Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Эд холбогдох эрүүгийн 1925009390045 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Х.Эг 2019 оны 12 дугаар сарын 13-ны орой Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “Еаst ресторанд Ц.Бийн 99351111 дугаарын гар утас руу “би азтан байна” гээд өөрийн Хаан банкны дансны дугаарыг явуулан төөрөгдүүлж 1,999,999 төгрөгийг шилжүүлэн авч залилах /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Эгийн мэдүүлсэн “Би яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа. Б гэдэг хүн миний утас...гэж хэлээд утсаар дансаа явуулаарай гэхээр нь дансны дугаараар азтан шалгаруулж байгаа юм байна гэж ойлгоод дансны дугаар явуулсан. Миний сууж байсан ширээ нэлээд хол байсан ба дуу чимээ ихтэй хүмүүс нэлээд халж согтож байсан. Би ч нэлээд согтсон, баяр хөөрийн байдалтай байсан. Би тэгж л ойлгосон юм гэх мэдүүлэг, -Гар утсанд ирсэн мессежний зураг /хх-ийн 4-р хуудас/ -хохирогч Ц.Бийн мэдүүлсэн“... 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Обагт байрлах “Еаst ресторанд Бид Эрдэнэтийнхэн нэртэй шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдсан. Энэ арга хэмжээ нь хуучнаар Эрдэнэтийн 10-н жилийн сургуулийн төгсөгчдийн баяр болсон. Энэ арга хэмжээний үеэр азтан шалгаруулахаар болоод цахилгаан бараа болох гитар, кофе чанагч зэргийг бэлэглэсэн. Мөн би хувийн зүгээс 2,0 сая төгрөгний азтан шалгаруулахаар сугалаа сугалахад 88 гэсэн дугаар таарсан. Тэр хүнийг тайзан дээр дуудаж гарган ирүүлж дансны дугаараа миний 99351111 дугаарын утас руу явуулаарай гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа “би азтан байна” гээд дансны дугаар бичсэн мессеж ирсэн тул тухайн данс руу нь 1 999 999 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч буруу хүн рүү шилжүүлснээ мэдээд Баасансүрэнд тэр талаар хэлсэн. Тухайн өдрийн үйл явдлыг харуулсан бичлэг хийсэн байгаа. Бичлэгээр бүх зүйл тодорхой 2 харагдаж байгаа. Би тэнд байсан хүмүүст ойлгомжтойгоор энэ эмэгтэй азтан боллоо, дансны дугаараа миний утас руу явуулаарай гэж хэлсэн. 95342013 дугаараас өөр ямар нэгэн дугаараас мессеж ирээгүй. 1,999,999 төгрөгийг Баасансүрэн хүлээн аваад над руу шилжүүлсэн. Миний хувьд өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан тул ямар нэг гомдол санал байхгүй. Би хувийн ажил ихтэй тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Цаашид энэ хэрэгтэй холбоотой аливаа нэг асуудалд миний бие оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/ -Гэрч Б.Баасансүрэнгийн “ ... Э гэж эмэгтэйгээс өөр хүн би азтан байна гэсэн мессеж ирүүлээгүй. Тухайн үед би азтан болсон Батцэцэг гэж эмэгтэйтэй өөрийн биеэр уулзаж Хаан банкны данс байна уу гэж асуухад Хаан банкны данс байхгүй, харин Голомт банкны данс байна гэхээр нь Хаан банкны данс олоод мессеж явуулаарай гэж хэлээд явсан. Тэгээд байж байтал удаач үгүй би азтан байна гээд дансны дугаар бичсэн мессеж ирэхээр нь нөгөө Батцэцэг гэж эмэгтэйг байна гэж ойлгосон. Ер нь бол Б захирал тайзан дээр бүгдэд ойлгомжтойгоор энэ эмэгтэй азтан боллоо миний 99351111 дугаарын утасруу дансны дугаараа явуулаарай гэж хэлж байсан. Тэнд телевизийн бичлэг хийгдэж байсан. Бичлэг дээр бүгд тодорхой харагдаж байгаа. Гүйлгээг Б захирал өөрийнхөө гар утаснаас хийсэн. Шөнө 01 цаг 30 минутын үед буруу хүн рүү мөнгө шилжүүлснээ мэдээд Батцэцэгт энэ талаар хэлсэн. Э гэж эмэгтэй рүү шөнө залгахад согтуу байсан. Маргааш нь залгасан боловч утсаа аваагүй...” гэх мэдүүлэг/ хх-ийн 12-р хуудас/ -Гэрч С.