Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2020/0760

 

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2020/0760

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК

Хаяг: **********************************.

Хариуцагч:*******.

Хаяг: У**********************************

Хариуцагч:*******, ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо

Хаяг:**********************************

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн А/37 тоот тушаалаар ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтад А ХХК-ыг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны №06 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,*******ын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16/2432 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам А ХХК-тай байгуулсан гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Тр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Н.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...Б ХХК нь Улаанбаатар Төмөр Зам Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгээс зарласан Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тухай тендерт оролцсон боловч Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16/2433 дугаар мэдэгдлээр манай тендерээс татгалзаж харин А ХХК-ийг сонгон шалгаруулсан байсан .

Тендерийн шийдвэрийг сонсмогц цахимаар тендерт шалгарсан А ХХК-ийн бичиг баримттай танилцахад шаардлага хангаагүй нөхцөл илт харагдсан тул Сангийн яаманд 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргахад 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/4913 тоот албан бичгээр гомдлыг буцаасан, мөн 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдөр дахин гомдол гаргасан боловч хүлээн авах боломжгүй гэсэн үндэслэлээр хянаж шийдвэрлээгүй

Улаанбаатар Төмөр Зам Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгээс зарласан Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тухай ********************************** дугаартай тендерт шалгарсан А ХХК-ийн тендерийн баримт бичигт дор дурдсан алдаа, зөрчил байсаар байтал үнэлгээний хороо А ХХК-ийн шаардлага хангаагүй баримт бичгийг үндэслэн тендерийн ялагчаар шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил; үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 4 дэх хэсэгт заасан Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана. гэж заасныг зөрчсөн.

Нээлттэй тендер шалгаруулалтын журмын дагуу А ХХК-ийн тендерт хүргүүлсэн баримт бичгийг нягтлахад тендерийн шаардлагыг хангаагүй дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

1. Цахим тендер дээр өгсөн үнийн саналд 1,173,469 /нэг сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн нь тухайн тендерийн маягтын 3-т хөнгөлөлт үзүүлэхгүй гэж баталсан тендерийн баримт бичигтэй зөрчилдөж байна.

2. Тендерийн бичиг баримтад хавсаргасан сертификатуудын хүчинтэй хугацаа дууссан ба баталгаат орчуулгагүй байгаа нь ТОӨЗ-ын 11.1 заалтыг зөрчиж байна.

3. Техник үзүүлэлтийн паспорт дээрх үзүүлэлт нь санал болгож буй бүтээгдэхүүний бодит байдалтай нийцэхгүй байна. Энэ нь тендерийн бичиг баримт 4.2 (40-52 дугаар хуудас)-ын Техник паспорт, бүтээгдэхүүний танилцуулгын 6; 8, 12, 13 дугаар хуудасны техник үзүүлэлт, зураг хоорондоо зөрүүтэй байгаа нь ТШӨХ-ийн 12.1.14 дүгээр заалтыг зөрчиж байна. Тухайлбал 6 дугаар хуудасны зургаас харахад тосны шүүрийн тодорхойлолтод агаар шүүгчийн зураг оруулсан байдал нь уг бүтээгдэхүүн нь санал болгож буй бүтээгдэхүүн мөн гэдгийг тодорхойлохгүй байна.

4. Мөн тендерийн баримт бичигтэй огт хамааралгүй стандартын үзүүлэлтийг дурдаж хавсаргасан байна. Энэ нь техникийн тодорхойлолтын харьцуулалт хүснэгтийн 4, 5, 6, 7, 9-д заасан бүтээгдэхүүнд санал болгосон MNS ISO 3877-2 стандарт Резин дугуй, хийлэх хошуу болон дотуур хаймар. Нэр томьёоны тайлбар толь, жагсаалт. 2-р хэсэг: Резин дугуй хийлэх хошуу нь тосны шүүрэнд нийцэхгүй буруу стандарт тул ТОӨЗ-ны 12.1.22-т заасан үзүүлэлттэй тохирохгүй, огт хамааралгүй стандартыг санал болгож техникийн тодорхойлолтыг бэлтгэсэн байна.

Дээрх байдлаар тендерт оролцогч А ХХК-ийн тендерийн баримт бичиг нь тендерийн шаардлагыг хангаагүй, бэлтгэн нийлүүлэх бүтээгдэхүүнд хамааралгүй стандарт, үзүүлэлт, зураг хавсаргасан, бүрдэл хангаагүй, гадаад хэл дээрх баримтыг ирүүлсэн зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан байхад Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болон Үнэлгээний хороо хамгийн сайн тендерээр шалгаруулсан нь худалдах авах ажиллагаанд баримтлах Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг зөрчиж байна.

