| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2018/0040/И |
| Дугаар | 168 |
| Огноо | 2018-03-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 168
Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Ө аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Шовогт Жгийн Вгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Ө аймгийн Ө сумын Хот тохижуулах алба /дарга А.Е/-нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын Хдарга А.Е, хариуцагч байгууллагын өмгөөлөгчид А.С, С.Н, гэрчүүд М.С, Х.Ш, Ш.Х, Д.Г, Х.Е, А.Е, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Ө аймгийн Ө сумын Ххар замын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Ж.В шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө сумын Хдаргын 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай тушаалаар сахиулын ажилд томилогдон одоо хүртэл Ө сумын Ххар замын үйлчлэгчээр ажиллаж байна. Би 2017 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр аймгийн Онцгой байдлын газраас зарласан арга хэмжээнд хамт олноороо оролцож улмаар Шар нуурт албаны үүрэг гүйцэтгэж буцах үед байгууллагын зам цэвэрлэх тэвшинд сууж яваад онхолдож нуруу нугасны гэмтэл авч одоо хүртэл эмнэлэг болон гэрээр эмчилгээ хийлгэж байна. Энэ хугацаанд би байнга өвчтэй, өвчний учир ажлын чөлөөтэй байсан юм. Би ажилласан хугацаанд ажлын ямар нэгэн дутагдал гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй болно. Гэтэл намайг өвчтэй байх хугацаанд Ө сумын Херөнхий менежер нь 2018 оны 01-р сарын 04-ний өдөр 03 дугаартай тушаал гаргаж надад сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гаргасан байна. Намайг өвчтэй ямар ч дутагдал гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг үндэслэн сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэж сахилгын халах шийтгэл ногдуулсанд маш их гомдолтой байна. Иймд миний бие нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул Ө сумын Ххар замын үйлчлэгчээр эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Баян-Ө аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух Ж.В анх 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ө сумын Хдаргын 08 дугаартай тушаалаар өөрийн эцэг нь Ж гэдэг хүн хар замын цэвэрлэгчийн ажлыг хийж байгаад осолд ороод өвчтэй байсан учраас түүний оронд ажилд орсон байдаг. Ж.Вг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ө сумын Хдарга А.Е нь 03 дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан. Ө сумын Хдаргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн гомдлын шаардлага нь хар замын цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай байгаа.
1.2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ерөнхий менежер А.Е, ажилтан Ж.В нар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний нөхцөлүүдийг тохиролцсон Ж.Вгийн гарын үсэг уг гэрээнд байхгүй. Тухайн гэрээг хүлээлгэж өгсөн гарын үсэг байгаа болохоос биш гэрээг тохиролцсон, зөвшөөрсөн талаар Ж.Вгийн гарын үсэг байхгүй. Өөрөөр хэлбэл ажил олгогч А.Еы гарын үсэг, тамга тэмдэг байгаа боловч тухайн гэрээг ажилтан Ж.Вд танилцуулж, хүлээн зөвшөөрүүлсэн гарын үсэг байхгүй. Тэгэхээр уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй байна.
2. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 03 дугаар тушаал гаргаж ажилтан Ж.Вг хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах үед нэхэмжлэгч Ж.В өвчтэй байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл эмнэлгийн хуудсаар ажлаас чөлөөлөгдсөн байсан нь тогтоогддог. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасан албан тушаал хэвээр хадгалах үндэслэл зөрчигдсөн гэж үзэхээр байгаа. Өөрөөр хэлбэл Ж.В 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ш өрхийн эмнэлэгт амбулаторийн үзлэг хийлгүүлсэн. Ж.В нь ер нь өвчтэй хүн. Түүний өвчтөний картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн учраас шүүгч үүнийг уншиж судалсан байх гэж үзэж байна. Бамбай булчирхайн 2 дугаар зэргийн томролттой, цусны даралт ихтэй хүн. Тийм учраас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл эмнэлгийн хуудсаар ажлаас чөлөөлөгдсөн байсан. Ж.