Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 126

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

хохирогч: Г.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч: Т.Төрсайхан, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг /0169/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншөөбү овогт Түвшинбаатарын Төрсайханд холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нефтийн хийн хадгалалт, тээвэрлэлтийн инженер мэргэжилтэй, “Сод” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Наран хороолол, 4 дүгээр байр, 94 тоотод оршин суух хаягтай боловч одоо Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурдын 24 дүгээр байр, 39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УЮ 91041393, Еншөөбү овогт Түвшинбаатарын Төрсайхан.

 

Шүүгдэгч Т.Төрсайхан нь 2016 оны 3 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Голд” шөнийн цэнгээний газар бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч Г.Мөнх-Эрдэнийн зүүн нүд рүү 1 удаа цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Төрсайхан мэдүүлэхдээ:

   2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 22 цагийн үед гэрээсээ гарч, найзынхаа караокед Б.Даваахатантай хамт орж нэг, нэг пиво уусан. Тэндээс бид 24 цагийн үед гараад “Голд” бааранд орж, би 100 грамм архи уусан. Гэхдээ би согтоогүй, эрүүл байсан. Б.Даваахатан бүжгийн талбайд бүжиглэж байсан. Тэр бүжиглэж байхдаа хохирогч Г.Мөнх-Эрдэнийн хөл дээр гишгэсэн гэсэн. Гэтэл тэр залуу Б.Даваахатаны нүүр лүү цохиход газар унасан. Би хажууд нь зогсож байгаад эргээд хартал Г.Мөнх-Эрдэнэ над руу дайрахаар нь би түүнтэй зууралдаж байхдаа газарт хамт унасан. Би өөрийгөө хамгаалах гэж түүнтэй барьцалдаж авснаас болж энэ хэрэг гарсан. Тэр үед би Г.Мөнх-Эрдэнийг цохьсон гэдгээ яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ би мөрдөн байцаалтад Г.Мөнх-Эрдэнийг цохьсон гэж мэдүүлсэн байсан. Би хохирогчийг түлхээд, цохисон нь үнэн. Хохирогч их согтуу байсан. Би Г.Мөнх-Эрдэнийн эмчилгээний төлбөрт 208 650 төгрөг, цалингийн төлбөрт 650 000 төгрөг төлсөн. Би өөрийн гэм буруугаа ойлголоо. Г.Мөнх-Эрдэнэ ахаас уучлалт гуйж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Г.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ:

            2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө би уурхайд хамт ажилладаг 2 найзтайгаа хамт 00 цагийн үед “Голд” бааранд орсон. Тэгээд бид нар нэг шил 0.75 литрийн хэмжээтэй архи авч, ууж дуусаад 2 дахь архиа аваад задалсан байсан. Тэгээд бүжгийн талбай дээр байж байтал Б.Даваахатан миний хөл дээр гишгэхээр нь би түүнийг түлхсэн. Би Т.Төрсайхан руу дайраагүй. Тэр найзыгаа өмөөрөөд надтай барьцалдаж, баруун гараараа миний зүүн нүд рүү цохьсон. Ингээд бид барьцалдаад унахад баарны хамгаалагч болон манай найз ирж, биднийг салгасан. Би цагдаа дуудахад Т.Төрсайхан намайг цохьсон гэдгээ өөрөө хүлээж, цагдаагийн газар руу явсан. Би тэр шөнө гэмтлийн эмнэлэг явж, зүүн нүдэндээ 9 ширхэг оёдол тавиулсан. Тэр үед бас миний хамар гэмтсэн байсан тул ЭМЖЖ чих, хамар, хоолойн эмнэлэгт хамраа 7 хоног угаалгасан. Өөрөө гэртээ 10 хоног хамраа угаасан. Миний зүүн нүдний доод яс одоо ч гэсэн дарахад өвддөг, нуухдаж байна. Энэ эмчилгээний зардалд 208 650 төгрөгийг Т.Төрсайханаас авсан. Би эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр хүндээрээ хохирсон. Бас унаа машин, хоол, бусад зардал гарсан боловч үүнийг нэхэмжлээгүй. Хэрэг гарсны дараа Т.Төрсайханыг надаас уучлалт гуйх болов уу гэж бодож байсан ч надтай холбоо бариагүй. Шүүгдэгчээс хуралдаан дээр өгч байгаа 650 000 төгрөгийг хүлээн авлаа. Цалингийн талаар холбогдох баримтаа бүрдүүлэх нэхэмжлэх эрхтэйг ойлголоо. Т.Төрсайханд хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ганхуяг мэдүүлэхдээ:

...Г.Мөнх-Эрдэнэ бүжгийн талбай руу гарч бүжиглэж, би гар утсаараа оролдож сууж байгаад хартал Г.Мөнх-Эрдэнэ 1 залуутай зууралдчихсан газар уначихсан байсан. Тэгэхээр нь би очиж, хамгаалагчтай нийлж салгасан. Тухайн үед Г.Мөнх-Эрдэнийн зүүн нүдний зовхиноос цус гарч байсан. Би тухайн үед утсаараа оролдоод сууж байсан болохоор ямар хүн яаж цохьсныг хараагүй. Өндөр шар залуутай зууралдаж, газар уначихсан байсан. Г.Мөнх-Эрдэнэ тухайн үед өндөр шар залууг цохьсон гэж ярьж байсан гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4468 тоот дүгнэлтэд:

1. Г.Мөнх-Эрдэнийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний алимны доргилт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Т.Төрсайхан ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч Т.Төрсайхан нь 2016 оны 3 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 30-ны өдөрт шилжих шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Голд” шөнийн цэнгээний газрын бүжгийн талбайд “найз Б.Даваахатанг хохирогч Г.Мөнх-Эрдэнэ нь түлхэж, газар унагалаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, түүний зүүн нүд рүү баруун гараараа 1 удаа цохиж, бие махбодид нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний алимны доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан, догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Мөнх-Эрдэнэ, гэрч Б.Ганхуяг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4468 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Т.Төрсайханыг бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Мөнх-Эрдэнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Хохирогч эмчилгээний зардалд 208 650 төгрөг авсан байна. Харин өвчтэй байснаас 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилдаа яваагүй, чөлөөтэй байсан хугацааны цалинд 1 500 000 нэхэмжилж байгаа боловч “Гео экспрэсс” ХХК-ийн Г.Мөнх-Эрдэнэ 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл чөлөөтэй байсан гэсэн албан бичиг нь түүнийг өвчтэй байсныг нотолсон баримт болохгүй юм. Түүнчлэн тэр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул сард 1 300 000 төгрөгийн цалинтай байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Гэвч Т.Төрсайхан нь хохирогчийн цалинд 650 000 төгрөг өгсөн тул түүнийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн гэж үзэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй гэж байгааг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.

 

Г.Мөнх-эрдэнэ нь цаашид гарсан эмчилгээний зардал, цалингийн зөрүүний талаар нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хохирогч Г.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч авна гэсэн хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг урьд нь хойшлуулсан боловч өнөөдрийг хүртэл өмгөөлөгч аваагүй ба өмгөөлөгч авахгүй гэж хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.