Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
Хэргийн индекс | 101/2017/05030/и |
Дугаар | 829 |
Огноо | 2018-03-09 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 829
2018 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 101/ШШ2018/00829 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х Б” ХХК өрийн байранд байрлах, УБД:9016001011, РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, М
Хариуцагч: тоот хаягт оршин суух, М М
“Х Б” ХХК болон М.М, М.М нарын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан №ОСЗГ/343 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 153.270.842,79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,
Талуудын хооронд байгуулагдсан №ОСЗГ/343 тоот гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулах үүргээ хэрэгжүүлэхийг “Х Б” ХХК-нд шүүхийн журмаар даалгуулах, “Х Б” ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүргийн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор 43.104.000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт авах эрхгүй болохыг тогтоолгох, ОСЗГ/343 тоот хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээний хүү 15.6 хувь байгааг тогтоолгох тухай хариуцагч М.Мын сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, С.Баярбаатар,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М,
Хариуцагч М.Мын өмгөөлөгч Ч.Атарболд /ШТ№2602/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, С.Баярбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч иргэн М.М, хамтран үүрэг гүйцэтгэгч иргэн М.М нар нь Х Бны Орон сууцны зээлийн төвтэй 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дугаар № ОСЗГ/343 тоот “Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ” байгуулан 120,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,3 хувийн хувьсах хүүтэй, 180 сарын хугацаатайгаар, орон сууц худалдан авахаар зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь дээрх 120.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд М.Мын өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-2204027593 тоот дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо Нарны зам, 406 байрны 63 тоот, 118,44 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалуулсан.
Зээлдэгч нь зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 9,833,057.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 75,662,546.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 441,978.25 төгрөг нийт 85,937,581.84 төгрөгийг төлж барагдуулсан болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн төлбөр төлөх хугацаа нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 770 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна.
Зээлийн төлбөрийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд хууль болон гэрээнд заасан зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус тус мэдэгдэж үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоон өгч урьдчилан сануулсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна.
Өмнө нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, үүнээс хойш зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр цуцлахаар нэхэмжлэл гаргасан, энэ өдрөөр тооцож, гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа тул гэрээг цуцалснаас хойшхи үр дагаврыг шүүхээр шийдвэрлүүлэх нэхэмжлэл гаргасан.
Үүрэг гүйцэтгэгч М.М, М.М нар гэрээгээр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2015.09.15-ны өдрөөс хойш зөрчсөн, төлөх шаардлага тавихаар гэрээнд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа нь тодорхойгүй байдлаар хандаж, гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж байна.
М.М нь өөрийн бизнесийн үйл ажиллагаа доголдсон учир барьцаа хөрөнгийг бусдад түрээслүүлэх замаар эргэн төлөлтийг хийх талаар гэрээнд өөрчлөлт оруулах санал тавьсан гэж тайлбарлаад байна.
Гэтэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны туай хуульд 2015 оны 10 сард өөрчлөлт орсноор барьцааны зүйл болох орон сууцыг бусдад түрээслэх эрхтэй болсон гэдгээ өөрөө мэдсээр байж заавал гэрээнд өөрчлөлт оруулснаар үүргээ биелүүлэх байсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.
Зээлийг зээлдэгч өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зориулалттай зээл хүссэний дагуу зээл олгосон болохоос бус түүний бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор олгоогүй юм. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бизнесийн үйл ажиллагаа доголдсон гэх зээлдэгчийн тайлбарлаж байгаа шалтгаанаар тэрээр гэрээний үүргийг 2015.09.15-ны өдрөөс хойш биелүүлэхгүй байгааг хуульд заасан өөрчлөгдсөн нөхцөл байдал гэж үзэх боломжгүй.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.9-д заасан гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан.
Талуудын хооронд байгуулагдсан №ОСЗГ/343 тоот “Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ”-ний 5.3 дахь заалтад” Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн Монгол Улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн хариуцагч М.М, М.М нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иймд талуудын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 110,166,942.65 төгрөг, зээлийн хүүд 41,347,303.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,756,596.35 төгрөг, нийт 153,270,842.79 төгрөгийг нотариатын үйлчилгээний төлбөрт 10.000 төгрөгийн хамт нийт 153.270.842.79 төгрөг гаргуулах, зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох М.Мын өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Ү- 2204027593 тоот дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам, 406 байрны 63 тоот, 118,44 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Ч.Атарболдын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн төлбөр төлөх хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн төлбөрийг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байна.
“Х Б” ХХК-тай ОСЗГ/343 дугаартай “Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ”-г 2011 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 180 сарын хугацаатай буюу 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл, 15 жилийн хугацаатай байгуулагдсан болно.
Нэхэмжлэгчийн дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 06893 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн.
Шүүх хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрт хүндрэлтэй нөхцөл байдал бий болсныг мэдэгдэж Х Бинд хүсэлт гаргасан нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т зааснаар талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж заасны дагуу Х Б ХХК нь холбогдох арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй байна” гэж үзэн “Х Б ХХК нь ОСЗГ/343 дугаартай Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ, БГҮ/343 дугаартай барьцааны гэрээнүүдээс татгалзах болон гэрээг цуцлахаар шаардах эрхгүй” байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Ер нь 2015 оны 02 сараас бизнесийн орчинд хүндрэлтэй байдал бий болсон, үүнийг зээлдүүлэгчид 9 сараас мэдэгдэж, 10 сард нь албан ёсоор бичгээр мэдэгдэж, хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй.
Гэтэл зээлдэгчийн зүгээс удаа дараа гэрээнд өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй байж дахин ийм нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд талуудын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 110,166,942.65 төгрөг, зээлийн хүүд 41,347,303.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,756,596.35 төгрөг, нийт 153,270,842.79 төгрөгийг, нотариатын үйлчилгээний төлбөр 10.000 төгрөгийн хамт нийт 153.270.842.79 төгрөг гаргуулах,
зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох М.Мын өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-2204027593 тоот дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам, 406 байрны 63 тоот, 118,44 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ч.Атарболдын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Х Б” ХХК-нд нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас №ОСЗГ/343 тоот гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг шударга ёсны зарчимд нийцүүлэн дахин тодорхойлж өгөхийг үүрэг гүйцэтгэгчийн зүгээс 2015 оны 9 дүгээр сараас хойш хүсэлт тавьж байгаа боловч “Х Б” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээг нөхцөл байдалд тохируулан өөрчлөлт оруулахаас зайлсхийж, үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэх нөхцөлийг нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинэчилэн тодорхойлох үүргээ хэрэгжүүлэхгүй хэт удаашруулж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаварыг нь үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдэл гэж үзэн гэрээг цуцлахаар шаардаж байгаа үйлдэл нь үүрэг гүйцэтгэгч миний эрх, ашгийг хөндөж байгаа болно.
Иймд “Х Б” ХХК-тай байгуулсан №ОСЗГ/343 тоот гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан нэмэлт өөрчлөлт оруулах замаар үүрэг гүйцэтгэгч миний үүргээ гүйцэтгэх боломжийг нээж өгөх үүргийг “Х Б” ХХК-нд шүүхийн журмаар даалгаж өгнө үү.
-2011.09.11-ний өдрийн ОСЗГ/343 дугаартай Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээний 3.1.4 дэхь хэсэгт “Зээлийн хүү: Хувьсах хүү байна. Жилийн 15.6% /Арван тав арваны зургаа/ хувь байна” гэж, 3.1.4.1 дэхь хэсэгт “Хувьсах хүүгийн хэмжээг Банк нь өөрийн санаачлагаар жил бүрийн 6 дугаар сарын 30-ний өдөр шинэчлэн тогтоож байна” 3.1.4.2 дахь хэсэгт “Хувьсах хүүгийн хэмжээний өөрчлөлтийн талаарх мэдэгдлийг банк зээлдэгчид хувьсах хүүний хэмжээ өөрчлөгдөхөөс 2 сарын өмнө түүний гэрээнд заасан албан ёсны хаягаар /хаяг, цахим шуудан, утас/ хүргүүлж мэдэгдэнэ” гэж заасны дагуу 2012.04.16-ны өдрийн 278/14 дугаартай албан бичгээр хувьсах хүүгийн түвшинг сарын 0,1%, жилийн 1,2%-иар 1 жил буюу 365 хоногийн хугацаанд нэмэгдүүлж энэ хугацаанд мөрдөх жилийн хүү 16,8% болж байгааг мэдэгдэж байсан бол 2015.04.29-ний өдрийн 5126/02/28 дугаартай албан бичигт хувьсах хүүгийн түвшинг сарын 0,05%, жилийн 0,6%-иар 1 жил буюу 365 хоногийн хугацаанд нэмэгдүүлж энэ хугацаанд мөрдөх жилийн хүү 17,4% болж байгааг дурьдсан байгаа боловч зээлдэгчид мэдэгдээгүй болно.
Х Б ХХК нь дээрх 2012.04.16-ны хүүгийн өөрчлөлтийн мэдэгдэлд 2012.07.01-ний өдрөөс нэг жил буюу 365 хоногийн хугацаанд жилийн 16,8% болно гэж заасан нь 2013.07.01-ний өдрөөр дуусгавар болж 15,6% болж, 2015.07.01-ний өдрөөс нэг жил буюу 365 хоногийн хугацаанд жилийн 17,4% болно гэж заасан нь алдаатай байсан гэж үзэж байгаа тул 2015.07.01-ний өдрөөс нэг жил буюу 365 хоногийн хугацаанд жилийн 16.2% болох байсан бөгөөд энэ нь 2016.07.01-ний өдрөөр дуусгавар болж өнөөдөр мөрдөж байгаа жилийн хүү 15,6% болсон гэж үзэж байгаа тул үүнийг тогтоож өгнө үү.
- Миний бие 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Х Б ХХК-тай № ОСЗГ/343 дугаартай Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ, №БГҮ/343 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулан 15 жилийн хугацаатайгаар 120.000.000 төгрөгийн зээлийг гэр бүлээрээ амьдрах зориулалтаар орон сууц худалдан авах зорилгоор авсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарыг хүртэл зээл болон зээлийн хүүд нийт 86.000.000 орчим төгрөгийг төлсөн болно.
2015 оны 09 дүгээр сараас зээл төлөх эх үүсвэрт хүндрэлтэй нөхцөл байдал бий болж нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас зээл төлөх өөр эх үүсвэр бий болгож гэрээний үүргээ тасралтгүй гүйцэтгэж байх зорилгоор №ОСЗГ/343 дугаартай гэрээний 11.5-д “Энэхүү гэрээний 3.1.4 дэх заалтад заасан хувьсах хүүний өөрчлөлтөөс бусад гэрээний заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөлд түүнийг гагцхүү бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, нотариатаар гэрчилүүлсэнээр хүчин төгөлдөр болно”, №БГҮ/343 тоот гэрээний 2.6- “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусдад давхар барьцаалуулах, түрээслүүлэх зэрэг аливаа хэлбэрээр барьцааны зүйлд үүрэг ногдуулах бол банкинд урьдчилан зайлшгүй мэдэгдэж бичгээр зөвшөөрөл авна" гэж заасныг тус тус үндэслэн өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг тохируулан нэмэлт өөрчлөлт оруулах замаар өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад түрээслэн, олсон орлогоороо банкны өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж байх хүсэлтийг 2015 оны 09 дүгээр сард “Х Б” ХХК-ийн Орон сууцны зээлийн төвийн захирал Отгонжаргал, зээл хариуцсан эдийн засагч Гэрэлчимэг нарт удаа дараа илэрхийлж, мөн оныхоо 10 дугаар сарын 01-ний өдөр Х Б ХХК-ний Орон сууцны зээлийн төвд хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн болно.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан №101/ШШ2016/06893 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт:
Талуудын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан ОСЗГ/343 дугаартай Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээний 11.5-д “Энэхүү гэрээний 3.1.4 дэх заалтад заасан хувьсах хүүний өөрчлөлтөөс бусад гэрээний заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөлд түүнийг гагцхүү бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэнээр хүчин төгөлдөр болно” гэсэн заалтаас үзэхэд талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжийг гэрээнд тусгасан байна.
Талуудын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан БГҮ/343 дугаартай “Барьцааны гэрээ”-ний 2.6-д: “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусдад давхар барьцаалуулах, түрээслүүлэх, зэрэг аливаа хэлбэрээр барьцааны зүйлд үүрэг ногдуулах бол банкинд урьдчилан зайлшгүй мэдэгдэж бичгээр зөвшөөрөл авна” гэж заасны дагуу хариуцагч нар банкнаас зөвшөөрөл авахаар хандсан байна.
Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрт хүндрэлтэй нөхцөл байдал бий болсоныг мэдэгдэж банкинд гаргасан хүсэлт нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т “Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х Б” ХХК нь холбогдох арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэгчийн гэм буруу нөлөөлж хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, харин хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй нэхэмжлэгч талын буруутай үйлдэл тогтоогдож байгаа учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хариуцагч нарыг хугацаа хэтэрүүлсэн гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байх боловч дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж биелүүлээгүй гэж үзэх боломжгүй, харин мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг ялимгүй зөрчсөн байх тул “Х Б” ХХК нь 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахаар шаардах эрхгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Ийнхүү Иргэний хуулийн 220.1-д зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэл нэгэнт бий болсон гэж шүүх үзсэн тул мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т “Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй” гэж заасны дагуу өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээний үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлүүлэх зорилгоор дахин 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Х Б” ХХК-ний эдийн засагч Гантулга, хуульч Энхмаа нартай уулзаж, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус банкны Гүйцэтгэх захирал Жон Бэллд захидал илгээж, 2017 оны 8 дугаар сарын 25, 29-ний өдрүүдэд тусгай активийн ажилтан Гантулгатай уулзан өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан гэрээг зохицуулах арга хэмжээг авч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үүрэг гүйцэтгэгчийн эрхийг хязгаарлан эдлэж болох эрхээ эдлэж чадахгүйд хүргэж байгаа үйлдэлээ зогсоож өгөх хүсэлтийг дахин илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй болно.
Мөн шийдвэрт: ...Хариуцагч нар Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т “Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй” гэж заасны дагуу “Х Б” ХХК нь холбогдох арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна... Гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэгчийн гэм буруу нөлөөлж хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, харин хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй нэхэмжлэгч талын буруутай үйлдэл тогтоогдож байна... хэмээн үзсэн нь:
Үүрэг гүйцэтгүүлэгч “Х Б” ХХК-нд хандсан өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан бодит боломжоо ашиглан зээл болон зээлийн хүүг төлөх үүргээ гүйцэтгэх хүсэлтээ удаа дараа тавьж байсан хэдий ч үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлдэгчийн бодит нөхцөл байдлыг зөв үнэлэн өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүргээ гүйцэтгээгүй нь үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийгээ хийгээгүй гэж үзэх үндэслэл гэж үзэж байгаа бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтэрүүлсэн үйлдэл мөн гэж үзэн үүрэг гүйцэтгүүлэгчийн хугацаа хэтэрүүлсэн үйлдлийн үр дагаварт үүрэг гүйцэтгүүлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, алданги тооцох эрхгүй гэж үзэж байгаа болно.
Иймд “Х Б” ХХК-ийн тооцон нэхэмжилж байгаа 43.104.000 төгрөгийн хүүг “Х Б” ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүрэгийн хүрээнд мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү анз авах эрхгүй болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, С.Баярбаатар нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч М.Мын нэхэмжлэгч Х Б ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ №ОСЗГ/343 тоот гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулах үүргээ хэрэгжүүлэхийг Х Б ХХК-д даалгах гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь энэхүү гэрээг анх байгуулагдах болсон зорилго нь хариуцагчийн яриад байгаа тайлбартай нийцэхгүй байгаа бөгөөд хариуцагч нь бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас зээлийн төлбөрөө төлж чадахгүй гэх нөхцөл байдал үүссэн гэх боловч талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний эрх зүйн харилцааны зорилго нь түүний бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн дэмжлэгээ үзүүлэхэд байгаагүй, харин орон сууцны зээлийн гэрээ буюу тухайн зээлээр худалдан авч буй орон сууцандаа амьдран суух зориулалттай байсан.
Өөрөөр хэлбэл, банк зээлийг анхнаасаа бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг зорилгоор олгосны дараа тухайн зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаанд доголдол гарч, санхүүгийн хүнд байдалд орж, зээлээ хэвийн төлж чадахгүй болсон нөхцөлд л гэрээнд өөрчлөлт оруулж болох эсэх асуудлыг хэлэлцэх боломж үүсч болно.
Зээлдэгч банкнаас авсан зээлийн хөрөнгөөр тодорхой төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж, орлого олсоны үндсэн дээр түүнийгээ зээлийн төлбөртөө буцаан төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулагдсан тохиолдолд хариуцагчийн тайлбарлаад байгаа гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл үүсч магадгүй. Гэтэл амьдран суух зориулалтаар авсан орон сууцны зээлийн гэрээнд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсгийг хамааруулж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд гэрээ байгуулах болсон гол үндэслэл нь гэрээ байгуулснаас хойш өөрчлөгдсөн зүйл байхгүй байхад хариуцагч нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн гэж тайлбарлан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзаж, хугацаа хэтэрсэн асуудалд банкийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн №ОСЗГ/343 тоот орон сууцны зээлийн гэрээний хүү 15.6 хувь болохыг тогтоолгох, 43.104.000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү авахгүй болохыг тогтоолгох зэрэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэ нь анхнаасаа зээлдэгчтэй гэрээгээр тохиролцсон асуудал байхад тухайн үед хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан атлаа дараа нь өөрсдийн тохиролцсон гэрээний үндсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь буруу тул дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь хариуцагч М.М, М.М нарт холбогдуулан талуудын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 153.270.842,79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,
хариуцагч М.М нь №ОСЗГ/343 тоот гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулах үүргээ хэрэгжүүлэхийг “Х Б” ХХК-нд шүүхийн журмаар даалгуулах, “Х Б” ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнээс үүсэх үүргийн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор 43.104.000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт авах эрхгүй болохыг тогтоолгох, ОСЗГ/343 тоот хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээний хүү 15.6 хувь байгааг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
“Х Б” ХХК, зээлдэгч М.М, хамтран үүрэг гүйцэтгэгч М.М нарын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр №ОСЗГ/343 тоот “Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ”-ээр, 120.000.000 төгрөгийг, хувьсах хүүтэйгээр, жилийн 15.6 хувийн /сарын 1.3/ хүүтэй, 180 сарын хугацаатай, “өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зорилгоор орон сууц худалдан авах” зориулалт бүхий зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, төлөлтийн талаарх баримт зэргээр тогтоогдож байна.
/хх-ийн 8-11, 14-16 дугаар тал/
Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч М.Мын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204027593 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам, 406 дугаар байр, 63 тоот хаягт байршилтай, №000159895 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 118.44 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууц барьцаалж, 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр №БГҮ/343 тоот барьцааны гэрээ байгуулсан байна.
/хх-ийн 12-13 дугаар тал/
Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн барьцааны №БГҮ/343 тоот гэрээг талууд бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар хүчин төгөлдөр болжээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д: “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу зээлдэгч М.М, М.М нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.9-д заасан зээл буцаан төлөх хуваарийг зээлдэгч нар удаа дараа зөрчсөн, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийг эс биелүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч нар биелүүлээгүй, тэдэнд үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зөрчлөө арилгаагүй тул гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2-т тус тус зааснаар “Х Б” ХХК-иас М.М, М.М нартай байгуулсан №ОСЗГ/343 тоот хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тооцон гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч М.М, М.М нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06893 тоот шийдвэрээр зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрт хүндрэлтэй нөхцөл байдал бий болсныг “Х Б” ХХК-д мэдэгдсэн, зээлдүүлэгч нь өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн, гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг зээлдүүлэгчид гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Талуудын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №ОСЗГ/343 тоот “Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ”-ний хугацаа 180 сар, тодруулбал 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаатай, эргэн төлөх хуваарьт заасны дагуу төлж байхаар тохиролцсоноос үзэхэд уг гэрээ нь урт хугацаатай гэрээ байх бөгөөд талууд ийнхүү хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл гэж үзнэ.
Зээлдэгч М.М, М.М нар гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой байна.
Талуудын хооронд байгуулагдсан “Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ”-ний 8-д гэрээ дуусгавар болох, цуцлах үндэслэлийг тохиролцсон байх ба 8.2-т гэрээг зөрчсөн гэж Банк тооцож, гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах, 8.2.1-д: “Энэхүү гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.16-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан”, 8.2.2-т: “Энэхүү гэрээний 8.2.1-т гарсан зөрчлийг арилгахыг банк зээлдэгчээс бичгээр шаардсан өдрөөс хойш заасан хугацаанд арилгаагүй” гэх үндэслэлийг зохицуулжээ.
Зээлдэгч М.М, М.М нар зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд үндсэн зээлд 9.539.146.74 төгрөг, хүүд 75.640.889.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 441.978.25 төгрөг, нийт 85.937.581 төлсөн байх бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.
/хх-ийн 17-18 дугаар тал/
Хариуцагч М.М, М.М нар гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан зээлийн эргэн төлөлтийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчсөн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч нарт 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэж байсан зэргээс үзэхэд зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тэдэнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна.
Тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06893 тоот шийдвэрт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүү жилийн 15.6 хувь /сарын 1.3 хувь/, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т: “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааны дотор гуравдагч этгээдэд түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч нар барьцааны зүйл болох орон сууцыг бусдад түрээслүүлэх эрхтэй бөгөөд барьцаалагчийн зөвшөөрлийг авах шаардлагагүй, зээлдүүлэгчийг өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй болохыг, мөн гэрээний 11.5-д: “энэхүү гэрээний 3.1.4 дэх заалтад заасан хувьсах хүүний өөрчлөлтөөс бусад гэрээний заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөлд түүнийг гагцхүү бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаас үзэхэд талууд гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг тусгасан болохыг дурьджээ.
Мөн шийдвэрт Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.08.18-ны өдрийн 151/ШШ2016/00831 дугаартай захирамжаар Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар нь М.М нарт 198.000.000 төгрөгийг 2016.11.15-ны өдрийн дотор төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг дурьдсан байна.
/хх 59-64 дүгээр тал/
Зээлдүүлэгч нь зээлдэгчийн амьдран суух зорилгоор орон сууц худалдан авахад нь зориулан зээл олгохдоо зээлийн эргэн төлөлтийн эс үүсвэрийг зээлдэгчийн эзэмшлийн компанийн бизнесийн үйл ажиллагааны орлогыг тодорхойлон үзсэний үндсэн дээр олгосон болох нь тогтоогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.
Гэрээний хугацаанд зээлдэгч М.М нь өөрийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч, зээлийн эргэн төлөлтийг барьцааны зүйлийг бусдад түрээслүүлэх, ийнхүү түрээслүүлснээс олсон орлогоор зээл, түүний хүүгийн хамт төлөх, энэ талаар гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг зээлдүүлэгчид гаргасан боловч шийдвэрлээгүй нь гэрээний үүрэг зөрчигдөхөд хүргэсэн гэж тайлбарлажээ.
Дээрх байдлаас үзэхэд зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч, зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй болсон байдлыг зээлдүүлэгчийн гэрээнд өөрчлөлт оруулаагүйгээс шалтгаалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд барьцааны зүйлийг бусдад түрээслүүлэхэд барьцаалагчийн зөвшөөрлийг авах шаардлагагүй талаар шүүх шийдвэрлэсэн байхад зээлдүүлэгчийг гэрээнд өөрчлөлт оруулах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээний үүргийг биелүүлээгүй байгааг түүнд учирсан хүндэтгэн үзэх шалтгаан, өөрчлөгдсөн нөхцөл байдал бий болсон гэж үзэх боломжгүй юм.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний 8.2-т заасан зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зээлдүүлэгч нь 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар гэрээ цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна.
Зээлдэгч М.М, хамтран үүрэг гүйцэтгэгч М.М нар гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3 дах хэсэгт: “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон гэж тооцоход талуудын гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хугацаа дууссанаас хойш хүлээдэг үүрэг гүйцэтгэгчийн хариуцлага учраас гэрээг хугацаанаас өмнө цуцалж байх тул тэдний зээл ашигласан хугацаанд хариуцлага тооцох үндэслэлтэй.
Иймд хариуцагч М.М, М.М нараас 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 110.166.942.65 төгрөг, хүүд 36.520.335 төгрөг /2015.09.15-ны өдрөөс 2017.10.25-ны өдөр хүртэлх хугацааны хүүд 110.166.942.65Х1.3%=1.432.170.25 төгрөг /30 хоног=47.739 төгрөгХ765хоног=36.520.335 төгрөг/, нотариатын зардал 10.000 төгрөг, нийт 146.697.277,65 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү 6.573.565,14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.Bottom of Form
Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 10.000 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан: “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу хохиролд тооцон хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосон болно.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох М.Мын өмчлөлийн
Эрхийн улсын бүртгэлийн Y-2204027593дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам, 406 дугаар байр, 63 тоот хаягт байршилтай, №000159895 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 118.44 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч М.М, М.М нар зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
М.М нь талуудын хооронд байгуулагдсан №ОСЗГ/343 тоот гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулах үүргээ хэрэгжүүлэхийг “Х Б” ХХК-нд шүүхийн журмаар даалгуулах, “Х Б” ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтэрүүлсэнээс үүсэх үүргийн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор 43.104.000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт авах эрхгүй болохыг тогтоолгох, ОСЗГ/343 тоот хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээний хүү 15.6 хувь байгааг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
“Х Б” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Талуудын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр №ОСЗГ/343 тоот “Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ”-ээр, 120.000.000 төгрөгийг, хувьсах хүүтэй, сарын 1.3 хувь, жилийн 15.6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авахад зориулагдсан зээлийн гэрээ,
зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч М.Мын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204027593 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам, 406 дугаар байр, 63 тоот хаягт байршилтай, №000159895 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 118.44 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууц барьцаалсан, №БГҮ/343 тоот барьцааны гэрээ тус тус байгуулагджээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон болон барьцааны гэрээний талаар талууд маргаагүй тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзсэн болно.
Дээрх гэрээгээр тохиролцсон тогтоосон хугацаанд зээл, хүүг эргүүлэн төлөх үүргээ зээлдэгч М.М, М.М нар зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэн зээлдүүлэгч “Х Б” ХХК нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2-т зааснаар гэрээг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тооцож хугацаанаас өмнө цуцлахаар шаардсан.
Нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн талуудын хооронд байгуулагдсан гэрээг дээрх өдрөөр тооцон цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрээ цуцлах хүртэлх хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэж байх тул хариуцагч М.Мын дээрх гэрээний талаарх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд хариуцагч М.Мын талуудын хооронд байгуулагдсан №ОСЗГ/343 тоот гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулах үүргээ хэрэгжүүлэхийг “Х Б” ХХК-нд шүүхийн журмаар даалгуулах, “Х Б” ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнээс үүсэх үүргийн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор 43.104.000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт авах эрхгүй болохыг тогтоолгох, ОСЗГ/343 тоот хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээний хүү 15.6 хувь байгааг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч М.М, М.М нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 110.166.942,65 төгрөг, хүүд 36.520.335 төгрөг, наториатын зардал 10.000 төгрөг, нийт 146.697.277,65 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.573.565,14 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М.Мын №ОСЗГ/343 тоот гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулах үүргээ хэрэгжүүлэхийг “Х Б” ХХК-нд шүүхийн журмаар даалгуулах, “Х Б” ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнээс үүсэх үүргийн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор 43.104.000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт авах эрхгүй болохыг тогтоолгох, ОСЗГ/343 тоот хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээний хүү 15.6 хувь байгааг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.М, М.М нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд М.Мын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204027593 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам, 406 дугаар байр, 63 тоот хаягт байршилтай, №000159895 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 118.44 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч М.М, М.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 961.636,39 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 994.554,22 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 513.870 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