Батцэцэгийн “ ... 2019 оны 12 сарын 13-ны өдөр Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “ЕазГ ресторанд болсон баярын арга хэмжээний үеэр Б захирал тайзан дээр гарч 2.0 сая төгрөгний азтан тодруулахаар болсон. Б захирал өөрөө сугалж 88 гэсэн миний дугаарыг сугалсан. Тайзан дээр очтол тэрээр өөрийнхөө 99351111 дугаарыг хэлж, дансны дугаараа миний утас руу мессежээр явуулаарай гэж хэлсэн. Ширээн дээрээ очоод сууж байтал Баасансүрэн дарга хүрч ирээд Хааны данс байвал явуулаарай гэхэд нь надад Хаан банкны данс байхгүй учраас найз Золжаргалын дансны дугаарыг бичиж өгтөл удахгүй мөнгө чинь орно гээд явсан. Маргааш, нөгөөдөр нь амралтын өдөр байсан тул 1 дэх өдөр өгөх юм байна гэж бодоод залгаагүй. Тэгээд 1 дэх өдөр Баасансүрэн дарга руу залгаад асуутал бид мөнгийг чинь Хүрлээгийн Э гэж хүн чиний өмнөөс авчихсан шүү дээ гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/ -Гэрч Ц.Болдбаатарын: “... Баярын арга хэмжээнд Этай хамт нэг ширээнд суусан.Арга хэмжээний үеэр Б тайзан дээр гарч ирээд хувиасаа би азтан тодруулна гээд өөрийнхөө 99351111 дугаарыг микрофоноор зарласан.Тухайн үед өөр юу ярьсаныг би анзаараагүй.Хүн болгон л дор бүрнээ шаагилдаад байсан.Баярын арга хэмжээ дууссаны дараахан бид дэлгүүрээс юм авахаар мөнгө цуглуулж байтал Э гэнэт л би азтан болчихлоо шүү дээ гээд хашгираад унасан. Утсыг нь хартал 1 999 999 төгрөг дансанд нь ороод ирчихсэн байсан. Тэгээд мөнгө цуглуулах биш Э азтан болсноо тэмдэглэж өөрөө дэлгүүрээс идэж, уух юм авсан...тухайн үед бол хүн болгон л сэтгэл нь хөөрөөд халамцуу болчихсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-р хуудас/ -Гэрч Ц.Сувдаагийн:...”Арга хэмжээний үеэр Б гэж хүн тайзан дээр гарч ирээд өөрийнхөө гар утасны дугаарыг хэлээд энэ утас руу дансны дугаараа явуулаарай гэж микрофонооор зарласан.Үүнийг бид сонсоод 3-4 найз хүүхнүүд маань 99351111 дугаар руу мессеж явуулсан.Гэтэл удаа ч үгүй 30-40 минутын дараа байх Э би азтан болчихлоо ш дээ гэж хэлсэн. Ингээд тэр оройноо бид найзынхаа азтан болсон баярыг тэмдэглэсэн. Тухайн үед Э өөрийн ангийхантайгаа өөр ширээн дээр сууж байсан юм. Батцэцэг гээд тэр эмэгтэйг азтан болсныг би анзаараагүй.Би найз хүүхнийхээ 95340053 дугаарын утаснаас өөрийн дансны дугаарыг явуулсан.Надаас гадна манай 2 найз хүүхэн явуулсан гэх 3 мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/ -Гэрч Н.Буянтын ...”Баярын арга хэмжээнд Э нэг ширээнд миний хажууд сууж байсан. Арга хэмжээний үеэр Б гэж хүн гарч ирээд өөрийнхөө гар утасны дугаарыг хэлээд энэ утас руу дансны дугаараа явуулсан хүнийг азтан болгоно гэсэн утгатай зүйл хэлсэн...