В 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ш өрхийн эмнэлэгт очиж амбулаторийн эмч ЖанБ гэдэг эмчид үзүүлээд онош тавиулаад эмчилгээгээ бичүүлсэн байна. Улмаар ЖанБ гэх эмч нь өвчтөний картад зохих тэмдэглэгээ хийсэн байна. Нэхэмжлэгч Ж.В эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үзүүлсэн боловч 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлээд өвчтэй байсан нь өвчтөний динамик эргэлтээр нотлогдож байна. ЖанБ гэдэг эмч хуурамч эмнэлгийн хуудас өгсөн гэдэг үндэслэлээр хариуцагч тал ЖанБ гэдэг хүнийг конторт дуудаж авчирж дарамталсан. Өөрөөр хэлбэл чи хуурамч эмнэлгийн хуудас өгсөн байна, Цагдаагийн байгууллагаар шалгуулж шийтгүүлэх ёстой гээд дарамталсан байна. Уг нь журам нь өвчтөний картад хийсэн тэмдэглэгээг үндэслээд аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмнэлгийн хуудас авах ёстой юм байна. Чөлөөний хуудсыг аваад аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Маншүк гэдэг гарын үсэг зураад дараа нь эмчлэгч эмч ЖанБ гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Тийм учраас Ж.Вг эмнэлгийн чөлөөтэй байгаа үед ажлаас халсан байна гэж үзэж байна. Хариуцагч тал ЖанБ гэдэг хүн Хөх хөтөлд суманд эмчээр ажилладаг юм байна, хуурамч эмнэлгийн хуудас өгсөн гээд баахан юм бичсэн байна. Тэгээд бид нар ЖанБ нь Ш өрхийн эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлээд эмчээр ажиллаж байсан тушаалыг авч нотлох баримтаар хавсаргасан. Мөн түүний тус эмнэлэгт 18 хоног ажиллаад авсан цалин хөлсийг нотлох баримтаар гаргаж өгсөн. ЖанБ нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 01 дүгээр сарын 18-ний өдөр хүртэл тус эмнэлэгт түр хугацаагаар ажиллаж байгаад Улаанхус сумын Хөх хөтөл багийн их эмчийн салбарт томилогдон явсан байна. Ж.Вг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан албан тушаал нь хэвээр хадгалагдах үндэслэлүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн ажил олгогчийн Ж.Втай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ гэж үзэх боломжгүй гэж үзэж шүүхэд гомдол гаргасан. Иймд Ж.Вг Ө сумын Ххар замын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын Хдарга А.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Вгийн нэхэмжлэлтэй танилцаж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар дараах тайлбарыг хүргүүлж байна.
1. Ж.В нь 2017 оны 12 дугаар сарын 26-наас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд шалтгаангүйгээр ажил тасалсан юм. Ж.В нь ажлын байранд, ажил үүргээ гүйцэтгэх явцад гэмтэл авсан мэтээр нэхэмжлэлдээ дурдсан боловч тэр нь ажлын байранд осолдсон асуудал огт байхгүй бөгөөд тогтоогдоогүй. Өвчний учир чөлөөтэй байсан гэх боловч ямар ч шалтгаангүйгээр ажил тасалж, ажил цалгардуулж удаа дараа хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан. Хэрэв Ж.В нь өвчтэй байсан бол ажил олгогч надад болон манай байгууллагын цаг бүртгэл явуулдаг ажилтан алба хаагч нарт мэдэгдэж, чөлөө авах үүрэгтэй байсан боловч бидэнд огт мэдэгдээгүй. Түүний шүүхэд гаргаж өгсөн эмнэлгийн лист нь эргэлзээтэй байна. Тухайн листийг бичсэн эмч Д.ЖанБ нь анагаахын сургуулийг дөнгөж төгсөж ирсэн бөгөөд Ө сумын төвд эмчээр ажилладаг хүн биш /Улаанхус суманд эмчээр ажилладаг/ мөртлөө хуурамч лист бичиж өгсөн байна. Листнийхээ олгосон, эхэлсэн, дууссан хугацааг нь хүртэл буруу бичиж өгсөн байна. Уг листийг олгосон огноог нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нөхөж лист олгосон байна. Архи ууж гудамжинд явж байсан хүнд яагаад лист бичиж өгснийг тодруулах болно. Журмын дагуу лист олгохын тулд заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх ёстой, эмчлэгч эмчийн магадалгаа, эмчлүүлэгчийн картад байгаа бичилтийг заавал харгалзан үзэж лист олгох ёстой. Тэгээд тухайн ажилтны листийн дагуу нийгмийн даатгалын сангаас мөнгө төгрөг олгогдох учиртай.
