Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ж.Б, шүүгч Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч Х.Ё

Иргэдийн төлөөлөгч П.Оюунтуяа

Хохирогч Ц.С

Хохирогч Б.А

Хохирогч нарын өмгөөлөгч О.Сарантуул Шүүгдэгч Х.Б

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, С.Батмөнх-Очир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бд холбогдох 201414000366 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мод боловсруулах механик технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг Сөүл хотхон 2-40а-104 тоотод оршин суух, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1.д зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овгийн Хүрэлбаатарын Б /регистрийн дугаар ФЖ 70040507/

Шүүгдэгч Х.Бг иргэн Б.Згоос 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 12 дугаар сарын 16-нд зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг гахайн махны ашигтай бизнес эрхэлж байгаа, хоёр дүүдээ тус болно, бизнест зарцуулна гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан, -Ц.Сээс 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “цагаан сар болох гэж байгаа өөр байгууллагуудтай гэрээ хийнэ их мөнгө хэрэгтэй байна, наймааны оргил үе гэж” 20,000,000 төгрөгийг дансаар залилан мэхэлж авсан, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр банкнаас зээл авах гэж байгаа, нөхөр Б.Батбаярын дүүд өгнө гэж 27,000,000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 20-оос 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зээл хөөцөлдөж байна гэж 2,350,000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 21- ний өдөр зээл хөөцөлдөж байгаа гэж 4,000,000 төгрөгийг /дансаар/ залилан мэхэлж авсан, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкнаас 200,000,000 төгрөгийн зээл авах гэж байгаа дансанд байршуулна гэж хуурч мэхлэн 60,500,000 төгрөг авснаас 15,010,000 төгрөгийг буцаан өгөлгүй залилан мэхэлж авсан гэмт хэрэгт, -Б.Агаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “шинэ жил, цагаан сарын оргил үед ачаалалтай байдаг, их мөнгө байх тусмаа ашигтай байдаг, мөн банкнаас зээл хөөцөлдөж байгаа гэж итгүүлэн 70,000,000 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан итгэл эвдэх хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Шүүгдэгч Х.Б нь иргэн Б.Згоос 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 16-нд 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг бичгээр зээлийн гэрээ байгуулж, 1-3 сарын хугацаагаар, хүү төлөхөөр тохиролцож“ гахайн махны ашигтай бизнес эрхэлж байгаа, бизнестээ зарцуулн а, хоёр дүүдээ тус болно” гэж хэлж аваад 2013-2014 онд бага багаар цувуулан 31 удаагийн төлөлтөөр нийт 12,464,000 төгрөг төлсөн, үлдэгдэл мөнгийг төлөөгүй, -иргэн Ц.Сээс 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “цагаан сар болох гэж байгаа өөр байгууллагуудтай гэрээ хийнэ их мөнгө хэрэгтэй байна, наймааны оргил үе гэж” 20,000,000 төгрөгийг дансаар аваад буцаан төлөөгүй, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нөхрийн дүү Хас банкнаас их хэмжээний зээл авах гэж байгаа, зээл хаагаад буцаагаад өгнө гэж хэлж 27,000,000 төгрөг аваад бусдад төлөх өрөндөө шилжүүлэн өгсөн ба үүнээс 14,000,000 төгрөгийг буцаан төлсөн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн нотлох баримтаар: - Шүүгдэгч Х.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Саранцэцэгээс 2012 оноос мөнгө зээлж эхэлсэн. Тэр зээл чөлөөлдөг байсан. 2014 оны 1 сард 20 сая төгрөг авсан гэдгийн тухайд, Саранцэцэг нь 2014 оны 1 сарын 02-нд надаас 25,000,000 төгрөг авсан. Дансаар авсан. Маргааш нь 1 сарын 03-нд надад 20,000,000 төгрөг өгсөн. Үүнийгээ надад зээлдүүлсэн гэж гүтгэж байна. 2014 оны 5 сард Хаан банкинд 76 сая төгрөг байршуулах болоод Саранцэцэгээс мөнгө авч байршуулаад зээл бүтээгүй тул 5 сарын 30 –нд 46 сая төгрөгийг буцаан данс руу нь хийсэн. 25,900,000 төгрөг бэлнээр надаас авсан. Би эргүүлж аваагүй. Мөн 2014 оны 3 сарын 28- нд 27,000,000 төгрөг аваад Нд өгсөн нь үнэн. Үүнээс 14 сая төгрөгийг машинаа барьцаалж авч төлсөн. Дахиад 2.350.000 төгрөг бэлнээр авсан. Манай нөхөр 19.500.000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх газарт мөн цалингаасаа төлж байгаа. Мөн хохирогч Б.Агаас би 2012 онд цувуулан 8 удаа нийт 55,000,000 төгрөг авсан. 2013 онд 3 удаа нийт 13,100,000 төгрөг авсан. Нийт 115,330,000 төгрөг төлсөн. Хүү төл гэж дарамталж баталгаа бичүүлж авсан. Өмнөх 55 сая төгрөг дээр 15 сая төгрөг нэмж 70 сая төгрөгний гэрээнд гарын үсэг зуруулсан. Би 70 сая төгрөг зээлж аваагүй. Хохирогч Згоос 30,000,000 төгрөг аваад 15,965,000 төгрөг төлсөн байгаа.Би урдаас гахай, тахианы мах оруулж ирж бизнес хийж байсан. 