Иймд Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16/2433 дугаар мэдэгдэл, ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтад А ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгож, тендерийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: ...Нэхэмжлэгч Б ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О би хариуцагч Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодотгож байна.Үүнд:

1.Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн А/37 тоот тушаалаар ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтад А ХХК-ыг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны №06 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

2. Маргаан бүхий 16/2432 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

3. Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зарласан ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендерийг хууль, журамд нийцүүлэн дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахыг Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

4.Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБ төмөр зам А ХХК-тай байгуулсан гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодотгож байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Н.Б нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Монгол -Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах ********************************** тендер шалгаруулалтыг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зарласан. Тендерийн нээлтийг 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдөр нээж, мөн сарын 10-ны өдөр үнЭлгээ хийхэд /Багц№1 Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах/-т Б ХХК, ******* ******* ХХК-ууд оролцсон ба тендер шалгаруулалтад аль нь ч тэнцээгүй. Иймд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу оролцогч аж ахуйн нэгжүүдэд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн.

Хоёр дахь удаагийн Тендер шалгаруулалтыг тухайн нэр төрлийн бараа нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 90 дүгээр тогтоолын дагуу Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт-ын 14.8-д тусгагдсан ба Монгол улсын хэмжээнд А ХХК болон Б ХХК гэсэн 2 компани үйлдвэрлэн борлуулдаг тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг үндэслэн хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулахаар Үнэлгээний хороо шийдвэрлэсэн ба 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тендерийг зарласан. Тендерийн нээлтийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хийж үнэлгээг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн. Уг тендерт Б ХХК шалгарсан ба 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн.

Гэтэл тендерт оролцогч А ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх зааснаар Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамнаас 2020 оны 04 сарын 30-ний өдрийн №6-1/2874 тоот Гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай болон 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №6-1/3084 тоот Гомдол хянасан тухай албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулах чиглэл өгсөн.

Сангийн яамнаас ирүүлсэн шаардлагын дагуу ********************************** тендер шалгаруулалтыг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зарлаж, 07 дугаар сарын 02-ны өдөр нээлтийг хийсэн. Үнэлгээний хороо нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үнэлгээ хийж, уг тендерт ирүүлсэн бараа бүтээгдэхүүний загвар тус бүрийг харьцуулан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1-д: Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ. гэСний дагуу хянан үзээд 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэсний дагуу оролцогч 2 компаниудыг шаардлага хангасан гэж үзсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3,-д энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно; 28.3. Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн шалгаруулсан

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4-т зааснаар хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлсэн А ХХК-ийг шалгаруулсан ба гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр Үнэлгээний хороо шийдвэрлэсэн Оролцогчдод мэдэгдлийг 2020 оны 07дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бараа нийлүүлэлт хийгдэж байна. Тендерийн үнэлгээний хороо нь хууль, журмын дагуу Тендер шалгаруулалтыг зохион байгуулсан тул Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 06 тоот дүгнэлт, Улаанбаатар төмөр зам хувь нийглүүлсэн нийгэмлэгийн даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16/2432 дугаар шийдвэр, Улаанбаатар төмөр зам хувь нийглүүлсэн нийгэмлэг болон А ХХК-ийн хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Гуравдагч этгээд А ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...А ХХК нь моторын агаар шүүгчийг 2013 оноос эхлэн үйлдвэрлэж , Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон аж ахуйн нэгжүүдэд тасралтгүй нийлүүлж байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг болон тус нийгэмлэгийн Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо нь хуульд нийцүүлэн тендер шалгаруулалт явуулсан болох нь Сангийн Яамны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/4913 дугаартай албан бичигт заасан үйл баримтаар тогтоогдсон болно. Тендерийн бичиг баримтад хавсаргасан тус компанийн агаар шүүгчийн бүдүүвч зургийн танилцуулга нь тендерийн техникийн бичиг баримтын хувьд заавал хавсаргавал зохих бичиг баримт биш юм. А ХХК нь моторын агаар шүүгчийг 2013 оноос эхлэн үйлдвэрлэж байх хугацаандаа гаргаж байсан өөрийн компанийн танилцуулга болгон хэвлэж байсан бүдүүвч зургийг хавсаргаснаар олон жилийн дадлага туршлагатай гэдгээ харуулах зорилго агуулсан болно. Өөрийн байнга үйлдвэрлэж байсан, өмнө нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт нийлүүлж байсан, бусад аж ахуйн нэгжид нийлүүлж байсан агаар шүүгчийн зургийг гэнэт өөрчлөх эрх тус компанид байхгүй юм.