2. Ж.В нь олон хоногоор ажилд ирээгүй ба гар утас руу нь залгахад авахгүй байсан тул түүний гэр оронд нь ажилтнуудаа явуулахад гэрт нь Ж.В байгаагүй ба аав болон эхнэр нь "түүнийг ажилдаа явсан" гэж хэлсэн байна. Ж.Вгийн гэрт очсон Х.Е, А.Е нар үүнийг гэрчлэх тул гэрчээр асуулгах болно. Ж.В нь гэр бүлийнхээ хүмүүст ажилдаа очно гэж явчхаад гадаа архидаж явдаг болохыг нь түүний эхнэр нь хүртэл миний албаны өрөөндөө орж ирээд хэлж байсан. Тухайн үед миний албаны өрөөндөө хамт суудаг нягтлан бодогч М.С, ахлах мэргэжилтэн Т.Х нар сууж байсан бөгөөд Ж.Вгийн эхнэрийн хэлсэн үгийг тэр хоёр гэрчилж өгнө.
3. Манай байгууллагын Ш.Х, Д.Г нар Ж.Вг ажил тасалсан өдрүүд болох 2017 оны 12 дугаар сарын 26-наас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд ажилд ирэлгүйгээр Ховд голын гүүрний дээр согтуу явж байхад нь уулзаж, тааралдаж байснаа гэрчилж чаддаг. Иймээс Ж.В нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил тасалж байсан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын Хдарга А.Е шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.В 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажил тасалсан. Урьд нь бас сахилгын шийтгэл авагдсан байсан. Ж.В ажил тасалж байх үед би манай байгууллагын 2 ажилтныг Ж.В гэрт нь байвал дуудаад ир гээд Ж.Вгийн гэр лүү явуулсан. Манай хоёр ажилтан гэрт нь очиход Ж.В гэртээ байгаагүй. Гэрт нь очиход түүний эхнэр болон эцэг нь байсан байна. Тэдгээр хүмүүс Ж.В гэртээ байхгүй, өглөө ажилдаа явлаа гээд гарч яваад орой ажлаасаа ирлээ гээд ирдэг гэж хэлсэн байна. Дараа нь эхнэр нь миний өрөөнд орж ирээд Ж.В өглөө ажил руу яваад орой 17 цагаас ирдэг, хаана явж байгааг би өөрөө ольё гэж хэлсэн. Би тэр хооронд Ж.Вгийн утас руу зөндөө залгасан. Ж.В 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан учир би түүнийг ажлаас халсан. Урьд нь бас сахилгын шийтгэл авсан байсан. Яг үнэнийг хэлэхэд Ж.В архи их ууж байнга ажил тасалдаг. Бараг сард 2-4 хоног ажил тасалдаг байсан. Би түүнийг зөндөө уучилж л байсан. Тухайн үед өөрөө уучлалт гуйгаад, даргаа би дахиж ажил таслахгүй гэхээр нь уучилдаг байсан. Одоо сүүлд хэрээс хэтэрсэн. Бүх ажилчид өвөл зунгүй гадуур ажилладаг. Гэтэл Ж.В гадуур байнга архи уугаад явдаг. Түүнийг гадуур архи уугаад явж байхад манай байгууллагын 2 ажилтан харсан байна. Нэг нь зугтаад явсан байна. Харин нэг ажилтан маань уулзсан байна. Би Ж.Вд ажлаас халагдах тушаалыг гардуулж өгөх үед чи хаана байсан юм бэ, юу хийгээд явж байсан бэ гэхэд юу ч дуугараагүй. Тухайн үед миний хажууд байсан хүмүүсийг шүүх хуралдаанд гэрчээр асуулгахаар дагуулж ирсэн гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.В нь Баян-Ө аймгийн Ө сумын Ххар замын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Ж.В нь Баян-Ө аймгийн Ө сумын ХЕрөнхий менежерийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, “...Ж.В нь хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж маргасан боловч хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, үйл баримтаа нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Баян-Ө аймгийн Ө сумын ХЕрөнхий менежерийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 4.2, 6.3, 6.4 дахь хэсэг, Байгууллагын хамт олны хурлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн тус албаны хар замын үйлчлэгч Ж овогтой В нь хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдсон тул 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн сахилгын халах шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, нэхэмжлэгч Ж.Вг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Баян-Ө аймгийн Ө сумын ХЕрөнхий менежерийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд баримталсан үндэслэл, ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч нэхэмжлэгч ажил олгогчийн ажилтан Ж.Вд сахилгын халах шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Вгийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 0876577 дугаартай Эмнэлгийн хуудсаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Ж.В нь М05 гэсэн оноштой, эмчлэгч эмч, ерөнхий эмч нар гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан эмнэлгийн хуудсыг бичиж олгосон байхад ажил олгогч Ж.Вг хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаас тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч нар “...хавтаст хэрэг гаргаж өгсөн эмнэлгийн хуудас нь хуурамч, нөхөж бичиж олгосон, эргэлзээ төрүүлж байна” гэж тайлбарлаж байгаа боловч энэ эмнэлгийн хуудсыг хуурамч, нөхөж бичсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хавтаст хэрэгт хариуцагч талын гаргаж өгсөн Д.ЖанБын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тайлбар гаргах нь гэсэн баримтыг Д.ЖанБ нь гэрчийн мэдүүлэг өгөхөд үгүйсгэсэн ба шүүхээс хууль сануулж гэрчээр асуухад гэрч Д.ЖанБ нь “...тэр хүний биеийн байдлын үзсэн, артерийн даралт нь хэвийн түвшингээс их байсан. Өмнө нь яагаад ирж үзүүлээгүй вэ? гэхэд босож чадахгүй байсан гэсэн, бамбай булчирхайн 2 дугаар зэргийн томролттой гэсэн урьдчилсан онош тавьсан, хүний биеийн өвчний динамик гэж байгаа, өвчин угаасаа 2-3 өдрийн өмнө үүсдэг өвчин байгаа, картынх нь өмнө бүх юм нь бичигдсэн байсан. 0876577 дугаартай эмнэлгийн хуудас дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн” гэсэн мэдүүлгээр Д.ЖанБ нь “тайлбар гаргах нь” гэж бичсэн бичмэл нотлох баримтыг үгүйсгэж “... энэ хүн зааварласан болохоор тэгж бичсэн байгаа. Над руу чи хэрэг хийсэн байна гэж хэлсэн. Би сандарсан байсан” гэсэн мэдүүлэг болон Ж.Вгийн Амбулаториор эмчлүүлэгчдийн картад бичигдсэн бичилтээр Ж.В нь тухайн үед өвчтэй эмчид үзүүлж эмнэлгийн хуудас авч байсан байна.
Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар хүний их эмч Д.ЖанБ нь Баян-Ө аймгийн Ш өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай “Ажилд түр авах тухай” гэсэн “энэ өдрөөс эхлэн М.Кгийн оронд түр их эмч Д.ЖанБыг авч ажиллуулсугай” гэх тушаалаар болон Ш өрхийн эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч К.Нийн 2018 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн 09 дугаартай тодорхойлолтоор энэ хугацаанд Ш өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байсан нь тус тус нотлогдож байна.
Монгол улсын Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаартай тушаалаар “Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журам”-ыг баталсан байх ба эмнэлгийн хуудас нь улсын нэгдсэн дугаартай хэвлэмэл маягт байна, эмнэлгийн хуудас олгох журмын 2.2-т “... нийгмийн даатгалын дэвтэр, өвчний түүх, амбулаторийн карт, үйлдвэрлэлийн ослын болон мэргэжлээс шалтгаалах өвчний акт, эмнэлгийн хяналтын комиссын шийдвэр, түр оршин суугчид ба /хороо/-ний Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн эмнэлгийн хуудсыг олгоно”, 2.3-т “даатгуулагчид эмнэлгийн хуудсыг дараах Төрийн болон хувийн хэвшлийн холимог өмчийн эрүүл мэндийн байгууллага олгоно”, 2.11-т “амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид эмчлэгч их эмч эмнэлгийн хуудсыг 14 хоногоос илүүгүй хугацаагаар олгоно”, 2.12-т “эмнэлгийн хуудсыг бичихдээ өвчний оношийг олон улсын өвчний ангиллын шифрээр бичнэ”, 2.14-т “эрүүл мэндийн байгууллагын дарга /захирал, эрхлэгч/ эмнэлгийн хуудас бичсэн үндэслэлийг шалгаж, гарын үсэг зурж, эмнэлгийн тамга /тэмдэг/-аар баталгаажуулна” гэж тус тус зохицуулсан байна.