2014 оны 5 сарын 30-наас Цагдаагийн байгууллагад шалгагдаж үйл ажиллагаа зогссон. Улаанбаатар хотын Мөнхийн болор, Трасттрейд компаниудад мах нийлүүлж байсан гэх мэдүүлэг, -Хохирогч Ц.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие Х.Бг 2012 онд таньдаг болсон. Ингээд бид 2 мөнгө төгрөг авалцаж байсан. Авсан мөнгөө 2-3 хоногийн дараагаар буцаагаад л өгдөг байсан. 2012 он, 2013 онд бол маш их хэмжээний мөнгө авч төлдөг байсан. Ингэхдээ бэлнээр болон зээлийн гэрээ, дансаар авдаг байсан. Зээлийн гэрээ хийгээд бэлнээр мөнгөө аваад явдаг, буцааж төлөхдөө дансаар хийдэг байсан. Ингэж төлж байгаад 2013 оны 12 дугаар сарын 15-нд 30.000.000 төгрөг зээлийн гэрээгээр авсан. Энэ авсан мөнгөө 2014 оны 01 дүгээр сарын 02-нд 25.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Маргааш нь 2014 оны 01 дүгээр сарын 03-нд “урагшаа явж цагаан сарын бараа татна, дуудаад байна” гээд 20.000.000 төгрөг зээлсэн. Намайг мөнгөө нэхэхэд цагаан сарын дараа зээлээр өгсөн барааныхаа мөнгийг цуглуулж өгнө гэж байсан. Тэгээд 03 дугаар сар гараад байж байтал нөхрийн төрсөн ахын хүүхэд З Хас банкнаас 300.000.000 төгрөгний зээл авахаар болчихлоо гэж ирсэн. Хас банкинд 27.000.000 төгрөгний үлдэгдэлтэй юм байна. Тэрийг чамаас авч төлье гэхээр нь Хас банкны гадаа хамт очсон. Би ч итгээд 27.000.000 төгрөгийг өгсөн. Тэгээд маргааш нь хагас сайн байсан бөгөөд Х.Б нь хагас сайнд мөнгө гаргахгүй, нэг дэх өдөр болно гэж надад ирж хэлчихээд явсан. Тэгээд нэг дэх өдөр чимээгүй болчихоор нь хайж явж байгаад ааваар нь дамжуулж залгахад хамаатны хүн нас барсан ажил гарчихлаа, Бадархундага эмнэлэг дээр очоод хүнтэй уулзаатах гэхээр нь сураглаж яваад очтол тэр хүн нь “надад мөнгө өгөөгүй энэ бичгийг өг” гэсэн гээд хүнд мөнгө шилжүүлсэн баримт өгсөн. Тэр баримт нь надаас авсан мөнгөө өөр хүн рүү шилжүүлсэн баримт байсан. Тэгээд би нөгөө зээл авч байгаа гэх З гэдэг залууг сураглаад “Эрдмин” ХХК-д очиж уулзахад З гэх залуу нь “Х.Б гэдэг хүнийг танихгүй. Манай аавд Батбаяр гэдэг дүү ч байхгүй” гэж хэлсэн. Тэгээд Н гэдэг хүний утсыг өгсөн болохоор тэр хүн рүү залгахад би авах ёстой мөнгөө авсан, наад зальтай хүүхнээ цагдаад өгөхгүй юу гэсэн. Тэгээд 5 дахь өдөр нь Б ирээд “уучлаарай Нд өртэй байсан, түүнд өгчихсөн” гэж хэлсэн. Зээл хөөцөлдөж байгаад төлье гэсэн. Мөн 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 9,490,000 төгрөг авсан. Мөрдөн байцаалтад 7 сая төгрөгийг нь хэрэгсэхгүй болгосон. Одоо 2.350.000 төгрөг төлөөгүй байгаа. 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөг авсан. 2014 оны 5 сарын 23-нд Хаан банкинд барьцаа хөрөнгө дутаад байна, 74,900,000 төгрөг байршуул гэж байна. Чи надад тусал тооцоогоо дуусгая гэсэн. 74,900,000 төгрөг байршуулсан. Гэтэл зээл бүтэхээ болилоо гээд 25,900,000 төгрөгөө би буцаан авсан. 3 сая төгрөг 5 сарын 26-нд дансаар авсан. 46,000,000 сая төгрөгөө 5 сарын 30-нд би буцаан авсан. Б 29,410,000 төгрөгийг буцаагаад надаас авсан. Зоригтбаяр, Золцэнгэл, Оюунчимэг нарт өгсөн. Үүнээс төлөөгүй үлдэгдэл 15,010,000 төгрөг байгаа. Одоо би 53,360,000 төгрөг нэхэмжилж байна. Мөрдөн байцаалтын үед 1,000,000 төгрөг өгсөн байгаа. Б өөрийгөө маш их ашигтай наймаа хийдэг, энд тэндгүй склад, зоорьтой гэж ярьдаг байсан гэх мэдүүлэг, -Хохирогч Б.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2013 оны хавар шиг санагдаж байна. Манай эхнэр Хонгорзултай фитнес клубт хамт явдаг байсан Солонго гэх хүүхэн анх Х.Б гэдэг хүнийг манай эхнэрт танилцуулсан байсан. 2013 оны хавар Х.Б нь 3 хувааж буюу 10.000.000 төгрөгийг, дараа нь 5.000.000 төгрөгийг, харин сүүлийнх нь 15.000.000 төгрөгийг нийт 30.000.000 төгрөгийг авсан. Гэхдээ сүүлийн 15.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан, эхний хоёрт мөнгө өгсөн, авсан гэсэн баримт үйлдсэн. Тухайн үед Х.Б нь гахайн махны ашигтай бизнес эрхэлж байгаа, хоёр дүүдээ тус болно гэх мэтээр хуурч мэхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Х.Бгийн зүгээс 2.500.000 төгрөг, манай эхнэр Хонгорзулын 5094463713 дугаарын ХААН банкны дансаар шилжүүлж байсан. Гэхдээ энэ 2.500.000 төгрөг нь тухайн үед Х.Б бид хоёрын хэлж ярьсанаар хүү гэж авсан. Одоо би 30.000.000 төгрөг нэхэмжилж байна. Биднээс мөнгө авахдаа бизнест зарцуулна гэж хэлж байсан хэдий ч бидний мөнгийг бусад өр зээлтэй хүмүүст өгсөн байсан... гэх мэдүүлэг, /3-р хавтас 210-211-р хуудас, 5-р хавтас 130-р хуудас / -Хохирогч Б.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б надаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 70,000,000 төгрөг бэлнээр авсан. Гэрээ байгуулсан, өөр баримт үйлдээгүй. Тэгээд 2014 оны 1 дүгээр сарын 03-наас надад цувуулж мөнгө өгч байсан. 13 сая төгрөг болсон. Тэгээд 63 сая төгрөг өгнө гэж баталгаа бичиж өгсөн. Би байр авах гээд цуглуулж байсан мөнгө, мөн Батболдоос зээлж авсан мөнгөө өгсөн. 