Бид үүдний дэргэд ширээн дээр сууж байсан. Миний ойлгосноор бол дансны дугаараа явуулсан хүнийг азтан болгоно гэж ойлгосон. Тухайн үед сугалаа сугалаад нилээн хэдэн хүмүүс азтан болж тайзан дээр гарч цахилгаан бараа болон бусад зүйлсийг авч байсан. Азтан болох үйл ажиллагаа бол ерөнхийдөө дунд үед болсон учраас хүн болгон л архиндаа халчихсан сууцгааж байсан. Миний хувьд Эг худлаа хэлж мөнгө авсан гэж ойлгохгүй байна. Өөрөө азтан болчихлоо ш дээ гээд бараг хүн болгонд үзүүлж сэтгэл нь өндөр байсан шүү дээ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/ -Хаан банкны 5094189669 дугаарын Х.Эгын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 38 дугаар хуудас/ - Хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 42-43-р хуудас/ -Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс дуу бичлэгийн хуурцаг 1ш зэргийг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо. 2019 оны 12 дугаар сарын 13-ны орой Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “Еаst ресторанд “Бид Эрдэнэтийнхэн” нэртэй баярын цэнгүүний үеэр азтан шалгаруулахад 88 гэсэн дугаартай С.Батцэцэг нь кофе чанагчийн эзэн болсон бөгөөд Ц.Б гэгч хувиасаа 2 сая төгрөгийг азтанд бэлэглэхээр 99351111 дугаарын утас руу дансаа явуулаарай гэж чанга яригчаар зарласан ба тухайн арга хэмжээнд оролцож байсан Х.Э нь өөрийн Хаан банкны дансны дугаарыг дээрхи утас руу явуулснаар дансанд нь 1,999,999 төгрөг орж ирсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд болон дүрс дууны бичлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэв. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Э нь хохирогч Ц.Бийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг бишрэлийг нь далимдуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлж, эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Х.Эгийн үйлдэл нь тухайн нөхцөл байдалд болж буй үйл явдлыг буруугаар тусган ойлгосноос шалтгаантай байж болзошгүй, гэм бурууг тогтооход эргэлзээтэй байна гэж үзэв. Гэрч Ц.Болдбаатарын...Арга хэмжээний үеэр Б тайзан дээр гарч ирээд хувиасаа би азтан тодруулна гээд өөрийнхөө 99351111 дугаарыг микрофоноор зарласан. Тухайн үед өөр юу ярьсаныг би анзаараагүй. Хүн болгон л дор бүрнээ шаагилдаад байсан. Баярын арга хэмжээ дууссаны дараахан бид дэлгүүрээс юм авахаар мөнгө цуглуулж байтал Э гэнэт л би азтан болчихлоо шүү дээ гээд хашгираад унасан...гэх мэдүүлэг, гэрч Ц.Сувдаагийн...Арга хэмжээний үеэр Б гэж хүн тайзан дээр гарч ирээд өөрийнхөө гар утасны дугаарыг хэлээд энэ утас руу дансны дугаараа явуулаарай гэж микрофонооор зарласан. Үүнийг бид сонсоод 3-4 найз хүүхнүүд маань 99351111 дугаар 4 руу мессеж явуулсан. Гэтэл удаа ч үгүй 30-40 минутын дараа байх Э би азтан болчихлоо шүү дээ гэж хэлсэн...Би найз хүүхнийхээ 95340053 дугаарын утаснаас өөрийн дансны дугаарыг явуулсан. Надаас гадна манай 2 найз хүүхэн явуулсан гэх мэдүүлэг, гэрч Н.Буянтын ...Баярын арга хэмжээнд Э нэг ширээнд миний хажууд сууж байсан. Арга хэмжээний үеэр Б гэж хүн гарч ирээд өөрийнхөө гар утасны дугаарыг хэлээд энэ утас руу дансны дугаараа явуулсан хүнийг азтан болгоно гэсэн утгатай зүйл хэлсэн...