Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 1725000770226 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 1.Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч С.Бг 2017 оны 04 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт авто замын үйл ажиллагаа явуулж байсан зөөврийн вагончикоос хохирогч Б.Эын Самсунг галакси S6 маркийн гар утсыг хулгайлж 660,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: С.Б нь 2017 оны 04 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт авто замын үйл ажиллагаа явуулж байсан “Өлзий хутаг наран” ХХК-ний зөөврийн вагончикт байсан Б.Эын цүнхэн дотроос Самсунг галакси S6 маркийн гар утсыг нууцаар авч 660,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар: -Хохирогч Б.Эын . . . “2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ 11 цагийн үед ирсэн. Ээжийнхээ барьж байсан Самсунг галакси S6 маркийн утсаа цүнхэнд хийж ирсэн. Цүнхэндээ утсаа хийгээд вагончикт үлдээгээд явсан. Говилд байрлах завод руу ажилтай яваад 15 цаг орчмын үед ирээд ажлаа хийж байгаад 17 цаг 30 минутын орчим ажлаасаа тараад гэртээ ороод цүнхээ уудлаад утсаа авах гэтэл байхгүй байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/ -Насанд хүрээгүй гэрч Б.П . . . “2017 оны 08 дугаар сард манай аав Б нь Баянцагаан багт асфальтны үйлдвэрт ажиллаж байхдаа ажлынхаа газраас олсон гэж надад авчирч өгсөн. Би тухайн утсыг нэг сар гаран ашиглаж байгаад эгч Ганчимэгт 200,000 төгрөгөнд зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/ Гэрч С.Г.......”2017 оны 09 сард хичээл эхлээд ирэхэд Пүрэвжаргал нь Самсунг галакси S6 маркийн гар утастай болчихсон байхаар нь асуутал манай аав авчирч өгсөн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/ -Эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Бан Хас” ХХК-ийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/, -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 45-48-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Утсыг нь буцааж өгөөд нэмж 400 000 төгрөг өгсөн гэжээ. Шүүгдэгч С.Б нь 2017 оны 04 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт авто замын үйл ажиллагаа явуулж байсан зөөврийн вагончикоос хохирогч Б.Эын Самсунг галакси S6 маркийн гар утсыг хулгайлж 660,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч С.Б нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй Шүүгдэгч С.Бгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, учруулсан хохиролоо төлж гэм хорыг арилгасан байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсан болно. Хохирол төлбөрийн тухайд: Хохирол төлбөр бүрэн төлөгдсөн байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт С Бг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар С.Бд оногдуулсан 1 жилийн тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