70 сая төгрөг бөөнөөр нь өгсөн гэх мэдүүлэг, -Гэрч Г.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ц.С бол миний эхнэр байгаа юм, манай эхнэр Ц.С нь танил хүмүүсээс бага хүүтэй мөнгө аваад тэр мөнгөөр нь 1-2 хоногт хүний зээл чөлөөлж ашгаар нь амьдралаа авч явдаг байсан. Х.Б гэх хүнийг одоогоос 3-4 жилийн өмнө таньдаг болсон. 2014 оны 01 дүгээр сарын эхээр манай эхнэрээс 20.000.000 төгрөг авсан байсан. Дараа нь бас Цагаан сарын өмнө гахайн махны наймаа ашигтай байна гээд дахин 30.000.000 төгрөг авсан байсан. Бид хоёрт мөнгө байхгүй байсан учраас би байгууллагынхаа захирлын эхнэр Оюунчимэгээс 30.000.000 төгрөг хүүтэй зээлж аваад 20.000 000 төгрөгийг Х.Бд зээлдүүлсэн. Тэрнээс хойш манай эхнэрээс дахиж мөнгө авсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан авсан мөнгөө өгөөгүй байж байгаад 2014 оны 03 дугаар сарын 27 билүү 28-ны өдөр Х.Б зээл хөөцөлдөж байгаа 300.000.000 төгрөгний зээл гарч байгаа, нөхрийн дүү “Эрдмин” ХХК-д ажилдаг инженер хүн байгаа тэр дүү маань 300.000.000 төгрөгний зээл авах гэж байгаа зээлийн үлдэгдэл 27.000.000 төгрөг байгаа юм, тэрийг нь хаачих юм бол надад зээлсэн мөнгөнөөсөө өгнө гэсэн юм. Тэрнээс мөнгө аваад та хоёрын тооцоог дуусгана гэсэн юм. Би 27.000.000 төгрөг өгснийг сайн мэдэж байна. Тэр мөнгийг нөхрийнхөө дүүгийн зээлийг хаана гэж аваад Н гэж хүнд өгсөн байсан. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай дарга Хангайгийн эхнэр Оюунчимэгээс 30.000.000 төгрөгийг аваад 20.000.000 төгрөгийг Х.Бд өгснийг мэдэж байна гэсэн мэдүүлэг /1-р хх 196-197,189 ху/, -Гэрч Ц.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надаас Ц.С нь 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр Батболдоор дамжуулан уулзаж зээлийн гэрээ байгуулан сарын 0.5 хувийн хүүтэй 30.000.000 төгрөг зээлсэн. Мөнгө зээлж байгаа шалтгаанаа мөнгөний хэрэг болоод байна гэж байсан. Мөн найз Х.Бдаа 20.000.000 төгрөгийг зээлнэ гэж байсан...Надаас бол Саранцэцэг өөрөө ганцаараа ирж мөнгө аваад явсан. Цаашаагаа Бдаа өгсөн эсэхийг мэдэхгүй. Би ерөөсөө уулзаж байгаагүй. Ингээд мөнгө аваад өгөхгүй нилээд нэхэл дагуул болсон. Би Ц.Сээс мөнгөө нэхэж байгаад 2014-2- 13-ны өдөр 3,360,000 төгрөг хүү гэж Голомтын данс руу хийсэн. 2014-3-15-ны өдөр охины данс руу 15 сая төгрөг шилжүүлсэн байсан. 2014-5-31-ний өдөр 23 сая төгрөг бас охины данс руу хийсэн. Сүүлд хийсэн 23 сая төгрөгийг хийхдээ Б бид 2 хувааж байгаа утгатай юм яриад байсан. Яагаад хувааж хийх болсон учрыг би мэдэхгүй. Бгаас төлөлт хийж орж ирсэн. Нийтдээ 30 сая төгрөг зээлээд 41360000 төгрөг болгож авсан…Саранцэцэг өөрийнхөө авсан мөнгийг л өгч байна гэж ойлгож байсан. Би бол Б гэж хүнд мөнгө зээлээгүй...гэх мэдүүлэг /1-р хх 199-200/ -Гэрч А.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Би Ц.С гэж эгчийг танина, Х.Б гэж огт танихгүй. 2014 оны хавар 3 билүү 4 сард Ц.С эгч нэг эмэгтэй хүнтэй хоёулаа хамт явж байсан. Эгчийн маань танидаг хүн Төрийн банкнаас зээл гаргуулах гэж хөөцөлдөж байгаа юм гээд лангууг чинь түрээслэдэг гэж үзүүлнэ, чиний лангууны зургыг чинь авна өөр ямар ч асуудалгүй банкны хүн ирээд асуувал чи өөрөө Б гэж хүний худалдагч гэж хэлээрэй өөрийнхөө өдрийн орлого олдог дэвтрийг үзүүлээрэй тэгээд болоо гэж хэлсэн, Тэрний дараа удаагүй банкнаас нэг запуу ирээд Х.Бгийн лангуу мөн үү гэхээр нь ярьсан ёсоороо мөн гэж хэлсэн, Х.Б нь хамт явж байсан гэсэн мэдүүлэг /1-р хх 211-212-р хуудас/, -Гэрч Б.Зоригтбаярын мөрдөн байцаалтад өгсөн:...Манай найз Батбаяр 2014 оны эхээр Саранцэцэг гэж хүнийг танилцуулаад, ”зээл хөөцөлдөж байгаа юм зээлийг нь судлаад өгөөч” гэсэн. Саранцэцэг ярихдаа “Б гэж хүн зээл авах гэж байгаа” гэсэн....Б Саранцэцэг 2 байнга хамт явдаг байсан. Саранцэцэг нь утсаар “зээл юу болж байна гэж байнга асуудаг, Б нь материал бүрдүүлээд явж байсан...Зээл нь бүтээгүй...Б нь 2014 оны 5 сарын сүүлээр мөнгө байршуулах шаардлагатай болчихоод 16 сая төгрөг дутаад байна гээд 16 сая төгрөг авсан....мөнгө авсаныхаа дараа 4-5 хоногийн дараа Саранцэцэг нь надад 11 сая төгрөг өгсөн....Сүүлд өгөхгүй удаад байхаар нь нэхсэн чинь данс руу нь 2 сая төгрөг хийсэн байсан”гэх мэдүүлэг /1-р хх 207-208-р хуудас/ -Гэрч О.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Түрээсийн гэрээ хийгдэх болсон шалтгаан гэвэл 4-20 дугаартай лангуу түрээслэгч А.Отгонжаргал гэж хүүхэн байдаг бөгөөд 2014 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж байна над дээр ирж уулзаад барааны эргэлтийн мөнгөгүй болчихоод эгчтэйгээ хамтарч зээл авах гэж байгаа юм, түрээсийн гэрээг та манай эгчийн нэр дээр хийгээд өгөөч гэхээр нь би хариуцсан байцаагч болох Мөнхбатад энэ хүний асуудлыг шийдэж өг гээд өөрөө гэрээнүүд дээр гарын үсэг зурж өгсөн гэсэн мэдүүлэг /1-р хх 221-222 хуудас/, -Гэрч Ж.Золцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: ....2014 оны 5 сард над руу Саранцэцэг эгч утсаар яриад “манай нэг найз банкнаас зээл авах гээд байна тооцоо хийлгэе ”гээд ...Б гэдэг хүн уулзсан...Тэгээд хэд хоног чимээгүй байж байгаад Б яриад “зээл гаргах гээд байршуулах хэдэн төгрөг дутаад байна гээд 6,8 сая төгрөг тоолж өгсөн. Саранцэцэг эгч нөхөртэйгөө явж байсан....4-5 хоногийн дараа Б яриад зээл бүтээгүй гэсэн...тэр өдрийн орой Саранцэцэгийн нөхөр болох Батболд 6,810,000 төгрөг гэрт авчирч өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх 224-225-р хуудас/ -Гэрч А.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2010 оны сүүлээр Х.Б 20.000.000 төгрөг аваад тэрийгээ өгөхгүй удааж байгаад 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр надад банкаар шилжүүлж өгөөд бид хоёрын тооцоо дууссан гэсэн мэдүүлэг /1-р хх 236-237 хуудас/, -Гэрч М.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:....Мөнхийн болор ХХК-д борлуулалт үйлдвэр хариуцсан захирлаар ажилладаг....Х.Б гэж хүнийг танина. 2012 оноос хойш манай байгууллагад гахайн мах нийлүүлдэг байсан....2014 оны 3 сараас хойш харагдаагүй. Манайд нийлүүлээгүй....гэх мэдүүлэг /1-р хх 244-245-р хуудас/ -Гэрч Ч.Отгондаваагийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би мах хиаман бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Траст трейд” ХХК-д нягтлангаар ажилладаг. Х.Б гэж хүнийг танина. 2013 оны 7 сараас хойш манай үйлдвэрт мах нийлүүлдэг байсан. 2014 оны 1-р сард хамгийн сүүлд нийлүүлсэн...гэх мэдүүлэг /1-р хх 246-247-р хуудас/ -Гэрч Х.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Б.А гэж хүнийг танина, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр надаас мөнгөний хэрэг болоод байна гээд 50.000.000 төгрөг зээлээч гээд надад монгол төгрөг байхгүй байсан учраас өөрт байсан 30.000 ам долларыг монгол мөнгөөр 50.000.000 төгрөг гэж бодоод 6 сарын хугацаатай сарын 0.5 хувийн хүүтэй зээлсэн боловч одоо болтол авч чадахгүй байгаа юм. Мөнгөө нэхэхээр би чамаас авсан мөнгөө хүнд өгөөд алдчихсан учраас чамд өгч чадахгүй байна, авахаараа өгье гэж хэлдэг гэсэн мэдүүлэг /1-р хх 257-258-р хуудас/, -Гэрч Ж.Намнанбаярын мөрдөн байцаалтад өгсөн:...Саранцэцэгийг танина. Бг танихгүй...2014 оны 5 дугаар сарын 28, 29-ний үед надад мөнгөний хэрэг гараад Саранцэцэгтэй утсаар яриад “12,6 сая” төгрөг байвал өгөөч гээд түүнд мөнгө байсан учир би очиж авсан. Мөнгө авах үед Б гэж хүүхэн хамт явж байсан. Мөнгийг надад Хаан банкны Хүрэнбулаг тооцооны төв дээр очоод намайг хүлээлгэж байгаад Бтайгаа хамт теллер дээрээс очиж мөнгө аваад уг мөнгөнөөсөө надад 12,6 сая төгрөг торонд хийгээд өгсөн. Тэр өдрөө тэр мөнгөөр найзынхаа зээлийг чөлөөлөөд 50,000 төгрөг нэмээд 12,650,000 төгрөг болгож аваад орой нь буцааж Саранцэцэгт өгсөн. Тэрнээс би Б гэж хүнээс мөнгө аваагүй...гэх мэдүүлэг /2-р хх 01-02-р хуудас/ -Гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.А бол миний төрсөн охин юм. 2014 оны 02 дугаар сард байх би охиноосоо юу болоод байгаа юм бэ гэж асуусан чинь Х.Б эгчид 70.000.000 төгрөг өгсөн чинь өгөхгүй алга болчихлоо гэсэн. Тэгээд би хамт уулзъя гээд уулзсан чинь урьд нь надаас мөнгө зээлж авч байсан Б болохыг мэдсэн. Тэгээд би Бгаас авсан мөнгөө төл гэсэн чинь хувааж өгнө гэж төлөлтийн хуваарь бичиж өгч байсан. Одоо үлдсэн 63.000.000 төгрөгийг төлж барагдуулна гээд өөрөө гараараа зээлийн эргэн төлөлтийн хуваарь бичиж өгч байсан гэсэн мэдүүлэг /2-р хх 2-10, 11 хуудас/, -Гэрч Ш.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2014 оны 01 дүгээр сард манай эхнэр Оюунчимэгтэй Саранцэцэг уулзаад бэлэн мөнгө байгаа бол хүүтэй зээлээч гэж уулзсан, тэгээд манай эхнэр охины байр зарсан мөнгө байсан учраас зүгээр байхаар хүүтэй өсгөж байя гэж бодсондоо түүнд 30.000.000 төгрөг зээлүүлсэн байна лээ, сүүлдээ мөнгөө өгөхгүй бөөн хэрүүл маргаан болоод байхаар нь сураг сонссон чинь Саранцэцэг цааш нь 20.000.000 төгрөгийг Х.Б гэж хүнд өгсөн нөгөө хүн мөнгийг нь өгөхгүй байна гэхээр нь би нэг удаа тэр Х.Б гэж хүнтэй утсаар яриад чи мөнгө зээлж авсан юм бол яагаад өгдөггүй юм бэ хэрвээ өгөхгүй бол би шүүх цагдаагаар хандаж авмаар байна гэж ярьсан. Тэгээд сүүлд нь мөнгийг өгч дуусгасан гэж байсан гэсэн мэдүүлэг /2-р хх 25-26 ху/, -Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 55 дугаартай дүгнэлт /2-р хх 38-39 хуудас/ -Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 18-ны өдрийн 40 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн ”314” гэж дугаарласан хуудсанд байх зээлийн гэрээний огноо хэсэгт бичигдсэн “2013 оны 12 сарын 26 өдөр” гэсэн хэсэгт болон гэрээний төв хэсэгт “рубль/-ийг” гэсний ард байрлах “2013 оны 12 сарын 26-ны өдөр” гэсэн хэсэгт засварласан байна. 