Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х

Улсын яллагч Б.О

Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-т холбогдох эрүүгийн 2025000590047 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Э

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч О.Э-ыг 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт **-** БНА улсын дугаартай Хонда инсят маркийн тээврийн хэрэгсэлд Э-ын Б-ын гээгдүүлсэн иргэн Э.Б-ийн өмчлөлийн Самсунг-А7 загварын гар утсыг завшсаны улмаас 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э-ын мэдүүлсэн “Би ажлын бус цагаар таксид явдаг. 12 дугаар сарын эхээр нэг залууг Чимэг төвийн гадаа буулгаад машинаа тавиад ажилдаа явсан. Орой тараад урд суудлын урд гар утас байхыг олсон. Тэгээд гэртээ 2 хоног орхиод ажилдаа явсан. Тэгээд мөнгөний хэрэг болохоор нь зарсан. Гэм буруугаа хүлээж байна. Утасны үнийг төлсөн байгаа гэх мэдүүлэг, -Хохирогч Э.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...”2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өглөө 07 цаг 50 минутын орчим миний төрсөн дүү Э-ын Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-3 дугаар байрны гадна талаас загвар тодорхойгүй суудлын приус машинтай төсөөтэй машинд суугаад Чимэг төвийн гадна талд буугаад удалгүй тухайн таксинд гар утсаа мартсан гэдгээ санаад тухайн таксины араас яваад олж чадаагүй бөгөөд хоёр хоног гар утас руугаа залгаад эхэндээ дуудаж байгаад хоёр хоногийн дараа гар утас нь унтарсан гэж хэлсэн юм. Манай дүү Б нь Өвөрхангай аймагт Оторт яваа юм. Одоогоор холбоо барих боломжгүй байгаа юм. Гээгдүүлсэн гар утас нь ерөнхийдөө шинээрээ ямар нэгэн сэвгүй хар өнгийн Самсунг А7 маркийн гар утас байсан. Гар утас гадуураа хар өнгийн хавтастай гэртэй гэрэнд нь дүү Э.Б-ын иргэний үнэмлэх, ХААН банкны виза байсан гэсэн. Би Э.Б-ын гээгдүүлсэн гар утсыг 2019 оны 01 дүгээр сард Юнителээс 1,190,000 төгрөгөөр зээлээр худалдаж авч байсан. Манай дүү надаас худалдаж авч байсан юм. Манай дүү хэлэхдээ саарал өнгийн Приүс машинтай төсөөтэй машин байсан, машины жолооч нь гонзгой царайтай бор залуу байсан гэж хэлж байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/...би уг гар утсыг Юнител ХХК-аас аав Э-аар дамжуулан худалдан авч байсан. Би уг гар утсыг барьж байгаад хөдөөнөөс дүү ирэхээр нь түр өгч бариулж байсан юм... би аав Э-аар гар утас авахуулсан боловч лизингийн мөнгийг нь сар сард би өөрөө цалингаасаа өгчихдөг байсан. Гар утасны хохирлыг О.Э нь бүрэн барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/ -Гэрч Э.Б-ын “... 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 07 цаг 50 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-3 дугаар байрны гадна талаар загварыг нь сайн мэдэхгүй байна суудлын Приүс машинтай ойролцоо загварын таксинд суугаад шууд Чимэг төв ороод гадна нь буугаад тухайн үедээ буугаад удалгүй тэр доороо утсаа мартсанаа санаад тухайн таксиныхаа араас яваад олж чадаагүй. Тэгээд тухайн үед миний утас 2 хоног орчим өөр дугаараас залгахаар дуудаад байж байгаад 2 хоногийн дараа унтарсан...таксины номерыг сайн харж чадаагүй, жолооч нь 30 орчим настай туранхай залуу байх шиг байсан. Гар утасны гэрэнд миний жолооны үнэмлэх иргэний цахим үнэмлэх, хаан банкны виза карт зэрэг бичиг баримтууд байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 10-11 дүгээр хуудас/ -Гэрч Б.М-ын “... би фэйсбүүкт зар тавьсаны дагуу над руу чат бичсэн Тэгээд Самсунг-А7 загварын гар утсыг 320000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд би өөрөө барьж байгаад автобусанд алдчихсан. Сүүлд надад гар утас зарсан залуу буцаад утсаа авъя гээд яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/ -Шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 2/2-06 дугаартай “...Үнэлгээнд хамрагдсан Самсунг А-7 маркийн гар утасны үнэлгээ 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 950,000 / есөн зуун тавин мянга/ төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 19-24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч О.Э нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт **-** БНА улсын дугаартай Хонда инсят маркийн тээврийн хэрэгсэлээр такси үйлчилгээнд явж байхдаа Э.Б-ын гээгдүүлсэн иргэн Э.Б-ийн өмчлөлийн Самсунг-А7 загварын гар утсыг завшсаны улмаас 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 950,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгч О.Э-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг, гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв,прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт **-** БНА улсын дугаартай Хонда инсят маркийн тээврийн хэрэгсэлд Б-ын гээгдүүлсэн иргэн Э.Б-ийн өмчлөлийн Самсунг-А7 загварын гар утсыг завшсаны улмаас 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.Иймд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна. Харин сард 40,000 төгрөгөөр төлөх саналтай байна. Би гэр бүлдээ ганцаараа ажил хийдэг, мөн цалингийн зээлтэй гэжээ. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Э.Б-д учирсан хохирлыг шүүгдэгч О.Э бүрэн барагдуулсан, цаашид гаргах гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн /хх-ийн 113-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт О.Э-ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар О.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, сард 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А