Ямар үндэслэлээр тендер шалгаруулалт болон түүнтэй холбоотой үйл явцыг хууль бус гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Эрх бүхий этгээдийн зарласан тендерт хуулийн дагуу оролцож нийлүүлж буй бүх бараа бүтээгдэхүүний загвар бүрийг шаардлагын дагуу үзүүлэн байдлаар өгсөн. Мөн үнэ шалгаруулсан арга нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анх нэхэмжлэгч Б ХХК-иас*******-д холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16/2433 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтад А ХХК-ийг сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, тендерийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө*******-ын ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтад А ХХК-ийг сонгон шалгаруулсан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д холбогдуулан*******-ын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16/2432 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болон А ХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ХХГ/20/1313 дугаар худалдах, худалдан авах гэрээ-г хууль бус байсан болохыг тогтоолгох,

Харин ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахыг*******-д даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно.

Нэг: Маргааны үйл баримтын тухайд:

Маргааны үйл баримтаар*******-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/37 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр зарласан ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтад нэр бүхий хоёр компани оролцсон боловч А ХХК-иас ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарчээ.

Улмаар тендер сонгон шалгаруулалтын ялагч болсон А ХХК болон*******-ын даргын зөвшөөрлөөр******* болон А ХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ХХГ/20/1313 дугаар худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан, бараа нийлүүлэгчээс гэрээн заасан бүтээгдэхүүнийг нийлүүлж, уг гэрээ хэрэгжиж байгаа болно.

Гэвч Б ХХК-иас ...Цахим тендерт өгсөн үнийн санал 1.173.469 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн,...тендерийн баримт бичигт хавсаргасан баримтууд баталгаат орчуулгагүй,...техникийн паспорт бүтээгдэхүүний танилцуулгын техникийн үзүүлэлт зөрүүтэй... гэх үндэслэлээр шүүхэд хандан, нэгэнт гэрээ хэрэгжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3т заасны дагуу маргажээ.

Хоёр: ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтад А ХХК-ийг сонгон шалгаруулсан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэжээ.

Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа 11.1-д ...тендерт оролцогчид өгсөн зааварчилгааны дагуу бэлтгэх ба холбогдох бүх баримт бичиг нь монгол хэл дээр, гадаадын этгээд худалдан авах ажиллагаанд оролцох эрхтэй бол тэдгээр нь ТШӨХ-д заасан хэл дээр байна.Тендерийн зарим бичгийн монгол хэл дээрх хувь гадаад хэл дээрхтэй зөрчилдвөл монгол хэл дээр бэлтгэсэн ТБ-ийн заалтыг баримтална..., 11.2-т аливаа тендерийг дагалдах баримт бичиг материал нь өөр хэл дээр байж болох бөгөөд энэ тохиолдолд тэдгээрийн тендерт холбогдох хэсгийг ТОӨЗ-ны 11.1-д заасан хэл рүү хөрвүүлсэн орчуулгыг тендерт оролцогч давхар бэлтгэж ирүүлэх бөгөөд уг орчуулгыг тендерийг хянан үзэх, үнэлэхэд харгалзана

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн В Тендер бэлтгэхэд ...Тендерийн хэл нь Монгол хэл байна.Хэрэв тендерт гадаадын этгээд оролцох бол гадаад хэл дээр ирүүлсэн тендерийг Монгол хэр рүү хөрвүүлсэн албан ёсны баталгаат орчуулгын хамт ирүүлнэ. Тендерт оролцогчид дээр тодорхойлсон Монгол хэл болон захиалагчийн сонгосон хэл дээр бэлтгэж ирүүлэх бөгөөд нэгээс дээш хэл дээр тендерт бэлтгэж ирүүлэхийг хориглоно...гэжээ.

Гэтэл маргаан бүхий тендерийн сонгон шалгаруулалтад гадаадын этгээд оролцоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэгт нотлох баримтаар ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтад А ХХК-иас ирүүлсэн/CD/ цахим баримтыг шинжлэн судлахад уг цахим файлын 4.3 буюу тендерийн материалын 53-61 хуудсанд байх Фильтер материалын сертификат-ууд нь гадаад хэл[1] дээр орчуулгагүй.

Мөн файлын 4.4 буюу тендерийн материалын 53-61 хуудсанд байх гадаад хэл[2] дээрх бусад материалуудын орчуулга байх боловч тэдгээр баримтуудын хуудасны тоо, огноо илтэд зөрүүтэй.

Цахим файлын 4.3 буюу тендерийн материалын 36-39 хуудас дахь Санал болгож буй барааны гарал үүслийн тодорхойлолтод байх барааны нэрс гадаад хэл дээр бичигдсэн[3] байна.

 

2.2.Мөн санал болгож буй барааны стандарт зөрүүтэй буюу Илчит тэрэгний шүүх элемент болох агаар, тос, түлшний элементэд MNS ISO 3877-2:2004[4] буюу Резин дугуйн үйлдвэрлэлд хэрэглэдэг бүтээгдэхүүний нэр томьёоны жагсаалтыг тодорхойлсон[5] стандартыг бичжээ.

Өөрөөр хэлбэл санал болгож буй техникийн баримт бичигт огт хамааралгүй стандартын үзүүлэлтийг бичиж, ТОӨЗ-ны 12.1.22-т заасан Техникийн тодорхойлолтод байгаа үзүүлтийг санал болгож байгаа барааны үзүүлэлттэй хүснэгтээр харьцуулан ирүүлэх гэснийг зөрчсөн.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Манай компанийн хувьд дүрс ашигласан болохоос манай компанийн бараа биш гэдгийг тайлбартаа дурдсан. Гол нь техникийн тодорхойлолтод заасан үг, үсэг, тоо зөрж байгаа эсэхийг анхаарч үзэх шаардлагатай. Манай компанийн хувьд Орос улсаас мэргэжилтэн, техник технологийг авч ирээд бүтээгдэхүүн гаргаж авдаг... гэх тайлбар болон А ХХК-иас тендерийн материалд ирүүлсэн тосны шүүрний оронд агаар шүүгчийн зураг тавьсан гэх асуудалд үнэлгээний хороо дүгнэхдээ 10 ширхэг загварын бүтээгдэхүүнийг харж байгаад үнэлсэн.

Дээрхээс үзвэл хариуцагч тендерийг үнэлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ТОӨЗ-н зүйл заалт болон Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт дэх мэдээллийг буруу хэрэгжүүлсэн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 ...тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах... чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг, 16.1.7 барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл, 16.2 Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана гэсэн шаардлагыг хангаагүй байхад тендерт оролцогчийн техникийн чадавхийг үнэлсэн.

Маргаан бүхий ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтад А ХХК-ийг сонгон шалгаруулсан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болох нь тогтоогдож байна.

Угтаа бол ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны гишүүд батлагдсан тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг чанд сахиж мөрдөхгүйгээр өмнө худалдан авч хэвшсэн аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг эргэлзэлгүйгээр үнэлсэн[6] нь өөрөө алдаа болжээ.

Харин нэхэмжлэгчийн маргаж буй тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн ...гэрчилгээний хугацаа дууссан...хүчингүй байсан... гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бол 1.173.169 төгрөгийн хөнгөлөлтийн хувьд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тендерт оролцогчийн тухай хамгийн сайн үнэлэгдсэн тендерт санал болгосон үнийн хөнгөлөлтийг санал болгосон аргачлалын дагуу багц тус бүрт тооцох[7]-оор гэснийг харгалзан үзэж хөнгөлөлт үзүүлснийг буруутгах боломжгүй байна.

Гурав:*******-д холбогдуулан*******-ын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16/2432 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ, цахим тендер шалгаруулалтын журмын 3.2.7-д Үнэлгээний хороо энэ хуулийн 29.1 дэх хэсэгт заасан мэдэгдэл хүргүүлсэн өдөрт багтаан цахим системд тендер шалгаруулалтын үр дүнг бүрэн нийтэлнэ гэжээ.

Нэхэмжлэгчээс уг шаардлагынхаа үндэслэлийг ...Улаанбаатар төмөр зам-ын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16/2432 дугаар мэдэгдлийг тухайн өдрөө А ХХК-д өгсөн атлаа Б ХХК-д 2020 оны 07 дугаар сарын 10ны өдрийн 16/2433 мэдэгдлийг 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдөр өгсөн.

Үүний улмаас бид хуулийн хугацаанд Сангийн яамаар гомдлоо хянуулж чадаагүй... гэж тайлбарласан маргасан.