2. Дээрхи засварласан огноо хэсгийн оны “12” гэсэн тооны “2”-н тоонд элемент нэмэх аргаар засварлаж “3”-н тоо болгосон байна гэсэн дүгнэлт /5-р хх-ийн 107-р хуудас/ -2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ, 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ /1-р хх 32-34/, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээ/1-р хх 259/, 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ /2-р хх 62-рхуудас/, -Хаан банкны дансны хуулгууд /1-р хх 50-123, 2-р хх 180-250 , 3-р хх 01-96 , 231-245 , 4-р хх 84-175, 5-р хх 147-р хуудаст -Шүүгдэгчийн хувийн байдлын баримтууд /2-р хх хавтас 70, 2-р хх 72, 2-р хх 85 хуудаст/ - Хохирогч нарын гаргасан өргөдөл, гомдол /1-р хх 31,138,142/ -Х.Бг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, ял өөрчилж сонсгох тухай тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв. Шүүгдэгч Х.Б хохирогч Б.Згоос 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 16-нд 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг “гахайн махны ашигтай бизнес эрхэлж байгаа, хоёр дүүдээ тус болно, бизнестээ зарцуулна” гэж хэлж аваад бага багаар цувуулж өгөх байдлаар бодит байдлыг нууж төөрөгдүүлэн, итгэлийг урвуулан залилсан, -хохирогч Ц.Сээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан, бодит байдлыг нууж 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цагаан сар болох гэж байгаа өөр байгууллагуудтай гэрээ хийнэ их мөнгө хэрэгтэй байна, наймааны оргил үе гэж” 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “дүү банкнаас их хэмжээний зээл авах гэж байгаа, зээл чөлөөлнө” гэж 27.000.000 төгрөг аваад бусдад төлөх өрөндөө шилжүүлж залилан мэхэлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч ,хохирогч нарын Хаан банкны дансны хуулгууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “2014 оны 1 сард 20 сая төгрөг авсан гэдгийн тухайд, Саранцэцэг нь 2014 оны 1 сарын 02-нд надаас 25,000,000 төгрөг авсан. Дансаар авсан. Маргааш нь 1 сарын 03-нд надад 20,000,000 төгрөг өгсөн. Үүнийгээ надад зээлдүүлсэн гэж гүтгэж байна” гэж мэдүүлсэн ч, 2-р хавтаст хэргийн 62-р хуудаст 2013 оны 12 дугаар сарын 15- ны өдрийн зээлийн гэрээгээр Б нь Ц.Сээс 30,000,000 төгрөг 1 сарын хугацаатай 9 хувийн хүүтэй зээлж аваад 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Сийн Хаан банкны 5094057847 дугаарын дансаар 25,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон ба улмаар 1 дүгээр сарын 03-ны өдөр дахин 20,000,000 төгрөг зээлж авсан болох нь 1-р хавтаст хэргийн 122 дугаар хуудаст авагдсан Х.Бгийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон. Шүүгдэгч Х.Б нь 2014 оны 1 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 26-ны хооронд Ц.Сийн дансаар 12,820, 000 төгрөг шилжүүлсэн байх ба 12 дугаар сарын 15- ны өдрийн зээлийн гэрээний дагуу 31,620,000 төгрөг төлөх ёстойгоос 25,000,000 төгрөг шилжүүлж үлдэгдэл 6,620,000 төгрөгийг 1 дүгээр сард төлөгдсөн гэж дүгнэх үндэслэлтэйн зэрэгцээ, 2014 оны 4 сарын 20-ноос 5 сарын 30-ны хооронд авсан гэх 2,350,000 төгрөг, 4 сарын 21-нд авсан гэх 4,000,000 төгрөг төлөгдөөгүй болох нь баримтаар нотлогдоогүйг дурьдах нь зүйтэй. Иймд Х.Бг Ц.Сээс 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг залилж авсан гэж дүгнэж, харин 4-5 сард зээлж авсан гэх 2,350,000 төгрөг, 4,000,000 төгрөг төлөгдөөгүй болох нь нотлогдоогүй гэж дүгнэв. Мөн, Х.Б нь 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “дүү банкнаас их хэмжээний зээл авах гэж байгаа, зээл чөлөөлөөд буцаагаад өгнө” гэж ойлгуулан Ц.Сээс 27,000,000 төгрөг аваад бусдад төлөх өрөндөө шилжүүлж залилан мэхэлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч , хохирогч нарын Хаан банкны дансны хуулгууд, гэрч Ж.З, Нгийн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна Харин шүүгдэгч Х.Бг 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкнаас 200,000,000 төгрөгийн зээл авах гэж байгаа, дансанд мөнгө байршуулах шаардлагатай боллоо гэж Ц.Сээс хуурч мэхлэн 60,500,000 авснаас 15,010,000 төгрөгийг буцаан өгөлгүй залилан мэхэлж авсан гэж ялласан нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон 1-р хавтаст хэргийн 132 дугаар хуудаст авагдсан Х.Бгийн дансны дэлгэрэнгүй хуулгаар 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Траст трейд ХХК-с махны үнэ гэж 27,000,000 төгрөг, 5 дугаар сарын 23-ны өдөр Мөнхийн болор ХХК-аас гэж 21,000,000 төгрөг, мөн 5,000,000 төгрөг, 5 дугаар сарын 28-ны өдөр Ц.Сийн данснаас 3,000,000 төгрөг 3,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгөөр нийт 7,500,000 төгрөг тус тус Х.