р нь эс зөвшөөрч Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч М.Ргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00068 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисныг хариуцагч эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаснаар Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хянаж, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/01224 дугаартай тогтоолоор Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаар шийдвэр, Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00068 дугаартай магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

Дээрх хавтаст хэрэгт авагдсан Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаартай шийдвэр, Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00068 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/01224 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч М.Рг Баян-Ө аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн томилсон болох нь тус тус нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т зааснаар ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж зохицуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т энэ хуулийн 36.1.2-т “заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэсний дагуу нэхэмжлэгч М.Ргийн шаардах эрх үүсэж байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Р нь шүүх хуралдааны шатанд “...шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл ажилд томилоогүй буюу ажлаа аваагүй” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч М.Р нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажилгүй байсан нь зохигч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч М.Ргийн Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт болон Баян-Ө аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай “Цалин шинээр тогтоох тухай” тушаалын хавсралтад бичигдсэн бичилт, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаартай “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 4 дүгээр хавсралтаар тус тус нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “дундаж цалин хөлстэй тэнцэх олговор”-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу нэхэмжлэгч М.Ргийн дундаж цалин хөлсийг 722283 төгрөгөөр тооцож 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9792806 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчээс тодруулахад “...ажлаас чөлөөлсөн тушаал 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гарсан боловч тухайн сарын буюу 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх ажилласан 7 хоногийн цалингаа аваагүй” гэж тайлбарлаж байсан учир нэхэмжлэгч М.Ргийн ажилгүй байсан хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гэж тооцох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч М.Р нь “...ажил олгогч намайг хууль бусаар ажлаас халаагүй байсан бол амралтаа эдэлж, амралтын мөнгө 797691 төгрөг авах байсан, үүнийг хариуцагчаас нэмж нэхэмжилж байна, 2016 оны байдлаар улсад 14 жил ажиллаж байна, 20 хоног амрах ёстой” гэснийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж чадаагүй ба энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ” гэж хуульчилсан байна.

Нэхэмжлэгч М.Р нь ажил олгогчийн хууль бус шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ба ажилтан ажил, албан тушаалаа эрхэлж байсан бол Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар ээлжийн амралтаа биеэр эдлэх байтал ажил олгогчийн хууль бус шийдвэрээр ээлжийн амралтаа эдэлж чадаагүй учир ажилтан ээлжийн амралтын мөнгөө шаардах эрхтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Ргийн ээлжийн амралтын хоногт ноогдох 20 хоногийн амралтын мөнгө 671900 төгрөгийг /722283 : 21,5 х 20/ ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Р нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан бол Монгол улсын Их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолд зааснаар 2017 оны төсвийн жилд төрийн албан хаагчид олгогдох 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшууллыг авах эрхтэй байсан гэж үзэж уг мөнгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс М.Ргийн ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9792806 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 671900 төгрөг, Монгол улсын Их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчид олгох урамшуулал 300000 төгрөг, бүгд 10764706 төгрөгийг гаргуулан М.Рд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1765416 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны шатанд хариуцагчаас нийт 12530122 төгрөг гаргуулахыг хүсэж байна гэсний дагуу нийт нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан эсэхийг хасаж үлдсэн 1765416 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Ргийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227840 төгрөгөөс 215432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 12408 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 187185 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11-т тус тус заасныг баримтлан Баян-Ө аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс М.Ргийн ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9792806 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 671900 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, бүгд 10764706 /арван сая долоон зуун жаран дөрвөн мянга долоон зуун зургаан/ төгрөг гаргуулан М.Рд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1765416 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ргийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227840 төгрөгөөс 215432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 12408 төгрөгийг төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс 187185 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Рд олгосуай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН