Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 455

 

Г.Н-, А.Т- нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн  даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор П.Болормаагийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 56 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Н-, А.Т- нарт холбогдох эрүүгийн 1806049910456 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

          1. Хатгин овгийн Г.Н-, 1996 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

          2. Боржигон овгийн А.Т-, 1997 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

          Г.Н- нь үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартуузай” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд теллерээр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 11.414.950 төгрөгийн хохирол учруулсан,

          А.Т- нь үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартуузай” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд теллерээр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 3.260.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Н-, А.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Т-, Г.Н- нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, А.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэдэнд тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух хаяг, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, хохирогч Ж.Болормаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нар нь хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор П.Болормаа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч нарт үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан аль тохирох зүйл заалтыг баримтлахаар байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг дангаар нь баримталсан нь хуульд нийцэхгүй байна. Мөн шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалтыг дурьдаагүй нь ойлгомжгүй байна. Мөн Эрүүгийн 1806049910456 дугаартай дээрх хэргийн дугаарыг 1806049970456 гэж буруу бичсэнийг дурьдах нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэнээ дэмжиж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            Г.Н- нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартуузай” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд теллерээр ажиллаж байхдаа тус газраар үйлчлүүлэгч иргэдээс зээлийн эргэн төлөлтөнд төлсөн орлогын мөнгийг хувьдаа завшиж, тухайн байгууллагад 11.414.950 төгрөгийн хохирол учруулсан,

            А.Т- нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартуузай” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд теллерээр ажиллаж байхдаа тус газраар үйлчлүүлэгч иргэдээс зээлийн эргэн төлөлтөнд төлсөн орлогын мөнгийг хувьдаа завшиж, тухайн байгууллагад 3.260.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.

             Хохирогч “Мартуузай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Болормаа нь Г.Н-, А.Т- нарыг дээрх хугацаанд орлогын теллерээр ажиллаж байхдаа, зээлийн эргэн төлөлтөнд төлсөн орлогын мөнгөнөөс дутаасан, тооцоо нийлсний дараа мөнгийг нь хийлгүйгээр баримтыг оруулах хэлбэрээр мөнгө завшиж байсан үйл явдлын талаар /1хх-ийн 11-14, 218/ тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь тус байгууллагын Г.Н-, А.Т- нартай тооллого, тооцоо хийсэн бүртгэл /1хх-ийн 46-56/, тооцоо нийлсэн акт /1хх-ийн 61, 63/, хамаарал бүхий зарлагын баримтууд /1хх-ийн 74-76/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн Г.Н-, А.Т- нарын мэдүүлгүүд /1хх-ийн 211-212, 214-215/ зэргээр давхар нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Хэрэгт авагдсан “Мартуузай” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн М17/01/06 дугаартай “Г.Н-ыг орлогын теллерээр түр томилсон тухай” /1хх-ийн 25/, 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн М17/03/08 дугаартай “Г.Н-ын албан тушаалыг жинхэлсэн тухай” /1хх-ийн 26/, 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Т/1806/05 дугаартай “Г.Н-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай” /1хх-ийн 27/, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн М17/0507 дугаартай “А.Т-ийг орлогын теллерээр түр томилсон тухай” /1хх-ийн 40/, 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн М17/06/09 дугаартай “А.Т-ийн албан тушаалыг жинхэлсэн тухай” /1хх-ийн 41/, 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Т18/06/04 дугаартай “А.Т-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай” /1хх-ийн 42/ гүйцэтгэх захирлын тушаалууд, 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн №01, 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн №02 дугаартай хөдөлмөрийн гэрээнүүд /1хх-ийн 37-39, 68-70/, 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн №01, №02 дугаартай дохиолол хамгаалалт, нууц үг, түлхүүр хариуцуулсан гэрээ /1хх-33-36, 89-92/, ажилтны анкетууд /1хх-28-29, 65-66/ зэргээс үзэхэд, Г.Н- нь 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл, А.Т- нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хугацаанд тус ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт орлогын теллерийн албан тушаалыг эрхэлж, тодорхой эрх эдлэн, цалин авч байсан нь тогтоогдож байх тул тэднийг аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдүүд мөн гэж үзнэ.

            Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Г.Н-, А.Т- нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд олгосон.

Шүүхээс шүүгдэгч Г.Н-, А.Т- нарын хувийн байдал, өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч Ж.Болормаагаас тэдэнд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсноо илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Г.Н-ыг 1 жилийн хугацаагаар, А.Т-ийг 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд тодорхой үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин ийнхүү шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тохирох зүйл, хэсэг, заалтыг баримтлаагүйн гадна, мөн хуулийн холбогдох заалтыг тусгаагүй байх тул эдгээрийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд энэ талаар бичсэн прокурор П.Болормаагийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 56 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэртээ шүүгдэгч нарын холбогдсон хэргийн зүйлчлэлийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг...” гэж ташаарч бичсэнээс гадна, шүүх хуралдааныг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минутад талуудыг оролцуулан нээлттэй явуулахаар товлосон атлаа шүүх хуралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 13 цаг 30 минутад эхлэн явуулсан байгааг анхааруулвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Н-, А.Т- нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух хаяг, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтуудад зааснаар Г.Н-, А.Т- нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.” гэж өөрчилж,

- 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг прокурорын дүгнэлт үндэслэн хүчингүй болгож ял оногдуулахыг Г.Н-, А.Т- нарт сануулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг Г.Н-, А.Т- нарт сануулсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН