| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0085/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/88 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т-д холбогдох эрүүгийн 2025000380057 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Т
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ч.Тг 2020 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг ** тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Т.Э-ыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т-гийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Миний буруу гэх мэдүүлэг -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 4-5- р хуудас/ -Хохирогч Т.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ”... 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд 00 цагийн орчим гэртээ ирэхэд Т надад уурлаж миний нүүр рүү 4-5 удаа цохиод үснээс зулгаагаад, ам руу хуруугаа хийгээд тагнай урсан. Т намайг хэнтэй архи уусан, хэнтэй явж байгаад ирэв гэх мэтээр намайг хардаж зодсон. Тухайн үед манай бага охин надтай хамт байсан Т уурлаж бухимдсан үедээ миний өнгөрсөн амьдралыг сөхөж ярьдаг байсан. Өмнө нь 2017 оны 02 дугаар сард бага охиныхоо хамт гэртээ байхад гаднаас согтуу орж ирээд миний зүүн талын хавирга руу гараараа 2 удаа цохисон. Тухайн үед миний зүүн талын хавирга өвдөөд байсан. Эмнэлгийн байгууллагад огт үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/ -Гэрч Ц.Н-ын “..2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн орчим гэртээ очиход ээж надад Т намайг зодсон гэж хэлсэн. .. нүд нь хавдсан хөхөрсөн, тагнай хацар нь шархалсан, гар нь хөхөрсөн байсан. Хойд эцэг Т бага зэрэг хартай, ээжийг архи уулаа, гадуур гарлаа гээд харддаг. Өөрөө тэрэнд нь бухимддаг одоогоос 2-3 жилийн өмнө хоорондоо маргалдаж ээжийн хавирга хугарсан гэж сонссон.. “ гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/ -Гэрч П.Т-ынн мөрдөн байцаалтад өгсөн: ...” Би энэ талаар сүүлд мэдсэн. Э-тай хамт ажилладаг С надад хэлсэн. Тэрээр хэлэхдээ өчигдөр нөхөр нь Э-ыг зодсон байна гэхээр нь эмнэлэгт яваад очсон чинь нүүр нь хөхөрсөн хавдсан байсан... ’’ гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 93 дугаартай ...”Т.Э-ын биед нүүр, баруун гар зүүн бугалганд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, баруун завьжинд 1 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо. Шүүгдэгч Ч.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг **-** тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Т.Э-ыг шөнөө гэртээ ирэхэд нь хардсаны улмаас үснээс зулгааж, орон дээр дарж ам руу нь хуруугаа хийж завьж тагнайг нь урж зодож биед нь нүүр, баруун гар зүүн бугалганд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, баруун завьжинд 1 тооны шалбархай бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 93 дугаартай дүгнэлтээр”...Т.Э-ын биед нүүр, баруун гар зүүн бугалганд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, баруун завьжинд 1 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэж дүгнэсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна. Шүүгдэгч Ч.Т-гийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2020 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг ** тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Т.Э-ыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа маргахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Т.Э нь цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн /хх-ийн 81-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохиролын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Е овогт Ч.Т-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ч.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд ,сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай. 6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А