Нэхэмжлэгч Ж.Вд олгосон 0876577 дугаартай эмнэлгийн хуудас нь Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журмыг дагуу олгогдсон байх тул уг 0876577 дугаартай эмнэлгийн хуудсыг хуурамч гэж үзэх боломжгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар Ж.В нь эмнэлгийн хуудсаар чөлөөтэй байгаа хугацаанд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах ёстой байтал энэ хугацаанд ажил олгогч Баян-Ө аймгийн Ө сумын Херөнхий менежер нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын халах шийтгэл ногдуулсан нь хуулинд нийцээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэснийг үндэслэн ажилтан, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулжээ. Уг хөдөлмөрийн гэрээний 8.1-т “гэрээг хоёр талын гарын үсэг зурсан өдрөөс эхлэн ерөнхий зүйлд заасан хугацаанд хүчин төгөлдөр аль нэг нь цуцлах санаачилга гаргах хүртэл сунгагдана” гэж ерөнхий менежер гарын үсэг зурж тамга тэмдгээ дарж баталгаажуулсан байх ба ажилтан гарын үсэг зураагүй мөртлөө гэрээг хүлээн авсан гэж гарын үсэг зурсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажилтан Ж.Втай харилцан тохиролцож байгуулж байсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд энэ гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад ажил олгогч 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. үүнд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах” гэсэн хэлбэрийг сонгохыг зохицуулсан байна.
Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрэхгүй бөгөөд зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг ба ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.
Ажилтан Ж.В нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлийг буюу зөрчлийг шалгасан талаарх материал, зөрчил гаргагчийн тайлбар, уг зөрчлийг авч хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгсөн боловч тушаалын үндэслэл нь хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгээр бүрэн нотлогдохгүй байна.
Баян-Ө аймгийн Ө сумын Херөнхий менежерийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай тушаалдаа үндэслэл болгосон Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “ноцтой зөрчил” гэдгийг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх учиртай байтал ажил олгогчийн ажилтан Ж.Втай байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд энэ талаар нэрлэн заагаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч хариуцагчийн тайлбарлаж байгаагаар Ж.Вгийн гаргасан зөрчил болгон тус тусдаа тогтоогдоогүй бөгөөд ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь тогтоогдохгүй байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байгууллагын хамт олны хурлаар Ж.Вгийн талаар авч хэлэлцсэнийг тэмдэглэлд тусгасан байх ба тухайн өдрийн хуралд ажилтан Ж.Вг оролцуулаагүй, хурал болох талаар мэдэгдээгүй, зөрчил гаргагчийн тайлбарыг аваагүй, хурлаар хамт олны саналыг үндэслэн Ж.Вд ажлаас халах нь зөв гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцсэн байх учиртай, мөн сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж хуулинд заасан үндэслэлүүдийг зөрчсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд ажлаас халах, ажил хүлээлцэх талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэртээ заана гэснийг хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын Хот тохижуулах албан ерөнхий менежерийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай тушаалдаа тусгаагүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Нын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч М.С, Х.Ш нар нь “... Ж.В ажлаа тасалсан нь үнэн, Ж.Вгийн эхнэр А нь ажилдаа явлаа гэж хэлээд явдаг, орой ажлаас ирлээ гэж ирдэг гэж даргад хэлэхэд би хажууд нь байсан, Ж.В өвчтэй байгаа гэж хэлээгүй, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тушаалыг гардуулж өгсөн, тушаалыг эсэргүүцэж юм хэлээгүй” гэх, гэрч Ш.Х, Д.Г нар нь “... Ж.Втай2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр уулзсан, нэлээн согтуу байсан, дэлгүүрийн хажууд согтуу зогсож байсныг хараад уулзахгүй зугтаад яваад өгсөн” гэх, гэрч Х.Е, А.Е нар нь “... даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу хоёр удаа Ж.Вгийн гэрт нь очсон, нэг удаа очиход Ж.В байгаагүй, эхнэр нь бидэнтэй хамт машинд суугаад ирсэн, Ж.В байхгүй олж авна гэсэн, хоёрдох удаа очиход Ж.В байсан дагуулж ирж даргатай уулзуулсан, тухайн үед юм яриагүй, 2014 оны 12 дугаар сарын 26-наас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний хүртэл ажил тасалсан” гэх мэдүүлгээр ажилтан Ж.В хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас тасалсан, давтан зөрчил гаргасан, ажилд ирээгүй согтуу гудамжинд явж байхад ажилчидтай тааралдсан гэх үйл баримтын үндэслэл нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байна.
Мөн хариуцагч талаас ажилтан Ж.Вгийн согтуу байсныг тогтоосон нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, энэ үндэслэл нь бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гэрч нарын мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5- зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.
Хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын Херөнхий менежерийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ж.Вг Баян-Ө аймгийн Ө сумын Ххар замын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Ж.Вгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын Хсанхүүгээс 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан ЗЦТ-ийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад П.Банзрагч гэх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “хариу мэдэгдэх хуудас” нь Ж.Вгийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Шовогт Жгийн Вг Баян-Ө аймгийн Ө сумын Ххар замын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын Хсанхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б