Гэвч бодит байдалд хариуцагчаас Б ХХК-ийг тендерт оролцогч шалгараагүй үндэслэлийн талаарх мэдэгдлийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр утсаар мэдэгдэж, хуульд заасны дагуу цахим сайтад мэдэгдлийг нь байршуулан нийтэлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатны мэтгэлцээнээр тогтоогдож байна.

Б ХХК-иас тухайн цаг үеийн[8] нөхцөл байдлыг харгалзан үзэж цахим сайтад байршуулсан мэдэгдлийг тэмдэглэлт баярыг дуусгасны дараа гардан авч гомдлоо хянуулалгүй, өөрийн хуулиар олгосон эрхээ зөв хэрэгжүүлээгүйд хариуцагчийн буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгчийн энэхүү шаардлагын хүрээнд гаргасан үндэслэлийн хүрээнд Улаанбаатар төмөр зам-ын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16/2432 дугаар мэдэгдлийг мэдэгдсэнээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Товчхондоо энэхүү үйлдэлд нэхэмжлэгчийн өөрийн ажлын зохион байгуулалт, хайхрамжгүй байдал нөлөөлсөн байх тул Улаанбаатар төмөр зам-ын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16/2432 дугаар мэдэгдлийг хууль бус байсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Гурав:******* болон А ХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ХХГ/20/1313 дугаар худалдах, худалдан авах гэрээ-г хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгчээс тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Улаанбаатар төмөр замын даргаас А ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээний бичгийн баримтуудыг харахад гэрээний дугаар олгосон гар тэмдэглэл нь 10 дугаар сарын 12-ны өдөр бичигдсэнээс үзвэл уг гэрээг байгуулах хуулийн хугацаа дууссан байхаар харагдаж байна... тайлбарласан болно.

Харин хэрэгт авагдсан******* болон А ХХК-тай байгуулсан ХХГ/20/1313 дугаар худалдах, худалдан авах гэрээ[9]-ний огноо нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шифрээр бичигдсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...гэрээнд цэнхэр үзгээр бичигдсэн огноо бол шүүхээс шаардсан нотлох баримтыг хүргүүлэхдээ хуулбарлаж авсан болохыг тэмдэглэсэн тэмдэглэлээ... гэж[10] тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй болно.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага-ийн[11] дагуу хариуцагчаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу ирүүлсэн нотлох баримтын огноотой нийцэхээр байна.

Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан хугацаанд багтааж гэрээг байгуулсан байх тул энэхүү үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бусад тооцох боломжгүй.

Харин шийдвэрийн үндэслэх хэсгийн хоёр дахь хэсэгт ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтад А ХХК-ийг сонгон шалгаруулсан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болох нь тогтоогдсон тул уг дүгнэлтийг үндэслэн байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ХХГ/20/1313 дугаар худалдах, худалдан авах гэрээ өөрөө хууль бус байсан гэж шүүх үзлээ.

 

Дөрөв: ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахыг*******-д даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрх эдэлнэ гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахыг*******-д даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохоо бичгээр[12] болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амаар биечлэн[13] илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Иймд шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад дээрх үнэлэлт, дүгнэлтийг өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангах, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13, 109 дугаар зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахыг*******-д даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, 16.1.7, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч*******-ын ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан ********************************** дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтад А ХХК-ийг сонгон шалгаруулсан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар дүгнэлт,*******-д холбогдуулан гаргасан******* болон А ХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ХХГ/20/1313 дугаар худалдах, худалдан авах гэрээ-г хууль бус байсан болохыг тогтоож,*******-ын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16/2432 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн 2,3 дахь хэсэгт хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Англи хэл

[2] Хятад, Англи хэл

[3] Орос хэл

[4] 1 Хавтас хэргийн 9 хуудас

[6] Шүүх хуралдааны тэмдэглэлийн 15 хуудас

[7] 1 Хавтас хэргийн 161-162 хуудас

[8] Баяр наадмын өдрүүд буюу бүх нийтийн амралтын өдөр

[9] Хавтас хэргийн 213-221 хуудас

[10] Шүүх хуралдааны тэмдэлэлийн .................хуудас

[11] Хавтас хэргийн 123 хуудас

[12] 2 Хавтас хэргийн ....... хуудас

[13] Шүүх хуралдааны тэмдэглэлийн ... хуудас