Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2014/0210

 

Иргэн Ш.Ч-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Ш.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гуравдагч этгээд Т.З, түүний өмгөөлөгч Ц.Ж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 108 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ш.Ч-гийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ...“И” ХХК-ийн улсын бүртгэлийн жагсаалт, гэрчилгээнд нийт хувьцааны 49.35 хувьтай тэнцэх хувьцааг иргэн Ш.Ч өмчлөхөөр өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ ...“И” ХХК-ийн үүсгэн байгуулагч асан С.Б нас барснаар түүний хөрөнгийг өв залгамжлан авах асуудал шийдэгдээгүй байна. Иргэний хуульд заасны дагуу Ш.Ч /эхнэр/ болон Б.Бтөр /хүү/ нар нь тухайн хөрөнгийг өв залгамжлан авах эрхтэйг нотолсон баримтыг бүртгэлийн байгууллагад ирүүлээгүй байхад Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас тус компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй юм.

 

 

 

 

 

 

 

Харин дээрх иргэд хувьцааг өв залгамжлах авах эрхтэй болохыг нотолсон эрх бүхий баримт болох өвлөх эрхийн гэрчилгээ, хуульд заасан бусад баримтыг бүртгэлийн байгууллагад ирүүлсэн тохиолдолд холбогдох бүртгэлийг хийх боломжтой. Иргэн Ш.Чгийн нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “...“И” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Б нас барж энэ хүний өв залгамжлалын асуудал шийдэгдээд “И” ХХК-ийг төлөөлөх эрхтэй хүн тодорсон тохиолдолд энэ компанийн эд хөрөнгөтэй холбоотой маргаан гаргах ёстой.... Энэ нь иргэний шүүхийн маргаан юм. Хариуцагчаас иргэний шүүхэд хандаад хувьцаагаа тогтоогоод нотлох баримтуудаа цуглуулах юм бол бүртгэх боломжтой гэдгээ илэрхийлсэн.... Компанийн эзэмшиж байгаа хөрөнгө болон компанийн хувьцаа хоёр өөр ойлголт. Компанийн эзэмшигч давхар хувьцаа эзэмшигч гэдэг агуулга нь тухайн компанийн үйл ажиллагаанд саналын эрхтэй оролцдог этгээд бөгөөд компанийн хөрөнгийг эзэмшиж байгаа нь компанийн хувьцааг эзэмшиж байгаа ойлголт биш юм, Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 108 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.5, 18 дугаар зүйлийн 18.1.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын “И ХХК-ийн улсын бүртгэлийн жагсаалт, гэрчилгээнд нийт хувьцааны 49.35 хувьтай тэнцэх хувьцааг иргэн Ш.Ч өмчлөхөөр өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий иргэн Ш.Чгийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Ч давж заалдах гомдолдоо: “1. Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.З нарын бүрэлдэхүүнтэй шүүх бүрэлдэхүүн хууль зөрчиж шийдвэрлэсний улмаас уг маргаан 2014 оны 03 дугаар 07-ны өдрийн хурлаар шийдвэрлэх ёсгүй байтал шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл хууль бус шүүх хуралдаан болсон. Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.З  даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Х, шүүгч Ц.С нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар гарсан 2013 оны 09 дүгээр сарын 05- ны өдрийн 375 дугаар илт үндэслэл муутай шүүхийн тогтоолын хянавал хэсэгт гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байгаа нөхцөл байдлыг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзжээ.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах 3 үндэслэлийн аль ч байхгүй байхад шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд байх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах 3 үндэслэлд шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл, шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн гэмт хэрэг болох нь хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон шүүхийн шийдвэр, төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон зэрэг гуравхан үндэслэл байхад дээрх хууль бус дөрөв дэх үндэслэлийг гарган ирж хуулийн 179.1-ийг зөрчсөн.

2. Дээрх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар болсон 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 375 дугаар шүүхийн тогтоолыг гаргахдаа шийдвэрийн биелэлтийн талаар зааж өгөөгүй, ойлгомжгүй шийдвэрлэсэн гэдэг үндэслэлээр хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хүсэлтээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т зааснаар хянах шүүх бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр тогтоосон.

Яг энэ цаг хугацаанд нэхэмжлэгч би дээрх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар болсон шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 375 дугаар тогтоолыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т зааснаар илт үндэслэл муутай тул хүчингүй болгож өгнө үү гэж хамтад нь хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан боловч шүүгч Ц.Сайхантуяа “энэ шүүх хуралдаан нь 79.3-т зааснаар хэлэлцэж байгаа хуралдаан биш” гээд бидний хүсэлтийг шийдвэрлээгүй. Гэтэл энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т зааснаар хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн томилсон болохыг тухайн шүүхийн ерөнхий шүүгч Ц.Б албан бичгээр мэдэгдсэн.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасныг баримтлан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг Балж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 04 дүгээр захирамжийн биелэлтийг цуцалж шийдвэрлэсэн. Энэ мөн л хууль зөрчсөн. Захирамжийн биелэлтийг цуцалж шийдвэрлэх байсан 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 375 дугаар шүүхийн тогтоолын талаар 79.3-т зааснаар хэлэлцэх бүрэлдэхүүн байтал зөрчиж С.М шүүгчийн хэрэгт гаргасан хүсэлтийг уг бүрэлдэхүүн хэлэлцэж хууль зөрчсөн.

Ерөнхий шүүгч нь 79.3-аар шийдвэрлэнэ гэж хариу өгсөөр байхад Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 122 дугаар тогтоолоор 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан миний хүсэлтийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-ийг удирдлага болгон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.5-д заасныг баримтлан "... Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэсэн тухай” 375 дугаар тогтоолыг дахин хянуулах тухай...” нэхэмжлэгч Ш.Ч миний 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ирүүлсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ийнхүү хууль зөрчин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-ийг удирдлага болгон шийдвэрлэсэн нь намайг давж заалдах гомдол гаргах эрхгүй болгосон юм.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 108 дугаар шийдвэрийг үндэслэхдээ Ш.Ч нь хувьцаа эзэмшигч болохоо иргэний хэргийн шүүхэд тогтоолгох ёстой гэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь дараах нотлох баримтуудаар намайг компанийн хөрөнгийн эзэмшигч гэдгийг нотолдог бөгөөд Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн эзэмшигч хувьцаа эзэмшигч байхыг зохицуулсан байдаг. Үүнд:

2006 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэн С.Б, Ш.Ч бид нар "Хамтран ажиллах гэрээ”-г 3 жилийн хугацаатай байгуулсан.

Дээрх гэрээний 1.1, 1.2, 3.1, 3 3-т зааснаар гэрээний талууд үйл ажиллагааны үр дүнд олсон бэлэн мөнгөний 50, 50 хувийг гарган жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй болох, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон эд хөрөнгө нь хамтран өмчлөх дундын өмч байх гэж зааснаар хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас оруулж ирсэн.

Талийгаач С.Б нь Ш.Ч-тэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан талаар, Ш.Ч-г гэрээний үүргээ зөрчин, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өөрийн байгуулсан “Ч” ХХК-ийн нэр дээр нэмэгдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох талаар яг одоо миний маргаад байгаа маргаантай адил шаардлагыг танай шүүхэд гаргаж байсан. Үүнийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр шийдвэрээр “И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, иргэн С.Б-ын нэхэмжлэлтэй, Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын бүртгэлийн албаны татварын улсын байцаагч Б.М, Ч.П нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт хийсэн 2007 оны 01 дүгээр сарын 12,16, 3 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэл болон “Б-Ө” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хийсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 249 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 162 дугаар тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болсон.

Түүнчлэн энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө С.Б-аас Баянгол дүүргийн шүүхэд хандаж Ш.Ч-д холбогдуулан хөнгөн бетоны үйлдвэрийн хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжпэл гаргаж байсан боловч дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 04 дүгээр сарын 29-

 

 

 

 

ний өдрийн 1458 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож байсан учраас миний бие Ш.Ч ч гэсэн уг миний хөрөнгө гэдэг нь тодорхой байсан эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл С.Б, Ш.Ч нарын 50, 50 хувиар эзэмших ёстой байсан хөрөнгийг Ш.Ч-гийн үүсгэн байгуулсан “Ч” ХХК-д 100 хувь эзэмшихээр улсын бүртгэлд бүртгэсэн болон үүнтэй холбоотой хийгдсэн бусад бүртгэлүүд нь С.Б-ын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, эрх ашгийг нь зөрчсөн гэсэн үндэслэлээр дээрх хөрөнгийн 50 хувийг Ш.Ч эзэмших эрхтэй болохыг мөн адил дүгнэсэн, нөгөөтэйгүүр С.Б тухайн үед Ш.Ч-гийн эзэмших эрхийг хүлээн зөвшөөрч байсан болох нь түүний Нийслэлийн захиргааны хэргийн шүүх болон Баянгол дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага, үндэслэлээр батлагдаж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Ш.Ч нь “И” ХХК-ийн улсын бүртгэлийн жагсаалт, гэрчилгээнд нийт хувьцааны 49.35 хувьтай тэнцэх хувьцааг Ш.Ч өмчлөхөөр өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай нэхэмжпэл гаргажээ.