Бгийн дансанд шилжиж орсон болох нь тогтоогдсон. Х.Бгийн зээл гараагүй тул дансанд байршуулахаар Ц.Сээс шилжүүлсэн дээрхи 60,500, 000 төгрөгнөөс 46,000,000 төгрөгийг 5 дугаар сарын 30-ны өдөр Ц.Сийн данс руу буцаан шилжүүлсэн, 25,900,000 төгрөгийг Х.Б, Ц.С нар хамт банкны теллерээс бэлнээр авч Б.Зоригтбаярт 11,000,000 төгрөг, Ж.Золцэнгэлд 6,810,000 төгрөг, Б.Намнанбаярт 12,650,000 төгрөг Ц.С өөрөө өгсөн болох нь, Ц.Оюунчимэгт 23,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн болох нь Х.Б, Ц.С нарын дансны хуулга, гэрч Ц.Оюунчимэгийн “...2014-5-31-ний өдөр 23 сая төгрөг бас охины данс руу хийсэн. Сүүлд хийсэн 23 сая төгрөгийг хийхдээ Б бид 2 хувааж байгаа утгатай юм яриад байсан. Яагаад хувааж хийх болсон учрыг би мэдэхгүй. Бгаас төлөлт хийж орж ирсэн. Нийтдээ 30 сая төгрөг зээлээд 41360000 төгрөг болгож авсан…Саранцэцэг өөрийнхөө авсан мөнгийг л өгч байна гэж ойлгож байсан. Би бол Б гэж хүнд мөнгө зээлээгүй...гэх мэдүүлэг /1-р хх 199-200/, Б.Зоригтбаярын “:...Манай найз Батбаяр 2014 оны эхээр Саранцэцэг гэж хүнийг танилцуулаад, ”зээл хөөцөлдөж байгаа юм зээлийг нь судлаад өгөөч” гэсэн. Саранцэцэг ярихдаа “Б гэж хүн зээл авах гэж байгаа” гэсэн....Б Саранцэцэг 2 байнга хамт явдаг байсан. Саранцэцэг нь утсаар “зээл юу болж байна гэж байнга асуудаг, Б нь материал бүрдүүлээд явж байсан...Зээл нь бүтээгүй...Б нь 2014 оны 5 сарын сүүлээр мөнгө байршуулах шаардлагатай болчихоод 16 сая төгрөг дутаад байна гээд 16 сая төгрөг авсан....мөнгө авсаныхаа дараа 4-5 хоногийн дараа Саранцэцэг нь надад 11 сая төгрөг өгсөн....Сүүлд өгөхгүй удаад байхаар нь нэхсэн чинь данс руу нь 2 сая төгрөг хийсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх 207-208/, Ж.Золцэнгэлийн “....2014 оны 5 сард над руу Саранцэцэг эгч утсаар яриад “манай нэг найз банкнаас зээл авах гээд байна тооцоо хийлгэе ” гээд ...Б гэдэг хүн уулзсан...Тэгээд хэд хоног чимээгүй байж байгаад Б яриад “зээл гаргах гээд байршуулах хэдэн төгрөг дутаад байна гээд 6,8 сая төгрөг тоолж өгсөн. Саранцэцэг эгч нөхөртэйгөө явж байсан....4-5 хоногийн дараа Б яриад зээл бүтээгүй гэсэн...тэр өдрийн орой Саранцэцэгийн нөхөр болох Батболд 6,810,000 төгрөг гэрт авчирч өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх 224-225/, Ж.Намнанбаярын “Саранцэцэгийг танина. Бг танихгүй...2014 оны 5 дугаар сарын 28, 29-ний үед надад мөнгөний хэрэг гараад Саранцэцэгтэй утсаар яриад “12,6 сая” төгрөг байвал өгөөч гээд түүнд мөнгө байсан учир би очиж авсан. Мөнгө авах үед Б гэж хүүхэн хамт явж байсан. Мөнгийг надад Хаан банкны Хүрэнбулаг тооцооны төв дээр очоод намайг хүлээлгэж байгаад Бтайгаа хамт теллер дээрээс очиж мөнгө аваад уг мөнгөнөөсөө надад 12,6 сая төгрөг торонд хийгээд өгсөн. Тэр өдрөө тэр мөнгөөр найзынхаа зээлийг чөлөөлөөд 50,000 төгрөг нэмээд 12,650,000 төгрөг болгож аваад орой нь буцааж Саранцэцэгт өгсөн. Тэрнээс би Б гэж хүнээс мөнгө аваагүй...гэх мэдүүлэг /2-р хх 01-02/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтуудаар, Х.Б нь Ц.Сийн 15,010,000 төгрөгийг залилж авсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй. Хохирогч Ц.С нь Ц.Оюунчимэгээс 2014 оны 1 дүгээр сард 30 сая төгрөг зээлэхдээ “манай найз Б 20 сая төгрөгийг нь зээлнэ” гэж хэлж байсан боловч бүх тооцоог өөрөө хийсэн, Ж.Золцэнгэлээс Х.Бгийн авсан 6,800,000 төгрөгийг Ц.С буцаан төлсөн, Б.Зоригтбаяраас Х.Бгийн авсан 16 сая төгрөгний 13 сая төгрөгийг Ц.С төлсөн байх бөгөөд зээл хөөцөлдөж байгаа гээд хоёулаа хамт яваад байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл, Х.Бгийн дансанд байршуулсан 60,500,000 төгрөгнөөс 15,010,000 төгрөгийг нь буцааж өгөлгүй залилж авсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Х.Бг хохирогч Б.Агаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “шинэ жил, цагаан сарын оргил үед ачаалалтай байдаг, их мөнгө байх тусмаа ашигтай байдаг, мөн банкнаас зээл хөөцөлдөж байгаа” гэж итгүүлэн 70,000,000 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан итгэл эвдэх хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэж ялласан нь мөн үндэслэлгүй байна гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Х.Бгийн энэ үйлдэл холбогдол эргэлзээгүй, хангалттай бүрэн нотлогдсонгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хохирогч Б.Агийн Цагдаагийн газарт 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гаргасан ” Миний бие Алимаа нь Х.