Бид үүдний дэргэд ширээн дээр сууж байсан. Миний ойлгосноор бол дансны дугаараа явуулсан хүнийг азтан болгоно гэж ойлгосон. Тухайн үед сугалаа сугалаад нилээн хэдэн хүмүүс азтан болж тайзан дээр гарч цахилгаан бараа болон бусад зүйлсийг авч байсан. Азтан болох үйл ажиллагаа бол ерөнхийдөө дунд үед болсон учраас хүн болгон л архиндаа халчихсан сууцгааж байсан. Миний хувьд Эг худлаа хэлж мөнгө авсан гэж ойлгохгүй байна. Өөрөө азтан болчихлоо ш дээ гээд бараг хүн болгонд үзүүлж сэтгэл нь өндөр байсан шүү дээ” гэх зэрэг мэдүүлэгүүд болон үйл явдлын дүрс дууны бичлэг зэрэг нотлох баримтаар тайзан дээр болж буй азтан шалгаруулах үйл явц нь азтан Батцэцэгт сугалааны дугаар бичсэн цаас нь байхгүйгээс шалтгаалж удаашран хүмүүс шуугилдаж эцэст нь “99351111 дугаар руу дансны дугаараа явуулаарай” гэж нийтэд хандаж чанга яригчаар зарлан хэлснээс хүмүүст буруу ойлголт төрсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Х.Эгаас гадна бусад хүмүүс дээрхи 99351111 дугаар руу дансны дугаараа явуулсан болох нь гэрч Ц.Сувдаагийн...Арга хэмжээний үеэр Б гэж хүн тайзан дээр гарч ирээд өөрийнхөө гар утасны дугаарыг хэлээд энэ утас руу дансны дугаараа явуулаарай гэж микрофоноор зарласан. Үүнийг бид сонсоод 3-4 найз хүүхнүүд маань 99351111 дугаар руу мессеж явуулсан...гэх мэдүүлгээр нотлогдсон ба энэ мэдүүлгийг мөрдөн байцаалтаар шалгаагүй байна. Шүүгдэгч Х.Э Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай бүрэн тогтоогдохгүй, субъектив санаа зорилгыг хэрэг гарах үеийн нөхцөл байдалтай уялдуулж шалгаж тогтоогоогүй эргэлзээтэй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны орой Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “Еаst ресторанд Ц.Бийн 99351111 дугаарын гар утас руу “би азтан байна” гээд өөрийн Хаан банкны дансны дугаарыг явуулан төөрөгдүүлж 1.999.999 төгрөгийг шилжүүлэн авч залилан авсан болох нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдсон. Данс андуурлаа гэж хэлсний дараа мөнгийг зарцуулсан байдаг. Иймд Х.Эг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж “надад залилах санаа зорилго байгаагүй. 250-иад хүнтэй, чимээ шуугиан их байсан. Дунд зэргийн согтолттой байсан. Азтан болох зорилгоор л дансаа явуулсан. Би өөрийгөө залилан хийсэн гэж үзэхгүй байна гэж мэтгэлцжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Х.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Хэргийн бодит байдал эргэлзээгүй тогтоогдоогүй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс дууны бичлэг, “Бид Эрдэнэтийнхэн” нэртэй 1 ширхэг урилга зэргийг хэрэгт хавсаргаж хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг 5 дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Умбаа овогт Хүрлээгийн Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуурцаг 1 ширхэг, “Бид Эрдэнэтийнхэн” нэртэй урилга 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй дурьдсугай.

4. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