Ш.Ч, С.Б нар нь 2007 оны 05 дугаар сард тус бүр 50 хувийн хувьцаа эзэмших эрхтэйгээр “И” ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар С.Быг томилон, 2007 оны 11 дүгээр сард Ш.Ч нь өөрийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааг С.Бт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, тус компанийн бүх хувьцааг С.Б эзэмших эрхтэй болжээ.

Улмаар 2011 онд “И” ХХК нь дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэн 154.500.000 төгрөг болгон улсын бүртгэлд бүртгүүлжээ.

“И” ХХК-ийн захирал С.Б 2012 оны 02 дугаар сарын 24-нд нас барсны дараа Ш.Ч тус компанийн 49.35 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гаргасан байна.

Хуулийн этгээдийн бүртгэлийн газар “компанийн 100 хувийн хувьцааг эзэмшигчээр С.Б бүртгэгдсэн, уг бүртгэл нь хүчинтэй байгаа, түүний өв залгамжлагчаар хэн нэгэн тогтоогдоогүй, өмчлөлийн асуудлаар компанийн эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэр байхгүй, эрх бүхий байгууллага шийдвэрлээгүй байгаа” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Чг тус компанийн 49.35 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхээс татгалзсан нь зөв байна.

Учир нь тус компанийн хувьцааны 49.35 хувийг иргэн Ш.Ч эзэмших эрхтэй гэдэг нь тогтоогдохгүй, энэ талаар эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Ч “Захиргааны хэргийн анхан шатны шүүх хувьцаа эзэмшигч болохоо иргэний хэргийн шүүхэд тогтоолгох ёстой гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь намайг компанийн хувьцаа эзэмшигч болохыг ...2006 онд байгуулсан С.Б бид нарын байгуулсан хамтран ажиллах гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүнд олсон орлогоосоо жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй болох, тухайн эд хөрөнгө нь хамтран өмчлөх дундын хөрөнгө байх талаар зааж, үйлдвэрийн тоног төхөөрөмж Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас оруулж ирж байсан, түүнчлэн ... Ш.Ч намайг гэрээний үүргээ зөрчин, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг “Ч” ХХК-ийн нэр дээр нэмэгдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох талаар маргаж байсан, уг маргааныг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 162 дугаар тогтоол гарсан зэрэг нотлох баримтууд намайг компанийн хөрөнгийн эзэмшигч гэдгийг нотолдог”... гэх гомдлын тухайд:

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 29 ний өдрийн 214 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 249 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 162 дугаар тогтоолоор хуулийн этгээдийн улсын бүртгэл хуулийн дагуу болсон эсэхийг тогтоосон бөгөөд уг шийдвэрээр “И” ХХК-ийн хувьцааны өмчлөлийн асуудлыг шийдвэрлээгүй байна.

Иймд талууд компанийн хувьцааны өмчлөлийн асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлж, үүний дараа бүртгэлтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр захирамжийг мөн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 375 дугаар шүүхийн тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож шийдвэрлэхдээ шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-ийг удирдлага болгож, давж заалдах гомдол гаргах эрхгүй болгосон гэх гомдлын тухайд:

2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 375 дугаар шүүхийн тогтоолоор ““И” ХХК-ийн эзэмшил өмчлөлийн өв хөрөнгийн эрхийн талаарх эрх хөндөгдсөн нь гуравдагч этгээдийн шаардлагаар тодорхойлогдож байх тул шинээр илэрсэн нөхцөл байдал” гэж үзэж 2012 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 04 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хуулийн хүчин төгөлдөр болсон захиргааны хэргийн тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг тухайн шатны шүүхэд гаргах бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар уг хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг удирдлага болгосон шүүхийн тогтоолыг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалтгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжпэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧИД:                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                       Ц.ЦОГТ

                                                                     Н.ХОНИНХҮҮ