Бд 2013-1- 15-нд зээлийн гэрээ хийж сарын 10 %-ийн хүүтэй 55,000,000 төгрөгийг зээлсэн...2013 оны 07 сар хүртэл хүүгээ өгч байгаад хүүгээ зогсоочих, эгч нь үндсэн мөнгөө өгье гэж хэлэхээр нь зөвшөөрөөд 2014 оны 6 сар хүртэл бараг 1 жил хүлээж байна. Энэ хугацаанд бас мөнгө нэмж авч байсан. Тэрийгээ хүүгүй буцааж өгсөн. Бүр аргаа бараад та надад өөрийн гараар баталгаа бичиж өг гэж хэлэхэд 2014.2.06-нд өөрийн гараар зээлсэн 55,000,000 төгрөгөн дээрээ нэмж авсан мөнгөө нэмээд нийт 63,000,000 төгрөг 2014-5-25-ны дотор төлж дуусгана гэсэн боловч дуусгасангүй. Энэ хооронд 4,000,000 төгрөг л өгсөн. Одоо үлдэгдэл 59,000,000 төгрөг авах ёстой...59,000,000 төгрөгний асуудлыг шалгана уу” гэсэн өргөдөл, Б.Агийн хохирогчоор өгсөн “....2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 55.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан. Энэ мөнгийг авахдаа Х.Б эгч гахайн өөхний наймаандаа ашиглах гэж байна гэж хэлээд надаас сарын 10 хувийн хүүтэй авсан. Энэ зээлж авсан мөнгөнөөс 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цувуулан 22 удаа 600.000- 11.200.000 төгрөгийг буцаан үндсэн мөнгө болон хүүтэй нь бодож өгч байсан. Энэ мөнгийг миний дансаар шилжүүлж өгсөн. 2 удаа өөрөө гэрт авчирч өгсөн. Нийтдээ надад 62.720.000 төгрөг хүүтэй нь бодож өгөөд дууссан. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай барьцаалан зээлдүүлэх газарт ирж надтай уулзаад шинэ жил цагаан сарын үеэр оргил ачаалалтай байдаг юм. Их мөнгө байх тусмаа бараа их татаж авчирдаг их ашигтай байдаг, хүү хамаагүйээ мөнгө хэрэгтэй байна дахиж зээлээч гэхээр нь би урд өмнө авсан мөнгөө эргүүлэн төлж байсан болохоор Х.Б эгчид итгээд би удахгүй Төгөл хотхонд 2 өрөө байр авах гээд цуглуулж байгаа мөнгө байгаа бодож байгаад больё гэсэн чинь над руу байнга залгаад цагаан сарын дараа дуусгана ямар ч асуудал байхгүй гээд байсан. Миний авах гэж байгаа байр 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд орно гэж байсан болохоор Х.Б эгчийг урд өмнө аваад буцаагаад өгч байсан болохоор итгээд түүнд байр авах гэж байсан 70.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж барьцаагүй бэлнээр өгсөн. Надаас хамгийн сүүлд 70.000.000 төгрөг гэрээ хийж авсан, үүнээсээ буцааж 9.000.000 төгрөг өгсөн. Үүнийхээ 2.000.000 төгрөгийг хүү гэж өгөөд 7.000.000 төгрөгийг үндсэн мөнгөнөөсөө хасуулж бодуулан 63.000.000 төгрөг өгөх талаараа өөрийн гараар бичсэн график болон миний гар утсанд мөнгө нэхэж харилцаж байсан захиа мессеж нь байгаа, шаардлагатай бол хувилж гаргаж өгмөөр байна гэх мэдүүлэг / 1-р хавтас 169-170-р хуудаст /,...Х.Б эгч 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шинэ жил болоод яаралтай мөнгө хэрэгтэй байна, бизнесийн маань оргил үе болоод байна, цагаан сар хүртэл ашиглаад өгье эгчдээ 70.000.000 төгрөг олоод өгөөч гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд Батболдоос авсан мөнгө болон өөрт байсан мөнгийг нэмж 70.000.000 төгрөг зээлсэн талаар зээлийн гэрээ баримт байгаа. Энэ мөнгөнөөс 7.000.000 төгрөг хүү гэж төлсөн. Яг 70.000.000 төгрөг авсан талаар бичсэн захиа байгаагүй боловч 63.000.000 төгрөгийг графикийн дагуу төлөх талаар захиа бичсэн гэх мэдүүлэг / 1-р хавтас 172-р тал /,...би 37000 ам доллар найзаасаа зээлж авсан, тэрийгээ монгол төгрөг болгож мөнгө нэмээд Х.Бд өгсөн гэх мэдүүлэг, /1-р хавтас 176-р тал /,...гэрч Х.Батболдын...Б.Ад 2013 оны 11 дүгээр сарын 20-нд 30.000 доллар 50.000.000 төгрөгт бодоод 6 сарын хугацаатай сарын 0.5 хувийн хүүтэй зээлсэн боловч одоо болтол авч чадахгүй байна гэх мэдүүлэг / 1-р хавтас 257-258-р тал /, 1-р хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудаст байгаа зээлийн гэрээ, төлөлтийн хуваарь гэсэн бичмэл баримт, 6-р хавтаст хэргийн 26-30 дугаар хуудаст байгаа шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч Б.А “...2013 оны 12 дугаар сарын 26-нд гэрээгээ байгуулаад бэлнээр 40 гаран сая төгрөг өгөөд үлдэгдлийг нь 2,3 хоногийн дараа хувааж өгсөн...”,” Яг гэрээ хийхэд надад 40 гаран сая төгрөг байсан. Гэхдээ ойрын хугацаанд орж ирэх хэдэн төгрөг байсан. Тэр мөнгөө нэмээд өгсөн” гэж мэдүүлсэн зэрэг хоорондоо зөрүүтэй нотлох баримтуудаар шүүгдэгчийг 70 сая төгрөг залилж авсан гэж яллах үндэслэлгүй байна. Б.Агийн Цагдаагийн газарт анх гаргаж байсан өргөдлийн агуулга, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо эрс зөрүүтэйн зэрэгцээ, 70 сая төгрөг Х.Бд бэлнээр өгсөн тухай баримт үйлдээгүй гэж хохирогч мэдүүлсэн бөгөөд хэрэгт баримт авагдаагүй. Мөнгө хүлээн авсан баримт үйлдээгүй тул 2013-12-26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр / 1-р хх 32/ 70 сая төгрөг Х.Б авсан гэж дүгнэх эрх зүйн үндэслэлгүй. Б.А нь гэрч Х.Батболдоос 2013 оны 11 дүгээр сарын 20-нд 30.000 долларыг 50.000.000 төгрөгт бодоод 6 сарын хугацаатай сарын 0.5 хувийн хүүтэй зээлж авсан болох нь нотлогдсон боловч энэ нь Х.Бд 70 сая төгрөг шилжүүлсэн гэх нөхцөл байдлыг нотлохгүй юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан нь зээлийн гэрээний хэлбэр ашиглаж хууран мэхлэж итгэл төрүүлж бусдыг залилсан гэмт хэрэгт “мөнгийг бодитойгоор шилжүүлсэн” гэх нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт хийхэд шаардлагатай эрх зүйн үндэслэл болно. Иймд шүүгдэгч Х.Б нь хохирогч Б.Агийн итгэлийг эвдэн залилан мэхлэж 70.000.000 төгрөгийг авсан гэх үйлдэл холбогдол нь шаардлагатай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч хангалттай бүрэн нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Х.Бгийн хохирогч Ц.Сээс 2014 онд 20,000,000 төгрөг, 27.000.000 төгрөг, хохирогч Б.Згоос 2013-2014 онд 30.000.000 төгрөг авсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг их хэмжээгээр залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага, ялын хэмжээ шүүгдэгчид ашигтай байдлаар хөнгөрсөн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлан шүүгдэгч Х.Бд ял оногдуулж, Ц.Сээс 2014 оны 04 дүгээр сарын 20-оос 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зээл хөөцөлдөж байна гэж 2,350,000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээл хөөцөлдөж байгаа гэж 4,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкнаас 200,000,000 төгрөгийн зээл авах гэж байгаа дансанд байршуулна гэж хуурч мэхлэн 60,500,000 төгрөг авснаас 15,010,000 төгрөгийг буцаан өгөлгүй залилан мэхэлж авсан гэх, Б.Агаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “шинэ жил, цагаан сарын оргил үед ачаалалтай байдаг, их мөнгө байх тусмаа ашигтай байдаг, мөн банкнаас зээл хөөцөлдөж байгаа гэж итгүүлэн 70,000,000 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан итгэл эвдэж авсан гэх үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй буюу гэм буруутай эсэх нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болголоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, хохирлын зарим хэсэг төлөгдсөнийг харгалзах нь зүйтэй. Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Ст учирсан хохирлоос 15.000.000 төгрөг төлөгдсөн, хохирогч Б.Зд 12,464,000 төгрөг төлөгдсөн болох нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэг, дансны баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Х.Бгаас 49,536,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Зд 17.563.000 төгрөг, хохирогч Ц.Ст 32.000.000 төгрөгийг тус тус олгуулахаар заалаа. Тогтоолд энэ хэрэгт битүүмжилсэн 12 нэр төрлийн 9.616.000 төгрөгийн эд зүйлийн Х.Бд оногдох хэсгээс хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр зааж, Х.Б, Р.Бр нарын эзэмшилд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг Сөүл 40/а байр 140 тоот орон сууцыг захиран зарцуулах эрх, шилжилт хөдөлгөөнд тавьсан хоригийг, мөн шүүгдэгчийн гадаадад зорчих эрхэд хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч нь энэ хэрэгт 35 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, түүний Е-1248551 дугаартай гадаад паспортыг шүүгдэгчид буцаан олгохоор заалаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 2 дахь хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бд холбогдох хэргээс Б.Агаас 70,000,000 төгрөг, Ц.Сээс 21,360,000 төгрөгийг тус тус залилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Шарнууд овгийн Хүрэлбаатарын Бг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Х.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2015 оны Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д зааснаар Х.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч энэ хэрэгт 35 хоног цагдан хоригдсоныг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Х.Бгаас 49,536,000 төгрөг гаргуулж, 17,563,000 төгрөгийг Б.Зд /Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-10-37 тоотод оршин суух, /ЧС80053038/, 32,000,000 төгрөгийг Ц.Ст /Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24-67 тоотод оршин суух, /ФД73030207/ тус тус олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 103,824,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD-г хэрэгт хавсаргаж, Х.Б, Р.Б нарын өмчлөлд байгаа Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Сөүл 40а байр 104 тоотод байрлах орон сууцны захиран зарцуулах эрх, шилжилт хөдөлгөөнд тавьсан хориг, шүүгдэгч Х.Бгийн гадаадад зорчих эрхэд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 12 нэр төрлийн 9,616,000 төгрөгийн эд зүйлийн Х.Бд оногдох хэсгээс хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр албадан гаргуулсугай.

12.Хэрэгт хураагдсан шүүгдэгч Х.Бгийн E-1248551 дугаартай гадаад паспортыг тогтоол хүчинтөгөлдөр болмогц буцаан олгосугай.

13.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧИД                                    Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                                                                                   Ж.Б